Оюутолгойн үүцийг задлах эрх нээгдлээ

2009/10/07
Share |
Хүмүүс:
Оюутолгойн үүцийг задлах эрх нээгдлээ

Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа намрын дунд сарын дашням, балжинням давхацсан өлзийт сайн өдөр боллоо.

Төрийн ордны их танхимд болсон энэ ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр болон УИХ, Засгийн газрын гишүүд, иргэдийн болон хөрөнгө оруулагч талын төлөөлөл хүрэлцэн ирсэн байлаа. Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагааг зохион байгуулахдаа төр, засгийн эрхмүүд эртнээс баримтлан ирсэн Монгол цаг тооллыг барьж байлаа. ёслолын ажиллагааг энэ өдрийн хонин цагт Монгол Улсын Төрийн соёрхолт Намсрайжавын “Баярын жавхаа” зохиолоор эхлүүлэв.

Оюу толгой ордын хөрөнгө оруулалтын гэрээнд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчны сайд Л.Гансүх болон “Рио Тинто интернэшнл холдингс лимитед” компанийн Зэс, очир эрдэнийн булгийн Ерөнхий захирал Брет Клейтон, “Айвенхоу майнз Монголиа инк” ХХК-ийн Ерөнхий захирал Кийт Маршал, “Айвенхоу майнз лимитед” компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит нар гарын узэг зурав. Хөрөнгө оруулалтын хувь нийлүүлэгчдийн гэрээнд манай талыг төлөөлж “Эрдэнэс MGL” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш, хөрөнгө оруулагчдыг төлөөлж “Айвенхоу Оюу толгой лимитед” компанийн эрх зүйн асуудал хариуцсан гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Жон Фониан, “Оюу толгой Нидерланд Би Ви” компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит нар, урьдчилгаа төлбөрийн гэрээнд Сангийн сайд С.Баярцогт, “Айвенхоу майнз Монголиа инк” ХХК-ийн Ерөнхий захирал Кийт Маршал нар тус тус гарын үсэг зурлаа.

С.БАЯР: БАЙГАЛИЙН БАЯЛАГИЙН АШИГЛАЛТЫГ ТӨГӨЛДӨРШҮҮЛЭХ АЖЛЫН ГАРААНЫ ТОРГОН ЗУРВАС БОЛЖ БАЙНА

Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслолын лараагаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр үг хэллээ. Тэрбээр, өнөөдөр байгуулж байгаа Оюу толгой төслийн Хөрөнгө оруулалтын энэхүү гэрээ нь байгалийн баялгийн ашиглалтыг төгөлдөршүүлэх ажлын гарааны торгон зурвас болж байна. Гэрээ байгуулагдсаны дараа Монгол улсад орж ирэх урьдчилгаа төлбөрийн хөрөнгийг юуны өмнө хүн амынхаа бүртгэлийг боловсронгуй болгон төгөлдөршүүлэх зорилго, чиглэлээр ашиглах нь зүйтэй юм. Монголын төрийг Монгол Улсын иргэнтэй нь нягт холбосон бүртгэлээ төгөлдөршүүлэх нь байгалийн баялгаасаа олох ашгаа ард иргэддээ эх орны хишиг, эрдэнийн хувь хэлбэрээр хүртээхдээ чухамдаа тэгш, шударга байх үндсэн зарчим, ажлын арга хэлбэрээ төгөлдөршүүлэх гол үндэс суурь болно гэж үзэж байна. Ийнхүү Оюу толгойн орд газрын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, цаашдын үйл ажиллагааг шуурхай өрнүүлснээр бидний дэвшүүлж, хэрэгжүүлж ирсэн таван төгөлдөршлийн зорилтын эдийн засаг-нийгмийн чиглэлтэй эхний гурав нь биелж эхэлж байгаад Монгол Улсын Ерөнхий сайд миний бие хязгааргүй их баяртай байна. Хэдэн жилийн дараа Монгол улсын эдийн засаг илүү төрөлжсөн, олон тулгуур бүхий хөгжингүй бүтэцтэй, ашигт малтмалыг боловсруулах эцсийн бүтээгдхүүний үйлдвэрлэл үлэмж хөгжсөн, өрсөлдөх чадвар сайтай улс орон болно гэдэгт би Ерөнхий сайдын хувьд огт эргэлзэхгүй байна. Саяхан манай Засгийн газар Монгол Улсыг үйлдвэржүүлэх Хөтөлбөр баталж, зэсийн баяжмалаас цэвэр зэс ялгах цогцолборыг ойрын хугацаанд багтаан байгуулахаар шийдвэрлэснийг билигт сайн энэ өдөр монгол түмэндээ сонордуулах нь зүйтэй гэж үзэж байна. Ийнхүү Монгол улс зөвхөн түүхий эд бэлтгэн нийлүүлэгч бус нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдхүүн үйлдвэрлэгч болох зорилтот хөтөлбөрөө ханган биелүүлэх болно. Түүнчлэн төмөрлөгийн болон газрын тосны эцсийн бүтээгдхүүн үйлдвэрлэх зэрэг улс орны хөгжил, дэвшилтэй холбоотой олон чухал асуудлууд тус хөтөлбөрт тусгагдасныг энэ дашрамд бас дуулгая гэлээ.
Үүний дараагаар УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан, УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, төр, нийгмийн зүтгэлтэн Ц.Содном нар үг хэлсэн юм.

