Эрүүл мэндийн сайд С.Ламбаа

2009/10/02
Share |
Хүмүүс: Самбуу Ламбаа | 
Эрүүл мэндийн сайд С.Ламбаа

Эрүүл мэндийн сайд С.Ламбаатай ярилцлаа

-Хэдхэн хоногийн өмнө ЭНЭШТ-д гэрэл тасарч, эхчүүд гар чийдэнгйин гэрэлд төрснийг та дуулсан биз дээ?
-Тиймээ. Намайг асуухад “Үгүй одоо тийм юм болоогүй л баймаар юм гэж хариулсан. Намайг лааны гэрэлд ламбада бүжиглэж байгаад ирлээ гэж бичиж байгаа юм чинь ЭНЭШТ-ийг лааны гэрэлд хүүхэд төрүүллээ гэж хэлж чадна л даа. Би нэлээн шулуухан хэлдэг хүн.

-Энэ асуултад ч бас шуудхан хариулна биз дээ. Таны охин гар чийдэнгийн гэрэлд төрвөл та яах вэ?
-Гар чийдэнгийн гэрэлд байтугай лааны гэрэлд ч төрж болно шүү дээ.

-Гэхдээ бид XXI зуунд амьдарч байгаа шүү дээ?
-Яагаад болохгүй гэж. Гэрэл гэнэтхэн унтарлаа гэхэд эмчдээ л найдна биз дээ. Тэрнээс гэрэл асахыг хүлээж болохгүй. Гар чийдэнгийн гэрэлд хүүхэд төрүүлчихсэн байгаад, тэр хүүхдийг аварчихсан  бол би эмч нарт л талархал илэрхийлнэ.

-Яагаад?
-Гар чийдэнгийн гэрэлд төрөх болсон нь эмнэлэгтэй холбоогүй шүү дээ. Цахилгаанаар хангадаг байгуул-лагаас л шалтгаалахаар байгаа биз дээ. Манай эмнэлэг ямар өөрөө гэрэл асаах биш.

-Ийм байдал давтагдахгүй гэх баталгаа алга. Тэр үед бас л гар чийдэнд найдах уу.  Гар чийдэнд найдаж байгаад ямар нэг эндэгдэл гарвал яам хүлээх үү, эмнэлэг хүлээх үү, УБЦТС компанийнхан хүлээх үү, эхчүүдийн ар гэр хүлээх үү?
-Ойлгомжтой шүү дээ. Эмнэлэг хариуцаад сууж байгаа хүн л хариуцна. Ямар нэг байдлаар гэрэл унтарлаа гэхэд тэрийг орлуулаад асаах ёстой зүйл нь хэзээ ч бэлэн байх үүрэгтэй. Тэр үүргийг хэн хүлээх үүрэгтэй гэвэл дарга гуай.

-ЭНЭШТ-ийн Клиникийн захирал Г.Санждорж тэр үед "Хэзээ гэрэл унтарна гэж тэр моторыг чинь худалдаж авах юм бэ. Мөнгөний гарз" гэж хариулсан байна билээ…?
-ЭНЭШТ-ийн яаралтай түргэн тусламжийн бүх өрөөнүүд тусгай гэрлүүдтэй шүү дээ. Яагаад харин тэр гэрлүүд нь асаагүй юм бол гэж би бодож байна. Уг нь яаралтай түргэн тусламжийн тасгууд гэрэл унтрахад зөрөөд асдаг тогтолцоотой.

-Та Г.Санждорж даргатай холбоо тогтоож учрыг лавласан уу?
-Би холбоо бариагүй. Ярьж амжаагүй л байна.

