АН-ын генсекээс МАНХ-д илгээсэн талархал

2009/09/24
Share |
Хүмүүс:
АН-ын генсекээс МАНХ-д илгээсэн талархал

Манай нам бүх талаар  МАХН-ыг гүйцэж түрүүлж байна.  Үүнд МАХН-ын  өөрийнх нь  дэмжлэг туслалцаа, гүйцэтгэсэн үүрэг их юм.

Хамтын ажиллагаагаа  улам  өрнүүлэх, энэ хүрээнд   манай намыг  бэхжүүлэх, хүчирхэгжүүлэхэд та бүхэн  тал бүрийн дэмжлэг, туслалцаа   үзүүлсээр ирсэн. Цаашид ч энэ харилцаагаа өргөжүүлнэ  гэдэгт найдаж, бас талархаж байна.

АН-ын Ерөнхий  нарийн бичгийн дарга
2009 оны есдүгээр сарын 24. Улаанбаатар хот

Баярын бичиг гардуулах үеэр
АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын  хэлэх үг:

Юуны өмнө МАХН-ын удирдлагууд, хамтарсан Засгийн газарт хамтын хүчээр ажиллаж байгаа сайд нартаа баярласнаа илэрхийлье.

МАХН байр савгүй, хотын төвд өрөө  хөлсөлж, Нийслэлийн хүүхэд, залуучуудын газраас байр  түрээслэн   үйл ажиллагаагаа явуулж байна. Манай  намын нэр хүнд өсч танайхаас 15 хувиар  илүү гарах боллоо.  Удахгүй  гишүүд нь гудамжинд лааз өшиглөх хэмжээнд очих  төлөв байдал бүрэлдэж байгаад АН-ын удирдлагууд  бид баяртай байна. Төрийн албанд ажиллаж байсан  МАХН-ын гишүүдийг шахаж, оронд нь  АН өөрийн  гишүүд, тэдний үр хүүхэд,  улс төрд бэлтгэж байгаа  залуу боловсон хүчнийг байршуулж чадсан манай намын дарга Н.Алтанхуяг  их зөөлөн эвлэрүүлэгч талын хүн шүү дээ.

Тийм ч учраас намын дотоодод бүлэг, фракцаар ялгарах явдлыг тэнцүүлж, ойртуулж нягтруулахад тулж ажиллаж байна. Физикч, математикч хүний хувьд  Н.Алтанхуяг дарга маань  аливаа юмны эв зүйг олж, нааж,  эвлэрүүлэхдээ цаагуураа хэрхэн намдаа ашигтайгаар өрөх вэ гэдэг тооцооллыг маш зөв гаргаж тавьдаг, удирдан  зохион байгуулах талдаа мундаг авьяастай. Ийм даргатай учирсан бид амны хишигтэй юм байна. Даргадаа ч, өөрсдөдөө  ч, МАХН-д ч баярлалаа. Манай нам танай фракцуудтай дуу хоолойгоо нэгтгэж байгаад Н.Энхбаярын эсрэг маш сайн ажиллалаа. 2004 оны УИХ-ын сонгуулиар манай нам өдөр тутмын ганц сонинтой  байлаа.

Гэтэл өнөөдөр  манай намын гишүүдийн сонин хэвлэл, телевизийн тоо нэмэгдсэн. Өдөр тутмын таван сонин, зургаан телевиз манайх. Мөн  “В-телевиз” байгуулсан кёкүшюзан Д.Батбаяртаа энэ дашрамд баяр хүргэе. Хамтарсан Засгийн газарт хамтран ажилласнаар манай намын гишүүдийн пүүс, компаниуд тендерт ялж, эдийн засгийн хувьд хөл дээрээ бат зогсч чадлаа. Гэтэл МАХН байр ч үгүй, нэр хүнд ч үгүй, бизнес ч үгүй бүх талаар биднээс доогуур  байна.  Энэ нь  бидэнд  л ашигтай. Хамтарсан Засгийн газарт багтаж,  суган доогуур нь ажиллаж чадаж байгаа нь бидний  давуу  тал юм. Цаашид энэ  эрчээрээ   ажиллавал, бид 2012 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулна.

