Малыш Б.Энхтүвшин: Чоно чонын сүргийн хүчинд, чонын сүрэг чонын хүчинд

2009/10/13
Share |
Хүмүүс:
Малыш Б.Энхтүвшин: Чоно чонын сүргийн хүчинд, чонын сүрэг чонын хүчинд

-Таны овгийг Баттогтох гэдэг байх аа. Яагаад   “Малыш” гэцгээдэг  юм бэ. Аль нутгийн хүн бэ гээд л  олон асуулт  байна.
-/инээв/ Миний  өвөө Чоймбол гэж  хүн байлаа.  Завхан аймгийн Алдархаан нэгдлийг өөрийн хө-рөнгөөр анх байгуулсан. Аавын маань ах хурандаа Магванжав Ю.Цэдэнбал даргын улс төрийн  комис-сараар ажиллаж байсан. Ээжийн өвөө ардын хувьсгалын партизан Пунцаг, ээжийн ах Нийгмийг аюулаас хамгаалах яамны дээд сургуулийн захирлаар насаараа ажилласан  хурандаа  Рагчаа  гэж хүн байлаа. Би яагаад ээж, аавынхаа ах нарыг энд оролцуулж ярьж байна гэхээр тэд миний амьдралд маш их  нөлөөлсөн. Сургуулиа төгсөөд би нийслэлийн IX арван жилийн сургуульд орос хэлний  багшаар ажил-ласан. Дараа нь Хилийн цэргийн 0131 дүгээр ангид Өмнөговь аймагт цэргийн алба хааж, тэндээсээ НАХЯ-ны зөвлөх генералуудын аппаратад ажилласан. Албан ёсны тушаал нь орчуулагч гэж явдаг боловч тухайн харъяалагдах ангийнхаа захирагч гэдэг орон тоон дээр, мөн тийм хэмжээний цалинтай ажиллаж байсан юм.

Дотоод явдлын яамны академийг төгсч ирээд  НАХЯ-наас гарах өргөдлөө өгч, МУИС-д багшилж байх үедээ өөрийнхөө өрөөнд МоАХ-г анх байгуулан  зохион байгуулалтад оруулж, тангараг өргүүлсэн. Аав маань Дархан хотын анхны дарга,нэг үгээр хэлбэл Монгол Улс миний аавд гадаадын анхны хөрөнгө оруулалтыг даалгажээ. Ээж минь Засгийн газрын ордонд насаараа ажилласан. Одоо хэрнээ Засгийн газрын ордны ахмадын зөвлөлийн дарга. Би ийм л удамтай хүн дээ.

-Таныг МоАХ-ын анхдагчдын нэг гэлцдэг ч зарим хүн тагнуулын албанаас шургуулсан туршуул  гэ-хийг сонссон юм байна?
-Хэрэв тийм бол Монголын ардчиллыг иргэд биш тагнуулын байгууллага хийсэн болж таарч байна шүү дээ /инээв/.  Тагнуулын байгууллага гэдэг чинь хуучин засаглалын нүд, чих болохоос  хувьсгал хийдэг байгууллага биш. Миний ажиллаж байсан аппарат тагнуулын байгууллагад харъяалагдаж байсан ч  яг тагнуулын үйл ажиллагаанд оролцож байгаагүй.

-Тэр үед ямар албан тушаал хашиж байсан бэ?
-Ямар албан тушаал хашиж байгаа нь тухайн албан тушаалтны авч байгаа цалингаас, тухайлбал цалингийн цэсээс  тодорхой харагддаг. Миний  албан тушаал бол НАХЯ-ны удирдлага, цалингийн цэс дээр  ч тэгж бичсэн байдаг.  НАХЯ-ны төлөөлөгч хүн тагнуулын албаны мэдээлэгч хийдэггүй юм. Мэдээлэгч нар энгийн иргэд байдаг. Харин МоАХ дотор есөн мэдээлэгч байсан, анхны 13-аас шүү дээ. Ийм мэдээллийг хэн их тараадаг вэ гэвэл, Э.Бат-Үүл. Гэтэл Э.Бат-Үүл өөрөө мэдээлэгч. Тэгээд ч ардчиллын үйл хэрэгт оролцож байгаагүй хүн. Юунд орсноо мэддэггүй, ардчилалтай холбогдсоноор ажилтай болох гэж сонгууль алгасалгүй оролцсоноо ажлын төлөө зүтгэж байгаа гэж ойлгодог, тийм  үзэл  бодолтой нөхөр.

