Өршөөлөөр суллагдсан залуу 13-хан настай нялх охиныг дэндүү муухайгаар тамлан алжээ

2009/09/17
Share |
Хүмүүс:
Өршөөлөөр суллагдсан залуу 13-хан настай нялх охиныг дэндүү муухайгаар тамлан алжээ

13 настай охиныг гэртээ  унтаж байхад хөнжилтэй нь шүүрч аваад хээр аваачин зүй бусаар хүчирхийлж, 57 удаа заазуурдан тамлаж амь насыг нь хөнөөсөн  жигшүүрт хэрэг Булган аймгийн Тэшиг суманд гарчээ. Хэргийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Өршөөлийн хуулиар “эрх чөлөөнд” гарсан “махан толгойт” хочит П.Тулгаа гэгч  үйлдсэн юм. Олныг цочирдуулсан энэхүү аймшигт хэргийг сурвалжлахаар Булган аймгийн Тэшиг сумыг  зорилоо. Тэшиг сум нь нийслэлээс 800 километр зайтай, ОХУ-ын Закаменск мужтай хиллэдэг алсмагдмал суурин.

Хоёр хоногийн турш явж байж зорьсон газартаа  очлоо.  Булган аймаг тэр дундаа Тэшиг суманд мод ихтэй болохоор ч тэрүү сумын төв, хөдөө гэлтгүй малчин, тариаланчид бүгд дүнзэн байшинд амьдардаг юм билээ. Энд монгол гэрт амьдардаг айл гэж үгүй ажээ.Талийгаачийн аав Б.Цагаанхүүгийнх сумын төвөөс холгүй Ямаат нуурын ойролцоо зусаж байгааг нутгийн иргэдээс олж мэдэв. Тэднийх Ямаат нуураас 100 метр хүрэхгүй газарт зуны залгаа хоёр дүнзэн байшинтай аж. Нэгд нь сүү цагаан идээгээ боловсруулж нөгөөд нь амьдардаг ажээ. Биднийг гэрт ороход нүд дүүрэн нулимстай цөхрөн гутарч, гуниг нуугдсан төрхтэй аав, ээж нь, талийгаачийн зургийн өмнө зул бадамлаж, арц хүж үнэртсэн орчин угтав.  Талийгаач охины аавыг Б.Цагаанхүү гэдэг. Тэрээр багийн Засаг даргын ажилтай. Эхнэрийг нь Б.Нарантунгалаг гэдэг бөгөөд дэрсхэн өссөн гурван охинтой айл.

ХЭРЭГ ХЭРХЭН ГАРАВ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Өршөөлийн хуулиар Амгалан дахь ШШГЕГ-ын харьяа хорих ангид ял эдлэж байсан П.Тулгаа өнгөрсөн наймдугаар сард суллагдсан байна. Тэрээр суллагдсан даруйдаа буюу одоогоос нэг сарын өмнө нутагтаа очив. Удсан ч үгүй түүнийг тариалан эрхлэгч Н.Хутагаа гэдэг залуу тариалангийн талбайд мал оруулахгүй байх үүрэг бүхий манаачаар ажилд авчээ.

Тариан талбай Б.Цагаанхүүгийнхээс холгүй орших аж. Алуурчин ойролцоох айлуудаар айраг цагаа эргүүлэн, өдөр хоногийг өнгөрөөдөг болсон  бөгөөд талийгаач охиныд хэд, хэдэн удаа ирж хооллож, ундалдаг байжээ. Хичээлийн шинэ жил ойртсон тул охины ээж нь Б.Мичидмаадаа /талийгаач/ хичээлийн хэрэгсэл, хувцас хунарыг нь бэлтгэж,том охиноо сургуульд нь хүргэж өгөхөөр Булган аймгийг зорьжээ. Харин охины аав Б.Цагаанхүү  энэ үед хадландаа гараад гэртээ байхгүй байв. Гэрт талийгаач охин, таван настай дүү Ц.Тэргэлсаран, өөрийнхөө үеийн хамаатны нэг охинтой гурвуулаа байж таарч.  П.Тулгаа тэднийд том хүн байхгүйг мэдмэгцээ наймдугаар сарын  26-27-нд шилжих шөнийн 03.00 цагийн үед хаалгыг нь тогшин “Тулгаа ах нь байна.

