Авлигатай тэмцэх газар бүх шатанд шалгаж байна, тэгэхээр юуг нь "тул", юуг нь "жараахай" гэх вэ?

2009/10/09
Share |
Хүмүүс:
Авлигатай тэмцэх газар бүх шатанд шалгаж байна, тэгэхээр юуг нь

Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа байгууллага, үйл ажиллагааныхаа байр суурийг илэрхийлж "MM" агентлагт ярилцлага өгснийг манай сонин нийтэлж байна.
 

-Сүүлийн үед Авлигатай тэмцэх газрыг тойрсон мэдээлэл сонин хэвлэлээр гарч байна. Хэр үндэслэлтэй вэ гэдэгт Та ямар хариулт өгөх вэ?
-Авлигатай тэмцэх газар бол хараат бус бие даасан төрийн тусгай байгууллага гэдгийг хуульчилж өгсөн. Үүнтэй холбоотойгоор авлигатай тэмцэх байгууллагын ажилтнуудын аюулгүй байдал, нийгмийн баталгааг хангахыг төр хариуцахыг хуульд заасан байгаа. Авлигын эсрэг хуулийн 29-ийн тавд авлигатай тэмцэх байгууллагын алба хаагчийг орон сууцаар хангах асуудлыг улсын төсөвт тусган санхүүжүүлнэ гэж заасан. Тэр хуулийн дагуу манай байгууллагын төсөвт жил болгон зохих хэмжээний мөнгийг орон сууцны дэмжлэг үзүүлэхэд тусгайлан зориулж өгдөг. Орон сууцанд зориулаад өгсөн ч гэх юмуу, төрөөс авсан юм одоохондоо байхгүй байна. Харин дэмжлэг үзүүлэх хэмжээний төсвийн санхүүжилтийг өгдөг. Манай байгууллага дээр нийгмийн асуудал хариуцсан комисс байдаг. Энэ комисс мөнгийг яаж зарцуулах вэ, хэнд өгөх вэ гэдэг асуудлыг шийдвэрлэдэг. Комисс ажилчдын ар гэр, ахуй амьдралыг газар дээр нь очиж үзэж танилцаад нэн түрүүнд энэ хүнд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй юм байна гэж сонгодог. Тэр комиссын шийдвэрийн дагуу албан хаагчдаа дэмжлэг үзүүлдэг. Өнөөдрийн байдлаар 12 ажилтан, хоёр удирдах ажилтанд орон сууцны дэмжлэг үзүүлээд байна. Тэр сонин дээр нийтлэгдсэн "Авлигатай тэмцэх газрын дарга ажилтнууддаа авлига өгчээ" гэсэн мэдээг би уншсан. Би ямар зорилгоор, яах гэж ажилчдадаа хахууль өгөх юм бэ. Энгийн ойлголтоор бодоход ямар ч шаардлагагүй шүү дээ.

-Монгол Улсын Ерөнхийлөгч авлигатай тэмцэх газрынхныг хүлээж авч уулзсан. Энэ уулзалтад арай эрт ирэх бололцоо байгаагүй юм уу?
-Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн тэргүүн учраас мэдээж маш их ажилтай гэдэг нь ойлгомжтой. Монгол Улсын Ерөнхийлөгч бол авлигатай тэмцэж, шударга ёсыг тогтооно гэж ард түмэндээ амлаж, орд түмний итгэлийг хүлээсэн хүн. Энэ чиглэлээр ажиллахыг тэргүүн зорилтоо болгож гарч ирсэн. Ерөнхийлөгчийн хувьд тэргүүн эгнээнд авлигатай тэмцэх байгууллагад юу болж байна вэ, энэ ер нь ямар байгууллага вэ, ямар хүмүүс, юу хийгээд байна гэдгийг ирж үзээд бидний нөхцөл байдалтай танилцах болов уу. Эхний ээлжинд юу нь болж байна, болохгүй юм юу байгааг анхаарч төрийн тэргүүний хувьд авч эхлэх байх гэж манай хамт олон маш өндөр итгэлтэйгээр хүлээж байсан. Харамсалтай нь өдий болтол ирээгүй байна. Сая камерын өмнө уулзалт болсон. Тэр уулзалт ажил хэргийнх болж чадаагүй. Уулзалт ямархуу болсныг ард түмэн харсан байх аа.