-Э.Бат-Үүлийн ардчилалд  гүйцэтгэсэн үүргийг тодруулбал?
-Тэр  үед миний цүнхийг барьж  явдаг  байсан юм.

-Тэгвэл одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж?
-Миний шадар туслах байсан. Цүнх барьж байгаа хүнийг ямар байдлаар тодорхойлох юм бэ дээ, тохирох нэр томъёо санаанд орж ирэхгүй байна.

-Ц.Элбэгдоржийг  дуудаж авчирсан эзэн хэн бэ, түүний ард ямар нууц ноёнтон байв гэдэг  одоо ч сонирхолтой санагддаг. Тэр эзэн нь таныг гэлцэхийг  дуулсан юм байна?
-Энэ бол түүхийн маш том асуудал. Энэ тухай ном, сэтгүүл бичсэн хүн одоогоор алга, МУИС-ийн түүхийн тэнхимийн багш нар гүйгээд л байгаа. Тоймтой юм хэлэх хүн алга.

-Яагаад, та байгаа юм биш үү?
-Би өөрөө удирдан зохион байгуулж байсан учраас хүнд хоёроос илүү үүрэг өгдөггүй. Олон хүн мэдчих юм бол чухал ажил нурна. Надаас авсан хоёр үүрэгт ажлаас өөр юм хэнд нь ч байхгүй. Ардчилсан хувьсгалыг гардан удирдах үүргийг түүх надад өгч, санхүүжүүлэх нөхцлийг  цаг хугацаа оноосон байна.

-Одоо Ц.Элбэгдорж та хоёр хэр ойр байдаг  вэ?
-Хувь хүний хувьд ямар нэгэн холбоо байхгүй.  Өнгөрсөн  Ерөнхийлөгчийн сонгуулиар  би Н.Энхбаярыг дэмжсэн. Тэр үеэр Ц.Элбэгдоржтой Барилгачдын талбай дээр тааралдсан.  Тэр орчим дахь  БСШУ-ны сайдын эзэмшлийн мөрийтэй тоглоомын газраас Баабартай хамт гарч явна лээ. Мэнд мэдэж  тэврэлдээд  л салсан.

-Яагаад. Харин ч ярих юм ихтэй хоёр биш үү?
-Уулзалгүй  бараг 20 жил болчихож дээ.

-Үгүй байлгүй дээ. Холоос ч гэсэн бараагаа харалцсан байх?
- Лос Анжелост нэг ирж байсан юм. Тэгэхэд нэг таарсан. Гэхдээ  20-иод жилийн өмнө надад түүнтэй уулзаж албан тушаал асуух ч юм уу, ямар нэгэн байдлаар  ярилцах шаардлага байхгүй.

-МоАХ-ынхон бие биеэ  журмын нөхөр гэж дууддаг. Ц.Элбэгдорж таны журмын нөхөр мөн үү?
-Тодорхой хугацаанд зорилго  нэгдсэн улсуудыг тэгж хэлдэг. Ц.Элбэгдоржийг журмын нөхөр гэхгүй. Доктор Ж.Нэргүй, Бошигт гуай, Д.Баасан лам, талийгаач С.Зориг  бид харин  журмын нөхөд.

