Бидний "үхэн үхтэлээ хамт байна" гэж тангарагласан маань талаар болоогүй

2009/09/18
Share |
Хүмүүс:
Бидний

Монголын рок попын түүхэнд өөрийн гэсэн өнгө төрх, орон зай болоод сонсогч фэнүүдийн хүрээллийг бий болгосон "Харанга" хамтлаг 20 нас хүрч байгаа билээ. Уянгалаг дуу, эрч хүчтэй хөгжмийн тоглолтоороо охид залуусыг байлдан дагуулдаг тус хамтлагийнхан уран бүтээлийн олз омог дүүрэн байгаа. Иймдээ ч хамтлагийнхаа 20 жилийн ойн баярыг сүр дуулиантайхан тэмдэглэхээр бэлтгэж, улмаар хөдөө орон нутгаар аялан "Талархлын тоглолт "-оо хүргээд амжсан. Харин удтал хүлээсэн нийслэлчүүддээ зориулсан урын сандаа багтсан шилдэг бүтээлүүдээ багтаасан томоохон хэмжээний гурван ч тоглолт хийх нь. Ингээд "Харанга" хамтлагийн ахлагч, Монгол Улсын гавьяат жүжигчин, гитарчин Ц.Энхманлайтай уулзаж ярилцлаа.

-Хамтлагийн тань 20 жилийн ойн хүрээнд болох гурван өдрийн тоглолт ямар байх вэ?
-"Харанга 20 жил" хэмээх гурван үе шаттай төслийн ажил өнгөрсөн зургадугаар сараас эхэлсэн. Хөдөө орон нутагт тоглох, томоохон хэмжээний гурван өдрийн тоглолт зохион байгуулах, гадаад орнуудаар аялан тоглох гэх мэтээр бүх ажлаа төлөвлөж бэлтгэлээ. Энэ ч утгаараа, хөдөө орон нутагт "Талархлын тоглолт"-оо хийж уран бүтээлийн бэлгээ задалж явсан. Харин энэ сарын 23, 24, 25-ны өдрүүдэд UB паласын концертын их танхимд томоохон хэмжээний тоглолт хийхээр бэлтгэл ажилдаа ороод байна.

"Haranga all Stars" нэртэй эхний тоглолтод монголын рок попын одод оролцож, хамтлагийн маань шилдэг дуунуудыг амилуулах юм. Хоёр дахь өдрийн тоглолт нь "Haranga anflagged". Энэ удаад бид "Бодлын тэнгис" амьд хөгжмийн тоглолтоо арай өөр, шинэлэг байдлаар үзэгчдэд хүргэхээр зэхсэн. Хамгийн сүүлийн буюу "Best of Haranga" тоглолтоороо уран санд байгаа шилдэг дуунуудаа дуулж сонирхуулах болно.

-Яагаад заавал гурван өөр тоглолт гэж..?
-Ойн баяр ч юмуу бусад төрлийн арга хэмжээний хүрээнд ихэнх уран бүтээлч, хамтлаг дуучид нэг тоглолтоо 2-3 өдөр хийдэг шүү дээ. Харин бид хамтлагийнхаа 20 жилийн ойн баярт зориулж гурван өөр тоглолт хийж байгаагаараа бусдаас онцлог. Юутай ч, гурван өдрийнхөө тоглолтыг сайн хийхээр бэлтгэж байна. Сонсогч фэнүүдийнхээ сонирхлыг тоглолтын танхимаар тооцоолбол, есөн мянган хүн ирэх болов уу. Эдгээр тоглолтод "Харанга" хамтлагийн гэх бүх л дуунууд эгшиглэнэ. Яахав, гурван тоглолтоо нэгтгэж болох байсан.

Гэвч уран бүтээлүүдээ зайлшгүй шигших шаардлагатай, хасч цөөлөхгүй бол 7-8 цаг үргэлжлэх тоглолт болох нь гарцаагүй. Тийм учраас гурав хуваасан юм. Зарим хүмүүс "20 жилээ хийж байна гээд тасалбарынхаа үнийг 20 мянга болгох нь арай дэндэнэ ээ" гэж шүүмжилсэн учраас бид 15 мянга болгосон.

-Хамтлаг байгуулаад бужигнаж явсан залууст хамтдаа 20 жилийг үднэ гэж төсөөлөгдөж байсан болов уу?
-Тиймээ, анх хамтлаг байгуулахдаа яг хэдэн жил наслахыг нь тооцож байгаагүй л дээ. "Амьдрал" нэртэй анхны концертоо 1989 оны аравдугаар сарын 26-нд тоглож байсан. Харин тоглолтоос гарч ирээд тавуулаа "Үхэн үхтэлээ хамт шүү. Түрүүлж үхсэн нь амиа бодсонд тооцно" гэж тангараг тавьсан даа. Энэ бүхэн хоосон тангараг байгаагүй. Чука маань 30 жилийнхээ ойг тэмдэглэх тухай ярьж байсан. Мэдээж хэрэг, рок попын түүхэнд үлдсэн хамтлагийнхаа уран бүтээлийг үргэлжлүүлнэ. Эрүүл мэнддээ сайн анхаарч 10-20 жил зүтгэх санаа бий. Яахав, дунд нь завсарлавал эрч хүчээ сэлбэж байгаад л гарч ирэхийг бодно. (инээв)

