Ашигт малтмалын хуулиас иргэд юу хүлээж байна вэ?

2009/10/09
Share |
Хүмүүс:
Ашигт малтмалын хуулиас иргэд юу хүлээж байна вэ?

УИХ-ын намрын чуулганаар Татварын хууль, концессийн хууль зэрэг олон чухал хуулийн төсөл хэлэлцэгдэхээр  хүлээгдэж байгааг иргэд шаардаж, улс төрчид ч хүлээн зөвшөөрч байгаа юм. Гэтэл нөхөн сонгуулийн халгиа, цалгиа, тэр бүү хэл өнгөрсөн сонгуулийн будлиан,  С.Эрдэнэ нарын  ээдрээтэй асуудал, Л.Гүндалайн авлигын хэрэг, хоёр намын улс төрийн сонирхол давамгайлснаар завсарлага авч, эсвэл хурал хаяж гардаг ээлжит шоу эхэлж, хуулийн төслүүд гацаанд орж магадгүйг ажиглагчид хэлж байна.

Одоо хүлээгдэж буй хуулийн төслүүдээс олон удаа өргөн баригдсан ч батлагдалгүй өнөөг хүрсэн  нь Ашигт малтмалын болон бичил уурхайн тухай хууль, Засгийн газрын  санаачилсан Ашигт малтмалыг гар үйлдвэрлэлийн аргаар олборлох тухай хуулийн төсөл юм байна.

Зах зээл, өмч хувьчлалын шуурганаар 1990-ээд онд  ажилгүйдэл, ядууралд нэрвэгдсэн  иргэд, 2000 оны зуд, дэлхийн дулааралтай холбоотой ган гачигт  малаа барсан малчид  “нинжа” болцгоосон  бол өнөөдрийг хүртэл  тэдний хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нийгмийн асуудлыг шийдэх талаар  төрөөс дорвитой алхам хийсэнгүй. Талын  шороог тарвага шиг   малтан  нүхэлж, хэзээ мөдгүй толгой дээрээс нь  нураад уначихаж  магадгүй аюулын ирмэгт алт олох гэж, амьдралаа залгуулах гэж улайран тэмцэж байгаа иргэдийн хувь заяа бүрхэг хэвээр өдий хүрлээ.

ГАР АРГААР  АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОГЧДЫГ ТӨР ХЭРХЭН АНХААРЧ ИРЭВ? 
-“Нинжа” нар аймаг, сум бүрт бий болж  газар шороо онгичиж эхлэхийн түрүүчээр буюу 2000, 2004 оны сонгуулийн дүнд байгуулагдсан УИХ, Засгийн газар  энэ асуудалд анхаарч, Бичил уурхайн эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар зарим арга хэмжээг авсан. Тухайлбал, Үйлдвэр, худалдааны сайдын 2002 оны 53 дугаар тушаалаар “Ашигт малтмалыг  үйлдвэрлэлийн бус аргаар олборлох түр журам”-ыг баталж хэрэгжүүлсэн ч үр дүнд хүрээгүй.

-2003 онд УИХ-ын гишүүн асан Л.Цэрэнжав “Ашигт малтмал гар аргаар олборлох тухай”  хуулийн төсөл  өргөн барьж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн ч УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд батлагдаж чадаагүй.

-2004 онд  УИХ-ын 76 дугаар тогтоолоор Засгийн газарт Бичил уурхайн тухай хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн барихыг даалгасан. Энэ тогтоолын дагуу 2006 онд Засгийн газраас 2006 онд  “Ашигт малтмалыг гар үйлдвэрлэлийн аргаар олборлох тухай” хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн З.Энхболд,  Г.Занданшатар, С.Ламбаа нарын есөн гишүүн “Бичил уурхайн  тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Хоёр хуулийн төслийг УИХ-ын холбогдох байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар  хэлэлцүүлсэн ч   төслүүдийг нэгтгэн сүүлчийн хэлэлцүүлгээр оруулах шийдвэр гаргасан ч мөн л батлагдаагүй өнөөг хүрсэн.

Ажилгүйдэл, ядуурал, ган зуд зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй холбоотой үүссэн “Нинжа” нарын үйл ажиллагаа нийгэмд   сайн, муу үр дагаврын аль алиныг нь авчирсаар байна.  Засгийн газраас  тэдэнд ажлын байр гаргаж өгөх боломжгүй нь сүүлийн үед үүссэн эдийн засгийн хямралаар батлагдаж байна. Гэсэн ч төрөөс тэдний  нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх учиртай.  Энэ хүрээнд  гар аргаар ашигт малтмал олборлож байгаа иргэдийг  зохион байгуулалтад оруулах, үйл ажиллагааг нь  эрх зүйн хүрээнд оруулж хяналт тавих хүрээнд бичил уурхайн хэлбэрээр хөгжүүлсэн тохиолдолд олон тооны ажлын байр бий болох, ажилгүйдэл, ядуурал буурах, хөдөөгийн тогтвортой хөгжилд зохих хувь нэмэр оруулах  хандлага байгааг ажиглагчид хэлдэг. Засгийн газраас ч “Хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг баталсан нь нааштай хандлага гэж болно. Энэ хүрээнд  Засгийн газар   эрх зүйн хэд хэдэн актыг 2008 онд   баталсан. Тухайлбал:

