С.Эрдэнэ тангараг өргөснөөр Д.Зоригт ногоон гэрлээр гарах нөхцөл бүрдлээ

2009/10/10
Share |
Хүмүүс: Д Зоригт |  С Эрдэнэ | 
С.Эрдэнэ тангараг өргөснөөр Д.Зоригт ногоон гэрлээр гарах нөхцөл бүрдлээ

С.Эрдэнэ өчигдөр тангарагаа өргөлөө. УИХ-ын танхимд хэдэн өдөр шазайтал сууж байгаад гишүүн боллоо. “Овоо шөрмөстэй эр юм” гэж гишүүд ярьж байсан. НХХЯ С.Эрдэнэтэй давж заалдсан тул МАХН түүний эрхийг баталгаажуулахаас түр түдгэлзэж байсан юм. Шүүхийн асуудал нэг тийшээ болоогүй байхад, бүрэн эрхийг нь баталгаажуулахгүй гэж МАХН гүрдийсэн бол, хар хүний өмнөөс шар хүн гэгчээр шүүхийн өмнүүр УИХ орох нь Үндсэн хууль зөрчсөн хэрэг гэж АН-ыхан тайлбарлаж байсан. Энэ маргаан 24 дүгээр тойргийн нөхөн сонгуулийн хугацаа дуустал үргэлжилж болохоор нөхцөл бүрдээд байсан.

АН-ынхан МАХН-ыхантай тохиролцож чаджээ. Чадсан учраас С.Эрдэнэ тангарагаа өргөжээ гэсэн яриа ордонд хүчтэй яригдаж байна. “Баянгол дүүргийн 25 дугаар тойргийг манайх авъя. 24 дүгээр тойргийг танайх ав” гэж АН-ыхан үгссэн гэнэ. Үүний дагуу МАХН-ын бүлэг хаалттай хуралдаж, тэндээсээ чуулганы танхимд шуудхан явж ороод С.Эрдэнийн эрхийг баталгаажуулж орхисон байна. Ингэснээр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр тойргийн нөхөн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Д.Зоригтыг Хамтарсан Засгийн газар бодлогоор дэмжиж гарган, Р.Бурмааг золигт гаргахаар болжээ. Ингэснээр Р.Бурмаагийн нам нь МАХН-тай өвөр түрийндээ орсноор түүнийг тойргийн гадна орхиж байгаа юм байна. Ер нь ч Р.Бурмааг Чингэлтэй дүүрэгт танигдаж байг гэж АН илгээснээс бус түүнийг ялна гэж найдахгүй байгаагаас АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн “заргач шар” З.Энхболд хоёр л сурталчилгаанд нь бараа болж, бусад нь далдуураа Д.Зоригтыг балиашиглаж суугаад байна гэсэн яриа сонгууль эхлэхэд гарсан нь ийм учиртай аж.

Түүнээс гадна намынхаа Бага хурал дээр нэрээ татсан Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр далдуур Р.Бурмааг дэмжиж, санхүүжүүлж байгаа нь тодорхой болжээ. Р.Бурмааг гаргаж, Д.Зоригтыг унагах хэд хэдэн шалтгаан түүнд байгаа аж. Д.Зоригт унана гэдэг С.Баяр хоёр дахь удаагаа сонгуульд уналаа гэсэн үг. Хоёронтоо бүдрэх нь түүнийг зайлуулах хамгийн том шалтгаан болно. Түүний оронд Н.Энхбаяр суух гэж яарч байгаагаас Р.Бурмааг дэмжиж байгаагаа нууж хаах гэж оролдохгүй байгаа аж.

Ийнхүү Р.Бурмааг бодлогоор унагах ба гаргах хоёр сонирхол хүчтэй явж байна

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.