Төрийн түшээд урд Солонгост сүжрээд л... Төрсөн нутгаа барьцаалаагүй байгаа

2009/09/30
Share |
Төрийн түшээд урд Солонгост сүжрээд л... Төрсөн нутгаа барьцаалаагүй байгаа

Социализмын үеийн манай сайд дарга нар хуучнаар ЗХУ-д жил бүр очиж амарч, эмчлүүлж, сувилуулдаг байсан. Гэхдээ тэд өөрийн дур зоргоор ингэж зорчдог байсан гэвэл үнэнд үл нийцэх биз.

Харин тухайн үеийн социалист, ах дүүгийн найрамдалт хэмээх гоё нэртэй хараат улсынхаа хувьд л аргагүйн эрхэнд тийн Зөвлөлт ахан дүүстээ очиж байсныг түүх өгүүлэх биз. Тэгвэл өнөөгийн ардчилсан чөлөөт нийгмийг бүтээж байгаа гэх дарга нар маань бас гадаад оронд очиж, "эмчлүүлж сувилуулах" боллоо.

Энэ үеийн манай томчуудын сонголт нь бидний ярьж заншсанаар Өмнөд Солонгос болоод байна. Саяхан гэхэд л манай Ерөнхий сайд С.Баяр хөлөө, элгээ эмчлүүлж, сувилуулж яваад ирэв.

Уг нь түүнийг анх явахад хөлийнхөө бэртлийг эмчлүүлж яваа гэсэн. Гэтэл Солонгост суугаа манай элчин сайдын яамны ажилтан бүсгүй "Ерөнхий сайд элгээ эмчлүүлж байгаа.

Ер нь манай улсын хүн амын 90 хувь нь элэг муутай шүү дээ гэсэн сонин юм ярьсан.

Удалгүй Эрүүл мэндийн сайд С.Ламбаа ч С.Баяр сайдыг элгээ эмчлүүлж байгаа тухай мэдээлэл хийж, өвчнийх нь оношийг дэлгэж орхилоо. Энэ ч яахав, гол зүйл нь манай дарга нар яагаад Монгол эмч, эмнэлэгтээ итгэдэггүй юм бэ гэдэг асуудал сонирхол татна. Япончууд гэхэд л гадаадад эмчлүүлэх нь бүү хэл харийн орноос ирсэн эмчээр хагалгаа хийлгэдэггүй юм гэсэн.

Гэтэл манай дарга нар хэр хол явж эмчлүүлэхээрээ зиндаагаа тодорхойлж байгаа нь сонирхолтой. Үнэхээр эмчлүүлдэг нэг нь байгаа л байх. Гэхдээ олонх нь эмчлүүлэх нэрээр хувийн ажлаа амжуулж, зугаа цэнгэл хөөцөлдөж явдаг гэх. Зугаа цэнгээн гэдэг нь манай дээдсүүдийн хувьд казино тоглох. Энэ нь ч үе үе илэрдэг. "Хадгаламж" банкнаас 14 тэрбум төгрөг зувчуулсан Ц.Чимэдцэрэн, түүнтэй хам хэргээр дээлээ нөмрөх шахсан МАХН-ын дэргэдэх МАСЗХ-ны удирдлагууд болох У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Ж.Мөнхбат, аварга Г.Өсөхбаяр нар бүгд казино тоглож байсан гэдэг.

Тэдний зарим нь казино тоглодгоо хүлээн зөвшөөрсөн. Тухайлбал, МАХН-ын генсек У.Хүрэлсүх "өөрийн мөнгөөр азаа үзсэн" гэж адарч байсан. Тэднээс гадна УИХ-ын гишүүд, сайд нар ч Солонгост очиж, казинод азаа үзэж, амарч наргих дуртай.

Д.Загджав, Кёкүшюзан Д.Батбаяр, Ц.Батбаяр, О.Чулуунбат гээд тоочвол тун олон нэр дурдаж болно. Нийслэлийн Засаг дарга асан УИХ-ын гишүүн Ц.Батбаяр гэхэд эмчлүүлэх нэрээр Солонгост удаан хугацаагаар байхдаа казинод ороод гардаг нэгэн байсан гэдэг. Эд чинь бас хүн юм болохоор тоглож, наргиж болдог юм байгаа биз дээ гэж зарим хүн хэлэх биз.