Аав чинь намайг бензин аваад ир гэж явууллаа. Хаалгаа онгойлго” гэхэд охин “Манайд бензин байхгүй шүү дээ. Аав бүгдийг нь мотоцикльдоо хийчихсэн” гэхийн завдалгүй угз татан түгжээг нь мул-талж, унтаж байсан Б.Мичидмаа охиныг хөнжилтэй нь хамт шүүрээд гарч оджээ. Энэ үед охин “Амь авраарай” хэмээн тусламж эрэн хоёр удаа орилсон ч ойролцоох айлууд нь сонсоогүй байна. Тэрээр охиныг Ямаат нуурын ойролцоо аваачин зүй бусаар хүчирхийлж, тусламж эрэн уйлах бүрт нь заазуураар цавчсаар амийг нь егүүтгэсэн байна. 

Нийтдээ 57 удаа заазуурын уг хүртэл охины биед зоож хөнөөгөөд цогцсыг нууранд хаясан байв. Хэрэгтэнг сумын хэсгийн төлөө-лөгч, хошууч С.Мандах маргааш өглөө нь баривчлан саатуулсан ч алуурчин хэргээ хүлээхгүй хоёр хоног “гүрийжээ”. Энэ үед нутгийн 60 гаруй иргэн охиныг хайж ойролцоох уул, хадаар самналт хийсэн байна.  Хэсгийн төлөөлөгч “Чи хийсэн хэргээ хүлээчих. Би чамд тусална” хэмээн хуурч байж хэлүүлэн охины цогцсыг олж тогтоожээ.

ХЭРЭГТЭН ХЭН БАЙВ
“Махан толгойт” хочит П.Тулгаа  тус сумын Хужирт багийн харьяат, ээж, ах, дүү нартайгаа зургуулаа амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн.  2006 онд хулгайн хэргээр Булган аймгийн сум дундын шүүхээс гурван сар баривчлах ял,  2009 оны нэгдүгээр сард Эрүүгийн хуулийн 147.1-т заасан үндэслэлээр буюу танхай, хулгайн хэргээр 4.6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн давтан хэрэгтэн байв. Эх сурвалжийн мэдээлснээр түүний үйлдсэн дээрх хэргийг тайлбарлая. Тухайн үед Тэшиг суманд орой, үдшийн цагаар ганцаараа явж байсан эмэгтэйчүүдийг хэн нь үл мэдэгдэх хүн зодож эхэлсэн байна. Харанхуйд нүдийг нь боогоод өшиглөж, дэвслэн зоддог байжээ.

Удсан ч үгүй Тэшигийн ойролцоох сум болох Хутаг-Өндөр суманд энэ явдал дахин давтагдаж эхэлжээ. Тэрээр Хутаг-Өндөр сумын иргэн О-г шонгийн модтой хүлэн зодож эхэлмэгц хохирогч “Чамд мөнгө өгье. Би цагдаад хэлэхгүй” хэмээн аврал эрсний эцэст түүнд 100 мянган төгрөг өгөөд зугтжээ. Хохирогч түүнд  мөнгө өгөхдөө хамрынхаа цусыг арчсан нь  хэргийг богино хугацаанд илрүүлэхэд тусалсан гэдэг юм билээ. Дээрх хэргээр түүнд сум дундын шүүхээс 4.6 жилийн хорих ял ногдуулсан ч Өршөөлийн хуулиар суллагдан гарч ирээд байсан нь энэ аж. Нутгийн иргэдийн ярьж буйгаар тэрээр эмэгтэй хүн зодож таашаал авдаг гаж донтой нэгэн бололтой.

Малчин Б.Цагаанхүү:

АРААТНААС ИЛҮҮ АЛУУРЧИНД ИТГЭСЭН НЬ МИНИЙ БУРУУ

 -”Зууны мэдээ” сонины хамт олны өмнөөс танай гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Та хэрэг гарсан орой хаана байсан юм?
-Ах нь ярихаас ч айж байна. Би тэр орой хадландаа гарсан байсан л даа. Манай хүн аймаг руу том охиноо хүргэж өгөхөөр явсан байсан. Гэрт миний хоёр охин, хамаатны нэг охин гээд гурвуулаа байсан. Гэтэл 27-ны өглөө хэсгийн төлөөлөгч С.Мандах над руу утасдаад “Охин чинь алга болчихжээ” гэсэн. Гэртээ ирэхэд хамт байсан охин нь “Нэг ах Мичидмааг шүүрээд аваад гарсан. Би айгаад гэрээс гарч чадаагүй”  гэчихсэн сууж байсан. Бага охин маань юу мэдэх вэ дээ. Жаахан юм. “Эгч ээ” гэж жаал уйлсан юм шиг байна лээ. 