-Ерөнхийдөө уулзалт дээр АТГ яг үндсэн ажилдаа орж чадахгүй байна гэдгийг ярьж байна лээ. Жишээлбэл, хуруу хумсаараа оролдох, улсын орлогыг бүрдүүлэх, орлогын мэдүүлэг авах ийм ажлаар бага сага зүйл хийж байна гэж. АТГ байгуулагдаад хоёр жил гаруй болж байгаа. Энэ хугацаанд хийсэн ажлынхаа гол зүйлийг хэлнэ үү?
-Авлигатай тэмцэх байгууллагын үндсэн үүрэг маш тодорхой, хуулиар заагаад өгчихсөн. Тус байгууллага авлигын хэргээс урьдчилан сэргийлж, соён гэгээрүүлнэ, хуулиар үүрэг хүлээсэн хөрөнгө орлогын мэдүүлэг өгч түүнийгээ бүртгэж шалгана. Хяналт, дүгнэлт, судалгаа хийнэ. Авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулна гэсэн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхийг хуульд заасан. Энэ үүргээ авлигатай тэмцэх байгууллага үүссэн цагаасаа эхлэн биелүүлж байна. Манай хамт олон маш их хүч чармайлт гарган бүх бололцоогоо дайчлан ажиллаж байгаа. Жишээлбэл үүргийнхээ дагуу юу хийчихээд байна вэ гэх тоо баримтыг хэлье. АТГ байгуулагдаад мөрдөн шалгах эрх авснаас хойш хоёр жил нэг cap болж байна. Өнгөрсөн хугацаанд манай байгууллага дээр харьяаллын дагуу авлига, албан тушаалын 327 гэмт хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж 98 хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна гэж тогтоосон. Мөрдөн байцаагч бүрэн эрхийнхээ хүрээнд нотлоод хуулийн дагуу прокурорын хяналтад шилжүүлсэн байна. Яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт өчигдөрхөн хоёр хэрэг шилжүүлсэн, 327 хэрэгт 727 сэжигтэн авлигад татагдан шалгагдсан. Нэг авлигын хэргийг илрүүлэхэд ямар их хүч хөдөлмөр зарцуулдаг вэ гэдэгт харьцуулаад үзэхэд ажил хийхгүй байна гэсэн үзүүлэлт биш л дээ.

-Прокурорт шилжүүлээд эцсийн байдлаар шүүхийн шийдвэр гарахад авлига авсан нь тогтоогдсон хэрэг байна уу?
-Шүүхээр 37 хэрэгт 73 шүүгдэгч орж гэм буруутай нь тогтоогдож, ял шийтгэл авсан.

-Авлигыг байхгүй болгоё гэдэг хүнд бөгөөд том зорилт л доо. Үүнийг биелүүлэхээр тусгай газар байгуулагдаад ажиллаж байна. Ерөнхийлөгчийн уулзалт дээр "Загас жараахайтай ноцолдоод байна, том хэргийг авч үзэхгүй байна" гэж яригдсан. Энэ тухайд..?
-Манай байгууллага эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлтэй, гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй хэргийг хуулийн хүрээнд шалгадаг. Түүнээс биш тэрийг шалгана, энийг шалгахгүй гэсэн ойлголт байхгүй. Өнөөгийн нөхцөл байдлыг авч үзвэл, бүх шатанд шалгаж байна. Өөрөөр хэлбэл, дээд, дунд, доод аль ч шатанд шалгаж байгаа. Жишээлбэл, яам, агентлагийн дарга олон хүнийг шалгасан. Засгийн газрын гишүүн, төрийн сайд, УИХ-ын гишүүнийг эрүүгийн хариуцлагад татан шалгаж байна. Тэгэхээр юуг нь "тул", юуг нь "жараахай" гэх юм бэ. Бид хуулийн дагуу ажлаа хийж байна.

-АТГ-т ямар нэгэн улстөрийн намын шаардлага, төрийн өндөр албан тушаалтны нөлөөнд автана гэсэн асуудал байж болох уу?
-Манай ажилтнууд, ялангуяа мөрдөн байцаагч нарт ажиллахад хүндрэлтэй зүйл байдаг. Эрх мэдэлтэй, их мөнгөтэй хүмүүстэй холбоотой хэргийг шалгах болохоор янз бүрийн бэрхшээл тохиолдох нь цөөнгүй. Хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байсан мөрдөн байцаагчийн гараашид тавьсан машиныг нь гэмтээх, өдрийн цайнд ороод гарч ирэхэд нь дугуйг нь шивчихсэн байх жишээтэй. Мөрдөн байцаагчийг буудалд хоноход нь цонхон дор нь шөнөжин чанга дуугаар мэгзэм, ном уншаад унтуулахгүй, элдвээр оролдох явдал байдаг. Бэрхшээлгүй ажил гэж байдаггүй болохоор бид зүтгэж байна, зүтгэх ч болно

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
MWSugnxwlVgeHRpNtXi 77.txt;1;3
IP:46.118.115.181  2016-03-24 04:48:59
JimmiNil 90a8j6 http://www.LnAJ7K8QSpfMO2wQ8gO .com
IP:5.188.211.22  2017-11-28 00:34:59
bgiyauphzg hBimecxohbtvikcljm, [url=http://ryodspexjktx.com/] ryodspexjktx[/url], [link=http://hvrpdtwffedn.com/ ]hvrpdtwffedn[/link], http://vspfamwpqmms.com/
IP:5.188.211.10  2017-11-30 14:48:34
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.