-ЭНЭШТөвтэй холбогдуулаад олон жил ярьсан дөрөвдүгээр төрөхийн асуудал сөхөгдөж байна. Дөрөвдүгээр төрөх хэзээ байгуулагдаж, эхчүүд шалан дээр биш эмнэлгийн орон дээр төрдөг болох вэ?
-Энэ жилийн төсөвт мөнгийг нь суулгаад явж байна. 270 сая төгрөг төсөвлөсөн. Зураг төсөл нь энэ сард бэлэн болчихно. 300 ортой шинэ төрөх эмнэлэг яармагт баригдана. Одоогоор 270 сая төгрөг  төсөвлөсөн. Гэхдээ энэ бол хаанаа ч хүрэхгүй. Улсын их хурал дээр нэмэгдэнэ гэж бодож байгаа. Өнөө маргаашгүй үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр орох гэж байна. Тэндээс зөвлөмж гарч, Засгийн газарт чиглэл өгөгдөнө.

-Одоо л зураг төсөл нь гарах гэж байгаа гэхээр гурван жил ярьсан энэ ажил дэндүү удаашралтай байна?
-Байгууллагуудын уялдаа холбоо байхгүйгээс удааширсан. Уг нь энэ асуудлыг 2007 оны чуулганаар 2008 онд барихаар 1.2 тэрбум төгрөг баталж байлаа. Гэтэл газраа шийдэж чадалгүй байсаар алдчихсан. Тэр оных нь эцэст төсвөөс хураагдчихгүй яахав. Аргагүй шүү дээ, хийгээгүй ажлын мөнгийг хэн үлдээхэв. Тэгээд ашгүй Яармагт барих болоод байгаа. Зураг бэлэн болтол бохир цэвэр ус, цахилгаан дулаан нь хаанаас орж ирэх вэ гэдэг нь тодорхойгүй гээд л.

-Та салбарын ажлаа аваад нэг жил боллоо. Энэ хугацаанд юу амжуулав?
-Маш олон ажлыг хийсэн.  Эмнэлгийн удирдах ажилтны зөвлөгөөнийг эмч эмнэлгийн ажилтны ёс зүйн асуудлыг дээшлүүлье уриан дор анх хийсэн. Дараа нь хувийн хэвшлийн байгууллагын, эм хангамжийн бай-гууллагын бүх зөвлөгөөнийг хийсэн. Өнөөдөр л гэхэд уламжлалт анагаах ухааны зөвлөгөөн болох гэж байна. Олон улсын бол 6-7 хурал болсон. Саяхан Дэлхийн эрүүл мэндийн чуулганд оролцоод Монгол Улс дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдах зөвлөлд сонгогдсон. Энэ бол Монгол Улс ДЭМБ-д нэлээн өндөр нэр хүндтэй байгаагийн илэрхийлэл.
Нөгөө талаасаа ДЭМБ-ын дэмжлэгийг хүртэх их том боломж.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах талаар олон шийдвэрүүдийг гаргаж чадлаа. Өнөөдөр зайны оношилогооны төв байгуулах, явуулын амбулатори  байгуулах гээд ЗГ-ын мөрийн хөтөлбөрт орсон хоёр том ажлын ард гарлаа. Монголын эрүүл мэндийн салбарын зайны оношилогоо үнэхээр өөр төвшинд хүрсэн. Найман аймгийг ЭНЭШТ-тэй холболоо. Энэ ондоо багтааж 21 аймгаа холбох санаатай байна. Улаан-баатарын том эмнэлгүүд хоорондоо холбогдож байна. Гэмтлийн эмнэлэгт хийж байгаа хагалгааг III эмнэлгийн эрдэмтэн профессорууд харж зөвлөгөө өгдөг тогтолцоонд шилжлээ. Дорнод аймгийн бүсийн оношлогооны төвд 2.3 сая еврогийн тоног төхөөрөмж өглөө. Анх удаа Дорнод аймагт диализийн аппарат өгсөн. Зөвхөн Нэгдүгээр эмнэлэгт л байдаг энэ аппарат аймагт очно гэдэг том дэвшил.

-Тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангалттай байгаа гэсэн үг үү?
Хамгийн гол нь томоохон эмнэлгүүдээ төрөлжүүлж хөгжүүлэх бодлого барьж байна. Нэгдүгээр эмнэлэгт байдаггүй тоног төхөөрөмжийг III эмнэлэгт өгөх жишээтэй. Бас хувийн, хувьсгалын эмнэлэгүүдийн уялдаа холбоог сайжруулах, хувийн эмнэлэгт байдаг үнэтэй тоног төхөөрөмжийг улсын эмнэлэгт ашиглаж болдог байхыг зохицуулж байна.

