Нөхөн сонгуулийн жүжиг

2009/09/17
Share |
Нөхөн сонгуулийн жүжиг

H.ЭНХБАЯРЫГ ХАВСАЙДАЖ УНАГАХЫН УЧИР
С.Баяр, Н.Алтанхуяг хоёр Ц.Элбэгдоржийн онож хэлснээр “хамтарч ажилладаг биш хамтарч айдаг” Засгийн газраа хамгаалахын тулд Үндсэн хуулийг өөрчлөх санааг сэджээ. Нөлөөлөл, харъяаллынхаа хэвлэлүүдээр ч сонгодог парламентын засаглалыг тогтоох, Ерөнхийлөгчийг ард түмнээс тодруулахад зардаг мөнгөнд харамссан дуу хоолойг хүчтэй дуугаргаж эхэлсэн юм. УИХ-ын гуравны хоёрын саналаар Үндсэн хуульд гар хүрэх боломжтой. Хоёр намын кноп 72 ширхэг. Хэдийгээр эрх баригч намын дарга нар хангалттай кноптой ч гишүүд үг дуугүй гар өргөх магадлал тун бага. УИХ-ын гишүүд бидний кноп ард түмнийхээс тэнгэрлэг дээд шийдвэр гэж үзэж зүрхлэх ч үгүй, тэдэнд угаасаа тийм биеэ тоосон санал бодол ч үгүй байв.

 Н.Энхбаярын дэмжлэггүйгээр Үндсэн хууль өөрчлөх тухай мөрөөдөөд ч хэрэггүй. Ард түмнээс сонгогдсоноороо тэдний өмнөөс ярих дархан эрхтэй субъектийн зөвшөөрлийг авах нь онц чухал. Ингээд С.Баяр, Н.Алтанхуяг хоёр Н.Энхбаяртай уулзжээ. Өөрөө ард түмнээс сонгогдчихоод, намын дарга нарын ашиг сонирхлыг дээгүүрт тавихыг Н.Энхбаяр хүлээж авах боломжгүй байв. 2013 оноос мөрдөхөөр баталчихъя гээд ч явсангүй.  Ард түмнээс уг эхтэй ардчилсан төр биш намуудын гарт бүх эрх мэдэл төвлөрч, нэгэнт Монголыг идчихээд байгаа Үндсэн хуулийн хямрал сүйрэл болно. Сая хоёр зуун мянган хүний шийдвэр сонголтоор биш парламентын олонхийн санал гэж ердөө 39 гишүүний үзэмжээр тодорсон Ерөнхийлөгч зүгээр л намын бүлгийн утсан хүүхэлдэй болох юм.

С.Баяр бид хоёр Н.Энхбаярыг шахаад болохгүй бол бага дэслэгчтэй тохирно  гэж Н.Алтанхуяг ойрын хүрээлэлдээ хэлжээ. Бага дэслэгч гэдэг нь Ц.Элбэгдорж. 2004 онд Ерөнхий сайдын тамга барих эрхийн төлөө Ц.Элбэгдоржид ялагдсан Н.Алтанхуяг түүнд ийм хоч өгсөн юм. УИХ-ын сонгуульд ялна гээд бүх зүйлээ төлөвлөчихсөн Ц.Элбэгдорж санал тооллогын луйвраас болж шатчихаад байхад нь ядахад яр гэгчээр Алтангадасынхан С.Баяртай хуйвалдаж, хамтарсан Засгийн газар байгуулахаар боллоо.

