Төрөх эмнэлэгүүд тамирдаж байна

2009/09/17
Share |
Хүмүүс:
Төрөх эмнэлэгүүд тамирдаж байна

Монголын үрс маш олон болтугай хэмээн найрагч Д.Нацагдорж хэлэхдээ 21 дүгээр зуунд хүүхдүүд эмнэлгийн шалан дээр мэндэлнэ гэдгийг төсөөлөө ч үгүй байсан биз. Хэдэн сар цүдгэр гэдэстэй явсан найз минь ашгүй хоёр яс салсан тухай дуулаад утас руу нь залгав.

-Сайн уу, миний найз. Баяр хүргэе. Сайхан амаржсан биз дээ…?
-”Найз нь өвдөлтөө ч мэдэхгүй ор хайж, эмч нарыг царайчилж явсаар нэг л мэдэхэд төрчихсөн байсан. Төрсний дараа юун шөл уух манатай. Хүүгээ  тэврээд эмнэлгийн хонгилд гудсан дээр өнжсөн шүү” хэмээн шүүрс алдах нь утасны цаанаас сонстов.

ЭНЭШТ-ИЙН АЧААЛАЛ 40 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ
Хоёрдугаар амаржих газрын дээвэр нь нурах дөхсөн тул ЭМ-ийн сайдын тушаал гарч, засварын ажил эхлээд цөөхөн хонож байна.

Тус төрөх эмнэлэгт Сонгинохайрхан дүүргийн 25 хороо харьяалагддаг. Хамгийн олон хүн амтай, тэр хэрээр жирэмслэх насны эмэгтэйчүүд харьцангуй олон гээд сонгинохайрханчууд “хүндхэн ачаа”-нд тооцогддог. Харин арваннэгдүгээр сарыг хүртэл үргэлжлэх засварын хугацаанд энэ дүүргийн 15 хорооны иргэд ЭНЭШТөвд, үлдсэн 10 хорооны эхчүүд “Номуун” эмнэлэгт амаржих юм.

Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн дэргэд байрлах “Номуун” эмнэлгийн хоёр давхар барилгыг суллаж, Хоёрдугаар амаржих газар энд төвхнөжээ. “25 хорооноос 10-ынх нь иргэд ирж байгаа. Нийт эмч нарын олонх нь энд ажиллаж байгаа учраас ЭНЭШТ-ийг бодвол ачаалал харьцангуй гайгүй” хэмээн тус амаржих газрын захирал Б.Оюунханд өгүүлсэн. Халдваргүйжилт, эрүүл ахуйн дэглэмийг нарийн мөрдөж байгаа учраас төрөх тасагт гадны хүн оруулахгүй гэсэн тайлбар сонссон бид хаалгыг нь гаднаас нь хаагаад ЭНЭШТ-ийг зорилоо.

Энгийн үедээ ч ачаалал ихтэй байдаг ЭНЭШТөвийнхөн одоо ч “бажгадаж” байгаа байх даа хэмээн бодсоор Гандангийн дэнжээр өгсөж явав. Энэ таамгийг баталж, “Толгой өндийх ч завгүй байна” хэмээн учирласаар Хүлээн авах яаралтай тасгийнхан биднийг угтлаа. Үүдэнд нь төрөх дөхчихсөн 5-6 эмэгтэй үзүүлэхээр дугаарлаж зогсоно.

Энэ тасгийнхан уржигдрын байдлаар 94 хүн хүлээж авчээ. “Бүгд л хэвтэх бичигтэй. Гэхдээ ирсэн болгоныг авах ямар ч боломжгүй. Аль болох төрөх дөхчихсөн, хүндрэлтэй хүмүүсээ аваад заримыг нь аргагүй эрхэнд буцааж байгаа. Ачаалал 40 гаруй хувиар нэмэгдсэн” хэмээн тэд учирлах аж.

Эндэхийн төрөх тасаг хоногтоо 20-25 хүн хүлээж авах бололцоотой боловч одоогоор хоногт дунджаар 42 хүүхэд эх барьж авч байна.  

ТӨРӨХИЙН ДАРААХ ХҮНДРЭЛ, НЯРАЙН ХАЛДВАР ГАРАХ МАГАДЛАЛ Ч НЭМЭГДЭНЭ
Эх барих эмэгтэйчүүдийн клиникийн эмчилгээний чанарын менежер С.Баясгалантай уулзлаа.

-Ачаалал их байгаагаас төрөх эмнэлгүүдийн ор хүрэлцэхгүй, төрсөн эхчүүд хонгилд гудас дэвсээд хэвтэх тохиолдол нэг биш гарч байсан. Одоо ачаалал ямар байна?
-Эхийн нэгдүгээр тасаг 54 ортой, одоо 74 хүн хэвтэж байна. Хүний тоо хэтэрсэн учраас хөнжил, дэвсгэр хүрэлцэхгүй, зутруухан л байна.

Манайх эмэгтэйчүүдийн мэс заслын тасгаа нүүлгэж, тэр тасагтаа амаржсан эмэгтэйчүүдээ хэвтүүлж байгаа. Ингэж л аргалахгүй бол эхчүүдийг өрөө байхгүй гээд хонгилд хэвтүүлэлтэй нь биш.