-Эмч нарын хариуцлагагүй, ёс зүйгүй байгаа талаар цаг үргэлж л гомдоллож байдаг. Тэгвэл уриа гаргаж, ажил болгосны үр дүн тань юу байв?
-Энэ уриа их удаан үргэлжилнэ гэж бодож байгаа. Нэг жил өрнөөд дуусчихдаг байж болохгүй. Яагаад гэвэл ЭМ-ийн сайдад, яаманд хандаж байгаа гомдлын 90 хувь нь хүн хоорондын харилцаатай холбоотой байна. Өнөөдөр бичиг барьсан хүн  энэ эмнэлэг дээр надтай ингэж харилцсан, эсвэл энэ эмнэлэг надад ийм буруу эм өгсөн гэж л ярьж байгаа. Тэрнээс ингэж буруу оношилчихлоо, мэс засал амжилтгүй боллоо гэж гомдоллож байгаа нь 100-д тавхан л байна.Тэгэхээр эмч үйлчлүүлэгч хоёрын харилцаанд жинхэнэ агуулгын шинэчлэлт хийх ёстой.

Эмч нар чинь үнэндээ бол хүнд нөхцөлд ажиллаж байна шүү дээ. Эмч хүн өнөөдөр унтах ч завгүй байгаа, цалин хөлс нь бага бухимдалтай байж болно. Гэхдээ өргөсөн тангарагтаа үнэнч байж үйлчлүүлэгчтэй хүнлэг, тааламжтай байдлаар харилцах ёстой. Нөгөө талаасаа иргэд ч "даварч" болохгүй. Энэ намайг эмчлэх ёстой. Үүргээ биелүүлж чадахгүй байна. Чамайг даа гэж хандаад байвал яаж өөрт нь тэр эмчилгээ ач тусаа өгөх юм бэ. Тэгэхээр би хэн хэнээ хүндэлж, харилцах нь эрүүл мэндийн салбарын нэг номерын асуудал. 

-Ямар үр дүнд хүрч байгаа юм л даа?
-Би нэг л зүйлээр бахархъя. Манай салбар өнгөрсөн 4-5 жилд үнэхээр донсолж байсан. Тэнд ч хүн халагдаад, энд ч нэг нь даргатайгаа муудалцаад, бүр газрын дарга нар нь хүртэл сайдынхаа эсрэг бичиг шидэлцсэн ийм л байлаа. Одоо манай салбарт албан тушаалын тэмцэл алга болсон. Эмч та даргын төлөө бүү тэмц. Эмч хүн эмчээрээ л бай. Дарга хүнийг өөр хүн томилдог.

-Иргэдэд үйлчилж байгаа жирийн эмч нар хэр зэрэг ёс зүйтэй болсон бол таныхаар?
-Ер нь надад гомдол санал их ховор ирж байна. Гэхдээ доголдол байгааг үгүйсгэхгүй. Намайг ажлаа авч байх үед ЭНЭШТ дээр ийм завхрал гарч байсан. Эхчүүд уйлж, хүүхдүүд үхэж байна гээд бөөн дуулиан шуугиан гарч байсан. Тэгэхэд би шалгалт оруулаад, дараа нь нэг ч даргыг халаагүй. Холбогдох дарга нараа удирдаад Эх нялхсын том эмч нар, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан 20-иод хүний бүрэлдэхүүнтэй менежментийн баг ажиллуулсан. Түүний ачаар ч  ЭНЭШТ-д байсан бүх муу муухай илэрсэн, сайн сайхан нь ч тодорсон. Ер нь эмнэлгийн дарга хүн эмч байх албагүй гэж хүртэл хэлж байгаа.

-Яагаад?
-Менежмент маш сайн хийдэг хүн л өнөөдөр эмнэлгийг толгойлно. Харин тэр даргын дор жинхэнэ мэргэжил боловсролтой эмч нар эмчилгээгээ, амбулаторио, тасгуудаа хариуцсан байх ёстой. Эмнэлгийн дарга хүн эмчлэхгүй, харин тэр эмнэлгээ сайхан болгохын тулд менежмент хийж чаддаг байх ёстой.

