ТӨХ-ны дарга Д.Сугар: Удахгүй төрийн өмчийн хорооны хэрэг байхгүй болно

2009/09/29
Share |
Хүмүүс:
ТӨХ-ны дарга Д.Сугар: Удахгүй төрийн өмчийн хорооны хэрэг байхгүй болно

-Үнэ цэнэтэй, хувьчлагдаагүй үлдсэн компаниуд хэр олон байгаагаас яриагаа эхлэх үү?
-Хувьчлах үнэ цэнэтэй аж ахуйн нэгжийн жагсаалтад “МИАТ” компани, “Дарханы хар төмөрлөг”-ийн үйлдвэр, “Хөтөлийн цементийн үйлдвэр”, “Автоимпекс” зэрэг газрыг уламжлалт буюу олон улсын нээлттэй дуудлагын аргаар хувьчлах төлөвлөгөө явж байна. Харин Багануур, Шивээ Овоо, “Монгол шуудан” зэрэг төрийн компаниудыг хувьцаа гаргаж биржээр арилжих санал гаргасан. Цаашдаа энэ газрууд болон “Эрдэнэт” үйлдвэр, “Монгол-росцветмет” нэгдэл зэргийг нээлттэй компани болгож, хувьцаа гаргаснаар Монголын болон гадаадын томоохон биржүүд дээр арилжаалах өдөр ирэх байх. Засгийн газар бидний саналыг хэлэлцээд Эрдэнэт, Монросцветметээс бусдыг нь дэмжсэн. УИХ үүнийг баталбал эдийн засгийн хөгжил, санхүүгийн зах зээлд том амжилт гарна. 

-Тэгэхээр хувьчлалын хэлбэрт өөрчлөлт орно гэсэн үг үү?
-Үндсэндээ тийм. Өмнөх хувьчлалын арга бол аудитын компаниар шинээр үнэлүүлээд, зах зээлийн эрэлтийг тооцон, олон улсын нээлттэй тендер зарладаг байсан. Энэ арга тухайн үедээ түүхэн үүргээ гүйцэтгэж, хамгийн их үнэ өгсөн газрыг сонгох боломж олгосон нээлттэй арга байсан.

Гэвч тухайн компанийг авахын тулд бүх мөнгөө зарцуулчихаад дараа нь техникийн шинэтгэл, хөрөнгө оруулалт хийх мөнгөгүй болсноос дөрөв таван жилээр нөгөөх нь сэхэхгүй  дутагдал гардаг байсан. Түүнчилэн мөнгөний боломж, нөөцөөсөө болоод гадныхан түлхүү авчих гээд, дотоодын бизнесменүүд сайн оролцож чадахгүй тал бий. Нөгөө талаар эдийн засгийн хөгжлийн хамгийн чухал зангилаа болох санхүүгийн зах зээл хөгжихөд сайн нөлөө үзүүлж чадахгүй байна. ТӨХ-ноос хувьчлалын шинэ арга хэлбэр санал болгож байгаа. Төрийнхөө компаниудыг дахиж үнэлээд өмчийн болон эдийн засгийн менежмент хийж сайж-руулаад, шинээр хувьцаа гаргаж энэ хувьцаагаа биржүүдээр дамжуулж борлуулах, ингэснээр хувьцааг нь монголын иргэд худалдаж авах, эх орныхоо баялгаас хувь хүртэж байх, өмчтэй болох бололцоо бүрдэнэ.

-Зоригтой шинэчлэл хийхээр зорьж байгаа юм байна. Бэрхшээл гарч байна уу?
-Мэдээж саад байлгүй яахав. Манай хөрөнгийн бирж, тооцооны төвүүд боловсронгуй бо-лоогүй байна. Уг нь Монголын иргэн бүр хувийн данстай, тооцооны төв, хөрөнгийн биржтэй онлайнаар холбогдчихсон, шаардлагатай хувьцааг дор нь авдаг, хүсвэл дөнгөж худалдан-гуут мөнгө нь дансанд нь шууд ордог нөхцөл хэрэгтэй. Ингэвэл хувьцаа гэдэг юмны үнэ цэнийг мэдэрч, үүгээр амьдарч болно гэдгийг иргэд ойлгож, ихэнх хүн энэ зах зээл дээр амьдралаа босгох нөхцөл бүрдэж байж эдийн засгийн харилцаа боловсронгуй болж хөгжинө.  

