Оросын тоглоом, Монголын шоглоом

2009/10/08
Share |
Хүмүүс:
Оросын тоглоом, Монголын шоглоом

“Оросууд Парисын зээлдэгчдийн клубт гомдол гаргаж, Монголыг дарамталлаа. Монголчууд Орост амалсан ордоо канадуудад өглөө” гэсэн гарчигтай хоёр мэдээг Москва өдөр дараалан цацлаа. Дарамталж сүрдүүлэх зорилготой мэдээгээ “дарамталлаа” гэж гарчиглан улаан цайм сануулж байна. Монголын баялгийг олборлох эрхийн төлөөх өрсөлдөөнд ялж, орос экскаваторынхаа шанагыг зоохын төлөө хойд айлынхан улс төр, эдийн засгийн олон арга мэх хэрэглэж байгаа юм. Дарамт үзүүлэх нь орос соёлын нэг хэсэг. Ганзагын наймаанд явж асан бүх монголчууд ташаандаа нагаантай, тачир үстэй, товгор булчинтай рэкетүүд эмгэд хөгшдийг ч ичихгүй дарамталдаг байсныг мэднэ.
Дмитрий Медведев Халх голын дайны ойн хажуугаар байхгүй болсон “Их өр”-өөр дажин тарьсан.

Оросын Сангийн сайдын 1 дүгээр орлогч Дмитрий Панкин “Хэрвээ Монголын тал 180 сая доллараа шийдэхгүй бол Парисын клубт хандах хэрэгтэй болно” гэж Оюутолгойн гэрээг байгуулсан аравдугаар сарын 6-ны өдөр зориуд мэдэгдлээ. Хоёр орны эдийн засаг, хөрөнгө санхүүгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд, мөнгөний асуудлыг шийдэх нь чухал гэсэн байр сууриа бид Монголын талд нэг бус удаа илэрхийлсэн. Монголын тал биднийг удаа дараа хандсаар байхад хариу илэрхийлэхгүй, яриа хэлэлцээ хийхгүй байна.” гэж ноён Панкин ярьсан байна. Энэ бол Зөвлөлтийн биш Оросын үед бүрэлдсэн өр гэж Интерфакс тэмдэглэжээ. “Хамтарсан аж ахуйн нэгж “Монголросцветмет”-ийн Монголын талын хувь эзэмшлийн төлбөрийг оросууд өгсөн. Монгол өрөө төлөхгүй бол Орос олон улсын санхүүгийн байгууллага Парисын клубт хандаж, оны сүүлчээр болох хуралд өргөдөл гомдол оруулан хэлэлцүүлэхээс өөр аргагүй” гэжээ. Монголын Их өрийн 98 хувь шийдэгдсэн, харин үлдсэн хоёр хувь нь ойролцоогоор энэхүү 180 сая доллар гэж зориуд андууран, ташаа мэдээлсэн байна.

 Их өрийн хоёр хувь буюу 250 сая долларыг 2004 он гарахаас өмнө Монголын тал төлсөн. Оросын Внешэкэномбанкинд дахь өрийн данс тэг үлдэгдэлтэй болж хаагдсан хуулга баримт болон Их өр бүрэн шийдэгдсэнийг Сангийн сайд, Засгийн газрын дарга, Ерөнхийлөгч нар нь манайд илгээсэн албан тоотоороо нотлон баталсан билээ.
Их өрийн хоёр хувь 250 сая долларыг Монголын тал төлчихсөн, түүнийг нь хүлээж авсан байтлаа оросууд ахиад өөр хоёр хувь байгаа мэт төөрөгдүүлсэн мэдээлэл цацсаар байгаа юм. Ерөнхийлөгч Дима, Сангийн яамны 1 дүгээр орлогч сайд Дима нарын хоёр хувь үлдсэн мэт төөрөгдүүлэхүйц мэдээ-лэл, өгөөшийг тамын тогооны үлгэр хэлхдэг Монголын улс төр үмхэж авсны гор, өнхөрч унахын хор энэ. Хоёр хувийг нь төлчихөөд байхад хоёр хувь үлдсэн гэх тоглоомонд орж шоглоом болж байна. Энэ 180 сая доллар нь Их өрийн хоёр хувь огтхон ч биш, “Монголросцветмет”-ийн Монголын талын хувь хөрөнгийг бүрдүүлэхдээ зээлсэн мөнгө.

