Согтуу жолооч дахин нэг хүний аминд хүрлээ

2009/09/22
Share |
Хүмүүс:
Согтуу жолооч дахин нэг хүний аминд хүрлээ

Согтуугаар машин жолоодож явсан 20 настай залуу 18 настай оюутан охины аминд хүрсэн харамсалтай явдал өнгөрсөн ням гаригийн өглөө гарлаа.Шөнөжин архидаж, дарвисан залуус өглөө нь нэгнийхээ машиныг хулгайлан гадуур давхиж яваад ийм хэрэг тарьжээ.

Сонгинохайрхан дүүргийн нутаг, Баянхошуунаас Зурагтын чиглэлд явдаг автобусны буудал дээр хэрэг гарсан байна. Цаг агаар муудаж, цас орсны улмаас зам хальтиргаатай байсан энэ өглөө автобусны буудал дээр зогсож байсан хоёр охин, нэг залууг 01-81 УБЦ дугаартай “Ниссан лаурел” маркийн машин хар хурдаараа давхин орж ирээд дайрчихжээ. Хэргийн улмаас 20 настай Ж.Одонтуяа газар дээрээ нас барж, түүний найз 20 настай н.Өнөрөө хүнд бэртэл авчээ.Мөн тэнд байсан 29 настай, эрэгтэй н.Гантулга гарандаа хүндэвтэр гэмтэл авсан байна.Хөлчүү залуус хэргийн газраас даруй зугтаасан ч замын цагдаа нар тэднийг цаг алдалгүй олж, саатуулсан байна.

Машиныг барьж явсан П.Жаргалсайхан энэ үед 0.64 хувь, түүнтэй хамт машинд сууж явсан найз нь 0.69 хувийн согтолттой байж. Урьд шөнө нь 7-8-уулаа нийлж шөнөжин дарвисан  тэд өглөө нь хамт архидаж байсан найзынхаа машины түлхүүрийг хулгайлаад гарч явсан нь энэ аж. Хальтиргаатай замд хурд хэтрүүлэн явж байхыг нь харсан замын цагдаа тэднийг зогсоохоор дохисон ч зугтжээ.Зам дагуух дараагийн цагдаад энэ талаар мэдээлэл дамжуулсан ч, залуус тэндээс нэг их холдолгүй гурван хүнийг дайраад зугатсан байв.Тэд хэргийн газраас ойролцоогоор 7-8 км хэртэй яваад машинаа орхин ойролцоо газраас ажиглалт хийж байхад нь цагдаа нар баривчилжээ.Хүний аминд хүрсэн залуу Төмөр замын дээд сургуулийн гуравдугаар дамжаанд суралцдаг. Цагдаа нарт баригдсаныхаа дараа П.Жаргалсайхан хамт явсан найзыгаа жолооны ард байсан хэмээн “бухаж”, гэртээ очсон хойноо заазуураар хоолойгоо огтлохыг, мөн цагдаагийн газарт очсоныхоо дараа хаалганы бариулаар өөрийгөө боомилж амиа хорлохыг завджээ.

“СОГТУУГААР ЖОЛОО БАРЬДАГ БҮХ ХҮНИЙГ ҮЗЭН ЯДАЖ БАЙНА”
Талийгаач охин болон түүнтэй хамт машинд дайруулж хүнд бэртэл авсан Өнөрөө хоёр найзууд.Тэд Дархан-Уул аймгийнх.Энэ жил оюутан болсон Ж.Одонтуяа МУИС-ийн Улс төр судлаачийн нэгдүгээр дамжаанд суралцдаг байж.Сургуулийнх нь хоёрдугаар давхарт хадаг, шар өнгийн сарнайгаар эмжсэн жаазтай зураг, эмгэнэлийг байрлуул-жээ.Талийгаач сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, улсын аварга, эмэгтэйчүүдийн лигийн тэмцээний алтан медальтай, шилдэг оюутны нэг байсныг энд бичсэн байв.Даруухан төрхтэй, нүдэнд дулаахан шар охины үл ялиг инээмсэглэсэн зургийг хараад сургуулийнх нь нэгэн хөвгүүн “Манай байранд амьдардаг охин байна” гэлээ.Талийгаач охины амьдардаг байсан МУИС-ийн хоёрдугаар дотуур байранд очлоо.Тэр байрандаа сургуулийнхаа гурван охинтой хамт дөрвүүлээ амьдардаг байж.Ээж, аав нь уржигдар ирээд охиныхоо эд зүйлсийг аваад явсан гэж цуг амьдарч байсан нь охин нь хэллээ. Хоёр давхрын хоосон пүрштэй орноос өөр талийгаачийн гэх эд зүйл энд үлдсэнгүй. Аав, ээж  нь охиныхоо цогцсыг өчигдөр нутаг руу нь авч явжээ.