-Хэрэгтнийг та сайн таньдаг байсан уу. Хэрэг гардаг орой таньтай хамт хадлан дээр чинь байсан гэсэн?
-Нэг нутгийнх болохоор бага сага мэднэ. Тариалан эрхлэгч Хутагаа гэдэг залуугийн тариан талбайд манаачаар ажилладаг байсан юм. Тэр үед Булган аймгаас төрсөн ах, эгч хоёр маань ирсэн байсан. Би өөрөө айлын өргөмөл хүү л дээ. Тэгээд тэдэнтэйгээ уулзаагүй удсан учир хадлангийн талбай дээрээ жаахан сууцгаасан. Гэтэл үдшийн 23.00 цагийн үед алуурчин Тулгаа /би түүнийг ярихаас ч үзэн ядаж байна. Хэрэгтэн гэмээргүй байна. Алуурчин юм чинь/ бидэн дээр ирсэн. Монгол хүн ёсоор түүнийг ядарч яваа байх гээд хооллож, ундлаад явуулсан. Гэтэл алуурчин намайг гэртээ харих эсэхийг шалгаж явсан нь тэр юм билээ.

Тэгмэгцээ манай жижиг амбаар буюу цагаан идээ бэлтгэдэг байшин руу орж заазуур аваад охидын унтаж байсан байшинд очсон байсан. Алуурчин “Мичидмаа хаалгаа тайлаарай. Аав чинь гэрт байгаа шатахуун аваад ир гэсэн юм” гэхэд нь манай охидууд “Гэрт шатахуун байхгүй. Аав бүгдийг нь аваад явсан” гээд хаалгаа тайлж өгөөгүй. Гэтэл хаалга өшиглөж, түгжээг нь мултлаад гэрт ороод ирсэн юм билээ. Тэгээд л  охиныг маань хөнжилтэй нь хамт шүүрээд аваад гарсан гэсэн. Охин маань гадаа “Авраарай” гэж хоёр орилоод л дуугүй болчихсон гэсэн. Тэр үед аавыгаа хүрээд ирээсэй гэж хэчнээн их хүсээ бол доо./уйлав/.

Миний муу шар охин чинь аавынхаа ганц амин эрдэнэ шүү дээ. /”Мөөдгөө, хөөе Мөөдгөө! Ээж даллаад байна. Хоёулаа гэр рүүгээ уралдъя. За гүйгээрэй аниагийн дүү” гээд гар утсандаа хураасан талийгаач охиныхоо яриаг  аав нь хэсэг хугацаанд дахин дахин сонсов. Сонсч байхдаа  охиноо өхөөрдөж инээгээд тэгснээ гэнэтхэн уйлах нь зүрх өвтгөмөөр/ 

- Хэргийг дахин  сөхөж байгаад уучлаарай. Цагдаагийн байгууллагын үзэж байгаагаар талийгаач охиныг 2-3 удаа хүчирхийлж, цөөн бус удаа заазуурдсан гэсэн?
-Цөөн бус заазуурдсан биш ээ. Бүр 57 удаа заазуурдсан байсан шүү дээ. Толгой, хөл, гар, өвдөг, хамар, нүд гээд миний охины  эрхтэн бүр  дээр заазуурдсан байна лээ. Охиныхоо цогцсыг хараад үнсэх ч газар олоогүй /уйлав/. Хүн харахын аргагүй. Би ээжид нь охиныхоо цогцсыг үзүүлээгүй. Хань маань хараад  цочирдоно шүү дээ.