-Энд ирснээсээ хойш л та ийм боломж байгааг олж харсан уу?
-Онолын хувьд л. Тэгээд ч төрийн ажлын технологи гэдэг чинь нарийн. Бодож байгаа юмаа бид зөв тайлбарлаж, хамгаалж чаддаг байх зэрэг бол мэдээж бидний үүрэг. Харин хувьчлал мэт нарийн ширийн асуудал Засгийн газар, УИХ-ын шийдвэр болж байж хэрэгждэг учир олон зүйл биднээс хамаарахгүй.  Гадныхантай уулзахад, “Танай Эрдэнэтийн хувьцааг хаанаас олж авах вэ” гээд “Тийм боломжгүй” гэхээр гайхаж, сонирхож, хардаж эхэлдэг. Нөгөө юм шахдаг, иддэг, уудаг хардлага үүнтэй холбоотой.

-Хувьчлалыг дэмждэггүй хүмүүс байдаг шүү дээ. “Төрдөө байж л байг, яах гээд бай-гаа юм бэ” гэхэд олон нийт тэднийг дэмжиж байгаа харагддаг?
-Төрийн бүх түвшинд нэг ийм ойлголт байдаг. Улсынхаа үйлдвэрийг үнэ цэнэтэй, ашиг олж байхад нь “Төрд юм байж болдоггүй юмуу, яагаад хувьчлах гээд байгаа юм бэ” гээд хувьчлуулдаггүй. Яг эдийн засгийн агуулгаараа төр өөрийнхөө компанийг хөрөнгө оруулалт хийж сайжруулж байгаад үнэтэй болонгуут нь зарах хэрэгтэй байгаа юм. Төсөвт орох орлого нэмэгдэхийн зэрэгцээ үнэ цэнэтэй байхад нь хувьцаа гаргаад арилжчих юм бол олон түмэн  хувьцаанаасаа ашиг олж, хөрөнгөтэй болох боломжтой. Манайд хувьцааны ханш буурах зэрэг эрсдэл гарвал тэр дор нь хувьцаагаа зараад мөнгө болгочих нөхцөл бүрдээгүй. Ашиг-тай хувьцааг гар дээр нь тавиагүй учраас л “Энэ бидний амьдралд хэрэгтэй” гэдгийг хүмүүс мэдрэхгүй, ойлгохгүй байгаа юм. “Эрдэнэт”-ийн 30 хувийг иргэдэд биржээр дамжуулаад бор-луулчих гэхээр “Төсвийн ихэнх хувийг бүрдүүлдэг энэ сайхан үйлдвэрээ хувьд өгчихөж болж байгаа юм уу” гээд эргэлзээд байдаг. Тэгэхээр төрийн үнэтэй юмыг зарна гэдэг утгаараа Засгийн газар, Их хурлаас их зориг, цаг хугацаа шаардана. 

-Хүмүүсийн сэтгэхүйг өөрчлөх том ажил цаана нь явж байгаа юм байна. Манайхан уг нь шинэ юм хэрэгжүүлэхдээ сурамгай хүмүүс шүү дээ?
-Сэтгэхүйг өөрчилнө гэдэг үнэхээр том ажил. Ирээдүйд Оюутолгойн хувьцаа  Монголын ард түмэнд биржээрээ дамжигдаад ирдэг, явдаг, Тавантолгойн хувьцаа ч зарагддаг байвал манай эдийн засагт эрүүл орчин үүснэ. Нэг үгээр хэлэхэд хувьцаагаар дамжуулж эдийн зас-гийнхаа баялгаас хувь хүртэх хэлбэрийг бид сонгох хэрэгтэй. Газрын баялгаас олсон орлогыг ард түмэнд шууд хувааж өгнө гэдгийг би хувьдаа дэмждэггүй. Нийгмийн их халамжийн бодлого зүгээр л юм хийдэггүй хүмүүсийг дэмжээд, өөгшүүлээд байгаад сэтгэл зовдог. “Хүүхэн аваад хүнтэй суувал мөнгө өгнө, тэр хүүхэндээ хүүхэд хийчихээд гаргавал мөнгө өгнө” гээд зүгээр суугаад байгаа  хүмүүсийг дэмжээд байдаг.  Гэтэл хөлсөө дуслуулж, бор зүрхээрээ үнэнчээр ажиллаж байгаа хүмүүсийн цалин өсч өгдөггүй. Иймд шударгаар хөдөлмөрлөж байгаа хүний орлого нэмэгдээд, яах ч аргагүй зүгээр сууж байгаа нийгмийн эмзэг хэсэгтээ төр нь туслаад, шальтай шальгүй ажлаар амьдраад яваа хэсэг нь жаахан өлсөж, турж, нарийхан болохоос өөр арга зам байхгүй гэж бодож байгаа. Үүнтэй хол-боотой улс төрийн олон юм байгаа л даа.