Ардчилсан намын даргад З.Энхболд нь хуучин фракцийнхаа тэргүүнд хорь хүрэхгүй саналаар ялагдав. Засгийн газрын бүрэлдэхүүнд багтахгүй гэж үзсэн Ц.Элбэгдоржийн талынхан бараг санал тэнцэж, эцэст нь ҮЗХ-ны хурал хаяв. Хамтарсан Засгийн газрын хамгийн том эсэргүүн нь Ц.Элбэгдорж. “Ард түмний харах нарыг алгаараа хаалаа” гэж тэр хэлж байсны цаад үндэс шалтгаан нь сонгуулийн луйвардуулсан гэх гомдол, түүнээс үүдсэн “7 дугаар сарын 1”-ний хэрэг явдал. Гэвч УИХ-ын сонгуулийн тоос бууж байхад Ерөнхийлөгчийн төлөөх өрсөлдөөний шороо босч эхэлсэн учир Н.Энхбаярын зөвшөөрөөгүй саналыг Ц.Элбэгдорж хүлээж авч “харагдах” магадлалтай байв.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх өвөл С.Баяр Ц.Элбэгдоржийг покер тоглохоор дахин дахин урьж, ширээний ард тэд нүүр тулж байлаа. УИХ-ын сонгууль ямар болсон байлаа ч АН-ыг толгойлж ороод ялагдсан дүн авсан Ц.Элбэгдорж ахиад өвдөг шороодох аваас улс төрийн тавцанд түүний байдал огцом муудах нь тодорхой. Ерөнхийлөгчийг парламентаас сонгодох болох Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүлээн авч, хамтарсан Засгийн газарт халдахгүй байх аман тохироо хийлээ. Ямар ч байсан тэдний саналыг хүлээн авч “харагдав”. Ц.Элбэгдоржид өөр арга байсангүй. Засгийн газарт “баталгаа” өгснөөр сонгуульд нэг нэр дэвшигч, хоёр намын дарга нийлээд учиртай гурван толгой болов. 

Харин “Сурсан юмыг сураар боож болдоггүй” нь дахин нотлогдож, маневр сайтай улс төрч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсон хойноо ярьснаасаа буцжээ. Ийм тохироо хийгдсэнийг, дараа нь түүнээсээ буцсаныг С.Баяр өөрийнхөө амаар батлан хэлсэн. С.Баяр Их тэнгэрт сонгуулийн дараа 7 дугаар сарын 6-нд хэвлэлийнхэнтэй зангиагүй уулзах үеэрээ “Ц.Элбэгдорж бид хоёр Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байя гэж тохирсон. Харин сонгуулиас хойш Ц.Элбэгдорж энэ тухай ярианаас зайлсхийгээд байгаа. Албан тушаалд очихоороо ярьсан тохирсноосоо буцаад байдаг нь зохисгүй шүү дээ” гэж төвийн бүх хэвлэлийн удирдлага, сурвалжлагч нарын өмнө хэлж, орон даяар цацсан шүү дээ. Энэнээс илүү баримт гэж юу байхав ээ. 

 Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН нэр дэвшигчээ биш түүний өрсөлдөгчийг дасгалжуулсан гэсэн яриа, хавсайдаж бүлэглээд  унагачихсан юм биш үү хэмээсэн асуулт хангалттай үндэслэл байгаа учраас нийгэмд тархаад явна. Н.Энхбаярыг дэмжээрэй гэж С.Баяр амны хайрцгаа ажиллуулсангүй, “Хамтарч ажиллахад дөхөмтэй хүн л сонгогдоосой билээ” хэмээн хоёр үзүүртэй, битүү үг унагасаар сонгуулийг дуусгасан юм. Сонгуулийг гурван раундтай гэж үзвэл эхний хоёрт нь Ц.Элбэгдорж өөртөө итгэл муутай, их сандарч байсан. “Сайн хүн гэж сайн юм хийдэг хүнийг хэлдэггүй юм аа. Эх орны хишгийг мөнгөөр өгч чаддаггүй юм бол ундаа, боорцог, төмрөөр авъя” гэх зэрэг утга учир муутай зүйл ярихад АН-ынхан ч шүүмжилж байлаа.