-Хэрэгтэн хэргээ хүлээхгүй хоёр хоносон гэсэн. Магадгүй тэгэхэд нь та бүхэн амьд байж магадгүй гэсэн найдвар төрж байсан байх?
-Яалаа гэж дээ. Тэр хүнээс өөр манай нутагт ингэж авирлах хүн байхгүй. Гэхдээ аймаг, хот руу утсаар ярьж бөө нарт үзүүлэхэд “Баруун зүгт байна. Амьд байна” гэсэн. Миний охин амьд л юм байна гэж горьдож байсан. Гэсэн ч хэрэг дээрээ үгүй байсан /санаа алдав/.   Нутгийн маань  60 гаруй иргэн  уул, хадаар самнаж хайсан. Нийтдээ бараг 80 гаруй километр газарт хайсан байх.

-Охиныг тань хэрэгтэн өмнө нь айлгаж байсан гэж нутгийн иргэд хэлж байсан?
- “Тулгаа ах аа сайн уу” гээд л өнгөрдөг байсан. Би хадлан дээрээ хэд хэдэн удаа охиноо дагуулаад очсон юм. Тэгэхэд л миний охиныг хөнөөхөөр тооцоолж байсан шиг байгаа юм. Охин маань ээжийгээ аймгийн төв рүү явахаас өмнө “Ээж ээ. Тулгаа ах намайг голын эргээр хамт явъя. Тэгвэл би чамд зургийн аппаратны мемори карт өгье гээд байна. Би түүнээс айгаад байна” гэж хэлж байсан юм билээ.

Ээж нь тэгэхэд “Битгий хамт яваарай” гэж захисан гэсэн. Үүнийг нь би мэдээгүй байсан. Мэдсэн бол байдал арай өөр байсан байх.  Хамгийн сүүлд орой 22.00 цагийн үед охин маань над руу залгаад “Аав аа. Бид амарлаа. Та сайхан амраарай. Зөндөө их өвс хадаарай, за юу” гээд утсаа тасалсан. Миний муу охин чинь их жижигхэн биетэй. Гэхдээ л биенээсээ ахадсан бодолтой. “Аав аа, би Цэргийн их сургуульд орж цэргийн хүн болно” гэдэг байсан. Охинтойгоо уралдаад гүйхэд би  гүйцдэггүй юм. Уг нь би чинь цанын спортын гуравдугаар зэрэгтэй хүн шүү дээ.

-Та Өршөөлийн хуулийг үзэн ядаж байна гэлээ. Өмнө нь хоёр удаа давтан гэмт хэрэг үйлдсэн засаршгүй хүнийг сулласан гээд үү?
-Тийм ээ. Би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Өршөөлийн хуулийг үзэн ядаж байна. Тэр хууль гараагүй бол миний охин өнөөдөр амьд байх байсан юм. Би 2004-2008 онд АН-аас сумынхаа Иргэдийн хуралд нэр дэвшин ажиллаж байлаа. Уул нь ардчиллыг их дэмждэг хүн. Гэтэл АН-аас гарсан Ерөнхийлөгч маань хэнийг суллах, хэнийг суллаж болохгүй гэдгийг мэдэхгүй байна. ШШГЕГ-хан ч мөн адил. Нийгэмд аюултай хүнийг суллаад гаргасан байна шүү дээ. Эцэст нь хэлэхэд шүүх хурлыг аймагт биш сумд нь ард иргэдийн нүдэн дээр ил тод  явуулахыг шүүхийн байгууллагынхнаас гуйх байна. Яагаад гэхээр олон түмэн түүнийг жигшиж, зэвүүцэх ёстой. Тэр хүн мэдээж цаазаар авахуулах ялаар шийтгүүлэх нь ойлгомжтой. Тэгэхдээ зүгээр нэг цаазлуулмааргүй байна.