МОНГОЛЫН ТАЛТАЙ ОЛОН ЖИЛИЙН ТУРШ ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦААТАЙ БАЙХЫГ ХҮСЧ БАЙНА

“Рио Тинто интернэшнл холдингс лимитед” компанийн Зэс, очир эрдэнийн бүлгийн Ерөнхий захирал Брет Клейтон, хэлсэн үгэндээ “2006 онд анхны хөрөнгө оруулалтаа энэ төсөлд хийснээс хойш би гэрээний яриа хэлэлцээрт өөрийн биеэр оролцож, Монголд олон удаа ирж байсан болохоор өнөөдөр сэтгэл хангалуун байна. Оюу толгойн ордыг ашиглахад чухал ач холбогдол бухий үйл явдал боллоо гэж үзэж байгаа юм. Ингэснээр миний баттай итгэж байгаагаар дэлхийд ашиглагдаагүй хамгийн шилдэг орд дээр хамтран ажиллах гэж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд энэ ажлыг урагшлуулах талаар нэлээд хичээл зүтгэл гаргаж ажиллалаа. Энэ нөөцийг илрүүлснээрээ “Риотинто” компани ихээхэн хувьтай гэж үзэж байна. Бид маш олон жилийн турш Монголын талтай түншлэлийн харьцаатай байхыг хүсч байна. Өнөөдрийн үйл явдал бидний хамтын ажиллагааг урагшлуулахад чухал алхам боллоо. Эдийн засгийн хөгжлөө түргэтгэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэх энэ төсөл Монгол улсад ажлын байр бий болгож байгаагаараа ихээхэн онцлог юм. Бид 20 жилийн өмнө Чили улсад уул уурхайн төсөл хэрэгжүүлж байсан. Саяхан Мадакаскарт хэрэгжүүлсэн төслүүд хоороццоо төстэй байгааг олж харсан. Эдгээр уурхайнууд үндэсний хөгжлийн чиг хандлагуудыг тодорхойлоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Бид ил тод байдал, хүндэтгэл, нэгдмэл хүсэл дээр тулгуурласан урт хугацааны өгөөжтэй харилцааг сонгож байна гэсэн юм.
“Айвенхоу майнз лимитед” компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит “Оюу толгой бол Монгол улсад урьд өмнө хэрэгжиж байгаагүй дэлхийн томоохон уул уурхайн орд бөгөөд Монгол улсын баялаг түүхэнд бичигдэх шинэ амжилт билээ. Энэ төсөл Монгол орны үсрэнгүй хөгжил, монгол хүний тэмүүллийг биелүүлэх тэргүүлэгч бизнес болж чадна гэдгийг нотлон өгүүлэхэд таатай байна” хэмээн онцолсон юм.