-Цэргийн ангид хамт байсан залуус хэрхэн хамтлаг байгуулахаар шийдсэн нь түүх их л сонирхолтой юм билээ?
-1975 онд Я.Одсүрэн бид хоёр Төмөр замд "Ногоон гэрэл" нэртэй хамтлаг байгуулж байсан. 1978 онд цэрэгт очоод Чука, Одсүрэн, Пүүжээ хамт "Соёмбо" чуулгад орсон. Тус чуулгад зургаан жил болоод би гарчихсан. "Харанга"-аа байгуулах л гэж цэргийн албанаас зугтаж яваа нь тэр байхгүй юу. Тэгээд эднийгээ "Соёмбо"-оос нэг нэгээр нь гаргаж авч цуглах гэсээр байтал 1989 он болсон л доо.

-Тэр үед хамтлагтаа нэр өгөх гэж бөөн ажил болж байв уу, аль эсвэл..?
-Нэрээ нэлээд сайн бодсон. Манайх драмын театрын хажууд байгуулагдсан шүү дээ. Тиймээс драмын театр болон Ардын дуу бүжгийн чуулгын уран бүтээлчдийн дунд "Оновчтой нэр олсон хүнийг сарынх нь цалингаар шагнана" гэсэн уралдаан зарлахад 128 нэр орж ирсэн. Харин тухайн үед Ардын дуу бүжгийн чуулгын бүжигчин байсан Сүхбаатар гэдэг залуу "Харанга" хэмээх нэрийг яг энэ шрифтээр нь бичиж ирээд "Та нар монголын анхны рок мэргэжлийн хамтлаг учраас харангаар уриалан дуудаж байна гэж би ийм нэр сонголоо" гээд өгсөн. Бид нар нэрээ авсан, Сүхээ ч сарынхаа цалинг гардсан даа.(инээв)

-Дуучин Лхагвасүрэнгийн асуудал юу болсон бэ, хамтлагийн гишүүд тоймтой зүйл ярихгүй юм?
-Тэр асуудлыг шалгуулж байгаа. Сонин хэвлэлээр гараад байсан шиг янз бүрийн юм болоогүй. Тухайн үед эрүүл явж байсан төдийгүй бидэнтэй маргалдаж муудалцаагүй. "Ийгл" телевизийн ярилцлагаас гарч яваад л тийм зүйл болсон. Буруу зөв нь одоо шалгагдаж байна.

-Тоглолтондоо оролцоно биз дээ?
-Оролцолгүй яахав. Бид хамт байж л "Харанга" болно шүү дээ. Хамтлаг гэдэг чинь "Хамтаараа лаг" гэсэн утгатай. Лхагваа маань бэлтгэлээ хийгээд бидэнтэй цуг байгаа.

-Эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд ямархуу байгаа вэ?
-Сэтгэл санааны хувьд, бүрэн тогтвортой байна гэж яаж хэлэхэв дээ. Гэхдээ дажгүй байгаа.

-Бөөгийн онгодоо хүлээж аваагүй болохоор ийм гай барцадтай байна гэх хүмүүс ч байна лээ?
-Тэрийг сайн мэдэхгүй юм, өөрөө л мэдэж байгаа биз.

-Хорих ялаар шийтгүүлсэн хугацаандаа "Тоосго" нэртэй хамтлаг байгуулж, уран бүтээлээ үргэлжлүүлж байсан. Одоо тэр хамтлагтайгаа холбоотой байдаг юм болов уу?
-Үгүй ээ, тэр хамтлаг нь тарчихсан шүү дээ. Одоо тэдэнтэй ямар ч холбоогүй.

-Хамтарсан тоглолтынхоо дараа та нар бие даасан тоглолт хийнэ биз дээ?
-Ямар ч байсан, 20 жилийн ойгоо хийсний дараа бие даасан тоглолтуудаа төлөвлөнө. Цаашид бид шинэ уран бүтээлдээ орно. Хоёрын хооронд хүч тарамдсан зүйл хийхгүй гээд энэ бүхнээ хойшлуулсан хэрэг.

-Гадаадад тоглолт хийнэ гэсэн. Яг ямар улс орнуудаар аялах юм бэ?
-Одоогоор гурав дөрвөн газраас санал ирээд байна. 20 жилийн дуулианаар хаана л монголчууд байна, тэр газар болгоноос л "Ирээч" гэж дуудах юм. Швед, Солоңгос, Америк гээд олон оронд очиж тоглох байх. Гурван өдрийнхөө тоглолтынхоо дараа визний асуудлаа шийдээд явна даа.

-Эцэст нь, "Харанга" хамтлагийг гурван үгээр тодорхойлооч гэвэл..?
-Зогсолтгүй эргэх хүч

Өнөөдрийн монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.