Хувьсгалт намын тун дээгүүр хүрээнээс тайван байх сануулга илгээжээ. Ц.Элбэгдорж өрсөлдөгчийнхөө засуулын мессежийг хүлээж аваад тайвширлаа. МАХН-ын Сонгуулийн штаб юу хийх гэж байгааг өөрсдөөс нь түрүүлж мэдэж байсан учир хариу мэх бүрийг тайван, олон хувилбараар боловсруулж байв. Зурагтаар гараагүй байгаа өөрийнхөө эсрэг нэвтрүүлгийг зөөврийн компьютертээ үзэж, уйлж уяраах няцаалтыг гурав, дөрвөн хувилбараар бэлтгэчихнэ. Солонгосуудаас хандив авсан барин тавин бичлэгийг сонгуулийн төгсгөлд тавих саналыг С.Баяр 5 дугаар сарын эхээр цацуулах үүрэг өгснөөр үнэн худал нь мэдэгдэхээ больдог байна.

Хандивын уулзалтын бичлэг зурагтаар түгээгдсэн эхний дөрөв хоногт АН гүн шооконд орж яахаа мэдэхээ байснаа өөрсөө ч хүлээн зөвшөөрдөг юм. Ц.Элбэгдорж Солонгос явах нь битгий хэл солонгос кино үзэж амжихгүй байна гэж нэг буруутаад, эх орноо “Эксель”-ээр солихгүй хэмээн хэлээд, “Тэгвэл мерседесээр бол худалдах нээ” гэх угсраа цохилтонд орлоо. Хандив өгсөн тухайгаа ярьсан хоёр солонгос эрэгтэйн нэг нь зэрвэс харахад намхан, булбарай, эмэгтэй төрхтэй залуу байв. Сандарсан АН-ынхан “Гэр бүлийн хоёрыг тэндхийн цагдаа мөрдөж байгаа” гэж андуураад, нөгөө залууг “сахалтай эхнэр” болгочихов.  

 Сонгуулийн нэвтрүүлэгт оролцож ярилцлага өгөх сайд МАХН-аас нэг ч олдоогүй бол УИХ-ын гишүүдээс хуруу дарам цөөн хэд нь нэр дэвшигчээ дэмжсэн мэдэгдэл хийж байлаа. Тэргүүн шадар сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг иргэний бүртгэл мэдээллийнхэнтэй өвөлжин хаваржин тулж ажиллахад хэн ч саад болсонгүй. Агентлагийн дарга нь С.Баярын шууд дэмжлэгээр томилогдсон, Хөвсгөлийн хүн байж байх жишээтэй.

Сурталчилгааны материалууд эзэддээ очилгүй замдаа алга болох, Ерөнхийлөгчийн тамгын газраас явуулсан эх орны хишигтэй холбоотой 700 мянган ширхэг санал асуулгаас  хамгийн цөөн хүн амтай Говьсүмбэрт тараасан болоод, 697 мянган ширхэг нь агуулахад үлдсэн, намын найдвартай гишүүдээ ачиж ирээд нэр дэвшигчдээ бэлтгэсэн асуулт тавиулж хуурах, иргэдтэй ажиллахаасаа илүү хоорондоо хуралдсаар хамаг цагаа барах мэтийн санаатай, санаагүй үйлдлүүдээс Н.Энхбаярыг хавсайдаж унагасан сценари бүрдэнэ. “Өдрийн сонин”-д Н.Энхбаярыг илэрхий шүүмжлэгч А.Баатархуяг хүртэл С.Баярын буруу өрсөн тоглоомон дээр бүгд ороод унах нь тодорхой гэж бичсэн нь яг үнэн байлаа. Н.Энхбаяр дараа нь сонголтыг биш санал хураалтын гаргасан дүнг л хүлээн зөвшөөрснийг сайн анзаарвал энэ бүх цаад учир начир цухуйдаг юм.

