Ц.Элбэгдорж тусгай үүргийн онгоцоор Энэтхэгийг зорилоо

2009/09/14
Share |
Хүмүүс: Цахиа Элбэгдорж | 
Ц.Элбэгдорж тусгай үүргийн онгоцоор Энэтхэгийг зорилоо

Яг энэ үеэр Улаанбаатараас ердөө 650-900 км-ийн зайтай Увс, Хөвсгөлийн зорчигчид онгоц нисэх боломжгүй бухимдан холхиж байв.

Ц.Элбэгдорж, албаны бусад хүмүүсийн хамт   Энэтхэг улсын  Ерөнхийлөгч П.Д.Патилын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр  өчигдөр мордлоо. Тэднийг  өчигдөр 09.00 цагт  “Чингис хаан” олон улсын  онгоцны буудлаас  тусгай үүргийн онгоцонд сууж байхад Улаанбаатараас  650-900 км-ийн  зайтай  Хөвсгөл,  Увс аймгийн зорчигчид онгоц нисэх боломжгүйгээс үүдэн бухимдан холхиж байв. Мөрөн хот, Увс  аймгийн онгоцны буудал хөрсний суулт, хэрээ олноор үржсэн гэсэн шалтгаанаар  хаагдаад  байгаа юм.

БНЭУ-ыг зорих Ц.Элбэгдоржийн айлчлал  улстөр, бизнесийн  70 орчим төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй гэх яриа, хөөрөө хэд хоногийн  өмнөөс дуулдаж байсан. Гэтэл Ерөнхийлөгч маань тансаг үйлчилгээг эрхэмлэж, тусгай үүргийн онгоцоор морилно хэмээсэн тул Тамгын газрынхан хүсэлтийг ёсоор болгох гэж нэлээд  бажгаджээ. Манай улсаас Энэтхэг улс руу шууд нислэг хийдэггүй, Бээжин эсвэл Хонгконг, Тайландаар  дамждаг. Тэгээд ч тусгай үүргийн онгоц захиалж нислэг үйлдэхэд   хөрөнгө мөнгөнөөс эхлээд зардал их, наад зах нь 350 сая төгрөгийн өртөгтэй.  Тиймээс айлчлалын бүрэлдэхүүнд  багтсан хүмүүсийг хувиасаа  тус бүр 3400 ам.доллар буюу  таван сая төгрөг  гаргахыг сануулжээ. Өндөр өртөг санал болгосон учраас айлчлалыг дагалдаж  Энэтхэгийг зорих хүн олдохгүйд хүрсэн байна.

Бизнесийн 30 орчим төлөөлөгч тус бүр таван саяыг хувиасаа  гаргасан гэж үзвэл, УИХ-ын гишүүд, яамдын төлөөлөгч нарын томилолтын мөнгийг УИХ-ын Тамгын газар шийдэж,  төсвийн халааснаас  гаргах  нь ойлгомжтой. Төрийн томчууд тусгай үүргийн онгоцоор айлчлах, зорчих эрхтэй ч манай өмнөх Ерөнхийлөгч нарын хувьд  энгийн онгоцоор улс гүрэн дамжин айлчлал хийж болдог байжээ. “Шинэ баян цээж өвчтэй”  гэгчээр шинэхэн Ерөнхийлөгч маань хямралын үед ядуу ард түмнээ бодохгүй тусгай үүргийн  онгоцоор айлчлал хийж байгаа нь энэ. Барилдахаасаа таахалзах нь гэгчээр айлчлалаар ажил амжуулахаасаа өмнө хурааж цуглуулснаа тарааж  цацаад байвал  улс орон урагшлахгүй л  болов уу.

Ц.Элбэгдоржийн айлчлалын хөтөлбөрийг сонирхвол  тодорхой биш юм. Гэхдээ тэрээр энэ сарын 16-ныг хүртэл БНЭУ-д айлчлах юм. Манай улс БНЭУ-тай дипломат харилцаа тогтоосноос хойш 50 гаруй жил  нийгмийн бүхий л салбарт хамтын ажиллагаа хөгжүүлж ирсэн. Энэ хүрээнд 2003 оноос эхлэн жил бүр манай улсаас 30 оюутан Энэтхэг улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын их, дээд сургуульд магистрын зэрэглэлд суралцаж байгаа юм. Хоёр орны буддын шашны  байгууллагын шугамаар болон  хувиараа 200 гаруй монгол хувраг шавилан Өмнөд Энэтхэг болон Дармасалад шавилан суудаг гэсэн албан ёсны судалгаа байдаг.

Л.ХЭРЛЭН

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.