Биднийг ийн ярилцах зуур талийгаачийн ээж Б.Нарантунгалаг уйлаад юм ярьж чадахгүй байлаа. Тэрээр “Охин маань намайг Булганд явж байхад “Ээж ээ, та надад бэлтгэлийн хувцас, пүүз авсан уу. Та одоо хэнийд байгаа юм. Эгчийг миний бүх дэвтрийг хаяглаад явуул гэж хэлээрэй. Та хурдан ир л дээ” гээд байнга утасдаад байсан. Тэгэхээр нь би “Ямар ойр ойрхон залгадаг юм. Нэгж чинь дууслаа шүү дээ. Маргааш өглөө залга” гээд загнаад шахуу утсаа тасалчихсан /уйлав/. Хэрэггүй л тэгж дээ. Миний муу охиныг хүчирхийлсэн ч гэсэн амьд үлдээчихгүй яав даа, тэр алуурчин. Эвий, тэр маань жижигхэн биетэй, хөх ч ургаагүй нялх юм байсан шүү дээ. Одоо дүү нь бид хоёроос “Ээж ээ, аниа яагаад ирэхгүй байгаа юм. Би санаад байна ш дээ” гээд сэтгэл үймрүүлээд байх юм. Аав нь охиныхоо хувцсыг дэрлэж унтаад, үсний боолтыг нь гартаа зүүчихсэн. Энэ бүхнийг харахаар энэ хорвоог барж чадахгүй мэт санагдах юм” хэмээн ярих нь элэг эмтэлмээр. 

Сумын хэсгийн төлөөлөгч, хошууч С.Мандах:

ХЭРЭГТЭН УДАА ДАРААГИЙН ДАВТАН ХЭРЭГТЭН БАЙСАН

-Та хэрэгтний нуугдсан өвөлжөөг  нойр хоолгүй хоёр өдөр манаж байж баривчлан саатуулсан гэсэн. Хэр-гийн дуудлага хэзээ ирсэн бэ?
-Наймдугаар сарын 27-ны өглөө 05.20 минутад анхны дуудлага ирсэн. Бид дуудлага хүлээн аваад талийгаач охины байж болох бүхий л газраар самнасан. Талийгаачтай хамт байсан охиноос хэн орж ирснийг асуухад ногоон дээлтэй ах байсан гэсний дагуу эрэн сурвалжилсан. Анхнаасаа хэргийг П.Тулгаа үйлдсэн байж магадгүй  хэмээн сэжиглэн түүнийг хайсан л даа. Гэтэл түүний ажиллаж байсан тариан талбайн ойролцоо морь нь  байсан.

-Охиныг эсэргүүцэл үзүүлэхэд мориноосоо унасан гэсэн үг үү?
-Охиныг анх гэрээс авч явахдаа морьтой байсан шиг байгаа юм. Тэгээд охин эсэргүүцэхэд нь морь үргэж, унасан болов уу гэж таамаглаж байна.

-Хэрэгтэн хэргээ хүлээхгүй нилээд удсан гэсэн?
-Түүнийг баривчлаад талийгаачтай хамт байсан охинд холоос үзүүлсэн л дээ. “Энэ хүн байсан уу” гэхэд “Мөн” гэсний дагуу түүнийг байцааж эхэлсэн. Хоёр хоног байцаагдсаны эцэст хэргээ хүлээж, охины цогцсыг олж өгсөн. Хэрэгтэн охиныг онц хэрцгийгээр хөнөөгөөд нуурын усанд хаясан байсан. Ингэхдээ охины цогцсын ойролцоо оймсоо хаяж тэмдэг тавьсан байсан.  Тэр хүн өмнө нь хулгай, дээрмийн хэргээр ял эдлэж байсан хүн.

-Түүнд Эрүүгийн хуулийн ямар зүйлээр хэрэг үүсгэн шалгаж байна вэ?
-Хэргийг аймгийн Мөрдөн байцаах хэлтэст шалгаж байгаа. Түүнд Эрүүгийн хуулийн 91.2, 126.3-т заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ нь ялын дээд хэмжээ буюу цаазаар авахуулах заалттай.

-Танай сумаас Өршөөлийн хуулиар хэдэн хүн суллагдсан бэ. Тэдэнд тавих хяналтын тухайд?
-Үндсэндээ нэг. Хулгайн хэргээр ял эдлэж байсан нэг залуу бий.  Дээрх хэргийг үйлдсэн П.Тулгаа нь  Хутаг-Өндөр сумын харьяат иргэн л дээ. Бид өршөөлөөр суллагдсан хоёр иргэндээ хууль, эрхзүйн зөвөлгөө өгч сумын захиргааны удирдлагуудтай хамтран ажлын байраар хангасан. Булганы хэмжээнд гарч байгаагүй, аймшигт хэрэг манай суманд гарсанд харамсалтай байна. Тэшиг сум нь алсмагдмал болохоор хэрэг, зөрчил гарах нь ховор, тайван газар шүү дээ.

Д.Болормаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.