С.Баяр: гэрээг чамбайруулахад дэмжлэг үзүүлсэн Ерөнхийлөгчдөө баярлалаа

2009/10/09
Share |
Хүмүүс:
С.Баяр: гэрээг чамбайруулахад дэмжлэг үзүүлсэн Ерөнхийлөгчдөө баярлалаа

Эрдэнэтээс дөрөв дахин их ашигт малтмалын нөөцтэй Оюутолгойн ордыг ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах гэрээнд гарын үсэг зурлаа. Сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээсэн гэрээг дөрвөн жил боловсруулж, хоёр УИХ, гурван Засгийн газар дамжин хэлэлцсэн байна. Өвгөд дээдсийн үр хойчдоо үлдээсэн үүцийг задлах эрхийг С.Баярын тэргүүлсэн МАХН, АН-ын хамтарсан Засгийн газар эдэллээ. Монголчуудын буян хишиг арвижин дэлгэрч, хөгжиж цэцэглэхэд чухал хувь нэмрээ оруулах Оюутолгойн ордыг ашиглах гэрээ хэнд ашигтай болсныг цаг хугацаа харуулна. Гэрээнд гарын үсэг зурсан намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр ард түмэн төрөөс иргэн бүрт олгоно хэмээн амласан 1.5 сая төгрөгийг авах тухай ярилцаж байгаа.

Засгийн газрын гишүүн Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар 16 бүлэг 222 зүйл бүхий 30 жилийн хугацаатай хөрөнгө оруулалтын гэрээнд “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК-ийн удирдлагуудтай гарын үсэг зурлаа. Хөрөнгө оруулагчдыг “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн Зэс, очир эрдэнийн бүлгийн ерөнхий захирал Брет Клейтон,  “Айвенхоу майнз Монголия Инк” ХХК-ийн ерөнхий захирал Кийт Маршал, “Айвенхоу Майнз Лимитед” компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит нар төлөөлсөн юм.

Монгол улс ордын 34 хувийг эзэмшинэ. Хувь нийлүүлэгчдийн гэрээг Монголын талыг төлөөлж “Эрдэнэс Эм Жи Эл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш, Хөрөнгө оруулагчдыг төлөөлөн “Айвенхоу Оюутолгой /Би Ви Ай/ Лимитед” компанийн эрх зүйн асуудал хариуцсан гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Жон Фониани, “Айвенхоу Майнз Лимитед” компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит , “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК-ийн ерөнхий захирал Кийт Маршал нар үзэглэсэн.

Хөрөнгө оруулагч тал манай улсад урьдчилгаа төлбөр болгон 250 сая ам.доллар зээлээр олгохоор болсон. Энэхүү урьдчилгаа төлбөрийн гэрээг мөн байгууллаа. Энэ зээлээр хууль нь цуцлагдаж эх үүсвэргүй болсон хүүхдийн мөнгөн тэтгэмж болон ард түмэндээ амласан хишгээсээ иргэн бүрт 50 мянган төгрөг олгохоор ярьж буй юм. Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх ёслолд оролцохоор уригдсан зочид төрийн ордонд цуглаж байх үед иргэний хөдөлгөөнийхөн төрийн ордны баруун талд лоозон барин жагсаж байлаа. Ёслолын ажиллагаанд иргэний хөдөлгөөний төлөөлөл болон эсрэг байр суурь илэрхийлж байсан УИХ-ын гишүүд харагдсангүй.

Ерөнхий сайд С.Баяр болон “Айвенхоу майнз лимитэд инк” компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит нарын хэлсэн үгийг товчлон сонирхуулъя.

Ерөнхий сайд С.Баяр:
-Монгол орон ашигт малтмалын орд газраар баялаг гэдгийг олон жилийн туршид ярьж ирсэн ч өнөөгийн байдлаар илрээд байгаа ашигт малтмалын нөөцтэй харьцуулбал эдийн засгийн эргэлтэд оруулж, үр ашгийг нь хүртэж байгаа ашигт малтмалын томоохон орд газар цөөн байна.

Байгалийн баялгаа монгол хүнийхээ Монгол Улсынхаа хөгжлийн хурдасгуур болгоход ашиглах ёстой билээ. УИХ-аас хөрөнгө оруулагчидтай гэрээний төслийг хэлэлцэн тохирох талаар Засгийн газарт тогтоолоор өгсөн үүрэг удирдамж,  чиглэлүүд УИХ-ын гишүүдийн гаргасан санал зөвлөмж нь гэрээ байгуулах үйл явцыг хурдасгаж, Монголын талаас тавих шаардлага шалгуурыг тодорхой болгож өгснөөс гадна хэлэлцээ хийж байсан Засгийн газрын ажлын хэсгийнхний найдвартай ар тал өмөг түшиг болж ирснийг онцлон тэмдэглэж байна. Эрхэм гишүүд та бүхний гэрээний төслийн талаар гаргасан санал зөвлөгөөнд Засгийн газар онцгой анхаарч, гэрээний зүйл заалтуудад тусгаж ирсэн гэдгийг хэлэхэд таатай байна.

Гэрээний төслийг хэлэлцэх явцад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр удаа дараа нухацтай хэлэлцэж, гэрээг чамбайруулах ажилд дэмжлэг туслалцаа үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гүнээ талархаж байгаагаа  илэрхийлье гэлээ.

“Айвенхоу майнз лимитэд инк” компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит:
-Би Монгол Улсад 37 дахь удаагаа айлчилж байна. Манай компани монголчуудад дэлхийд шалгарсан шилдэг туршлагыг дэлгэрүүлж, бүх иргэнд хувь хүртээнэ. Оюутолгой төсөл бол дэлхийн хамгийн том уул уурхайн төсөл юм. Монгол Улсын түүхэнд нэн шинэ түүхийн хуудас нээх боломжийг олгосон Засгийн газарт талархал илэрхийлье.
Эзэн Чингисийн үед дэлхийн талыг эзэлж явснаараа бахархдаг монголчуудад эдийн засгаа сэргэн мандуулах боломжийг Оюутолгой олгоно хэмээн эрдэмтэд тооцоолсон байдаг. Ямар боловч Монголын Засгийн газар “Эрдэнэс Эм жи эл” ХХК, “Рио тинто” ХХК, “Айвенхоу майнз” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгө оруулалттай “Оюутолгой” ХХК байгуулагдлаа. Ард түмний амны хишиг мэдтүгэй.

Яндаж болдоггүй далай шиг
Яасан баян нутаг вэ
Ямар их хувь заяагаар бид нар эзэн нь болж төрөв өө гэж дуулсаар хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа ёслол төгөлдөр өндөрлөлөө

Б.ЖАВЗАНСҮРЭН

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.