Чингэлтэйн нөхөн сонгуульд дэвшүүлэх асуудлаар МАХН-ын удирдлагууд анхан шатны байгууллагынхаа саналаар бус дарга нарынхаа хүсэлт, захиалгаар шийдвэр гаргачихвал дотооддоо  томоохон ан цав үүсэх нь тодорхой. Энэ бол АН стратеги зорилтоо хэрэгжүүлэхэд томоохон боломж олдож байна гэсэн үг. Тамирчнаар бол бид одоо  МАХН-ыг   оноогоор  ялж яваа. Ойрын  хугацаанд хамаг хүчээ дайчилж ажиллах том төлөвлөгөө бол МАХН-аас  Н.Энхбаярыг нөхөн сонгуульд  дэвшүүлэхгүй байх.  Нэг үгээр хэлбэл,  бидний гол зорилго энэ.  Ингэж чадвал угаасаа унаж яваа МАХН-ыг   далаар нь цэвэр тавихад хэрэг болно.  Н.Энхбаярыг дэвшүүлэхгүй байх олон сайхан арга сэдэж, хэрэгжүүлж байгаад бид баяртай байна.

Тухайлбал, намын анхан шатны байгууллагуудаар  нэр дэвшигчдийг хэлэлцүүлж, санал хураах  үеэр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны МАХН-ын хороо идэвхтэй  ажиллаж, санал тоолохдоо Н.Энхбаярын нэртэй саналын хуудсыг өөр хүнд шилжүүлэн  тоолуулсанд баяр хүргэж, амжилт хүсье. Мөн энэ үеэр 1000 залууг саналын дүнд нөлөөлүүлэхээр бие халаалт хийлгэсэн  МАХН-ын дасгалжуулагчдад  талархснаа  илэрхийлье. Сиймхий тааруулж байгаад дүрмээ   аятайхан зөрчиж, Ө.Бямбасүрэнгийн нэрийг татуулж, анхан шатны байгууллага,  эгэл жирийн гишүүдээрээ тоглоом хийсэнд  Нийслэлийн МАХН-ын удирдлагуудад амжилт хүсье. Одоо МАХН-ын Бага хурал ойртож байна. Бидний боловсруулсан тактик ялалт авчирна гэдэгт итгэлтэй байна.    

Сүүлийн үед манай намын зарим гишүүн  МАХН-тай хэт хамтарч ажиллаж байна хэмээн эгдүүцэж,  хардлага сэрдлэг, шүүмжлэл ирүүлэх болсон. Шат шатанд   МАХН-ын дотоод зөрчил дээр тоглож, ажиллах нь чухал байгааг манай гишүүд ойлгох байлгүй дээ. Бидэнд барьц бий, бас гарц ч бий. Долдугаар сарын 1-ний үймээний асуудлаар сөхөх юмтай байхад МАХН Засгийн газраа тарааж зүрхлэхгүйг бодолцох ёстой. Барьцаа  ахиулж  хийдгээ хийж, амжуулахаа амжуулж аваад нэг л өдөр Засгийн газраас гарч сүүлийн хоёр жилд маш хүчтэй сөрөг хүчин болж ажиллахад  болохгүй зүйл, бүтэхгүй юм байхгүй. Тэгэхээр гарц, боломж хангалттай байгаа биз. МАХН-ыг дотоод зөрчлөөр нь тасчиж, өөрсдөө эвээ хичээж ажиллах хэрэгтэй.

Анхаарал хандуулсанд баярлалаа. ЭБЭХ-ний сайдыг дэвшүүлэн зайлуулж, оронд нь миний бие тухалж суух тоглолтыг товлон үзээрэй

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.