Гэхдээ энэ хүмүүс та бидний сонголтоор улс орныг маань удирдаж яваа гэдгийг санах ёстой. Тэгэхээр тэд алдах эрхгүй гэдгийг цухас ойлгоосой доо. Казино, аз үзсэн тоглоом гэдэг. Хэний ч аазгай шарыг хөдөлгөдөг увидастай болохыг нүд тайлсан бүхэн ярьдаг. Ийм байхад ялангуяа төрийн түшээд мөрийтэй тоглоомд донтвол улс эх орны ашиг сонирхол хөндөгдөнө гэдгийг ч умартдаг. Үүнийг нь гадны тагнуулын байгууллагууд ашиглан улс орных нь эрх ашгийн эсрэг ашигласан гашуун түүх дэлхий нийтэд олон бий. Өнгөрсөн зургадугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болоход нэр дэвшигч буюу одоогийн төрийн тэргүүн Ц.Элбэгдорж мөн л Солонгосыг зорьсон.

Ийнхүү холыг зорьсон шалтгаан нь сонгуулийнхаа сурталчилгааг хийж, хандив цуглуулсан гэх мэдээлэл шуугиан тариад амжсан. Тэгэхээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд гээд эвэртэн туурайтнууд нь Солонгос руу гүйдэлтэй болжээ. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр манай хэд арай "со" ах нарт барьцаалагдчихсан юм биш биз гэсэн хардлага төрөөд байгааг хэлэх гэсэн юм. Түүнээс тэд казино тоглоод, эх орноо худалдчих хүмүүс гээд шууд хэлэхийг хүсэхгүй байна. Ер нь сүүлийн хэдэн жил харж байхад манай дарга нар бидний төлөө бус ард түмнийхээ эрх ашгийн эсрэг л яваад байх шиг.

"Бороо гоулд","Цайрт минерал", “Нарийн сухайт"-ын ордуудын гэрээнээс эхлээд одоо байгуулж байгаа "Оюутолгой"-н хөрөнгө оруулалтын гэрээ бүгд Монгол Улсын эрх ашиг, ард түмний төлөө гэхээс илүүтэй цөөн хэдэн эрх мэдэлтэн, тэдний найз нөхөд, гадаад түншүүдэд зориулагдах болсныг анзаарахгүй байхын аргагүй болоод байна.

Ерөнхий сайд С.Баяр одоо нэгэнт "Оюутолгой"-н гэрээг үзэглэж байгаа учир дараагийн орд болох "Тавантолгой"-н гэрээг яаралтай хийхээр сэтгэл шулуудаад ирсэн гэлцэнэ. Энэ үнэн бол тус ордод хөрөнгө оруулах сонирхолоо аль хэдийн илэрхийлсэн Солонгосын 11-н том компани ямар нэг байдлаар орж ирэх эсэх нь хамгийн сонирхол татах асуудал болох юм. Мөн үнэн хэрэгтээ Монгол Улсад Солонгосын эрх ашгийг бий болгож, тэдний хөрөнгийг оруулж ирэх сонирхолд хөтлөгдөж яваа дээр нэр дурдагдсан болон бусад хүмүүсийн "хобби, лобби" улам хүчээ авах болно.

Дэнс дэнс мөнгөөр
Дэлхийгээ худалдсан сайдууд гуай
Магнаг торгоны төлөө
Манийгаа худалдсан сайдууд гуай гэж Манжийн дарлалын үеийг шоголсон нэгэн дуу байдаг бил үү дээ. Түүн шиг төрийн түшээд минь урд Солонгост төрсөн нутгаа барьцаалаад байгаа юм биш биз дээ.

Саяхан нэгэн Солонгос рестораны эзэн Монгол ажилчнаа доромжилж, хэл амаар дайрахдаа "Монгол гэж байхгүй болно. 10 жилийн дараа Монголыг Хятад, Солонгос, Япон гээд дэлхийн том гүрнүүд хуваагаад авчихна" хэмээн омогдсон тухай манай сонины нэг дугаарт гарч байсан санагдана. Хотын эргэн тойронд Солонгосчуудын газар гээд өчнөөн л өргөн уудам тал байх юм билээ. Юмыг яаж мэдэхэв.

Төрийн түшээд минь арай газраа барьцаалаад казиноддог юм биш биз. Мань мэт нь ингээд дэмий л хардаж суухаас хэтрэхгүй юм даа

Өнөөдрийн монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.