-Ардчиллын дараа та АНУ-ыг зорьж, тэнд хэсэг хугацаанд амьдарсан. Тэнд юу амжуулав?
-Ардчиллыг ялалтад хүргэж, коммунист засаглал унаснаар бидний зорилго биелсэн. Анхны сонгуулиар миний нэр дэвшигдэж, би С.Зоригийг ерөнхий зохицуулагчаар томилсон. Түүнээс өмнө би хэлж байсан “Ардчиллыг ялалтад хүргэчихээд би АНУ явна. Ардчилсан хувьсгалын тэргүүн АНУ явчихдаг сайхан биш байх. Та нөхдөд хэлэхэд тагнуулын газар энэ үед асар их идэвхтэй оролцох учраас наадах чинь ил болно. Хана чихтэй гэдгийг бүү март” гэж нөхдөдөө захисан.

-Оюутолгойн гэрээтэй холбогдуулан муу юм дуусч, сайн юм эхэлж байна гэж хэлсэн. Ямар үн-дэслэлээр ингэж томъёолж байна?
-Монгол Улсын хөгжил үндсэндээ гадаадаас орж ирсэн 300 төслөөр амь зогоож байна. Харамсалтай нь эдгээр төсөл манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсгөдөггүй. Тэгэхээр муу улсуудын түүх намтраар баян байлаа. Сайн үйлс  одоо эхэлж байна. Муу хүмүүсийн намтар Оюутолгойн гэрээгээр дуусна. Энэ гэрээ Монгол Улсад ашиггүй байгаа учраас одоо сайн хүмүүсийн үйл эхэлж байгаа юм.

-Нийгэм хоёр намд хуваагдаагүй гэж түрүүн хэлсэн. Ингэж хэлэх үндэслэл юу вэ?
-Нийгэм эхлээд хоёр намд хуваагдаж байсан. Эхлээд нэг талдаа иргэний  дайны хэмжээнд байлаа. Тэр цаг өнгөрсөн. Дараа нь нийгэм ашиг сонирхлын группэд хуваагдлаа. Энэ нь мөнгөн дээр тогтож байсан. Өнөөдөр нийгэм хоёр талд байна. Ядуу хүнд эх орон гэж байхгүй, 876 мянган өрх айлтай, түүний 200 мянга нь нэн ядуу. Тэр хүмүүст  эх орон байхгүй  учраас сонгуульд дэвшиж мөнгө  өгсөн хүмүүсийнтөлөө явсаар  муу засаглал тогтсон. Ямар ард түмэн байна тийм засаглал тогтдог нь мөн ча-нартаа 200 мянган ядуу өрх айлаас улбаатай юм. Тэднийг тархины тураалд орсон гэж болно. Тархины ту-раалд орсон хүмүүст эх орон байхгүй.

Тархины тураал  гэж хэлж байгаа маань Оюутолгойгоос улбаатай. Оюутолгой гэдэг нэр өөрөө учиртай. Оюунлаг толгойтнууд энэ баялгийг эзэмдээрэй. Таван толгойтой байж энэ баялгийг эзэмдээрэй. Түүнээс бус тархины тураалтай бол  тийшээ  битгий ойрт гэсэн үг.  Нэг үгээр хэлбэл, тархины тураалтай хүмүүс гэдэг нь оюунлаг бус, олноор сэдэж чадахгүй биш сэтгэлгүй улсыг хэлж байгаа юм. Ийм хүмүүс энэ гэрээнд оролцсон учраас  муу хүмүүсийн намтарт цэг тавьж,  сайн үйлсийн эхлэл болсон.