БИД ХЯТАДЫН ЯМАР НЭГ ЭХ ҮҮСВЭРЭЭС ЭНЭ ТӨЛБӨРИЙГ ХИЙХГҮЙ

Ёслолын үйл ажиллагааны дараагаар Баганат танхимд хэвлэлийн бага хурал хийлээ.
Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт,
-Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа. Засгийн газар энэ гэрээг байгуулахыг зөвшөөрсний дагуу гарын үсэг зурсан бөгөөд Монгол улсын хууль тогтоомж, олон улсын гэрээгээр хүлээсэн эрх үүргийн хүрээнд энэ гэрээ байгуулагдсан гэдгийг онцлон тэмдэглэе. Энэ гэрээ байгуулагдсанаас хойш гурван мянга гаруй ажлын байр бий болж, дэд бүтэц хөгжинө. Оюу толгой төслийн араас Таван толгой төсөл залган, бусад төслүүд хэрэгжиж Монгол улсын XXI зууны бүтээн байгуулалт цэцэглэх болно гэсэн юм.
Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаар “Оюутолгой” ХХК гэж нэрлэж байгаа юм байна. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан талууд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Урьдчилгаа төлбөрийн 100 сая ам.долларыг олсон. Бусдыг нь Хятадын компаниас авах тухай яриа гарч байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

“Айвенхоу майнз Монголиа инк” ХХК-ийн Ерөнхий захирал Кийт Маршал:
-Та бүхэн манай компанийн вэб сайтад ороод үзвэл 300 гаруй сая долларын бэлэн мөнгөний үлдэгдэлтэй байгаа. Бид Хятадын ямар нэг эх үүсвэрээс энэ төлбөрийг хийхгүй гэдгийг мэдэгдэж байна.

-Өнөөдөр Төрийн ордныг тойрон жагссан хөдөлгөөнийхөн, гэрээнд гарын үсэг зурсан сайд нар хууль зөрчлөө. Тэдэнд гарын үсэг зурах эрх байхгүй гэж байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

Сангийн сайд С.Баярцогт:
-Өнөөдөр Засгийн газар хуралдаж 308 дугаар тогтоол гаргасан. Энэ тогтоолд Оюу толгойн ордыг ашиглах УИХ-ын 54 дүгээр тогтоол, Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн 23 дугаар зөвлөмжийг үндэслэн тогтоол гаргасан байгаа. Тогтоолоор “Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголиа Инк”, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тйнто Интернэшнл Холдингс Лимитед компанийн хоорондын Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнд Засгийн газрыг төлөөлж, гарын үсэг зурах эрхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарт олгов.
Мөн “Айвенхоу майнз Монголиа Инк” ХХК-ийн Хувь нийлүүлэгчийн гэрээнд гарын үсэг зурах эрх олгох тухай хэлэлцээд эрхийг “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбишт, Урьдчилгаа төлбөрийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд С. Баярцогтод тус тус олгов” гэсэн байна. Тиймээс бид хууль зөрчөөгүй.

-Оюу толгойд хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалт хийх вэ?

“Айвенхоу майнз Монголиа инк” ХХК-ийн Ерөнхий захирал Кийт Маршал:
-Төслийн нийт өртөг дөрввн тэрбум ам.доллар. Үүнээс хоёр тэрбум ам.долларыг нь бид өөр эх үүсвэрээс босгох асуудал байгаа.

-Оюу толгойн ордод ажиллах хүчний хэдэн хувь нь монголчууд байх бол?

-Монголын мэргэжилтэй ажиллах хүчийг аль болох ахиухан сургаж бэлтгэнэ. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхлэх үед нийт ажиллах хүчний 90 хувьд Монгол ажилчид авч ажиллуулах боломж бүрдсэн гэж бид үзэж байгаа. Барилгын шатны ажилд нийт ажиллах хүчний 60 хувь нь монгол ажилчид байна.

-Гэрээнд гарын үсэг зурчихлаа. Урьдчилгаа мөнгө хэзээ орж ирэх вэ?

Сангийн сайд С.Баярцогт:
-Урьдчилгаа 250 сая ам.долларыг гурав хэсэг хувааж өгнө. Өнөөдрөөс 14 хоногийн дотор урьдчилгаа 250 сая ам.долларын эхний 100 саяыг оруулна. Энэ мөнгө аравдугаар сарын 21 гэхэд орсон байна. Хоёр дахь хэсгийнх нь 50 сая ам.доллар 2010 оны дөрөвдүгээр сард орсон байна. Харин гурав дахь хэсэг нь 2011 оны аравдугаар сард орсон байна. Гэхдээ энэ мөнгийг бид 2010 онд багтаан авахаар тохирсон.

Ийнхүү “Оюу толгой”-н үүцийг задлах эрхийг хөрөнгө оруулагчид авлаа.

Улаанбаатар Таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.