Дэлхийн аварга П.Сэрдамба: Аав минь намайг тэнгэрээс харж байгаа

2009/09/14
Share |
Дэлхийн аварга П.Сэрдамба: Аав минь намайг тэнгэрээс харж байгаа

Монголын боксчид Орос, Итали, Куба, Узбекийн дараа багаараа дэлхийд тавд бичигдлээ

Италийн Милан хотноо болсон боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголын боксын түүхэнд алтан хуудас нээлээ. Монголчууд энэ удаагийн ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн нь сүүлийн 60 жилд Монголын спортын түүхэнд байгаагүй амжилт юм. Миланы рингэн дээр гарах Монголын тамирчдын салхийг “Бээжин 2008” олимпийн наадмын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин П.Сэрдамба /48 кг/ хагалсан. Тэрээр энэ эрчээрээ Монголын ширэн бээлийтнүүдийн медалийн буухиаг үргэлжлүүлсэн юм. Олимпийн аваргыг атгаад алдсан тэрээр дэлхийн дэвжээнээс алтан медаль хүртэж чансаатай тамирчин гэдгээ дахин  нотолсон. Ингэснээр тэрээр боксын анхны дэлхийн аварга, Монголын олимп дэлхийн хос медальт зургаа дахь тамирчин боллоо.

БЭРТЭЛ НЬ СЭДРЭЭГҮЙ БОЛ ОЛИМПИЙН АВАРГА БОЛОХ БАЙЛАА
Алтын төлөөх тоглолтын үеэр П.Сэрдамбын бэртэл нь сэдрээгүй бол аварга болох байлаа гэж харамссан, бас бахархсан яриа “Бээжин 2008” олимпийн дараа спорт сонирхогчдын амнаас ам дамжин сонстож байлаа.

Үнэхээр ч олимпийн өмнө Казахстанд тэмцээнд оролцож явахдаа бэртээгүй бол тэрээр аварга болох энтэй тамирчин гэдгээ энэ удаагийн дэлхийн аваргаар харуулж чадлаа. Тухайн үед Монголын боксын холбооноос тамирчдаа Тайваньд эмчлүүлэх үеэр тэндхийн эмч “Танай тамирчин хагалгаанд орох хэрэгтэй. Одоо хагалгаанд орвол олимпод оролцож чадахгүй. Тиймээс бид энэ удаад 90 хувийн магадлалтай эмчилгээ хийлээ” гэж хэлжээ. П.Сэрдамба олимпийн мөнгөн медалийн төлөөх тоглолтоо Кубын тамирчинтай хийсэн.

Тоглолтын сүүлийн раундад сул цохилт хийж, сэгсрэгдсэний улмаас хуучин бэртэл нь сэдэрсэн. Хэдийгээр багш дасгал-жуулагчид нь аваргын төлөө тоглохыг хориглосон ч П.Сэрдамба ямар ч байсан тоглоно гээд дэвжээнд гарчээ. Эхний үеэс л түүний бэртэл нь сэдэрч рингнээс буухад нь “Хэрвээ бэртэл нь сэдрээгүй бол...” хэмээн Монгол даяараа харамсч байлаа. Гэвч тэр шийртэй аавын хүү болохоо харуулж энэ удаагийн ДАШТ-ий аваргын төлөөх тулаанд БНХАУ-ын тамирчинг ялж Монголын анхны боксын дэлхийн аварга боллоо.

ОЛИМПООС ХОЙШ ЮМ ЮМ Л БОЛЛОО

Одоогоос жил гаруйн өмнө П.Сэрдамба олимпийн аваргын төлөө тоглох тэр өдөр аавтай нь ярилцсан минь санаанаас гардаггүй юм. П.Сэрдамбын бага нас “Дэнжийн 1000”-д өнгөрсөн. Тэр хавийнхан түүнийг дэрчгэр шар хэмээн хочилдог байсан гэдэг. Дэрчгэр шар яаж ийгээд л айлын хүүхэд зодчихоод хэрэг мандуулна. Харин зургадугаар ангиасаа боксоор хичээллэсэн талаар аав нь ярьж байсан. П.Сэрдамбын аав Д.Пүрэвдорж хүүгийнхээ тоглолтыг алгасдаггүй боксын идэвхтэй үзэгч.

Хэдийгээр амьдралын хүнд хатууд эхнэр нь орхиж одсон ч тэр амьдралд бууж өгөөгүй. Хожим эхнэрийнхээ тухайд “Өвчтэй хүн асарна гэдэг асар их тэвчээр. Тэр хүнийг би буруутгадаггүй. Тэр хүний талаар ямар нэг муу зүйл бодож байсангүй. Таван хүүхдийн минь эх шүү дээ” хэмээн /манай сонины 2008 оны найдугаар сарын 26-нд/ ярилцлага өгч байлаа. Д.Пүрэвдорж астма өвчний улмаас 1984 оноос группт орсон ч хэзээ ч группын хэдэн төгрөгөөр амьдарч байсангүй. Хувийн машинаараа халтуур хийж хүүхдүүдээ хэнээс ч дутуугүй авч явсан сайн эцэг. Олимпоос хойш П.Сэрдамбад юм юм л тохиосон. Үрийн зулай үнэрлэн баярлаж явахтай нь зэрэгцэн хан тэнгэр шиг түшигтэй аав нь хорвоог орхисон нь түүнд хорвоо хөмрөх шиг л болсон гэдэг.