-Оюутолгойн гэрээн дотор толгой эргүүлсэн олон тоо байгааг эрдэмтэн судлаачид  шүүмжилдэг бол жирийн иргэд ойлгохгүй байна?
-Оюутолгойн гэрээг монголчууд 100 хувь авч болох байсан уу,  болох байлаа. Дэлхийд долоон “Прайм” банк бий. Өөрөөр хэлбэл, ерөнхий банк  долоо байна. Энэ нь ямар банк вэ гэвэл,  аливаа улс оронд зээл өгөхдөө тухайн улсын Засгийн газраас баталгаа авахгүйгээр зээл өгдөг байгууллага. Монгол Улс энэ банкнаас зээл авах бүрэн бололцоотой байлаа, Оюутолгой, Тавантолгой бусад ордуудыг ашиглахад. Энгийнээр хэлбэл, энэ нь барьцаа болох юм. Оюутолгойн ордод ашиглах техник хэрэгслийг  дэлхийн аль ч улс орноос авч болно,  гэхдээ мөнгө нь байвал. Тэр техник хэрэгсэл зөвхөн уул уурхайд зориулагдсан,  борлуулалтаа олохгүй бол тухайн  үйлдвэр нь сөнөнө.Тиймээс бидэнд үнээ буулгаж өгч таарна. Дараагийн асуудал бол ийм ордод ажилладаг инженер дэлхийд  цөөхөн. Оюутолгойд л  ирж ажиллахгүй бол тэд ажилгүй. Тэгэхээр Оюутолгойн орд  тэдний  ажлын байр, техник хэрэгсэл нь борлуулалтын талбар. Ийм ойлгомжтой зүйл дээр тархины тураалтай энэ хүмүүс их олон гай гамшиг  мэтээр ярьсан.  Бидэнд мөнгө алга, боловсон хүчин алга, техник хэрэгсэл  ч байхгүй гээд л. Мөнгө нь  байсан,  хүн нь ч бидэнд бий. Тэднийг сургаад явбал болно. Зааж сургаад өгөхөд хүн юмыг сурдаг. Яг ийм үйлдвэр Эрдэнэтэд байна. Бор-Өндөрт ч бий. Тоотой холбоотой өөр нэг асуудал бол 34, 51 гэх тоо.

34-ийн оролцоотой Засгийн газар орж байгаа. Энэ нь бид зээл авч орж байгаа учраас мөнгө гаргахгүй гэсэн үг. Үүн шиг эндүүрэл  байхгүй. Яаж ч бодсон 34 хувиас цааш арван хувийг гүйлгээд үзэхэд бид арван хувийн орлоготой байж чадаж байна уу, үгүй юү гэдэг  асуудал бий. Их энгийнээр ярьж байна шүү дээ, би. Гэхдээ маш тодорхой бөгөөд чин үнэнийг хэлж байна. Туйлын үнэн гэж байдаггүй, чин үнэн гэж байдаг. Бас их ялгаатай. Ц.Элбэгдорж туйлын үнэн гэж ярьдаг, би чин үнэн гэж ярьж байгаа юм. Тэр сон-гуульд дэвшээд  гарахдаа  “Цувдай шийрийг надад өглөө. Гулууз махыг нь аваад явчихдаг, тийм хөрөнгө оруулагч байдаггүй” гэж хэлсэн. Энэ хүн өнөөдөр гүзээтэйгээ, дээр нь шийр толгойтой л үлдлээ шүү дээ. Бусдыг нь гадаадынханд өгчихөөд, хармаандаа битүү мөнгөтэй  үлдсэн байх. 

-Монгол Улсын хөгжилд уул уурхайгаас өөр гарц байна уу?
-Аливаа улс орны 90 хувь нь бүжиглэж, архидаж, дурлалынхаа сэтгэлийг илчлээд явж байдаг. Арван хувь нь тухайн  улс орныг авч явдаг, нэг хувь нь чимж явдаг. Ийм учир  сонгууль явагддаг, тухайлбал, тэр арван хувиа авахын тулд. Сонгуулийн мөн чанар энэ.

