Тавантолгойн хожил "51 хувь" гэж нэрлэгдээсэй

2009/09/23
Share |
Тавантолгойн хожил

Энэ сарын сүүлчээр Оюутолгойн гэрээ батлагдах тэр агшинд нэгэн асуудлыг хамтатган шийдэх гэж байгаа нь Тавантолгойд хамтран ажиллах компанийг сонгох юм. С.Баярыг ирмэгц Тавантолгойг шуудруулах замд нь оруулахаар зэхэж байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудал аль хэдийнэ шийдэгдсэн, зөвхөн хоёр хэл дээр орчуулж бэлтгэх техникийн ажил л үлдээд байгаа. Одоо Оюутолгойг жирийн иргэд, иргэний хөдөлгөөнийхөн л толгойдоо эргэлдүүлж байгаа болохоос бус эрх баригчдын толгой энэ толгойноос аль хэдийнэ хөндийрчихсөн явна. Тэдний толгой Тавантолгойтой нийлэх болов. УИХ-аас Тавантолгойн асуудлыг яаравчлан шийд гэж шамдуулж байна. Энэ ордын хувь заяаг Засгийн газраар энэ сарын сүүлчээр шийдвэрлүүлээд УИХ-ын намрын чуулганаар нэг тийш болгоно.

Өнгөрсөн жил есөн орны 11 консерциум Тавантолгойг хамтран ашиглах хүсэлтээ илэрхийлсэн. Эд бүгд хү-лээлтийн байдалтай жил гаруй болов.

Яагаад Тавантолгой гадны компаниудын хорхойг ингэтлээ гозолзуулдаг вэ? Бяцхан зүйрлэе. Тавантолгойг сагсны бөмбөг гэвэл бидний ашиглаад л эхэлбэл Арабын султан шиг амьдрах гээд байгаа мэт ярьж сурталдаж буй Оюутолгой дэргэд нь теннисний бөмбөг юм. Тавантолгой нь Оюутолгойн ордоос гурав дахин илүү үнэтэй, долоон тэрбум орчим тонны нөөцтэй аварга орд. Энэ ордыг хэрэв төрийн мэдэлд зангидаж авчраагүй байсан бол өдийд бид “алтан дээр сандайлсан гуйлгачид” гэж хэлүүлэх нь байтугай “алтаа алдсан гуйлгачид” болох байлаа. Арав гаруй жилийн өмнө Австралийн “BHP биллингтон” компанийн ашиггүй гээд орхисон лицензийг М.Энхсайханы “Майн инфо” ХХК авч Монголын толгой хөрөнгөтнүүдэд тараасан. Нам хүчин, улстөр, элдэв тал-цааныг давж түрүүвчээрээ нэгдсэн тэд бол П.Очирбат, С.Баярцогт, Батж.Батбаяр, Д.Идэвхтэн, Сү.Батболд, М.Энхсайхан, Т.Бадамжунай, Т.Бат-Эрдэнэ, Ц.Цэнгэл нарын хүмүүс байв. Улсын хөрөнгөөр хайгуул нь хийгдсэн Тавантолгойн ордыг төрийн мэдэлд авахад тийм ч амар байгаагүй. Энэ ажлыг Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа МАХН, АН-ын ашиг сонирхлоороо нэгдсэн олон улстөрчдийн гараас харин ч нэг эв зүйг нь олоод “салгаж” дөнгөсөн.

Одоо тус ордын 93.6 хувь нь төрийн мэдэлд, үлдсэн 4 хувь нь “Энержи ресурс”-т, бусад нь “Тавантолгой транс”, Японы хөрөнгө оруулалттай “Дайцүки”, Хятадын “Пүшин” компаниудын эзэмшилд байдаг. Энэхүү төрийн мэдлийн 93.6 хувийн хэдийг нь, ямар нөхцөлөөр, хэнд эзэмшүүлэхийг шийдэх “нохойн дуу” ойртож өнөө маргаашгүй болжээ.

С.Баярын хөлөө эмчлүүлэх нэрийдлээр Солонгос руу одсоныг санамсаргүй зүйл биш гэж тендерт оролцогч компаниуд хардсан юм байх. Ингэх болсон нь БНСУ-ын элчин сайд Пак Жин Ху  2008 оны нэгдүгээр сард Ерөнхий сайд С.Баяртай уулзаж гар барив уу үгүй юу л Тавантолгой дээр хамтрах асуудлыг ярьж эхэлснээс үүдэлтэй гэнэ. Солонгосчууд Тавантолгойг бусад компаниудаас нэлээд хожуу буюу дэлхий нийтийн анхаарлын төвд орсноос эхэлж сонирхсон байдаг. 2007 онд Германы “Der spiegel” сэтгүүлд Тавантолгойг 250 саяар зарах тухай өгүүлэл нийтлэгдсэн нь тэдний шуналыг хөдөлгөж орхисон билээ. Үүний дараа манай улсын Ерөнхий-лөгчийг Солонгост айлчлахад ч тэд энэ тухайгаа илэрхийлж байв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Энэтхэгт хийсэн айлчлал ч Тавантолгойгоос ангид өнгөрсөнгүй. Манай Ерөн-хийлөгч уул уурхай, мэдээллийн технологийн салбарыг уулзалтынхаа явцад онцлон дурдсан. Энэтхэг, Хятад хоёр бол дэлхийн гангийн үйлдвэрлэлийн хоёр том хэрэглэгч. Энэтхэгийн ган үйлдвэрлэгч нэгэн компани “Та-вантолгойгоо таван том компанид хуваагаад эзэмшүүлчих” гэж манай төр засгийн удирдлагуудад зөвлөөд буй.