-Тэгвэл боловсролын салбарт олон жил ажилласан хүн ЭМ-ийн сайд хийж байгаа нь буруу гэсэн шүүмжлэлийн өөдөөс Та ингэж хариулах нь ээ?
-Сайдын тухайд өөр. ЭМ-ийн сайдаар намайг ерөнхий сайд томилохдоо "Би С.Ламбаа гэдэг хүнийг улс төрчийнх нь хувьд, УИХ-д олон жил сонгогдож, нийгмийн бодлогын асуудал хариуцаж байсных нь хувьд томилж байгаа болохоос тариа хий гэж явуулаагүй" гэж байсан. Сайд бол улс төрийн бодлоготон. Гэхдээ би эрүүл мэндийн салбарыг мэдэрч л чадах ёстой.

-Тэгээд мэдэрч байна уу?
-Би олон жил парламентад эрүүл мэндийн асуудал хариуцаж, хуультай нь олон жил ноцолдчихсон учраас сайн мэдэрч чадаж байгаа. Би ирээд энэ эмнэлэг ямар байдаг юм, энийг яадаг юм гэж нэг ч газраар ороогүй. Энийг яаж өөрчлөх вэ гэдгийг л бодож байсан. Яагаад гэвэл УИХ-ын гишүүн байхдаа би энэ бүх эмнэлгээр орж үзсэн. Хөдөөгийн эмнэлгийг би ямар байдгийг цөмийг нь мэднэ.

Тэгэхээр улс төрийн бодлоготон улс төрч хүнийхээ  хувьд энэ салбарын бодлогыг л тодорхойлох ёстой. Тэрнийхээ л төлөө зүтгэж байна. 20 жил эрүүл мэндийн салбарт чөлөөт тогтолцоо ноёрхлоо. Одоо л цэгцлэх цаг болсон. Томоохон эмнэлэг бүрт чанарын хяналтын алба гэж байдаг. Тэр албыг өөрчилж байгаа. 

Уг нь энэ албаны даргыг эмнэлгийн дарга нь томилдог юм. Одоо бол дүрмийг нь сайд батлаад, чанарын хяналтын даргыг нь сайд томилдог болох гэж байна. Дараа нь сайд, мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын хамтарсан тушаалаар чанарын хяналтын албаныханд орон тооны бус улсын байцаагчийн эрх өгөх гэж байна. Ийм эрх авсан хүмүүс даргаа ч, тэнд байгаа эмчийг ч торгож болно. Иргэн та гомдолтой байгаа бол тэр хяналтын албанд л хандна. Хяналтын алба нь гомдлыг хянаж шалгаад авдаг арга хэмжээгээ авна. Ингэж хөндлөнгийн хянналтыг чангалснаар эмч нар ч айдаг зүйлтэй болно, эмнэлгийн ажил ч сайжирна.

-Би таван жил эмнэлэгт хэвтээгүй байтал миний Эрүүл мэндийн даатгалд төлсөн мөнгөөр өөр хүмүүс таван удаа эмнэлэгт хэвтчихдэг гаж тогтолцоог яах вэ?
-Яг энэ л анхаарлын төвд байна. Иргэний эрүүл мэндийн даатгал өөрөө бие даасан тогтолцоо байх ёстой. Өнөөдөр та эмнэлгийг санхүүжүүлдэг байх  биш, өөртөө зориулдаг байх ёстой юм. Өөрөөр хэлбэл, даатгалаар зөвхөн эмнэлэгт хэвтэх биш, онош тавиулах, шинжилгээ хийлгэх, хэвтэж эмчлүүлэх, нөхөн сэргээлт хийлгэх,  сувилалд явах, бүр фитнессээр хичээллэхэд ч яагаад ашиглаж болохгүй гэж. Би эрүүл мэндийн тухай, даатгалын тухай гээд хэд хэдэн хуулийг шинэчилж батлуулахаар хөөцөлдөж байна.

