Эрдэнэтээс төрсөн тэрбумтан МАХН-аар хаяглагдах вий

2009/09/30
Share |
Хүмүүс:
Эрдэнэтээс төрсөн тэрбумтан МАХН-аар хаяглагдах вий

Эдийн засгийн хямралыг Эрдэнэтийн дарга л мэдрэхгүй өнгөрч байна доо. Улсын төсвийн дийлэнхийг бүрдүүлэх саалийн үнээг өнөөгийн дарга шаргуу шувтарч байгааг доорх баримт харуулах биз. Улсын тодотголтой байгууллагуудад тендер гэж хар дагуулдаг, хэрүүл тэмцэлтэй ажил бий. Хувийн хэвшлийнхэн төрийн байгууллагад хөндлөнгөөс “хувь нэмэр”-ээ оруулах ганц ажил нь энэ гэж хэлж болно. Гэвч танилтай, арын хаалгатай, бүр цаашлаад эрхэм даргад хувь илүү амалсан нь тендерт ялалт байгуулж чаддаг гэсэн алдуул үг бий.

Хамгийн наад зах нь халбага, сэрээ нийлүүлэх тендерийг авчихвал  тэнгэрийн од шүүрлээ л гэсэн үг. Гэхдээ энэ удаа гал тогооны хэрэгсэл мэтийн жул бараа Эрдэнэтэд нийлүүлэх эрх авсан компаниудын жагсаалтыг ил гаргахаас татгалзлаа. Харин Эрдэнэт үйлдвэрийн хамгийн том тендерт ялалт байгуулж хэдэн сая, тэрбум төгрөгийн ашиг олох бизнес эрхлэгч, Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн удирдлагатай холбоотой баримтуудыг сөхөж байна.

2010 онд худалдан авах бараа бүтээгдэхүүний жагсаалтыг өнгөрөгч долдугаар сард гаргаж тендер зарлахаар яаравчилж буй нь Ч.Ганзориг даргын хувьд аргагүй юм билээ. Зөвхөн 2008 онд л гэхэд 59 тендер зарлагдсан гээд бод доо. Монгол Улсыг тэжээж буй том үйлдвэрийн хувьд тийм тооны тендер зарлагдах нь байх хэрэг. 35,729 сая ам.долларын 63 гэрээ, 3,7778 сая еврогийн 3 гэрээ, 1,016 тэрбум төгрөгийн 8 гэрээ өнгөрсөн онд хийгдсэн байна лээ. Гэвч бараа бүтээгдэхүүнээ аваагүй байж тендерт ялагч компаниудад үнийн дүнгийн тал хувийг урьдчилан бэлнээр өгчихдөг нь  сонирхол татаж байгаа юм. Мөнгөө авсан компаниудын зарим одоо хир Эрдэнэтэд төлөх өрөө барагдуулаагүй байвал яах уу. Өнгөрөгч онд олгосон урьдчилгаа төлбөр 154,574 сая ам.доллар, 1,787 сая төгрөг байгааг Эрдэнэтийн санхүүгийн тайланд хийсэн шалгалтаар тогтоосон байдаг. Тийн мөнгөө аваад бараа бүтээгдэхүүнээ нийлүүлээгүй өртэй үлдсэн компанийн жагсаалт доорх баримтаас харагдаж байна.

Эрдэнэтийн дарга тендерээр ч баяжна, тендерийн бус замаар ч баяжна. Захиалгын бус техник хэрэгсэл гэнэт авах шаардлага гарснаас үзэхэд ингэж хардахаас аргагүй. Бүтэн жилийнхээ ажлыг урьдчилан харж хэрэгтэй бараа, материалынхаа жагсаалтыг гаргадаг Эрдэнэт үйлдвэрт 2008 онд Эксковатор Liebherr, Комацу фирмийн бульдозер, зөөвөрлөгчүүд, “Хьюндай”-гийн автотехник, “Тамрок” өрөмдлөгийн суурь гэнэт хэрэг болж 17 сая 357 мянга 800 ам.доллар зарцуулсан байна лээ. 

