Хүмүүс: С Эрдэнэ | |
Баянгол дүүргийн дөрөв дэх мандатын эзнээр Эрдэнийг тооцож, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх асуудал УИХ-ын үйл ажиллагааг гацаанд оруулаад байсан. Энэ асуудлаар УИХ дахь хоёр намын бүлэг ажлын хэсэг байгуулж, хоорондоо хэл амаа ололцохоор болсон юм. Гэвч МАХН-ын бүлгийн ажлын хэсгийн ахлагч хөдөө явсан тул хэд хоног уулзалдаж чадаагүй байна. Харин өчигдөр Энхтүвшин дарга ирснээр өнөөдөр ажлын хэсгийнхэн уулзаж, ойлголтоо нэгтгэх талаар ярилцжээ. Ажлын хэсгүүд тохиролцож, намууд хэл амаа ололцож чадна гэж үзсэн үү УИХ-ын даргын зүгээс өнөөдөр нэгдсэн хуралдаан хийхээр зөрлөж, тамгын газар шинэ гишүүний тангараг өргөх бэлтгэлийг хангасан байлаа. Гэвч хоёр намынхан учраа ололцоогүй нь чуулган эхлэхэд мэдэгдсэн юм. СЕХ-ны дарга Эрдэнийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож байгаагаа чуулганы танхимд илтгэсний дараа ах намынхан СЕХ-ны удирдлагыг асуултаар буллаа.
Тэд Эрдэнэтэй холбоотой хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байхад СЕХ Эрдэнийг УИХ-ын гишүүн болгож, халдашгүй эрх эдлүүлэхээр оруулж ирснийг гайхаж байлаа. Мөн 25-р тойрогт сонгуулийн маргаан дуусаагүй байгаа, энэ тойргийн дөрөв дэх мандат нь Эрдэнэ үү, Баяртсайхан уу гэдэг асуудал нэг тийш болоогүй гэж үзэж байгаагаа асуултаараа илэрхийллээ. Үдээс өмнө эхэлсэн асуулт хариулт үдээс хойшхи хуралдаанаар үргэлжилсэн. Асуултаар яах юм бэ, шууд л Эрдэнийн тангаргийг өргүүлье гэж АН-ынхан яарсан ч ах намынхан харин гэдийлээ. Тойрог хэсгийн хорооны зарим ажилтан санал хураалтын дүнг зориудаар гараараа зассан, энэ нь хуулийн байгууллагын шалгалтаар нотлогдсон байхад сонгуулийн дүн эцэслэсэн гэж үзэж, Эрдэнийг гишүүн болгох гээд байгаагийн цаана хууль зөрчсөн үйлдэл явж байна гэж МАХН-ын гишүүд үзэж байсан. Харин СЕХ Эрдэнийг гишүүнээр сонгогдсонд тооцсон тойргийн хорооны шийдвэрийг хүндэтгэж үзсэн, бас хуулийн байгууллагын ямар нэг дүгнэлт санал хураалтын дүнд өөрчлөлт оруулах учиргүйг хэллээ. Хуулийн олон цоорхой байгааг гишүүд хэлж, СЕХ ч үүнийг хүлээн зөвшөөрсөн.
Дараагийн удаад хуулинд өөрчлөлт оруулж энэ нүх сүвийг бөглөх саналыг СЕХ-ны дарга парламентад дуулгаад амжсаны зэрэгцээ одоо байгаа хууль эрхийн хүрээнд Эрдэнийн асуудлыг УИХ-д оруулахаас өөр аргагүй байсан гэж тайлбарлалаа. Асуудлыг шийдвэрлэх эрх мэдэл СЕХ-нд биш тойргийн хороонд илүү байдагийг учирласан СЕХ-ны даргын тайлбар ах намынханд хангалттай санагдсангүй. Эрдэнэ гэдэг хүндээ асуудал байгаа юм биш гэж тайлбарласан ч Эрдэнийн холбогдсон хэрэг, тойрог хэсгийн хороодод нийгмийн даатгалын ажилтнуудыг олноор оруулсан, энэ хүмүүсийн заримд орон сууц авч өгсөн зэрэг олон баримтыг ах намынхан асуулт асуух нэрээр гаргаж тавилаа.
TB5 tv