Өмнө нь Нийгмийн бодлогын асуудал хариуцаж байхдаа "Эмнэлэгт хэвтэхгүй гурван жил болсон хүнийг ямар ч үнэ төлбөргүйгээр бүх оношлогоог нь хийнэ" гэж хуульчилж өгсөн. Гэтэл сайд болоод иртэл энэ огт хэрэгждэггүйг мэдсэн. Гурван жил эмнэлэгт хэвтээгүй гэж ирдэг хүн ч  байдаггүй, тэр хүн гурван жил эмнэлэгт хэвтээгүй шүү гэж мэддэг эмнэлэг ч үгүй юм билээ. Тэгэхээр бид тогтолцоогоо шинэчлэхийн тулд даатгалын цахим картад шилжих ёстой. Тэр картанд миний эмнэлэгт хэвтсэн үгүй бүх мэдээлэл багтана гэсэн үг.

-Та эмнэлгүүдийн үйлчилгээнд ямар дүн тавих вэ?
-Нуулгүй хэлэхэд, манайх шиг эмнэлэгтэй орон хаа ч байхгүй. Эмнэлэг гэхээсээ илүү хүний төлөө, амралтын газрууд л болчихсон гэж хэлж болно. Бод доо, манайд дусал хийлээ гэхэд орон дээр хэвтүүлээд цонхыг чинь хаагаад хөнжлөөр хучаад баглачихна. Харин бусад оронд бол өвчтөн дуслаа залгуулсан хэвээр хоол идээд, дэлгүүр хэсээд явж байна.

-Монголын эмнэлэг ийм болоход хол байна уу?
-Ойрхон байна. Мөрөөдөл бол их бий. Нэг сайхан том оношлогоо эмчилгээний төвтэй болчихсон юмсан гэж бодож байна. Одоо энэ дөрөвдүгээр төрөхийг жинхэнэ жишиг төрөх болгох санаа байна.

-Эрүүл мэндийн үйлчилгээг чанаржуулах, хүнд хүрдэг болгохын тулд юу хийх ёстой юм бэ?
- Монголын эмч нар ард түмнийхээ эрүүл энхийг төлөө зүтгэсээр ирсэн гэдгийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Тэр байтугай дэлхийд байхгүй мэс заслыг ч манай эмч нар хийж байна. Юунаас болж чадалтай байж чадахгүй байна вэ гэвэл мөнгө санхүүгийн чадварт байгаа юм. Өнөөдөр эмнэлгүүд эмийн өрөнд орлоо гэж яриад л байгаа биз дээ.

Эдийн засгийн хямралаас болоод төсөв танана гээд бүх салбарыг танаад хаячихаар эрүүл мэндийн салбарт арай гэж хүрч явсан мөнгө нь хүрэхээ байчих жишээтэй. Ямар ч тохиолдолд эрүүл мэндийн салбар орхигдох ёсгүй. Сургууль долоо хоног завсардлаа гэхэд боловсролыг нөхөөд олгочихож болно. Гэтэл эрүүл мэндийг хэзээ ч нөхөж болдоггүй л байхгүй юу. Тэр алдаанаас болж хэн ч амь эрсдэж болно. Эрүүл мэндийн салбарын зардал мөнгийг танана гэж УИХ дээр ярихад би чадлаараа эсэргүүцсэн. Уг нь Засгийн газар хасалгүй хэвээрээ үлдээсэн ч УИХ дээр очоод л төсөв бусад яамтай адил 10 хувиар багассан.

-Тэр нь ямар хэмжээний мөнгө вэ?
-5.6 тэрбум төгрөгөөр багасгасан. Төсөвт суулгаагүй, зардал ч их гарах юм байна шүү дээ. Бодоод үз. Сая 200-300 хүүхэд хордож ХӨСҮТ-д 14 хоноход л бүхэл бүтэн нэг сарын төсвийг зөвхөн тэр хүмүүсийн амийг аврахад зарцуулсан. Гэтэл тийм гэнэтийн зардлыг хэзээ ч төсөвлөдөггүй.