Олон нийтээс дэмжлэг авахдаа баахан юм амлачихсан, дахиад амлана. Тэгэхээр энэ амлалтын бодлогыг  зориг гаргаж таслан зог-соогоод бид эрүүл саруул, амьд систем рүү орох хэрэгтэй байна. Бид үргэлж газрын бая-лагтай, энэ хэвээрээ байхгүй. Энэ чинь дуусдаг юм. Боловсон хүчнээ бодлоготой системтэй бэлдэхийн зэрэгцээ хөгжлийнхөө суурийг тавихад энэ мөнгийг зориулах  хэрэгтэй. Ирээдүйд манай улс Кувейт, Сингапур шиг болохын тулд өнөөдрөөс зөв сууриа бүрдүүлж өгөх учиртай. Тэрнээс биш сонгогдох гээд хүмүүст хишиг тараагаад байвал хүмүүс улам хөдөлмөрлөх дургүй болоод, тэгээд төр засгаасаа улам мөнгө шаардаад, аягүй бол миний гар даараад байна гээд жагсдаг болно. Манай улс хөгжихгүй байгаа нэг л шалтгаан байна гэж би ойлгодог. Улс төрч нь улс төрөө, дарга нь даргаа, слесарь нь слесариа хийж чадахгүй атлаа бүгд улс төрждөг. Энэ л биднийг баллаж байна.

-Үнэхээр ч энэ байдалд ард түмэн дөжирч гүйцэж байна. Нийгмийн биш намын то-милгоогоор гол төлөв мэдлэг, чадваргүй, мөнгөтэй хүн төрийн эрх мэдэлд суусан жи-шээ олон байна?
-Жишээлэхэд Оюутолгойн гэрээг хийх туршлагатай, бэлтгэгдсэн боловсон хүчин манайд байхгүй. Гэтэл бидэнтэй гэрээ хийж байгаа нөгөө улсууд чинь асар өндөр боловсролтой, зөвхөн энэ чиглэлээр хорь, гучин жил мэргэшчихсэн мундаг хүмүүс. Залуу сайд Д.Зоригт эд нар чинь одоо л сурч байна. Энэ хүмүүсээ хайрлаад, бэлтгээд авсан байхад Монгол Улс ашигт малтмалын салбарт ямар ч гэрээг цаашид барьж аваад хийх хүчирхэг багтай болно. Иймд залуусаа одооноос бодлоготой, багаар нь мэргэшүүлэх хэрэгтэй. Дараа бид олон гэрээ хийнэ. Тэр цагт залуучуудаа сургах хэрэг гарна. Гэрээ хэлэлцээ хийнэ гэдэг сониноос уншчихаад “Тийм байна” гээд хашгирдаг зүйл биш. Миний хувьд үнэндээ төрийн алба, улс төр хоёр тусдаа байдаг системийг мөрөөдсөөр ирлээ. Жишээ нь, Япон, Италид Засгийн газар нь их солигддог. Гэвч төрийн алба нь хөдөлдөггүй, сайд нар нь л солигдоод, хариуцлагаа хүлээгээд явчихдаг учраас нийгэмд нь ямар нэг өөрчлөлт мэдрэгддэггүй. Германы цагдаагийн өндөр цолтой хүнээс “Улс төрд орох уу” гэж асуухад инээснээ “Тэрэнд чинь орж яах вэ” гэж хариулж байсныг санаж байна. Төрийн мэргэжлийн болон жинхэнэ алба нь өөрийнхөө карьераар өгсөөд, улс төрөөс дутахгүй нэр хүндтэй болчихдог юм билээ.

-Таныг хэр хүчтэй баг угтаж авсан бэ. Сайн дарга байгаад хэрэгжүүлж, гүйцэтгэдэг хүмүүс нь сул байвал бас хэцүү?
-Манайх сайн баг. Сонин юм ярихад энэ багийг ТӨХ-ны анхны дарга, Ардчилсан намын гишүүн З.Энхболд бүрдүүлсэн. Хэрвээ би улс төрждөг байсан бол ирээд л халах байсан байх. “Удирдлага дарга нарын хувьд энэ чинь улс төр юм чинь ямар нэг яриа гарч магадгүй. Намын даалгавар, элдэв долоон юм гарч ирэх байх. Харин мэргэжилтнүүдээсээ нэг ч хүн халахгүй. Улс төржиж, ажлын хариуцлага алдсан хүнийг хална” гэж хамт олноо цуглуулж байгаад анх шулуухан хэлсэн. Төрийн албыг улс төржүүлж болохгүй гэдгийг би харуулахыг зорьсон.

