Солонгосоос олдсон хуулийг олон улсын эрдэмтдээр батлуулж, юнескод бүртгүүлнэ

2009/10/13
Share |
Хүмүүс:
Солонгосоос олдсон хуулийг олон улсын эрдэмтдээр батлуулж, юнескод бүртгүүлнэ

Монголын түүхийн чухал сурвалж бичиг өнгөрсөн дөрөвдүгээр сард Солонгосын нутгаас олджээ. Одоогоос 700-гаад жилийн өмнө Хубилай хааны “Дээрээс тогтоосон хууль цаазын бичиг”-ийг Чингис хааны “Их засаг” хуулиас эхтэй байж магадгүй хэмээн олон судлаач таамаглаж байна. Энэ талаар МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн тэнхимийн эрхлэгч, профессор Ж.Баясахтай ярилцлаа.


-Юань гүрний үеийн хууль цааз чухам хэзээ, хаанаас олдсон юм бэ?
-Өнгөрсөн дөрөвдүгээр сард Солонгосын өмнөд мужийн нэгэн тариачин айл олон зуун жил хадгалж байсан түүхийн чухал бичгээ солонгосчуудад өгсөн юм билээ. Энэ нийт 30 гаруй бүлэгтэй. Хуучны муутуу цаасан дээр бичсэн нь салбайгаад муудчихсан байсныг нь эмхэлж янзлаад эх маягаар нь давтаж хэвлэсэн юм билээ. Одоогоор зөвхөн 8-23 дугаар бүлэг нь олдоод байгаа юм. Эдгээр бүлгийг хэвлэхэд 320 тал хуудас болсон, маш том хууль цаазын сурвалж бичиг.  Анхны эх нь эртний хятад хэл дээр бичигдсэн байсан. Түүнийг нь орчин цагийн хятад хэл дээр хэвлэсэн юм билээ. Солонгосын эрдэмтдийн яриагаар XIX зууны сүүлч хүртэл тэр хуулиар бүхий л хууль цаазын бичиг мөрдөгдөж байсан. Хуульчид ч шалгалтаа үүгээр өгдөг байсан гэсэн.

-ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлэх гэсэн боловч боломж гарахгүй байна гэж дуулдаж байсан?
-Солонгосууд үүнийгээ ЮНЕСКО-гйин оюуны өвд бүртгүүлэх саналтай байгаа юм. Дөнгөж олчихоод хятадын эрдэмтдийг аваачиж үзүүлсэн юм билээ. Гэхдээ хятадтай үзэл бодол таараагүй учраас манай руу хандсан.

Солонгост ЮНЕСКО-гийн зөвлөл гэж байдаг. Манай номын сангийн захирал Г.Аким болон зарим хүмүүс очиж тэр эхийг нь үзсэн байсан. Мөн дөнгөж олдсоных нь дараахан тэр үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр өөрийн ивээл дор олон улсын хурал хийхийг санаачилсан. Энэ хуулийг ЮНЕСКО-д батлуулахын тулд юуны өмнө Юань гүрнийх мөн гэсэн дэлхийн эрдэмтдийн тунхаглал, нотолгоо зайлшгүй шаардлагатай юм билээ. Тиймээс Монгол, Солонгос багш, судлаачдын холбоо, Солонгос дахь монголчуудыг дэмжих “Далайн салхи”; нийгэмлэгээс Америк, Япон, Солонгос, Орос, Монгол зэрэг орон орны судлаачдын дунд “Юань гүрний үеийн хууль цаазын бичиг”; сэдэвт эрдэм шинжилгээний олон улсын хурал зохион байгуулахаар төлөвлөсөн юм. Гэвч тухайн үед ерөнхийлөгчийн сонгуультай давхцаад энэ асуудал сураг алдарсан.

Мөн эдийн засгийн хямралаас болоод олон улсын хурлаа ч хийж чадаагүй. Солонгосын санхүүгийн жил нь дөрөвдүгээр сард эхэлдэг. Гэтэл энэ оны төсөвт нь мөнгийг нь багтааж чадаагүй учраас хойшлуулсан.

-Яагаад хятад руу эхлээд хандсан юм бол?
-Юань улс тухайн үед 1268-1358 онд хятаджсан гүрэн байсан гэж ойлгож болно. Тэгээд ч анхны эх нь эртний хятад хэл дээр олдсон. Солонгосууд дангаараа бариад орчуулж чадахгүй. Эртний хятад үг гэдэг хоршоо үг, цэг таслал байдаггүй их хэцүү. Тэгээд ч хуулийн үг хэллэг модон үгтэй, хатуу шүү дээ. Тиймээс эртний хятад хэл сайн мэддэг хүн хэн байна вэ гэж хайгаад надад хандсан.

-Солонгос улс ЮНЕСКО-д бүртгүүлэхээр хөөцөлдөж байгаа гэсэн. Бүртгэлээ гэхэд солонгосын соёлын өв гэж бүртгэчихгүй байгаа?
-ЮНЕСКО-д ганцхан улсынх гэж бүртгүүлэхгүй. Монгол, солонгос, хятад гэсэн гурван улсын түүхийг хамарсан гэж бүртгүүлэх юм.

-Энэ хууль одоо хаана байгаа вэ?
-Солонгост анх олдсон Сун овогтын олон жил амьдарч ирсэн тэр газар Солонгосын хааны номын сан гэж байдаг. Тэнд хадгалаатай байгаа. Харин хэвлэчихсэн эх нь Монголд гурав бий. Манай ЮНЕСКО-гийн хороонд, Н.Энхбаяр ерөнхийлөгчид, надад нэг байгаа.