Тавантолгойн асуудал анх сөхөгдсөн цагаасаа эхлээд л эдийн засаг, улстөр геополитикийн давхар сонир-хол дагуулсаар ирсэн. “Хадгаламж” банкийг хувьчлах үеэр С.Громовын гол өрсөлдөгч болж байсан “Союз” банкныхан одоо Оросын консорциумын ар талд байна. Хэдхэн хоногийн өмнө Д.Медведевийн Монголд хийсэн айлчлалын үеэр хоёр тал “Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тунхаг”-т гарын үсэг зурсан. Айлчла-лын үеэр төрийн тэргүүнүүд Тавантолгойн талаар үг солилцоод авчээ. Хоёр улсын хамтарсан “Дорнод уран” компани байгуулагдсан нь эхлэл төдий бөгөөд ард нь Тавантолгой хэмээх томоос том сонирхол дагалдаж буй. Ер нь л В.Путин, А.Гордеев зэрэг оросууд ирэх тоолондоо Тавантолгойг сөхөж байсан. Оросын “Зарубежгеолог”, “Северосталь” хэмээх компаниуд 2005 онд манай улсыг 49 хувийг нь эзэмшээд хамтрахыг хүсч байв.

Тэд Тавантолгой-Хар айраг чиглэлийн төмөр зам тавьж, өндөр хүчин чадалтай цахилгаан станц барина гэж амлаж байсан. Яг одоо Тавантолгойг эзэмших хүсэлтийнхээ хариуг хүлээж суугаа Оросын консор-циумд буй “Северосталь”-ийн эзэн Мордашов тэр үеэс их зүйлийг зохицуулсан. Тэр В.Путинд Монголын Засгийн газарт нөлөөлөхийг хүссэн захидал бичээд дэмжлэг авч байсан юм. Мордашев нь гангийн үйлдвэр-лэлийн салбарт Орост төдийгүй дэлхийд “акул”-д тооцогддог. “Гангийн үйлдвэрлэл шиг даяарчлагдсан бизнес гэж дэлхийд байхгүй. Тиймээс түүхий эдийг нь ямар ч аргаар хамаагүй авах хэрэгтэй” гэж үздэг тэрээр АНУ, Итали, Францын олон компанийг эзэмшилдээ оруулжээ. М.Энхболдыг Ерөнхий сайд байх үед Монголд амралтын өдрийг тааруулж өнжөөд л буцсан А.Гордеев манай Засгийн газрын тэргүүнд “Северосталь”, “Ренова”-гийн консорциумын сонирхол нь манай Засгийн газрын сонирхол хэмээн илэн далангүй хэлжээ.

Дээрх улсуудаас гадна Японы “Мицуи”, “Иточу”, “Сумитомо”, “Марубени”, “Сожиц”, АНУ-ын “Пибоди”, Швейцарийн “Экстрата”, Бразилийн “Вэйл”, Хятадын “Шинхуа энержи”, Австралийн “BHP биллингтон” зэрэг компаниуд Тавантолгойд ажиллахаар хүлээж байгаа. Дөнгөж саяхан УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Австралид ажиллаад ирсэн. Энэ улсын “BHP биллингтон” компани нь Тавантолгойн ордын лицензийг хамгийн анх ерээд оны сүүлчээр авсан ч эзэд нь ашиггүй гэж үзээд орхисон. Тэд өнөөдөр бууриа эргэж иржээ.    

Харин АНУ-ын “Пибоди энержи”-гийн сонирхол 2006 оны намар Хятад дахь салбарынх нь захирал Марк Шредерийн Ц.Нямдоржтой хийсэн уулзалтаас улбаатай. АНУ, Австрали, Венесуэлд үйл ажиллагаа явуулдаг энэ  компани нь дэлхийн нүүрсний номер нэг олборлогч гэдгийг бид мэднэ. “Пибоди энержи” Тавантолгойн төлөөх өөрсдийнхөө гол өрсөлдөгчийг Хятадын “Шинхуа энержи” гэж онцолсон байдаг. Хятадын эрчим хүчний зах зээлийг баригч “Шинхуа”-гийн төлөөлөгчийн “Манай компаний өрсөлдөөнд Хятадын Засгийн газрын оролцоо байхгүй” гэсэн үг америкчуудыг тайвшруулаад байгаа юм. Японы консорциумын хүчийг ч энд үнэлэхгүй өнгөрч бас болохгүй. 2006 оны сүүлчээр Японы элчин сайд МАХН болон АН-ын даргатай биечлэн уулзаж Тавантолгойг сонирхож байгаагаа илэрхийлж байсан билээ.

Хэдэн жилийн өмнө дэлхийн хэвлэлүүд “Тавантолгойн төлөөх том нохдын тулаан удахгүй” гэж бичиж байлаа. Харин тэр тулаан эхэлжээ. Тулааны дараа монголчууд бидний хожил илүү байх учиртай. Тэр хожил “51 хувь” гэж нэрлэгдээсэй

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.