Манай нэртэй сэтгүүлч Б.Ганчимэг:
-“Ардын уран зохиолч Тангадын Галсан гуайн амнаас “МАХН засуул хийж, Намбарын хүү барилдлаа. Харин засуул нь аль бөхийг засчихав аа” гэсэн адармаатай үг унасан. Сонин үг байгаа биз?” гэж Н.Энхбаяраас асуусан нь анхаарал татаж байгаа юм. “Үнэн хэрэг дээрээ булхайтай болсон, цэвэр явагдаж чадаагүй гэдгийг сонгогчдоосоо авахуулаад улс төрийн хүрээнийхэн цөм мэдэж байгаа. Нарийн нягтлаад, баталж нотлоод яривал ярих юм зөндөө бий. Гэхдээ би энэ бүхнийг тэвчиж, Монголын нийгмийн ардчиллыг хамгаалж үлдэхийн төлөө л өөрөөсөө шалтгаалах зүйлийг хийсэн” гэж Н.Энхбаяр ярьсны цаана дээрх учир битүүлэг хуйвалдаан, зүүн талын засуул баруунаас боссон бөхийг зассан нууц бугшиж байна.

 УИХ-ын нөхөн сонгуульд Н.Энхбаяр МАХН-ын удирдлагын зарим нь бултаж зайлж буй нь Ерөнхийлөгчийн сонгуульд цаанаа юу болсныг хэлээд өгнө. Н.Энхбаяр эргэж ирвэл орд газрыг ашиглах гэрээг “ашиггүй” хийхэд аюул учирна гэж С.Баяр айхтар болгоомжилж байна. Монголчуудын эзэмших хувь 51-ээс доошгүй байх ёстой гэдэг Н.Энхбаярын стратеги иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдынхтай нийлчихээд байгаа билээ. Оюутолгойн араас ахиад хувааж идэх “15 толгой”-н гэрээ хүлээгдэж байна. Ийм л учраас Ё.Отгонбаяраар бамбай хийж байгаад эцсийн мөчид залуу бол залуу, Засгийн газрын ч гишүүн, Оюутолгойн гэрээн дээр гал хамгаалагчийн үүрэг гүйцэтгэсэн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг дэвшүүлэх хор найрчээ. Ихээхэн хэл аманд өртсөн Д.Зоригтыг УИХ-ын гишүүний бүрэн эрх олгох, цаашид асуудлаа авч гарч чадахгүй нь тодорхой болсон хүүхдийг сайдаас нь мултлах, гэхдээ бүр гудамжинд гаргачихгүй байх гэсэн шалтгаанууд хор найруулах жорыг бүтээсэн байх. Нэр дэвшигчийг намын даргатай зөвшилцөж тодруулдаг дүрэм Н.Алтанхуягт хамтарсан Засгийн газрынхаа сайдад хэнийг унагахаар явуулах боломжийг олгоно.   

Н.Энхбаярыг дэвшүүлэхгүйн тулд л дуусч хаагдсан “Их өр”-ийг сөхөх, МАХН залуу үеийг гэнэт дэмждэг болох, хэтэрхий олон горилогчийн нэрийг гаргаж төөрүүлэх, эцсийн эцэст нөхөн сонгуулийг үзүүлэх тоглолтын хэлбэрээр явуулах жүжгийн зохиол бичигдчихээд байна шүү дээ. 

М.Жигүүр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Qftoiuzu bleat where there topic lyury bitch hate ???, http://sonik.kz/ru/go.php?go=h ttp%3a%2f%2fwww.akropl.ru%2fin dex.php%3foption%3dcom_k2%26vi ew%3ditemlist%26task%3duser%26 id%3d41919 әiel_itterdі_onlain_rezhimі nde_baқylaidy, http://www2.cotedor-tourisme.c om/objets/redirect.php?url=htt p%3a%2f%2femeraldjms.com%2find ex.php%3foption%3dcom_k2%26vie w%3ditemlist%26task%3duser%26i d%3d729462 zhүkteu_autocad_2015_64bit_to lyқ_zharyқtar, http://website-review.ru/redir ect.php?url=http%3a%2f%2fwww.i nkatownhotel.com%2fin%2findex. php%3foption%3dcom_k2%26view%3 ditemlist%26task%3duser%26id%3 d141076 2d_bіrlіkte_orys_tіlіndeg
IP:81.22.46.64  2018-11-27 21:37:49
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.