“Бид нэг өрөөнд цуг амьдраад удаагүй болохоор талийгаачийн талаар би нэг их зүйл мэдэхгүй. Харин доод давхарт түүний нэг нутгийн найз нар байдаг юм” гэснээр бид хохирогч охины найз Т.Ганцоожтой уулзсан юм.“Хүний амьдрал гэдэг ямар богинохон юм бэ.Согтуудаа архи уудаг хүмүүсийг би үзэн ядаж байна” гэхдээ тэр нулимсаа барьж чадсангүй.

“Одноо маань их мундаг, тэгсэн хэрнээ их даруухан охин.Бас их сайн найз.Дахиж түүн шиг хүн төрөхгүй байх аа.Хорвоо хүний сайныг нь аваад явчих юм.Би түүндээ зориулж шүлэг бичнэ.

Найзынхаа царайг би өнгөрсөн баасан гаригт хамгийн сүүлд сургууль дээр харсан.Маргааш нь манай сургуулийн сагсны аварга шалгаруулах тэмцээн болох байсан юм.“Маргааш найзынхаа тоглолтыг үзээрэй” гээд л гүйж явсан.Орой нь би харихынхаа өмнө түүн руу утасдаж байр руугаа хамт явъя гэхэд “Найз нь “Зурагт”-д, Өнөрөөгийнд очиж хонолоо.Өглөө эрт тэмцээн дээр уулзъя” гэж байсан.Урьд нь би нэг их тоодоггүй мөртлөө тэр орой зөнтэй юм шиг найзыгаа аваад явмаар санагдаад байсан юм.Бүр заавал авч явмаар санагдаад байсан.

Маргааш нь тэмцээн нэг өдрөөр хойшилсон.Ням гаригийн өглөө би Одноогийн тоглолтыг үзнэ гээд эрт босч бэлдсэн.Одноо руу залгатал утас нь дуудаад байгаа хэрнээ аваагүй. Тэгээд байрны хажуугийн дэлгүүр орох гээд явж байтал Дарханы бас нэг найз маань уйлчихсан явж таарсан.Тэр надад Одноо өнгөрчихөж гэж хэлэхэд нь би эхлээд итгээгүй. Бүр түүнийг худлаа ярилаа гээд бараг л загнасан.Харамсалтай нь түүний хэлсэн үнэн байсан.Надтай хамт нэг өрөөнд байдаг Дэлгэрмаа, талийгаач бид гурав Дарханаас ирсэн, их сайн найзууд.Энд ирээд нэг өрөөнд амьдаръя гэж байсан ч дотуур байрны дарга зөвшөөрөөгүй. Дээгий бид хоёр Одноогийн тухай сонсоод эмнэлэг дээр очсон. Арай ч үх-чихээгүй байх гэж бодоод очтол эмч “Нэг эмэгтэй хүүхэд нь  нас барсан. Нүүр, царай нь мэдэгдэхгүй болчихсон учраас хэн гэдгийг нь хэлж мэдэхгүй нь” гэсэн.Гэтэл найзтай маань хамт явж байсан Өнөрөөгийн ээж гарч ирээд “Одноо өнгөрчихөж.Өнөрөөд битгий хэлээрэй” гэсэн.Өнөрөө нуруу, нугасандаа их хүнд гэмтэл авсан, хагалгаанд орж магадгүй гэсэн.Бие нь их муу байгаа.