-Өмнө нь гишүүн байхдаа та өнөөдрийн дотор нь байгаа шиг жаргал, зовлонг нь мэдэрдэггүй л байсан байх?
-Би мэдэхгүй юм байдаггүй, мэддэг ч юм байдаггүй тийм л гишүүн байсан. Ер нь тиймэрхүү гишүүд их байдаг юм. Тэр үед ТӨХ-г сонирхож байсангүй. 1996 онд Хууль зүйн яаманд байхдаа ТӨХ-ны хуулийг боловсруулж байсан. Гэхдээ дараа нь ТӨХ-ны дарга болно гэж тооцоогүй байсан л даа. /инээв/ 

-Манай бизнесменүүд эх орныхоо өмчид эзэн суух хандлага нэмэгдсэн. Тэр хэм-жээгээр хөрөнгөжиж байгаа байх?
-Ер нь биднийг хөрөнгөтнүүд л авч явна. Хөгжлийнхөө түүхийн талаар Солонгосын нэг профессор надад ярьж байсан. Тэд биднээс нэг л юмаараа ухаантай байсан. Тавь, жараад онд биднээс ядуу байхдаа залуучуудын багийг хамгийн түрүүнд баруун руу сургахаар ил-гээсэн. Танилтай, хэл устай болсон залуус нь дэлхийн банк, санхүү, олон улсын төвүүдээс том том зээл олж ирсэн. Солонгосын удирдлага олж ирсэн мөнгөөр нь найдвартай бизнес эрхлэгч нартаа зээл олгож, асар богино хугацаанд Солонгосын үндэстэн дамнасан корпорациуд хөл дээрээ босч, гарч ирсэн. Монголд тийм л мундаг хөрөнгөтнүүд бий болж, одоогийн томорч байгаа компаниуд улам том болж нийгмээ авч явна.

-ОХУ-ын “Полимeталл”-ынхан Асгатад багагүй хөрөнгө оруулалт хийхээ амлаж байсан ч гараад явчихсан. Энэ ордыг сонирхох хөрөнгө оруулагчид хэр олон байна?
-Хэрвээ Асгатын гэрээ тэр үед байгуулагдаж чадсан бол өнөөдөр Баян-Өлгийгөөс Асгат хүртэл өндөр хүчдэлийн цахилгаанд холбогдчихсон, Ногоон нуурын засмал зам тавигд-чихсан, Баян-Өлгийн төв дээр эмнэлгийн барилга эхлээд дундаа орчихсон, ажлын байр бий болоод, ажлаа эхэлчих байсан. Гэтэл авлига авсан, эх орноо худалдсан гэж элдэв янзаар хардсаар байгаад хүчингүй болгоод  хаячихсан шүү дээ. Оросын компани ч яваад өгсөн. Харин дараа нь нэг юм хэлсэн шүү. “Монголчууддаа их баярлалаа. Эдийн засгийн хямрал эхлэхийн өмнө хөрөнгө оруулалт хийсэн бол бид их хохирол амсах байсан. Манай компанийг оруулаагүй нь их сайн юм боллоо” гэсэн. Оруулчихсан байсан бол хөрөнгөө татаж авч чадах-гүй, тэнд үйлдвэрлэл явагдах байсан нь тодорхой. Монголчууд юманд ингэж л хандаад байгаа юм. Энэ компани дахиад 20 жил ирэхгүй гэсэн. Тэгэхээр Асгат энэ хугацаанд чимээгүй “дүнхийнэ”. Гэхдээ бид өөр бололцоо хайж байгаа. Америкийн зарим компани “Уурхай, баяжуулах фабрик, металлургийн үйлдвэр байгуулъя, нүүрсний уурхай баръя, зам, цахилгаан станц байгуулъя” гэж саналаа ирүүлж байна. Судлаад дээш нь танилцуулна. Да-хиад өөлж байгаад унагачихвал хэцүү л байх даа.