-Хямралаас болоод таначихсан юм уу, эсвэл анхнаасаа төсөвлөдөггүй байсан юм уу?
-Анхнаасаа. Гэхдээ заавал төсвөөс авах биш. Хариуцлагын тогтолцоог сайжруулах хэрэгтэй. Осол боллоо гэхэд хариуцлага алдсан жолоочоос, хүүхэд хордуулсан компаниас, буруутай этгээдээс нөхөж бүх зардлыг авдаг баймаар байна. Хөөрхий муу эмч нар чинь өдөр шөнөгүй зүтгэж байгаад л эвлүүлээд боогоод янзалчихаж л байна.Гэтэл өнөө машины эзэн, компани ямар ч хариуцлага хүлээдэггүй. Энэ тогтолцоог бид өөрчлөх ёстой. Өөрөөр хэлбэл, хэрвээ би хүнд хортой юм өгчихвөл дараа нь шатна гэдгээ мэддэг тогтолцоо руу явмаар байна. Тийм ч учраас саяхан Осол гэмтлийн Үндэсний хөтөлбөрийг Засгийн газраар батлууллаа.

-Яг ийм нэртэй Үндэсний хөтөлбөр байсныг нь би санаж байна. Үр дүнг нь харин мэдээгүй өнгөрсөн…?
-Шинэчилсэн маягаар өргөжүүлж баталсан. Энд миний сая ярьсан өөрчлөлт, хариуцлагын асуудал бүгд багтсан байгаа.

-Та хордлогын талаар ярилаа. Төмөр замын цэцэрлэгээс салбарласан хүүхдийн өвчлөлийг ХӨСҮТ, Мэргэжлийн хяналтын эцсийн шинжилгээний хариу гарахгүй байгаа нь ямар учиртай юм бэ?
-Хоёр хоногийн өмнө эцсийн хариуг нь гаргасан шүү дээ.

-Зөрүүтэй мэдээлэл байсан. Танд яг юу гэж оношилсон гэж мэдэгдсэн бэ?
-Гэдэсний савханцар, хордлого гэсэн. Ер нь оношоо зарлахгүй нуугаад байна гэдэг үгийг хүлээж авмааргүй байна. Би эмнэлгүүддээ үүрэг өгсөн. "Та нар яаравчлан онош тогтоож, тийм байсан ийм байсан гэж яарч зарладагаа боль". Яарна гэдэг тийм ч сайн зүйл биш. Тухайлбал, сая "Жонон сүү"-гийн тарганд нь юу байсан юм бэ гэдгийг нарийн мэргэжлийн халдвар дархлалын хүнээ дуудаад уулзаад асуухад "Сайдаа, энд яарах хэрэг байхгүй. Хамгийн гол нь цаад учрыг нарийн тогтоохгүй бол болохгүй гэсэн.

Нөгөө талаасаа хүн эмчлүүлчихнэ гэхээсээ илүү эрсдэлээс өөрийгөө хамгаалж байх ёстой юм. Үгүй ядаж л идэх гэж байгаа зүйл чинь юу болохыг эрүүл хүнс үү биш үү гэдгийг мэдэж байх ёстой. Нэг итгэмээргүй баримт хэлэх үү. Н1N1-ийн шинжилгээг хаана нотолж байна гээч. Зайсангийн мал эмнэлгийн лабораторид. Монголд хүндээ зориулсан тийм том лаборатори байхгүй мөртлөө малынх нь байдаг. Би сая дэлхийн эрүүл мэндийн 60 дугаар чуулган дээр ичихгүй хэлсэн. Хүнд зориулсан ийм том лаборатори байгуулахад туслаачээ гэж. 

-Юу гэж байна?
-ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга их нааштай хүлээж авсан. Одоо энэ тараг гэж янз бүрийн юм яриад л байна. Яг хүнсний зориулалтын лаборатори манайд байхгүй шүү дээ. Хүнсний эрүүл орчны шинжилгээ хийдэг лабораторийг энэ жилийн төсөвт л нэг юм суулгаж авсан.