-”Хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг зохицуулах тухай” 28 дугаар тогтоол
-”Бичил уурхайг 2015 он хүртэл хөгжүүлэх дунд хөтөлбөр
-”Хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг зохицуулах 72 дугаар  түр журам”-ыг баталсан. Түр журам батлагдсанаар “нинжа” нар зохион байгуулалтад орж, өөрсдийгөө ХАМО иргэд хэмээн нэрлэх болсноос эхлэн нааштай өөрчлөлт цөөнгүй  гарчээ.
-2007 онд Ерөнхий сайдын үүрэг болгосны дагуу УМХГ-аас химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн хэрэгжилтэд хйисэн үзлэг шалгалтаар Баянхонгор аймгийн нутагт 13, Өмнөговь аймгийн нутагт тав, Дархан-Уул аймгийн нутагт гурав, Дорноговь аймгийн нутагт 16  газарт шалгалт хийж иргэдээс 147 тээрмийг хурааж устгасан. Тухайн үед үндсэн ордод хүдрээс алт ялгах, баяжуулахад мөнгөн ус хэрэглэх нь түгээмэл байсныг ТББ-ууд шахалт үзүүлсэн  ч нууц байдалд шилжсэн нь   Засгийн газрыг ийм алхам хийхэд  хүргэсэн. 

2008 онд Засгийн газар 28 дугаар тогтоолоороо “Хувиараа ашигт малтмал олборлож буй иргэдийн алтны үндсэн ордын хүдрийг баяжуулах үйл ажиллагааг 3-4 газар туршилтын хэлбэрээр төвлөрүүлэн зохин байгуулах, шаардлагатай бол хуралдаанаар шийдвэрлүүлэх”-ээр заасан. Энэ тогтоол гарснаар Төв аймгийн Борнуур сумын иргэдийн санаачилгыг дэмжин цех байгуулж,  иргэдийн байгуулсан “ХАМО” ХХК-д эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 120 сая төгрөг зээлүүлжээ. Энэ хүрээнд хувиараа алтны үндсэн ордоос хүдэр олборлож байгаа бусад аймгуудаас Баянхонгор, Сэлэнгийн иргэд цех байгуулах хү-сэлтээ Ашигт малтмалын газарт ирүүлээд байгаа аж.

-2008 оны УИХ-ын сонгуулийн дүнд байгуулагдсан УИХ, Засгийн газар Бичил уурхайн эрх зүйн орчнг бүрдүүлэх асуудалд ихээхэн анхаарч УИХ-ын 38 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2008-2012 онд боловсронгуй болгох үндсэн чиглэл”, 2009 оны 56 дугаар тогтоолоор батлагдсан УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт, УИХ-ын 2008 оны 35 дугаар тогтоолоор батлагдсан Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 1 дүгээр тогтоолоор батлагдсан “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” зэрэг баримт бичигт Бичил уурхайн эрх зүйн орчныг сайжруулах, хуулийн төслийг хэлэлцэх тухай асуудал тусгагджээ.

Засгийн газрын 2008 оны 72 дугаар тогтоолоор батлагдсан “Хувиараа  ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам” хэрэгжээд жил гаруйн хугацаа өнгөрлөө. Түр журмын хүрээнд иргэдэд олборлолт хийх газрыг нь зааж өгөх, хяналт тавих эхлэл тавигдаж байна. Зарим газар энэ асуудлыг шийдэхэд бэрхшээлтэй байгаа гэх мэдээлэл ч дуулддаг. Гэхдээ зөв зохион байгуулж чадвал шийдэхэд бэрхшээлтэй асуудал биш гэдгийг иргэд хэлдэг. Бичил уурхайн эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлаар  2009 оны дөрөвдүгээр сард Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын зөвлөл хуралдахдаа хуулийн төслийг сайжруулах хувилбаруудыг ярилцсан байдаг. Энэ хүрээнд  шийдэхэд бэрхшээлтэй зарим асуудлыг  шийдвэрлэх,  гарц бий болгох, санал боловсруулах  ажлын хэсэг байгуулсан бөгөөд бичил уурхайн хэрэгцээнд зориулан орон нутгийн тусгай хэрэгцээнд газар авдаг эрхтэй байх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Эцэст тэмдэглэхэд эдгээр хууль, журам, төслүүд хэрэгжсэнээр иргэд хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагаа бичил уурхайн хэлбэрт шилжих, Бичил уурхайн газрын асуудал шийдэгдэх, иргэд зохион байгуулалтад орохоос эхлэн тогтвортой  ажлын байр бий болгох, хөдөлмөр хамгаалал, нийгмийн бусад  харилцааг зохицуулах боломж бүрдэх юм. УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэгдэхээр дуншиж буй Ашигт малтмалын хуулиас иргэд үүнийг хүсч байна. Хуультай болвол ажилгүйдэл, ядуурал, ган зуд, байгалийн давагдашгүй хүчин зүйлийг сөрж  зүтгэж яваа иргэдийн амьдрал  шийдэгдэнэ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.