-Хөрөнгө оруулагчдыг муучлах, Орос, Хятадаар нь ялгаварлах байдал нийгмийн сэтгэхүйд бий?
-Хөрөнгө оруулагчдыг хэрхэвч ялгаварлаж болохгүй. Орос, Хятад хоёр муу хөрөнгө оруулагч биш. Зүгээр тэнцвэр хадгалах талаар бодлого байх ёстой. Эдийн засгийн сонирхлын зөв тэнцвэр бол Монголын тусгаар тогтнолын баталгаа. Аль нэг улсаас эдийн засгийн хараат болчихвол тусгаар тогтнол эмзэг байдалд хүрнэ. Монголд барууны хөрөнгө оруулалт хэдий чинээ их байна, төдий чинээ манайхыг сонирхож, манайхыг хамгаална. Иракууд Кувейт руу дайраад ороход Америк очоод л хөөгөөд гаргачихаж байгаа биз дээ. Тэр чинь Кувейтэд хайртайдаа биш. Кувейтийн эдийн засагт Америкийн хөрөнгө оруулалт байгаа учраас тэрийгээ хамгаалах гэж байгаа юм. Тэгэхээр манайд Хятадууд орж ирээд байвал манай төлөө тэр том Хятадтай муудах хүн олдохгүй. Харин барууны хөрөнгө оруулагчид их байвал тэд Хятадуудтай ярина. Тэгэхээр бид Хятад, Орос, барууны хөрөнгийг ч оруулж тэнцвэржүүлэх хэрэгтэй. Энэ нь манай “Олон тулгуурт гадаад бодлого”-той ч нийцнэ. “Рио Тинто” Монголд орж ирж байгаа нь маш том амжилт. Дээрээс нь нүүрсэн дээрээ “BHP биллитон” гээд дэлхийн акулуудыг оруулбал Монгол орон тусгаар тогтнолоо улам баталгаажуулж, хөгжлийн хувьд илүү боловсронгуй болж чадна.

-Энэ ажлыг авснаас хойш Асгат шиг таныг бас бусдыг хардсаар ажил болгоогүй үлдсэн зүйл хэр их байдаг вэ?
-Асгатад нэг их эмзэглээд байгаа юм алга. Эрдэнэтийн зэсийн үйлдвэр байгуулах ажлаар бид их явсан, сайн болоогүй. Одоо Оюутолгой, Эрдэнэт хоёрын дунд байгуулах уу, яах вэ гэдэг эргэлзээтэй болчихсон учраас түр зогсоочихоод байна.  Миний барьж авсан бүх зүйл зөв байна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр юмыг олон талаас нь авч хэлэлцэх, гудамжиндаа гараад жагсах бүгд хэрэгтэй. Зуун хувь бүх хүний сэтгэлд нийцсэн гэрээ хийнэ гэж угаасаа байхгүй. Тэнд сул тал байж байгаа. Ерөнхий нуруу нь монголдоо ашигтай байвал болох нь тэр. Орж ирж байгаа хөрөнгөөс гадна ажлын байр нэмэгдэх, барууны үйлдвэрлэлийн соёлыг сурч, хожим хүний царай харахгүй өөрсдөө юмаа хийдэг болох зэрэг ач холбогдолтой зүйл олон байгааг бас харах хэрэгтэй. Гэхдээ Оюутолгой, Тавантолгойгоос монгол руу их мөнгө орж ирэхээс өмнө бид авлига, шүүхээс эхлээд эдийн засгийнхаа системийг зөв болгохгүй бол мөнгөгүй байснаасаа долоон дор болох аюул байгаа нь үнэн.

“МОНГОЛЧУУД БИДНИЙГ ХӨӨГӨӨД ГАРГАХГҮЙ ЮМ БАЙНА” ГЭХ ИТГЭЛ ХЭРЭГТЭЙ

-Жишээ нь, Хөгжлийн банк байгуулах тухай яригдаад байгаа шүү дээ. Энэ зөв нүүдэл болж чадах уу?
-”Хөгжлийн банк” бодлогын түвшинд яригдаж байгаа, төрийн албан ёсны шийд болоогүй байгаа учраас амжиж нэг үг хэлмээр байна. Би энэ банкийг дэмжихгүй байна. Яагаад гэвэл төрийн банкны бүх түүхээ судалж үзэх хэрэгтэй байгаа юм. “Ард” банк, “Төв Азийн банк” ч би-лүү, хамгийн сүүлд Хадгаламж банк. Ерөөсөө тэр банкаа хувааж идсэн, хөндийлж ухсан тийм л түүх бидэнд байгаа. Үүнээс би айгаад байгаа юм. Хоёрт энэ банк хадгаламж авахгүй урт хугацааны хөрөнгө оруулалтын зээл өгдөг банк болох гэж байгаа. Тэгэхээр тэр “Урт хуга-цааны хөрөнгө оруулалтын үүсвэр ямар замаар, хаанаас орж ирэх вэ” гээд санаа зовоосон юм их байна. Тийм учраас бид банк ярихаасаа өмнө Засгийн газраас “Хараат бус сан” байгуулах хэрэгтэй. Энэ талаар туршлагатай Сингапурын төлөөлөгчдийг урьж, өөрөө ч тийш явах төлөвлөгөөтэй байна. Сингапурын “Тамесейк” гэдэг улсаа хөгжүүлсэн сан байдаг. Олон газар ийм сан бий.