-ДОХ-ын 58 тохиолдол илрээд байна. Хамгийн сүүлд гэхэд 20 гаруйхан настай хүнээс вирус илэрсэн. Гэтэл ДОХ-той тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгждэг. Гадны тусламжаар өч төчнөөн төгрөг зардаг. Юу хийдэг юм бэ?
-Сүүлийн үед С.Ламбаа сайд ДОХ ХДХВ-тэй тэмцэх аргаа олсон, ингэнэ тэгнэ гээд л миний талаар сонинууд нэлээн бичих болж. Бид аргаа их зөв олох ёстой юм. Яаж тэмцвэл, яаж арга хэмжээ авбал амжилт олох вэ гэдгээ тогтоох ёстой шүү дээ.

-Одоо болтол тогтоогоогүй байгаа хэрэг үү?
-ДОХ-той тэмцэнэ гэдэг нийтэд хамаарчихаад байгаа юм. Бүх хүнийг бэлгэвчээр хангана гэдэг ч юм уу, бүх хүнд мэдээлэл сурталчилгаа хүргэнэ гээд ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу явж байгаа шүү дээ.

-Тэр нь буруу юу?
-Чи боддоо. 58 тохиолдлоос ямар хүмүүс илүү өртөөд байна вэ гэхээр биеэ үнэлэгч, ижил хүйстнүүдийн дунд л байна. Гэр бүлтэй, амьдралтай болчихсон хүмүүсийн дунд байхгүй байгаа биз дээ. Тэгэхээр тэр их мөнгийг ингэж нийтийн дунд үргүй цацаад яах юм бэ. Биеэ үнэлэгч, ижил хүйстнүүдийн асуудлыг шийдэхэд л заръя л даа. Ерөөсөө хүнийг хясах тусам улам аюул боддог биз дээ. Тэгэхээр чөлөөт нийгмийн тогтолцоонд байгаа юм бол хамгийн хүлээн зөвшөөрөгдсөн хэлбэрээр нь шийдье л дээ.

-Та ижил хүйстнүүд, биеэ үнэлэгчдийг чөлөөтэй орхичих гэх гээд байна уу?
-Яагаад болохгүй гэж. Түүнйигээ монголчуудын зан заншил, ёс зүй, сэтгэхүйтэй яаж нийцүүлэх вэ гэдэг нь л гол. Гэхдээ энэ зөвхөн миний шийдэх асуудал биш. Санхүүжилтын хувьд улсын төсвөөс бараг мөнгө зардаггүй. Манай Глобаль сангийн нэгжүүд сайн ажил-ладаг учраас гаднаас хангалттай хөрөнгө оруулалт орж ирдэг. Нийтдээ Монгол Улс 30 тэрбум доллар зарчихаад л сууж байгаа шүү дээ.

-Ямар хугацаанд?
-Монголд Глобаль сан орж ирээд 8-9 жил болж байна. Манай улс ДЭМБ-аас зарлаж байгаагаар ДОХ өвчнийг маш сайн тогтоон барьж байгаа оронд тооцогддог. Дэлхийн хэмжээнд огт байхгүй, өсөлтийг тогтоон барьж байгаа, хурдацтай гэх мэтээр ангилдаг.

-Тогтоон барьж байна гэдэг нь үр дүнд хүрээд байна гэсэн үг үү?
-Мэдээж огт үгүй болгоно гэдэг хэцүү шүү дээ. 1992 оноос эхэлчихсэн энэ асуудлыг одоо тас цохиод алга болгоно гэдэг бэрх. Гэхдээ ДОХ гэдэг чинь ямар салхиар хүрээд ирэх биш. Манайхан архидан согтуурах, замбараагүйдэлд орох нь бид нарын аймшгийг бий болгоод байгааг ойлгох ёстой юм. Тэгэхээр өөрөө өөрийгөө эрсдлээс сэргийлж чадвал ДОХ нэг л өдөр бий болсон шигээ арилж л таараа.

