"Монголчууд боксын хичээл заалаа" 17 настай хүү дэлхийн рингэнд ур чадвараа гайхуулав

2009/09/14
Share |
Хүмүүс: Төгсцогт | 

Монголын боксчдын талаар гадны хэвлэлд ингэж бичжээ


 Дэлхийн ширэн бээлийтнүүд хоёр жилд нэг удаа аваргаа тодруулдаг уламжлалтай. Төгсцогтын Нямбаяр өдгөө 17-хон настай. Гэвч түүний нударганы өмнө олимп дэлхийн аваргууд хүчин мөхөстлөө. Анх удаа ДАШТ-д оролцсон Н.Төгсцогт жиндээ нэг л хүнд ялагдсанаар мөнгөн медалийн эзэн боллоо. Дэлхийн даяар түүний тухай шуугиж байна. Гадаадын зарим сайтуудад “Монголчууд боксын хичээл заав. 17 настай хүү дэлхийн рингэн дээр ур чадвараа гайхуулж байна” зэрэг мэдээлэл шуугиан тарьж байна. Н.Төгсцогт боксын спортоор гурав дахь жилдээ хичээллэж байгаа бөгөөд анх удаа жин өгсөж, 51 кг-ийн жинд тоглосон юм. 17 настайдаа дэлхийд цахиур хагалсан тохиолдол ховор юм билээ. Түүний ээж Х.Ганцэцэг, эмээ Н.Дуламсүрэн нартай уулзахаар “Шар хад”-ны эцсийг зорилоо. Гэрийнх нь урдхан талд ЕБС-ийн 79 дүгээр сургууль байрлах аж. Гаднаасаа жирийн л харагдах, хотын төвийн бусад сургуультай харьцуулбал орчин нь тийм ч тохилог бус. Гэхдээ л энэ сургуулиас олимпийн аварга Э.Бадар-Ууган, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт нар төрсөн гэж бодохоор нэг л танил санагдана. Түүний аав Д.Нямбаяр айлын ганц хүү. Тэрээр ууган хүүгээ 18 насандаа өлгийдөж авчээ. Өөрөө хүүхэд шахуу байхдаа хүүтэй болсон болохоор гал манах хүүтэй боллоо гэж аав, ээж нь ихэд бэлгэшээжээ.

Н.Төгсцогтын ээж Х.Ганцэцэг:
БАГААСАА Л ХӨДӨЛГӨӨНТЭЙ СЭРГЭЛЭН ХҮҮ БАЙСАН

-Хүү тань багадаа ямаршуу хүүхэд байв?
-Хүү маань 1992 оны зургадугаар сарын 23-нд төрсөн. Төрөхдөө 3.6 кг жинтэй байсан. Багын хөдөлгөөнтөй, сэргэлэн хүүхэд байлаа. Хаа явсан газраа хэрэг мандааж орхино. Хавь ойрын жаалуудыг зодчихоод л шуугиан тарьчихдаг байж билээ. Гэхдээ спортоор хичээллээд үнэхээр өөрчлөгдсөн. Одоо тийм байсан гэхийн аргагүй бүрэг, томоотой.    

-Жүдогоор хичээллээд өсөх магадлалтай байсан хүү тань гэнэтхэн боксоор хичээллэхэд нь хориг-лож байв уу?
-Үгүй. Харин ч дэмжсэн. Жүдо бөхийн алт, мөнгө хүрэл медальтай. Ер нь спорт их сонирхоно. Аавынх нь удамд бөхчүүд бий. Барилдаад амжилт гаргаад ирэхээр нь бөх болох нь гэж баярлаж байлаа. Гэтэл гэнэтхэн Ганпүрэв /хойд гудамжных нь боксоор хичээллэдэг ах/ ахыгаа дагаад бокст орчихлоо гээд ирсэн. Ер нь спортод их сонирхолтой. Бие хамгаалах тулааны урлагаар хичээллэж хүрэл медаль хүртэж байлаа. Боксоор илүү амжилт гаргаж эхэллээ.

-Та тэмцээнийг нь үздэг үү?
-Төгсөө их ичимхий, бүрэг. Аав нь багадаа шинэ хувцас авч өгөхөөр хуучруулж байж өмсөх гээд өмсдөггүй байсан гэдэг. Нэг удаа хүүхдийн барилдаанд оролцоод гайгүй дээгүүр явж байснаа туг тойрохоос нь ичээд нэг бөхөд уначихаад ирж байсан гээд л ээж ярьдаг юм. Тэрийг нь дуурайсан юм шиг байгаа юм. “Тэмцээн үзэх хэрэггүй, хүү нь медалиа аваад очно гэдэг” юм. Би нэг удаа тэмцээнийг нь үзэх санаатай Спортын ордонд очоод. Тэгсэн үүдэнд нь хүүтэйгээ тааралдаад хөөгдөөд ирсэн. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авчихаад ирэхээр нь вокзал дээр тосно гэдгийг сонсоод Амгалангийн өртөөн дээр багштайгаа буугаад таксидаад ирчихсэн байдаг байгаа. Бид тэнд хүлээгээд байдаг. Харин тэгсэн олон хүний дунд бөөн цэцэг барьж ирээд шараа болгоно гэж багшдаа ярьсан байна лээ. Тэмцээнд явахдаа үдүүлэх дургүй. Бид бөө-нөөрөө нэгдсэн журмаар явна тийшээ очих хэрэггүй л гэдэг юм.