-Яг ямар өнцгөөс нь олж хараад та эмзэглээд байгаа хэрэг вэ?
-Төрийн өмчийн банк улс төрийн хараат байвал тэгээд л буруудна. Яагаад гэвэл тэр төв-лөрсөн мөнгийг хэнд зээл өгөх вэ гэдгийг Засгийн газрын дарга түшмэдүүд, улс төрийнхөн л мэднэ гэсэн үг шүү дээ. Банкны технологи нарийн барих, зээлийн бодлого элдэв долоон юманд улс төр орвол тэр банк дампуурдаг. Ийм юм руу явчих вий гэж айгаад байгаа юм.

-Таны яриад байгаа “Хараат бус сан” байгуулснаар ирээдүйд манай улсад ирэх хожил нь ямар вэ?
-Жишээлбэл уул уурхайн их мөнгө орж ирвэл энэ санд төвлөрүүлдэг байх хэрэгтэй. Ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээл дээр савлаж, унах үед зарцуулах хуримтлал тэнд байх ёстой. Дандаа сайхан байхгүй. Үнэ унаад өнгөрөгч жилийнх шиг төсвийн алдагдалд орж тэвдэх үедээ тэндээсээ авч хэрэглэдэг байх. Хоёрт, хөгжлийн сан бүрэлдэж байх ёстой. Бид мөнхийн ашигт малтмалын орлогоор амьдрахгүй. Энэ чинь дуусдаг зүйл. Төрийн өндөр алба хааж үнэнч шударгаа харуулчихсан хүмүүс болон Засгийн газар, төрийн төлөөлөл мэдээж тэр санд орно. Нэг үгээр хэлэхэд энэ санд Монголын хөгжил, эрсдэлийн сан бүрдэж байх ёстой. Ийм л зүйлийг мөрөөдөж сууна. Банкнаас л би айж байна.

-”Анод” банкны дампуурлыг удахгүй зарлах бололтой. Төрийн төлөөлөл очоод ч сэхээ оруулахыг хүсэхгүй байдал ажиглагдаж байгаа шүү дээ. Банк ярихаар таны айдаг бас зөв байх? 
-Банк бол айхтар эмзэг салбар. Гадаадад нэг банк “Хүмүүс хадгаламжаа авах гээд дугаарласан байна” гэж сонин дээр гарсны төлөө дампуурсан байдаг. Гэтэл үнэндээ бороо орж байсан учраас хүмүүс тэр банкны өмнө зогсож байсан болохоос банкнаас мөнгө авах гэж байгаагүй юм билээ. Тэгэхээр банкны талаар хамаагүй юм ярьж болдоггүй. Ерөнхийдөө Монголын банкнууд жижиг, хэтэрхий олон байна. Иймд Монгол банк, энэ засгаас нэгдэж томруулах, цохилт даац даах бодлого явуулбал хэрэгтэй санагддаг. Гэтэл эд нар дахиад нэмж байгуулах юм яриад байх юм.

-Багануур, Шивээ Овоо, Эрдэнэт гээд төрийн өмчит томоохон байгууллагад томил-гооны дарга нар очиж, сэлбэг шахах явдал олон гаргадаг. Энэ бүхнийг цэгцлээд дараагийн том төслүүд рүү орох байсан гэдэг?
-Тийм цаг бидэнд байхгүй. Хорвоогийн амьдрал буцалдаг хойно бүгдийг зэрэг хийх хэ-рэгтэй. Үнэндээ ТӨХ юм шахуулчихгүй байх санаатай, тэнд элдэв хууль бус асуудал үүсэх вий гэх мэтийн юманд цаг зарцуулж байгаа. Төрийнхөө албыг бизнес болгочихоод тэндээсээ олз омог олж байгаа бол тэсч, тэвчиж болохгүй үзэгдэл шүү дээ. Хэрэв нээлттэй болгоод, олон нийтийн хяналтанд шилжүүлчихвэл бид цаг, бололцоогоо өөр зүйлд зарцуулмаар бай-на. Тэр цагт хувьцаа эзэмшигчид балансийг нь шаардаж үзээд, хянадаг байхыг мөрөөдөөд байгаа юм.