-Монгол бол хүүхдийн эмчгүй улс. Яагаад хүүхдийн эмчийг бэлтгэж болохгүй байгаа юм бэ?
-ЭМШУИС-ийнхэн дэлхийд хүүхдийн эмч бэлтгэдэггүй гэдэг юм.  Манай хувийн дээд сургууль болохоор хүүхдийн эмч бэлтгэж л байгаа. Намайг дээд боловсролын хороонд дээд боловсрол хариуцаж байхад бид хүүхдийн эмчийг хамгийн түрүүнд бэлтгэдэг байлаа. Одоо ямар гээч онол нь гараад ирчихсэн юм. Хүүхэд ч, хүн цөмөөрөө адилхан бие махбодитой учраас ерөнхий эмч гээд гараад ирсэн. Ерөнхий эмч нь цаашаа хоёр жил эмчээрээ ажилласны дараа дахиж сураад хүүхдийн эмч болдог юм гэсэн. Хүүхдийн эмч эмч сэтгэл зүйн хувьд асар бэлтгэлтэй байх ёстой гэж боддог. Гэтэл өнөөдөр эмч болоод гарчихсан хүмүүс энэ улаан нялзрай хүмүүстэй ажиллаж байснаас мөнгө олчихоор юманд мэргэшсэн нь дээр гэсэн бодол бүх хүний толгойд орчихсон байна.

Тийм болохоор ЭНЭШТ болон төрөх эмнэлгүүдэд ажиллаж байгаа энэ эмч нарын цалинг хамгийн өндөр байлгаж байж хүүхдийн эмчтэй болно. Бас хүүхдийн эмч болох сонирхолтой хүмүүсийг дараагийн шатны буюу нарийн мэргэжлээр сурах зардлыг нь төрөөс даадаг болъё.

Би ЭНЭШТ, төрөх эмнэлгүүдээр орохоор үнэхээр сэтгэл эмзэглэдэг юм. Тэрний хажууд байгаа эмч, суви-лагч нарыг хараад хамар шархирдаг. Төө хүрэхгүй тэр нялзрай "амьтад"-тай зууралдаад зогсч байгаа эмч сувилагч хоёрыг хараад бахархахаас өөр яах вэ.

Тэр байтугай та төрлөө гэхэд танд зардал гарахаас биш таниас гарсан хүүхдэд нэг ч төгрөг төсөвт суулга-даггүй. Уг нь эх хүүхдийн төсөв тусдаа байдаггүй юм гэхэд, нярайн зардлыг эхийнх дээр нэмж оруулах ёстой.

-Та эмчлүүлэхийн төлөө биш өөрийгөө эрсдлээс хамгаалах ёстой гэж ярьсан. Эрүүл мэндийн сайд хүн гэр бүлийнхэндээ эрүүл мэндийн ямар зөвлөгөө өгдөг бол?
-Ний нуугүй хэлэхэд мань мэтэд нялх хүүхэд гэж байх биш. Манай эхнэр л намайг бөөцийлнө шүү дээ. Би гэхдээ жилд нэг удаа байнгын үзлэгт орж бай гэж гэрийнхэндээ хэлдэг, шаарддаг. Яахав би бол насаараа л тэрнээс хол явсан хүн. Нэг эмнэлэгт үзүүлэхээр тэр чинь муу байна гэхээр сэтгэлээр унана гээд үзүүлдэг ч үгүй байлаа.

-Та Эрүүл мэндийн сайдын хувьд Засгийн газрын тэргүүнийхээ эрүүл мэндэд санаа зовох ёстой хү-ний нэг. Ерөнхий сайдС.Баяр дахиж Солонгос явах шаардлагатай юу?
-Одоо тэрийг яриад яах вэ. Дахиж явах шаардлагагүй.

-Ер нь сүүлийн үед танай салбар их савлагаатай байна. Та бүтэн нойртой хонож чадаж байна уу?
-Тэгтлээ савлачихаагүй байгаа. Одоохондоо сайдаа нойргүй хонуулах дээрээ тулчихаагүй л байна. Гэхдээ Эрүүл мэндийн сайд утсаа унтраадаггүй журамтай. Тэгээд ч би шөнө энхийн манаанд зогсч байгаа эмч нартаа итгэдэг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.