"Баатрыг төрүүлсэн ард түмэн баатар", харин баатрыг төрүүлсэн багш....

2009/09/23
Share |

Тийм ээ, бид чинь баатар ард түмэн шүү дээ. Олимпийн,  пара олимпийн, дэлхийн  аваргатай мундаг улс. “Бээжин-2008” олимпийн наадмаас хойш “Бид чинь баатрыг төрүүлсэн баатар ард түмэн шүү дээ” хэмээн ууж наргиж, зовлон гунигтай нэг нь түүнийгээ түр ч атугай мартан  бахархлаар амьсгалж,  сэтгэлийн цэнгэл эдэлж ирлээ. Амжилтын буухиа тасрахгүй,  медалийн  хур татрахгүй алтан өдрүүд ар араасаа хөвөрч байна. Саяхан жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын гавьяат тамирчин Х.Цагаанбаатар алтан медаль, Миланд болсон сонирхогчдын боксын дэлхийн  аварга  шалгаруулах тэмцээнээс гавьяат тамирчин П.Сэрдамба алт, Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ.

Мөн Тайванд болсон пара олимпийн зуны наадмаас  манай тамирчид нэг алт, хоёр хүрэл медальтай ирэв.  Төрийн тэргүүн зарлиг гарган  П.Сэрдамба, Х.Цагаанбаатар нарт Хөдөлмөрийн баатар цол олгож, баатрыг төрүүлсэн  ард түмэн баяртай байна. Гэхдээ адилхан хөлс хүчээ урсгаж гаргасан амжилтыг алагчлах, мэдэн будилах явдал баяр, талархлыг минь таллаж орхих вий. Өнөөдөр “Баатрыг төрүүлсэн ард түмэн баатар” хэмээн баяраа тэмдэглэж  байхад баатрыг  дасгалжуулсан  багшийн урсгасан  хөлс хүч дөрвөн өрөө байраар хэмжигдэж байна.

Баатар төрүүлж, улсынхаа нэрийг дуурсгах хүртэл үе үеийн дасгалжуулагч багш нарын урсгасан хөлс,  хүч хөдөлмөрийг үнэлж баршгүй. Баатар болох  суурийг нь  тавьж өгсөн анхны багш нарынх нь ач гавьяаг дурдахгүй өнгөрч болшгүй. Гэхдээ л Д.Банди багшийг  боксын  шигшээ багийн  ахлах дасгалжуулагчаар ажил-ласан он жилүүд   түүхэнд алтаар бичигдэх учиртай. Энэ үед Монгол Улс  боксын төрлөөр   олимпийн наадмаас алт, мөнгөн медаль хүртэж, аваргатай боллоо. Сонирхогчдын боксын дэлхийн аваргын  тэмцээнээс П.Сэрдамба алтан медаль  хүртэж, Монголчууд боксоор дөрөв дэх  удаагийнхаа   дэлхийн аваргыг угтаж авлаа. 

Аваргуудаа баатар цолоор шагнаж, эх орондоо баатар  шиг  амьдрах бүхий л нөхцөл бололцоог  хангахад  төрөөс анхаарч  байна. Орон сууц, зуслангийн газар,  машины зогсоолоос эхлээд баатрууддаа бүгдийг өгсөн, өгөлгүй яахав.  Алтыг нь авчихаад  авдрыг  нь хаядаггүй. “Баатрыг төрүүлсэн ард түмэн “баатар” бол баатрыг төрүүлсэн  багш  нь ч бас баатар байх ёстой. 

Монголд боксын спортыг хөгжүүлж, дэлхийн энтэй тамирчин бэлтгэхэд Д.Банди багшийн зүтгэл талаар болоогүй. Нэртэй сайн тамирчид болон дасгалжуулагчдад маань гадаадын улс орнууд боломжийн цалин,  тохь тухтай амьдрах нөхцөл бололцоо  амласнаар буудлагын спортын гавьяат тамирчин Д.Мөнхбаяр Германы иргэн болж,   буудлагын спортын гавьяат дасгалжуулагч  Л.Ундралбат, жүдо бөхийн гавьяат тамирчин, дасгалжуулагч Х.Болдбаатар нар урд хөршийг зорьсон. Д.Банди багшид ч бас ийм санал ирж байсан. Рингийн  буланд хоолойгоо  сөөтөл  хашгирч, айлын хажуу өрөө түрээслэн амьдарч явахдаа  гадаадынхны   байр, мөнгө  амласан зоргоор явж түвдээгүй сайхан сэтгэл, хүн чанар, дотор бодол, монгол ухаан  түүнд бий.

Д.Банди багш олон жилийн хөдөлмөр, зүтгэлийнхээ үр шимийг үзэх гэж, дэлхийн  энтэй тамирчин, баатар  төрүүлж, олимпийн тэнгэрт  төрийнхөө дууллыг эгшиглүүлэх гэж,  Монгол түмнийхээ  магнайг тэнийлгэж, амжилтаар бахархах  гэж  Монголдоо үлдсэн, тэр зорилгодоо хүрсэн. Түүнээс биш  дөрвөн өрөө байр авахын төлөө хөлс хүчээ шав-хаагүй. Дөрвөн өрөө байр өгч байхад айлын хажуу өрөө хөлслөн амьдарч байсан хүн баярлах байх л даа. Гэвч төр баатрын алтан соёмбоо харамлалгүй  энгэрт  нь зүүгээд өгчихсөн бол  “Улс эх орон минь миний  хөдөлмөрийг үнэлсэн” гэж бүр ч их баярлах байсан нь лавтай.

Адилхан хөлс хүчээ шавхаж гаргасан амжилтыг алагчлах ёсгүй гэх үгийг өнөөдөр Тайваны сонсголын бэрхшээлтэй иргэдийн XXI олимпийн  жүдо бөхийн төрөлд хүч үзэн  алт, хүрэл медаль хүртэж  ирсэн Б.Мөнх-Оргил,Д.Очбадрал, Б.Наваанжамсран нар  хэлэх эрхтэй. “Бээжин-2008” пара олимпийн наадмын байт сурын төрөлд оролцож  алтан медаль авчирсан  Д.Баатаржавын амжилтыг  монголын төр Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин  Э.Бадар-Ууганыхаас дутуу үнэлээгүй шиг, амжилтыг, асгарсан хөлсийг  алагчилж  дутуу үнэлэх  ёсгүй.  Гавьяа байгуулсан хэнийг ч төр үзэмжээр бус олон  нийтийн санаа бодлоор, ард түмний хүсэл зоригоор шийдэх учиртай.

П.Сэрдамба маань  боксын  дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс  алтан медаль хүртэж аварга болсон нь үнэн. Бид баярлах ёстой, баярлаж ч байна.   Ерөнхийлөгчөөсөө эхлээд боксын анхны дэлхийн аваргатай боллоо хэмээн ярьж, хэвлэлүүд ч тэрүүгээр нь тоймлож байна. Түүний зэрэгцээ Олимпийн гэгддэг  спортын төрлүүд, түүнд амжилт гаргасан  тамирчдын алдар гавъяаг үнэлэх явдал орхигдсон тал ч байна. Төр адилхан ас-гаруулсан хөлс, амжилтыг алагчилж, тамирчдаа гадуурхдаг байж таарахгүй.  Барьцаж, барьцуулах гэсэндээ ингэж бичсэн юм биш л дээ. Спорт бол шударга өрсөлдөөн, түүний ялагч,  аваргуудын амжилтыг  шударга үнэлдэг тогтолцоо хэрэгтэй байна. Шударга байцгаая л даа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.