-Нэг ёсондоо ТӨХ хийх ёсгүй зүйлд цаг алддаг гэж ойлгож болох нь ээ?
-За тийм ээ. Тэр шахаа махааны юмтай тэмцэх чинь манай ажил биш.

-Хоёр намын амлалт байдаг шүү дээ. Сая таван зуун мянгыг хувьцаа хэлбэрээр та-раах талаар ч яригдаж байсан?
-Байж болно. Ард түмний өмнөөс төр хувьцаа худалдаж аваад ард түмэндээ өгч байна гэсэн үг. Ямар ч ялгаа байхгүй. Гэхдээ бас нэг болгоомжлол байгаа.  Нөгөө эрхийн бичгийн тасалбараа хоёр шил архинаас өгчих гээд байдаг тал бий. Овсгоотой хүмүүс хөрөнгө болгоод бөөгнөрүүлчихдэг. Эдийн засгийн хуулиараа угаасаа тэгэх ёстой. Гэхдээ ард түмнээ хүмүүжүүлж, энэ хэрэгтэй зүйл гэдгийг ухуулж, ойлгуулж байж өгөхгүй бол тэр түүх давтагдаж магадгүй.

-Төрийн өмчит компаниуд бүгд нээлттэй болоод, хувьцаа бодит байдлаар хэрэгжсэн үед таны сэтгэл амрах нь ээ?
-Тэр цагт ТӨХ ч татан буугдана, би ч тэтгэвэртээ гарч таарах биз дээ. /инээв/

-Хувьчлал бүр элдэв маргаан дагуулж байдаг. Гэхдээ амжилттай хувьчлал болсны дараа хэд хоног ч гэсэн “маадгар” алхах үе байдаг биз дээ?
-Харамсалтай нь хэзээ амжилттай болсон нь мэдэгддэггүй юм. Амжилттай ч бай, үгүй ч бай заавал шүүхийн зарга ирдэг. 2007, 2008 онд манай хорооны эсрэг 31 удаа шүүхийн хэрэг ирсэн. Тэр бүгдэд манай хороо ялсан, ямар ч байсан буруудаагүй. “Голгүй юм хийчихээгүй юм байна даа” гэж сэтгэл хангалуун үлддэг. Ер нь ТӨХ дээр ажиллаж байгаа хүн амар тайван байх бололцоо байдаггүй. Яагаад гэвэл хүмүүсийн сонирхол дотроос хамгийн уучилж, хүлцдэггүй зүйл нь өмчтэй холбоотой асуудал байдаг. Хайр дурлалыг ч уучилж болдог шүү дээ. 

-Эрчим хүчний салбарын хувьчлалын асуудлаарх таны бодол. Нүүрс, цахилгааны үнийг энэ янзаараа бариад байх урт настай зүйл биш. Яах ёстой вэ?
-Манай эдийн засгийн өмнө тулгараад байгаа хамгийн хэцүү асуудал энэ л дээ. 1990-ээд оны сүүлээр Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас олон тэрбумын зээл, тусламж авч бүх нүүрсний уурхай, эрчим хүчний компаниудыг шинэчилсэн. Их сайхан болгосон л доо. Хариуд нь манай Засгийн газар эрчим хүчнийхээ үнийг чөлөөлөх үүрэг хүлээсэн. Чөлөөлөөд шаардлагатай хэмжээнд хүргэчих юм бол тэндээсээ хуримтлал бий болгоод, тэр хуримтлалаараа тэр үед авсан зээлээ буцааж төлөөд, дараа нь шинэ техник, төхөөрөмж худалдаж авах бололцоотой байсан. Харамсалтай нь манай Засгийн газар эрчим хүчнийхээ үнийг чөлөөлж чадаагүй. Тэрнээс болоод өмнө нь зээлээр авсан техникүүд бүгд элэгдээд солих бололцоогүй боллоо. Шинээр солих мөнгө байхгүй. Гол шалтгаан нь өнөөдөр гэхэд эрчим хүчний байгууллага бүтээгдэхүүнээ өөрийнх нь өртгөөс доогуур борлуулж байна. Ялангуяа өнгөрөгч байгаа нэг, хоёр жилд шийдвэртэй арга хэмжээ авах шаардлагатай байсан. Дараагийн сонгууль дөхөж байгаа учраас манай улс төрчид нүүрсний үнэ чөлөөлөхгүй нь ойлгомжтой боллоо. Энэ байдал удаан үргэлжилбэл эрчим хүчний салбар тэр чигээрээ дампуурах аюултай. Одоо гэхэд зарим компаниуд нь өр зээл нь өөрийнх нь өртгөөс даваад эдийн засгийн утгаараа дампуурчихсан явж байна. Тэгэхээр улс төрчид шийдвэртэй, зоригтой алхам хийж, үнэ чөлөөлөх хэрэгтэй байна. Ингэж байж өр зээлээ төлж, тезхник технологио шинэчлэх боломжтой болно.