-Аав нь Солонгост удаж байна уу. Хүүгийнхээ тоглолтыг үзэж амжсан болов уу?
-Яваад жил гаруй болж байна. Хүүгийнхээ тоглолтыг алгасалгүй үзсэн. Их баяртай байгаа.

Дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэн 17-хон настай хүүгийнхээ талаар ээж нь ийнхүү ярилаа.
Н.Төгсцогт эмээгийн амины ач. Эмээ нь бурхныхаа өмнө Төгсцогтын дүрэмт хувцасны суран бүсийг бурхан шиг тахичихаж. Хүүгээ тэмцээнд явсан хойгуур сүлдийг нь дуудуулаад дээш нь залсан нь энэ гэнэ. Эмээ ачийнхаа тэмцээнийг үзэх гээд ойрын өдрүүдэд байнга нойр муутай хоносон. Тэр хавийн интернэт 23:00 цагт хаачихдаг болохоор эхний тоглолтуудыг нь үзэж чадаагүй гэсэн. “Хүүгийнхээ төлөө миний хийж чадах ажил бол бурхандаа залбирах. Өглөөд сүүний дээжээ хангай дэлхийдээ, оройд долоон бурхан одондоо байнга өргөж байгаа. Ганцхан хүүгийнхээ төлөө биш хамт яваа найз нөхдийнх нь араас залбирч сууна эмээ нь” хэмээн Н.Дуламсүрэн гуай хуучилсан. Монголын тамирчдыг телевизээр үзэж суухдаа өрсөлдөгчөөсөө холдмогц л арцаар ариулж суудаг юм хэмээн эмээг хүүхдүүд нь тоглоом хийж байлаа.  Эмээ Архангайн Батцэнгэл сумынх. Биднийг очиход өвгөнийх нь хамаатнууд хийгээд ойр дотно хүмүүс болон ах дүүсийнхээ хөлд дарагдаад байв. Утас нь байнга дуугарах тул эмээ тун завгүй сууна.

 

 

Эмээ Н.Дуламсүрэн:
ХҮҮГИЙНХЭЭ ТӨЛӨӨ ХИЙЖ ЧАДАХ МИНИЙ ГАНЦ АЖИЛ БОЛ БУРХАНДАА ЗАЛБИРАХ


-Монголын хийгээд дэлхийн боксын түүхэнд 17 настайдаа ийм амжилт гаргасан тохиолдол ховор юм билээ. Та хүүгийнхээ энэ амжилтыг нүд салгалгүй үзсэн биз дээ?
-Сүүлийн тоглолтуудыг алгасалгүй үзсэн. Харин өмнөхийг нь үзэж амжаагүй. Гэхдээ багш нь /А.Гантулга/ байнга мэдээлэл өгч, хэдээс тоглолт болохыг хэлж байсан. Хүү маань энэ жилийн улсын аваргаар 48 кг-д аварга болж, улсын шигшээ багт тамирчин болсон. Өөрийнх нь багш их сайн залуу бий. Гадагшаа тэмцээнд явах бүрт нь Д.Банди, Д.Батсүрэн багш нар харж хандаж явдаг болохоор санаа зовдоггүй. Ах дүүс баяр хүргээд эмээ нь баяртай байна. Ийм сайхан хүү төрүүлсэн эцэг эхэд нь баярлах юм даа.

-Хүү тань Солонгосоос ярьсан уу?
-Тоглолтыг нь үзэж дуусаад л ярьдаг юм. “Өсгөсөн хүү тань дэлхийн хүн боллоо. Танд баярлалаа. Миний хүү бэртэл гэмтэл авчихалгүй энэ том тэмцээнд амжилт гаргаж байгаад нь баяртай байна” гэж ярьсан. Аав нь их шүтлэгтэй. Өнгөрсөн хавар эмээ нь Солонгос явсан. Хүү дээрээ оччихоод ирсэн. Намайг очих сургаар хүү маань сангийн бойпор захисан. Хүүгээ аваргын төлөө тоглоход байнга л ариулж байсан гэсэн.