Ачаалал гэхээр манайхан төрж байгаа хүмүүсийн талаар л яриад байдаг. Гэтэл 10 төрөлтийн ард 30 жирэмсэн хүн байдаг шүү дээ. Тэгэхээр Хоёрдугаар төрөхийн хяналтад байсан бүх жирэмсэн эмэгтэйчүүд манайд харьяалагдаж байна. Бидний ачаалал 40  гаруйхувиар нэмэгдсэн.

-Амаржсан эхийг хэд хонуулаад гаргаж байгаа вэ?
-Хэдэн жилийн өмнө хоёр, гурав хонуулдаг байсан. Одоо нэг хонуулаад л гаргаж байгаа. Ганцхан хоногт эх, хүүхдийн биеийн байдлыг нарийн хянах  аргагүй. Төрөхийн дараах ямар нэг хүндрэл дахин гарахыг үгүйсгэхгүй. Дээр нь ачаалал ихтэйгээс ямар нэг халдвар гарахгүй гэх баталгаа алга. Хэдийгээр бид эрүүл ахуйн дүрэм журмаа нарийн баримталж байгаа ч олон хүнтэй байхад хэцүү шүү дээ.

-Хоёрдугаар төрөхийн ачааллын тэн хагасаас илүү нь танайд нэмэгдсэн. Эмч нарын хүрэлцээ хэр байна вэ?
-Одоогоор сэхээний хоёр, эх барих эмэгтэйчүүдийн гурван эмч, хоёр эх баригч ажиллаж байгаа. ЭНЭШТөв бол нийслэлд дөрөвхөн байдаг төрөх газрын хамгийн том нь. Тиймээс ч хөдөө орон нутгаас хотод амаржихаар ирдэг бүх хүн энэ төвийг зорьдогийн дээр дутуу төрөлтийг зөвхөн эднийх л хүлээж авдаг байна.  Өөрөөр хэлбэл, амаржих газрын ачааны хүндийг нуруундаа үүрдэг энэ газрынхан тамирдаж байгаагаа дуулгасан юм.

ХОЁРДУГААР ТӨРӨХИЙГ ЖИЛ БОЛГОН ЗАСЧ БАЙХААР…
“Нэгэнт сайдын тушаал гарсан болохоор бид авахгүй гэхгүй. Гэхдээ л хоёрдугаар төрөх жилийн жилд  ингэж засвар хийж хүмүүсээ манайд шилжүүлдэг” хэмээн ЭНЭШТ-ийн эмч нарын ярьсныг чихнийхээ хажуугаар өнгөрөөж төвдсөнгүй.

Дээврээ янзалж, өнгө засч байгаа эмнэлгийнхнийг буруутгахыг хүсээгүй ч жил бүр л ингэдэг юм гэдэг үг болохгүй, бүтэхгүй зүйл олон байгааг илчлэв. 

ДӨРӨВДҮГЭЭР ТӨРӨХ ХЭЗЭЭ МЭНДЛЭХ ВЭ?
Улаанбаатар хотод жилд 60 мянган хүн шинээр нэмэгддэгийн 20 мянга нь төрөх насны эмэгтэйчүүд. Тэдний 40 хувь нь нийслэлд амарждаг гэнэ.

Сүүлийн жилүүдэд төрөлт эрс нэмэгдэж, жилд 3000-5000-аар өсч байгаа тооцоог статистикийн газраас гаргажээ. Гэвч үүнтэй эсрэгцэн нярайн эндэгдэл ч буурахгүй байгаа дүн нүдний өмнө харагдана. Клиникийн нэгдүгээр амаржих газар өнгөрсөн оны эхний хоёр сард 1732 хүүхэд мэндэлсний 150 нь нярайн өвчлөлтэй байжээ. Энэ бол нэг эмнэлгийн, хоёрхон сарын статистик мэдээлэл. Үүний цаана дөрвөн том амаржих газарт жилд төрж буй хүүхдийг тооцоод үзвэл эмнэлгийн чанартай тусламж авч чадаагүйнхээ төлөө хэчнээн мянган бяцхан үрс хорвоод мэндлэх эрхээ “цуцлуулж” байгаа ньтолгойд  төвөггүй бууж байгаа биз. Зөвхөн энэ хоёр баримт л нийслэлд шинэ төрөх эмнэлгийг яаравчлахын хангалттай дохио болж буй юм.

Өнгөрсөн оны эхээр, “Улсаас 2.4 тэрбум төгрөг төсөлөж, 600 ортой төрөх газар байгуулах боллоо” гэсэн баяртай мэдээ цацагдаж байсан нь өдгөө нам гүм. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сараас барилгын ажил нь эхлэх ёстой байсан шинэ төрөх энэ хугацаанд гурван ч удаа буурь сэлгээд амжсан. Хамгийн сүүлд Яармагийн дэнжид газар олгохоор боллоо гэж мэдэгдсэн ч газрын асуудал нь бүрэн шийдэгдээгүй, тендер нь будлиантсан гээд олон хэл ам дагуулсан оньсого хэвээр байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.