Их өрийг зохицуулах зарчмыг тохирсон хоёр улсын Ерөнхий сайд нарын “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн 3 дугаарт “тус нэгдлийн Монголросцветмет Монголын талын хувь хөрөнгийг бүрдүүлэх зорилгоор олгосон зээлийн өрийг чөлөөлж...”гэж Оросын засгийн газрын тэргүүний гарын үсэг, тамга тэмдэгтэй, хүчин төгөлдөр баримт бичигт цагаан дээр хараар, монгол, оросоор биччихсэн. Яг энэ заалтын дагуу манай Сангийн яам Орос төлөх өрийн үлдэгдэл гэж байхгүй хэмээн байр сууриа илэрхийлж байгаа хэрэг. “Өрийг чөлөөлнө” гэсэн болохоос төлнө гэж заагаагүй. Их өртэй хамт “Монголросцветмет”-ийн Монголын талын хувийг бүрдүүлэхэд оросоос авсан зээл чөлөөлөгдсөн байна. Путины “Дима” нэртэй бамбаруушнуудын Монголын эрдэнэс баялагт хүрэх арга хэрэгсэл л юм. Үүнийгээ ч нотолж, “Орост амалсан ордоо канадуудад өглөө” гэж Оюутолгойн гэрээ байгуулсан өдөр гөрдөж байна. Ерэн найман хувь нь тэглэгдэж, үлдсэн хоёр хувьд нь 250 сая доллар төлж, бүгд зуун хувь эцэслэн хаагдсан 2003 оны шийдвэрээс тэд буцаж чадахгүй боловч сэтгэл зүйн дарамт үзүүлж байгаа хэлбэр.

Харин Их өрийг шийдвэрлэх явцад чөлөөлнө гээд заан, зарчмыг нь тохирчихсон “Монголросцветмет” Монголын талын хувь хөрөнгийг бүрдүүлсэн зээлийн талаар тусгайлан гэрээг өдий хүртэл байгуулж, үргэлжлүүлэн мухарлаагүй тухайн үеийн Үйлдвэр худалдааны сайд Ч.Ганзориг, дэд сайд Эрдэнэ, хамтарсан компанийн ерөнхий захирал, одоогийн УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн нараас хариуцлага нэхэмжлэх ёстой болно. Мөнгө төлөхгүйгээр шийдвэрлэх зарчмыг нь Засгийн газрын тэргүүн нарын түвшинд батлаад өгчихсөн байхад гааль, татварын хөнгөлөлттэй орчинд ажиллах нэг аж ахуйн нэгжийн ашиг сонирхлын төлөө гэрээ байгуулаагүй Х.Бадамсүрэн одоо бүлх залгичихсан явна.

Оюутолгойн гэрээ зурагдахттай зэрэгцэн, Тавантолгойн нүүрс, Дорнодын уран зэргийг олборлохын тулд хоёр ч хамтарсан компанийг Ерөнхийлөгчийнхөө айлчлалын үеэр байгуулсан Монголын баялгийн төлөөх өрсөлдөөнд оросууд ялагдахыг хүсэхгүй, яарч шавдаж байна. Төлөх мөнгө биш техникийн чанартай зүйлс үлдсэн Их өрийг эх орны маань баялагт хүрэх арга техник, ов заль болгон хэрэглэж байна. 

Дмитрий Медведев “Их өрийн 98 хувийг тэглэсэн гээд хоёр хувь төлөгдсөн баримтыг л орхигдуулаад мэдэгдчихэд өвөр зуураа өс өвөрлөн тулалдахдаа сохорчихдог бид “Өө, бид өртэй л юм байна ш дээ. Энхбаярын гавъяаг л баллуурдаж байвал , эх орон ч яахав” гэж эвгүй бол хүчгүй байсан түүхээ давтах юм

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.