Охиныхоо амь үрэгдсэн өдөр С.Шаарийбуу гуай Малайзын төрийн далбааг шатаана

2009/09/24
Share |
Хүмүүс:
Охиныхоо амь үрэгдсэн өдөр С.Шаарийбуу гуай Малайзын төрийн далбааг шатаана

Монгол бүсгүй Ш.Алтантуяаг лалын шашинтны мацаг тайлах баярын өдөр буюу 10 дугаар сарын 19-нд хэрцгий алуурчид хөнөөсөн юм. Аливаа муу, муухай үйлээс хол, нүгэл хийхгүй, буян үйлддэг баярынхаа өдөр Монгол эцэг, эхийн нулимсыг урсган охиныг нь дэлбэлэн алж, үндэстнээрээ баярлалдаж байсан гэхээр бас л зэвүүцмээр. Малай үндэстнүүд тогтсон заншил ёсоор ирэх сарын 19-нд мацаг тайлах ёслолоо хийнэ. Энэ үеэр талийгаачийн аав С.Шаарийбуу Малайзын төрийн далбааг шатаахаар шийджээ. Хэргийн талаарх бодит үнэнийг Малайзын төр гурван жилийн турш нууцалж, аллагын захиалагчдыг хаацайлсаар байгаа энэ үед Монгол дахь тус улсын Өргөмжит консул Х.Баярхүүгийн гэрийн гадна төрийнх нь далбааг шатаасан ч болохыг үндсэрхэг үзэлтэй залуус илэрхийлэх болсон байна. 

Соёлт хүн төрөлхтний түүхэнд ховор, харгис аллага үйлдсэн малайзчууд мацаг барьж, баярлалдсан хэвээр. Тэр дундаа аллагын захиалагч Багинда ямар ч гэмшсэн шинжгүй Англид гэр бүлээрээ аз жаргалтай гэгч нь амьдарч, бас түүний хамтрагч Ерөнхий сайд Нажиб нь Францад айлчлах тов зарлачихсан явна. Гэтэл эхээсээ өнчирч үлдсэн хоёр хүүхэд нь хатуу тавиландаа дасч өгөхгүй, халуун энгэрийг нь үгүйлэн, зүүдэндээ сүүг нь амталж явааг монголчууд бид мартах ёсгүй. Иймд монгол бүсгүйнхээ амь насыг нэхэж, ядаж “уучлаарай” гэж хэлэх хүртэл нь та бид тэмцэх учиртай. Сүүлийн үед дөрөв дэх засаглалынхан маань дуу хоолойгоо нэгтгэж байгаад баяртай байна. Энэ нь нэг талаар Ш.Алтантуяагийн хэрэг мэт боловч цаад утгаараа монгол хүний үнэ цэнийг нэхэж буй хамгийн том сэдэв юм. Манай төрийн өндөрлөгүүд дэлхийн дулаарал гэж тив алгасч дээгүүр нисэхийнхээ оронд монгол хүнийхээ эрх ашгийн төлөө, үлдсэн хоёр үрийнх нь төлөө Ма-лайзын төртэй хатуу тэмцэлдэж, хүн төрөлхтний өмнө хийсэн нүглийнх нь хариуд уучлал гуйлгахыг бид шаардах эрхтэй.


МАЛАЙЗЫН СЭТГҮҮЛЧИД МОНГОЛД ИРНЭ
Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны 46 дугаар Ерөнхий Ассамблей манай оронд энэ сарын 30-наас ирэх сарын 06-ны өдрүүдэд явагдана. Энэ холбоо нь дэлхийн 55 оронд 200 гаруй гишүүн байгууллагатай, гишүүн байгууллагууд нь ойролцоогоор гурван тэрбум үзэгчдэд уран бүтээл, үйл ажиллагаагаа хүргэдэг нэр хүнд бүхий холбоо юм. Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны анхны Ерөнхий ассемблей 1964 оны 11 дүгээр сард Австралийн нийслэл Сидней хотод зохион байгуулагдаж байснаас хойш 46 дахь Ерөнхий ассемблейг Монгол Улсад хийхээр болжээ. Ерөнхий сайдын ивээл дор болох энэхүү чуулганд дэлхийн 100-аад орны нэр хүнд бүхий томоохон телевиз, радиогийн 400 гаруй зочин төлөөлөгч хүрэлцэн ирж өргөн нэвтрүүлгийн бодлого чиглэл, хэтийн төлөв, хөгжлийн хандлагыг хэлэлцэнэ.

Сонирхолтой нь энэ холбооны төв байгууллага Малайз улсад байдаг. Энэ ч үүднээс Малайзаас хорь гаруй зочин ирэх сурагтай. Тэднийг ирэх үед манай сэтгүүлчдэд асуух зүйл олон байх нь дамжиггүй.“Монгол бүсгүйг зэрлэгээр хөнөөж гурван жил өнгөрчихөөд байхад “Уучлаарай” гэдэг үгийг төр засгийнхан чинь хэлсэнгүй. Танай улсад хүн чанар, хүнлэг сэтгэлийг хэр өндөрт тавьдаг вэ”, “Өнчирч үлдсэн хоёр хүүг огт анхаарахгүй өнөөдрийг хүрлээ. Энэ шударга үнэний баталгаа мөн үү”, “Танай улсад хэвлэлийн эрх чөлөө байдаг уу. Бодит үнэнийг Малайзын ард түмэнд яагаад мэдээлдэггүй юм бэ. Ерөнхий сайдынхаа мэдэгдсэнээр та нар энэ хэргийн тухай мэдээлж цээрлэл хүртэхээс айдаг уу”, “Хэргийн гол эздийг олж тогтоохын төлөө шударга шүүх явагдаж байна гэж хэлэх үү”,  “Монгол эмэгтэйг зэрлэгээр хөнөөсөн баярын өдрөө өөрчилбөл яасан юм бэ” гэхчилэн олон асуулт хөвөрнө. Дэндүү их цаг ху-гацаа, доромжлол үзүүлж өнчирч хоцорсон аав ээж, алаг үр, ах дүүг нь амьд дүүжлүүрийн дор тарчлаах явдлаа Малайзын тал нэг тийш шийдвэрлэхийг Монголын ард түмэн, төр засаг хүлээж байна.   


ГХЯ ТАТГАЛЗСАН ХАРИУ ӨГЛӨӨ
Энэ жил Малайз улсад сурахаар явсан 19 настай монгол охин харамсалтайгаар нас барж, гурван ч монгол бүсгүй хүний наймааны золиос болсон тул Малайзад зочлохгүй байх хэрэгтэйг бид өмнөх нийтлэлдээ асуудал болгон дэвшүүлсэн билээ. Амьдрах өртөг, сургалтын төлбөрийн хувьд бусад оронтой харьцуулшгүй хямд байдаг нь хүний эрх, хүнлэг ёсыг уландаа гишгэгч Малайз руу зорчих монголчуудын тоог цөөрүүлж чадахгүй байгаа юм. “Учирч болзошгүй эрсдэлд үр хүүхдээ оруулах вий” гэсэндээ бид сэрэмжлүүлэг болгох үүднээс талийгаач охины аав, ээжтэй ярилцахаар Гадаад Хэргийн Яаманд албан бичиг хүргүүлсэн боловч “Эцэг эх нь хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтантай уулзах хүсэлгүй” гэснээр уулзах боломж олдсонгүй. Уг нь талийгаач охины ээж, аав Малайзыг сонгосон шалтгаан, охинд нь учирсан эмгэнэлт явдлыг бодитоор ярьсан бол бусдад сургамж болох байлаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.