Одноо маань айлын бага охин.Аав нь жолооч хийдэг юм.Тэр их мундаг охин байсан болохоор манай Дарханд түүнийг таньдаггүй хүн байхгүй. Ээж, аав хоёр нь өчигдөр ирээд өрөөнөөс нь юм хумыг нь аваад явсан.Би уулзаж чадаагүй. Тэгээд ээж рүү нь утасдтал “Үхсэний хойноос үхэх биш дээ.Миний хүүхдүүд замаар явахдаа болгоомжтой л байгаарай.Хот газар гэдэг чинь ямар ч аймаар юм бэ дээ” гэж байсан” хэмээн талийгаачийн найз Т.Ганцоож ярилаа.Ямар ч хүнд хэцүү зүйл тохиолдсон дотроо хадгалаад, гаднаа сэргэлэн цовоо байж чаддаг найз нь байрнаасаа гарч айлд хонохоор явсан тэр өдрөө нэг л гунигтай, дуугаа хураачихсан байсныг нэг өрөөнд хамт амьдарч байсан охинд нь Т.Ганцоожид ярьжээ. Ямар учраас охин ийнхүү гунигласныг хэн ч мэдэхгүй ч, тэр энэ байрандаа, хичээлийн саруул танхимдаа, найз нөхөддөө, аав, ээж, ах, эгчдээ дахиж хэзээ ч ирэхгүй гэдгээ мэдээгүй…

ИРГЭНИЙХЭЭ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДИЙГ АЛДАХААС НЬ ӨМНӨ ХАМГААЛЪЯ
ТҮЦ-ээс бохь авахаар зогсож байсан хоёр оюутныг согтуу жолооч дайрч алсан хэрэг өнгөрсөн жил гарч олныг хирдхийлгэж байв. Арслантай гүүрээр салхи татуулан хурдалж явсан өвөөг замын цагдаа нар зогсоож хурдаа хасахыг анхааруулахад “За” гэж хэлчихээд цаашаа ердөө 200 метр хиртэй яваад хүн дайрч хөнөөсөн хэрэг ч гарч байж. Хурд хэтрүүлж явсан микро автобусны жолоочид ч бас цагдаа нар ийм сануулга өгсөөр байхад мөн л хүний аминд хүрсэн хэрэг саяхан гарчээ. Замын цагдаа нар улаан дохиураа зүгээр ч нэг өргөдөггүйн баталгаа энэ.Дээр өгүүлсэн эмгэнэлт хэргийн эзэд цагдаагийн дохиурыг үл тоомсорлож өнгөрөөгүй бол айлын нялх охин өнөөдөр амьд байх байв.

Манай улсын хуулиар согтуугаар машин жолоодож яваад хүний аминд хүрсэн бол санамсаргүйгээр үйлдсэн хэмээн үзэж хөнгөн ял оноодог.Гэтэл бусад улсад эсгэрээрээ.Тэр ч бүү хэл, Хятадад саяхнаас ийм хэрэг үйлдсэн хүнд цаазаар авах ял оноодог болж байгаа нь согтуугаар машин барих нь санаатай үйлдэл гэж үзсэнийх.Харин манайд эсрэгээрээ согтуу жолооч хэрэв хүний аминд хүрээгүй бол 5000 төгрөгөөр торгоод, эсвэл жолоо барих эрхийг нь зургаан сараар хасаад л болдог.Үсрээд л хохирлыг нь төлүүлж, 7-30 хоногоор баривчлах шийтгэл оноож байна.Энэ арга үр дүнгээ өгөхгүй байгааг өдөр болгон 40-50-иараа замын цагдаа нарт саатуулагддаг согтуу жолооч нар гэрчилж байна.Өдөрт дор хаяж 1-2 хүн нийслэлд согтуу жолоочийн буруугаас болж амиа алддаг гээд бодохоор бидэнд гудамжаар тайван алхах баталгааг хэн ч өгч чадахгүй нь.Иргэнийхээ эрүүл мэнд, амь насыг алдахаас нь өмнө хамгаалж, согтуугаар магин барьсан л бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг хууль манайд хэзээ ч бий болохгүй гэж үү?

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.