-Аваргын төлөө тоглох агшинд медалийнхаа өнгийг хувиргачихаасай гэж залбирч суусан биз дээ?
-Миний хүү мундаг байлаа. 17-хон настай нялх юм шүү дээ. Анх удаа том тэмцээнд оролцлоо. Аварга бол-чихоосой гэж бодолгүй л яахав. Гэхдээ миний хүүтэй өрсөлдөж байгаа тамирчин нь 24 настай. Долоон насны зөрүүтэй тамирчин. Дэлхийн аварга хоёр жилд нэг удаа болдог гэж бодохоор гурван ч дэлхийн аваргын нүүр үзсэн туршлагатай хүн байх нь тодорхой. Тэгээд ч улс бүр шилдгээ явуулж байгаа тэмцээнд миний хүү 55 тамирчинтай өрсөлдөж мөнгөн медаль хүртлээ. Энэ л хангалттай. Мэдээж миний хүүг олон тэмцээн хүлээж байгаа. Амжилтынх нь эхлэл гэж бодож байгаа.

-Дэлхийн аваргад оролцож байхдаа утсаар ярьсан уу?
-Болгарт хамтарсан бэлтгэл хийж байхдаа ярьсан. Харин тэмцээн эхэлснээс хойш яриагүй байж байгаад өнгөрсөн шөнө үүрээр 05.30 минутад ярьсан. “Хүү нь ялагдчихлаа” гээд дуу нь их сул байсан. Тэгэхээр нь эмээ нь “Миний хүү сайн байсан. Энэ дөнгөж эхлэл нь шүү дээ” гэж хэлсэн, жаахан тайвшрах шиг болно лээ. “Наагуур чинь хүмүүс яаж хүлээж авч байна. Одоо үүр цайж байна уу. Энд 12 цаг болж байна. Хэдэн цаг унтаж байгаад Миланаас хөдөлнө. Тэгээд мягмар гаригийн өглөө нутагтаа очно. Хүүгээ тосно биз дээ?” гэж ярьсан. Миний хүү тэмцээнд оролцож байхдаа бид хэдийг үзүүлэх дургүй. Би сандраад, хичээсэндээ ялагдчихаж магадгүй” гэдэг юм. Харин аавынхаа бага дүүг үзүүлэх дуртай байдаг юм. Гадагшаа явахдаа ч үдүүлэх дургүй хүн. Тэгсэн энэ удаа тосоорой гэсэн. Би хүүгээ алтан медалийн төлөө тоглох гэж байхад нь мөнгөн медаль авах нь гэдгийг мэдэрсэн.

-Яаж. Танд ямар нэг зөн совин байв уу?
-Сүүлийн раундад гарахдаа хөмсөг нь унжийчихсан байсан. Миний хүү чинь тоглож байхдаа хэзээ ч тийм уруу царайтай байдаггүй юм. Өрсөлдөгч нь сайн хамгаалдаг юм билээ. Тэрийг нь нэвтэлж чадахгүй байгаадаа жаахан гонсгор байсан байх. Гэхдээ тоглолт дуусан дуустал урагшаа довтлоод байгааг харахад ядраагүй байх шиг санагдсан. Жаахан туршлага дутсан байх. Миний хүүд баяр хүргэж олон хүн ярьж байна. Сургууль хамт олон, найз нөхөд, “Алдар” БТСХ, Цагдаагийн академи, Монголын боксын холбоо гээд таних танхихгүй олон хүн баяр хүргэж ярьсан. Миний хүүг өдий зэрэгт хүргэсэн “Алдар” БТСХ, дасгалжуулагч А.Гантулга, Монголын боксын холбооны хамт олон, Д.Банди, Д.Батсүрэн багш, хамт бэлтгэл сургуулилт хийдэг найз нөхдөд нь баярлалаа. Энэ хүмүүсийн тусламж, дэмжлэгтэйгээр миний хүү ийм өндөр амжилт гаргалаа. Цаашид олон амжилт гаргаж, ард түмнийхээ итгэлийг алдахгүй байх. Эмээ нь ийм хүү бүүвэйлж өсгөсөндөө баяртай байна.

Өвөөгийнх нь удамд 1890-ээд онд төрсөн Төгсцогт гэдэг бөх байжээ. Тухайн үедээ Богдын даншигт түрүүлж “Улам өрнөх” цол авч байсан гэдэг. Одоогийнхоор бол улсын арслан цол. Ганц хүүгийнхээ ууган хүүг мэндлэхэд өвөө нь бэлгэшээж Улам өрнөх Төгсцогт гэдэг нэр өгсөн гэдэг. Гэвч эмээ, аав, ээж нар нь төрсний гэрчилгээн дээр нь ч багтахгүй ийм урт нэр гэж хаана байсан юм хэмээн Төгсцогт гэж богиносгожээ. Түүнийг гэрийнхэн нь Сөөхий гэж  өхөөрддөг юм билээ. Ийнхүү Улам өрнөх Төгсцогтын тав дахь үеэс дэлхийн мөнгөн медальтан төрж байгаа нь энэ. Н.Дуламсүрэн гуай ойрд сэтгэл хөдлөлөөсөө болоод даралт нь жаахан ихсээд байгаа гэнэ.

Ж.АМАРЖАРГАЛ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.