ТЭР ДЭЛХИЙН АВАРГА БОЛНО ГЭДЭГТЭЭ ИТГЭЛТЭЙ БАЙЛАА
 ДАШТ-ий өмнө Монголын ширэн бээлийтнүүд Болгарт хамтарсан бэлтгэл хийсэн. П.Сэрдамба замд гара-хынхаа өмнө манай сонинд ярилцлага өгсөн юм.

П.Сэрдамба: ААВ МААНЬ “МИНИЙ ХҮҮ ЧАДНА, ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БАЙГААРАЙ” ГЭЭД Л ҮЛДДЭГСЭН

-Та бүхнийг гадаадад бэлтгэлтэй байх үед олимпоос алт, мөнгөн медаль хүртсэний нэг жилийн ой тохиох нь?
-Миний хувьд амьдралын маань алтан хором. Тухайн үед эх оронд маань ямар уур амьсгал бий болсныг телевизээр сүүлд хараад сэтгэл их хөдөлсөн. Тамирчид бидний хувьд цагаан сар, наадам гээд томоохон баяруудаар гадаадад тэмцээнтэй байх үе олон. Энэ удаад ч бас гадаадад байх нь. Ямар ч байсан багийнхантайгаа хамтдаа бэлтгэлээ хийгээд л энэ өдрийг тэмдэглэх болов уу.

-Таны олимпоос хойш оролцож байгаа анхны томоохон тэмцээн байх аа?
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн жилдээ нэг удаа болдог. Олимпийн өмнөх томоохон сорилуудын нэг. Миний хувьд бэлтгэлээ сайн хийсэн гэж бодож байна.

-Бэлтгэл хэр байна даа?
-Олимпийн өмнө авсан бэртэл сэдрээд тоглолтоо зогсоож байсан. Харин олимпоос хойш бэртлээ эмчлүүлээд багагүй хугацаа алдсан тал бий. Тэгээд ч орсон тэмцээн бүртээ олигтой амжилт гаргаж чадаагүй. Харин ДАШТ-д их ач холбогдол өгч, бэлтгэлдээ ч их анхаарсан.

-Өнгөрсөн олимпоос хойш таны амьдралд олон зүйл өөрчлөгдсөн. Магадгүй хамгийн чухал нь та  өрх гэрийн тэргүүн болж, үрийн зулай үнэрлэсэн явдал байх?
-Тэгэлгүй яах вэ. Өрх гэрийн тэргүүн болж үрийн зулай үнэрлэнэ гэдэг хамгийн том жаргал. Гэхдээ тэмцээн бэлтгэл сургуулилт гээд гэртээ байх хугацаа ховор байна шүү. Эхнэр маань л миний ар талыг 100 хувь авч явж байна. Өнгөрсөн хавар аавыгаа алдахад тэр чигтээ л уул нураад ирэх шиг  болсон. Аав маань намайг байнга хурцалж, ирлэж, урам өгдөг байж дээ. “Миний хүү чадна, өөртөө итгэлтэй байгаарай” гээд л үлддэгсэн. Одоо ч аав минь намайг тэнгэрээс харж байгаа гэдэгт итгэдэг.

-Таныг олимпийн хүрэл медалийн болзол хангаад байх тэр мөчид аавтай тань хамт тэмцээнийг үзэж байсан. Тэр хүний нүдэнд үнэхээр баярын оч гялалзаж байсан. Та аавынхаа ачийг хариулж чадсан шүү дээ?
-Энэ хорвоо дээр эцэг, эхийн хайрыг хариулсан хүн ховор биз дээ. Ямар ч байсан аавыгаа бага боловч баярлуулсан байх. Миний аав ховорхон хүн байсан хэмээн тэрээр ярьсан юм.

МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ ТАМИРЧИН

Овог нэр: ПҮРЭВДОРЖИЙН СЭРДАМБА

Төрсөн он сар: 1985 оны 4 дүгээр сарын 18 нд Улаанбаатар хотод төрсөн. Төгссөн сургууль: ЕБС-ийн 57 дугаар дунд сургууль.

Ам бүл: Эхнэр охины хамт амьдардаг.
Боксоор хичээллэж эхэлсэн: Боксын спортоор 2000 оноос хичээллэж эхэлсэн. Сагсан бөмбөг тоглох дуртай.
Үндсэн харьяалал: Үндэсний шигшээ баг, “Сүлд” БТСХорооны тамирчин Жин: 48 кг, 51 кг-ын жинд тоглодог.
Амжилт:”Бээжин-2008" зуны XXIX олимпийн боксын 48 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн. 2009 оны дэлхийн аварга.
2007 оны Ази тивийн аварга, Германы Халле хотод болсон “Химийн цом” тэмцээн,БНАСАУ-ын Пхеньян хотод болсон олон улсын тэмцээнүүдийн мөнгөн медальтай. Улсын аварга.

Анхны багш: Ч.Ганзориг
Дасгалжуулагч: Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Банди, Д.Батсүрэн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.