Монгол Улсын хөгжлийн гарц  уул уурхайгүйгээр явна. Тухайлбал, дэлхийгээс гуравхан газарт  пуужин нисдэг.  Гэтэл энэ өнгө Монголд байна уу, байна. Өөрөөр хэлбэл, монголоос сансрын  пуужин нисгэх газар зүйн найрлага бий. Монгол Улс  пуужин нисгэх юм бол бид  сансрын холбооны хиймэл дагуултай болно. Өнөөдөр Вьетнам хиймэл дагуултай 83 дахь орон боллоо. Монгол Улс хиймэл да-гуултай болох юм бол холбооны хэрэгслийн технологи хөгжсөнөөр утсаар ярих үнэ зардал багасна. Үнэ зардал багсахаас эхлэн  хажууд байгаа хоёр хөршийн иргэд Монголын сансрын холбоонд холбогдох болно. Ингэснээр дор хаяж гурван сая хүн утсаар ярьсан төлбөрөө Монголын төсөвт тушааж байна гэсэн үг.  Энэ бол нэг гарц. Монгол Улс хоёр том гүрний дунд оршдог. Орос улс  эдийн засгийнхаа хүчин чад-лаар дэлхийд долоод,  Хятад улс гуравт ордог.   Энэ хоёр улсыг соронзон төмөр замаар холбосон гүүрэн хэлбэрийн төмөр замтай болсон цагт Монгол Улс өөрөө далай болж хувирч байгаа юм. Хоёр том гүрний барааны эргэлтээс үлэмж  их орлого олно. Зөвхөн Монголын агаар дээгүүр нисэн өнгөрч байгаа  онгоц  жилд нэг сая ам.долларын орлого оруулдаг. Гурав дахь нь Монгол Улсын  нэргүй том гамшиг бол малын хулгай. Энэ гамшгийг хэрхэн зогсоох вэ. Доороо том дуран байрлуулсан нисдэг тэрэгтэй байж асуудлыг шийднэ. Нисдэг тэрэг  1917 онд анх  бий болсон.  Өнөөдөр хэдэн он билээ. Манай улс нисдэг тэрэг  угсардаг байх бүрэн бололцоотой. Энд том ухаан хэрэггүй, ганцхан оюунлаг хүн байх хэрэгтэй. Тэр оюунлаг хүн Монголд бий. 

-Чоно чонын сүргийн хүчинд, чонын сүрэг чонын хүчинд гэдэг томъёоллыг та ямар  үндэслэлээр гаргаж тавьж байна?
-Нэгдүгээрт, нийтээрээ олж чадах, хоёрдугаарт хамтдаа бай, багаар ажиллаж сур гэсэн үг.

-Сонгуулийн төгсгөлийг  хэрхэн ажиглаж байгаа вэ. Өнгө, мөнгөтэй холбоотой  буруу жишиг  давтагдах вий гэх болгоомжлол нийтэд байна? 
-Энэ сонгууль маш өвөрмөц болно. Нөхөн сонгууль хамтарсан Засгийн газар байгуулагдсан үед болох гэж байна. Монгол Улс цорын ганц программтай, тэр нь Монгол Улсын хөгжлийн цогц бодлого явж байгаа. Үүнд намын болон хувь хүний мөрийн хөтөлбөр сонирхолтой биш. Нөгөө талаар  оролцож  байгаа субьектүүд өөр. Д.Зоригт сайдаар аваад үзье, Засгийн газрын гишүүн, манай тэргүүлэх салбарын сайд. Энэ хүнд хангалттай эрх мэдэл бий. Тийм л их сэтгэлтэй юм бол сайдын суудал дээрээ байж бай-гаад өчнөөн том ажлыг эх орон, ард түмэндээ зориулж, хийж  бүтээж болно. Нөгөө өрсөлдөгч нь Ерөнхийлөгчийн зөвлөх. Энэ хүнд мөн хангалттай эрх мэдэл бий.  Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч эмэгтэй гэсэн үг. Тийм л  эх орондоо хайртай  юм бол энэ эрх мэдэл дээрээсээ хийж, хэрэгжүүлж  болохоор. Гэтэл яагаад тэдэнд энэ суудал хэрэгтэй байна гэхээр Ц.Элбэгдорж, С.Баяр хоёрын ажил сайн явсан гэсэн дүгнэлт авахын тулд илгээж. Үүнд хууртагдаж, тэдний аль нэгийг сонгосон Чингэлтэй иргэд мөн чанартаа Оюутолгойн гэрээ сайн болсон гэсэн дүгнэлт өгөх болж байгаа юм

Ч.Үл-Олдох

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.