Эдгээр техник хэрэгслийг авахад гуравдагч этгээдийн оролцоо хэрэг болдог гэдгийг эх сурвалж өгүүлсэн. “Хьюндай”, “Комацу” гээд дэлхийд алдартай техник хэрэгслүүдийг борлуулах албан төлөөлөгч манайд бий. Тэдгээр байгууллагуудтай шууд харьцах боломж Эрдэнэтийнхэнд байдаггүй бололтой юм. Тиймээс зуучлагч гэж нэг этгээд хөндлөнгөөс гарч ирэн шахаа хийнэ. Тэр ч баяжна. Дарга ч баяжна. Бичигдээгүй энэ хуулийг Ч.Ганзориг дарга сайн хэрэгжүүлж буй гэсэн.

Ердөө хэд хоногийн өмнө эрхэм дарга Ч.Ганзоригийн урилгаар хэдэн сэтгүүлч Эрдэнэтэд очжээ. Хэвлэлийнхэнд гэнэт урилга шидсэн нь бас учиртай л даа. Юу гэвэл Оросын их өр сөхөгдөж Үйлдвэр худалдааны сайд асан Ч.Ганзоригийн нэр холбогдож эхэлсэн явдал. Тухайн үедээ яам толгойлж байсны хувьд их өрийг эцэслэх үүргийг Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөс авсан байдаг. Харин Ч.Ганзориг хариуцлаггүй хандаж их  өр тэглэгдэж чадалгүй өнөөг хүрч. Н.Энхбаяр ахын уурыг хүргэсэн хойно Эрдэнэтийн даргынх нь суудал хөндөгдөж эхлэхгүй яахав. Тиймээс мань хашир хэвлэлийнхний амыг барихаар хайр зарлан эдийн засгийн хямралтай энэ үед мөнгө хэмнэсэн тухай ярьж өгөхөөр сэтгүүлчдийг урьсан байв. 

Гэвч эрхэм даргын зардал хэмнэсэн мэдэгдлийг миний өмнөх баримт үгүйсгэж байна. 2008 онд 80 мм-ийн 28 мянган тонн бөмбөлөгийг 33 530 000.00 ам.доллароор авахаар компани, иргэдтэй 16 гэрээ байгуулжээ.  Гэрээний дагуу 26 185 000 ам долларын үнэ бүхий барааны төлбөрийг компаниудад шилжүүлж. Гэсэн атлаа 23 542 210 ам долларын бүтээгдэхүүн  хүлээн авчээ. Зөрүү 2 642 790 ам.доллар хэний халаас руу орчихов оо. Гэрээнд бүтээгдэхүүн нийлүүлэх хугацааг 7-оос 30 хоног хүртэл байхаар заасан байна билээ. 

Эрхэм дарга Ч.Ганзориг хямд үнээр бөмбөлөг авч үйлдвэрт ашиг гарлаа гээд зарлаад байгаа. Үнэн хэрэгтээ урд хөршөөс оруулж ирсэн өртөг багатай бөмбөлөг жиндээ  хүрэхгүйгээс үйлдвэрт хохирол учруулж буй гэдгийг эх сурвалжууд баталж байгаа юм. Бөмбөлөг нь баяжмал бутлах зориулалттай. Гэтэл хөнгөн жингийн бөмбөлөгүүд баяжмалаа бүрэн гүйцэд буталж чадахгүй байгаагаас ажлыг хоёр дахин хийж цаг хугацаа, ажлын төлөвлөгөө алдагдаж буй гэсэн.

Хоёр улсын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийг Ч.Ганзориг дарга иймэрхүү маягаар л удирдаж байна. Төгөлдөршил, ажлын хариуцлага ярьж албархдаг Ерөнхий сайд С.Баяр эрх биш нэгийг бодно байгаа. Эрдэнэтээс төрсөн бумтан МАХН-аар хаяглагдвал сонгогч түмэнд сайхан сонсогдохгүй л болов уу.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.