-Олон жил энэ асуудлыг ярьж байна шүү дээ?
-Засгийн газар ойлгохгүй юмуу дургүйдээ шийдэхгүй байгаа юм биш. Хэрвээ эрчим хүчний үнийг чөлөөлбөл бүх үнэ хөдөлнө. Жирийн хөдөлмөрчин, ард түмний нуруун дээр хүнд ачаа үүсэхээс болгоомжилж байгаа. Тийм учраас Засгийн газрын холбогдох сайд нарт би санал хэлсэн. “Үнээ нэмэгдүүлэх, чөлөөлөгдөхөд чиглэсэн зоригтой алхмуудыг хийе. Тэ-рэнтэй зэрэгцээд нийгмийн эмзэг хэсэгт тусах ажлыг зөөллөх нийгмийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлье” гэж. Үнэ чөлөөлөхөд амьдрал нь ажрахгүй явах хүмүүс олон бий. Иймд хавтгайруулсан халамж, үнэ доогуур байлгах алхам зөв арга биш. Ийм байд-лаараа цааш явбал эрчим хүчний салбарын компаниуд бүгд алдагдалд орж, салбарынхаа хэмжээгээр уналтын байдалд орж, эргээд босгоход их цаг хугацаа зарна. Тэр аюулыг Их хурал, Засгийн газраараа хэлэлцэн тунгааж, зоригтой алхам хийх шаардлагатай. Ер нь ард түмэндээ үнэн байдал, хөгжлийн хандлагаа илэн далангүй хэлээд шийдвэртэй арга хэмжээ авах цаг болсон.

-Та Өвөрхангайн хүн. Нутгийнхан чинь танд их сайн байдаг. Өнгөрөгч сонгуулиар Асашёорюү аваргаас эхлээд таныг дэмжиж байлаа. Их хуралд дэнтэй дунтай ялагдсан харамсал чинь тайлагдсан уу?
-Би харамсаагүй. Их хурлын гишүүн болбол сайхан амьдардаг юм шиг буруу ойлголт ма-найханд байдаг. Хариуцаж байгаа ажлаа сайн хийхэд өөр юм хэрэггүй. Их хуралд суух нь миний мөрөөдөл биш. Түүнтэй холбогдсон харуусал надад байхгүй. Их хурал ард түмний өмнө үүрэг даалгавараа сайн биелүүлж байгаа гэж хэлэх бололцоо муу байгаа. Манай нутгийнхан надад сайн эсэхийг би мэдэхгүй. Сайн юм шиг хүмүүс тааралдаж л байдаг. Нэр дэвшээд очиход унагаж л байдаг шүү дээ. /инээв/
-Гэхдээ л нутагтаа нэг тийм зүйл хийчих байсан юм гэх сэтгэлд хургасан зүйл байдаггүй юу?
-Яах вэ. Би төрсөн нутагтаа нэр төртэй явахсан, хойч үеийнхэн маань “Д.Сугар гуай гэж гайгүй өвгөн байж билээ” гэж ярьдаг байгаасай гэх бодол бий л дээ. /инээгээд/ Хамгийн гол нь нутгийн хэмжээнд биш арай том хэмжээнд авч үзэх хэрэгтэй. Өнөөдөр орон нутгийнхан бие даагаад явах чадваргүй, улсын татаасаар амьдарч байгаа учраас сүрхий гойд хийх юм байхгүй. Хэрэв орон нутгийнхан төсвийн орлогынхоо 80 хувийг өөрсдөө бүрдүүлээд, 20 хувийн дэмжлэгийг төрөөс авдаг болчихвол зүгээр санагддаг. Өөрийгөө аваад явах өмчтэй, татварын зохих хэсгийг өөрсдөө татаж хураадаг, ард түмний энэ  өмч орлогоороо орон нутгийнхаа хөгжилд зориулдаг ийм л тогтолцоо хэрэгтэй

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.