-Олон улсын хурал хийх нь тодорхой шалтгааны улмаас хойшилсон юм байна. Одоо хурлаа зохион байгуулж болохгүй юм уу? 
-Хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдчихвэл болно. Тэгээд ч ЮНЕСКО-д бүртгүүлэхээс өмнө эхлээд 2-3 удаа хурал хийе, эрдэмтдийнхээ үгийг сонсъё гэж бодож байна. Үүний дараа бүртгүүлэх талын ажлаа эрчимжүүлнэ.

-Хэзээ хийх юм бэ?
-Хавар дөрөвдүгээр сард хийнэ. Тэр үед солонгос төсвөө дахин хэлэлцэж батлах юм. Бас зөвхөн төсвийн мөнгө харах биш, үүх түүхээ гэж бодсон, хуулийг эрхэмлэдэг хүмүүсийг хамтарч ажиллаасай гэж хүсч байна.

-Энэ хуулийг монгол руу хөрвүүлж болохгүй юу?
-Солонгос хэл заагч багш нарын холбоо гэж байдаг. Энэ холбооныхон эрдэм шинжилгээний хурлын дараа хоёр сарын хугацаатай судалгааны төсөл хийгээд дараа нь хятад эхийг монгол руу хөрвүүлнэ.

-Таныг энэ хуулийг судалж байхад сонирхолтой санагдсан зүйл, заалт юу байсан бэ?
-Татварын асуудал их сонирхолтой юм билээ. Бас уул уурхай, санхүү бүртгэл, дэнчин барьцаа гэх мэтийг хэрхэн зохицуулах талаар заалт байсан. Ер нь тэр том улсыг захирахын тулд нарийн бодлого явуулж байсан байгаа юм. Жишээ нь Хубилай хааны үед сангийн сайд нь араб хүн байж.  Наймаа арилжаа, санхүүгийн асуудалд арабчууд илүү ухаан нь хөгжсөн гэдгийг мэддэг байсан байх нь. Нөгөө талаар монгол, хятад хүн биш өөр үндэстэн  байсан нь давхар хөндлөнгийн хяналттай, давуу талтай байсан байгаа биз.

-Уул уурхайн асуудлыг тухайн үед хуулиар зохицуулж байсан гэхэд их сонирхолтой санагдаж бай-на?
-Хятадын тийм нутагт ийм ийм уурхай байдаг, үүнийг ингэж ашиглаж болно гэдгийг маш нарийн тодорхой заагаад өгчихсөн. Гэхдээ яг энэ хуулийг судалж дуусаагүй учраас нарийн ярьж болохгүй. Ер нь хуулийг бүрэн судалж дуусахад дор хаяж хоёр жилийн хугацаа шаардана.

-”Их засаг” хуулиас улбаалж энэ хуулийг гаргасан гэж зарим эрдэмтэд таамаглаж байгаа гэсэн?
-Шууд “Их засаг” хуулиас авсан гэхэд их хэцүү. Яагаад гэвэл “Их засаг” хууль одоо болтол бүрэн эхээрээ олдоогүй. Тухайн үед ийм хууль байсан, ийм зүйл ангитай байсан гэдгийг судлаачдын хийсэн судалгаанаас алаг цоог олддог.

Гэхдээ бас “Их засаг”-тай холбож үзэх үндэслэл бий. Монголчууд хууль цаазыг эрхэмлэдэг ард түмэн. Тухайн үед энэ хуулиа боловсруулахдаа бас бус хуулийг үзсэн л байж таараа. “Их засаг” бол заншлын хууль. Жишээ нь, өвс ногоо гарах үеэр гал гаргаж болохгүй. Усанд бузар буртгийг хийж болохгүй гэх мэт өдөр тутмын үйлдлийг хуульчилж өгсөн байдгийг судлаачид хэлдэг.

Харин Юань гүрний хууль цаазыг судлаад үзэхээр яаж татвар авах вэ, данс хараа яаж бий болгох, яаж улсын сан хөмрөгөө нэмэгдүүлэх вэ гээд татварын асуудлыг нэлээн нарийвчилж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, илүү хөгжсөн гэж ойлгож болох юм.

-Монголын түүхийн томоохон хууль цаазын бичиг яаж солонгост очсон юм бол. Тэр дундаа тариачин айлаас олдоно гэдэг гайхмаар юм…?
-Түүхийн сурвалж бичиг тариачин айлаас олдоно гэдэг гайхаад байх зүйл биш. Ялангуяа энэ айлын олон зуун жил нутаглаж ирсэн газар нь дайн дажнаас нэлээд хол байсан учраас түүхийн үнэтэй бичиг устчихалгүй өдий хүрсэн байгаа юм. Ер нь нэлээн чинээлэг, язгууртан гаралтай айл юм билээ. Магадгүй өвөг дээдэс нь Юань гүрний үед төрийн өндөр алба хашдаг, сурвалжит гэр бүлийн хүн байсан байж болох юм.

Солонгос өөрөө монголын харьяат. Ер нь түүхийн сурвалжуудаас харахад, солонгосчууд найман удаа Алтан ургийнхантай ураг барилдсан байдаг юм билээ. Ер нь хаанаас, яаж анх олдсон талаар баримтат киногоор гаргана гэж зорьж байгаа. Олон улсын хурлаа хийгээд, монгол хэл рүү хөрвүүлээд нарийн судалсны дараа яг олдсон газар нь очиж баримтат кино хийхээр төлөвлөж байна

Маргад

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
uloloas Мет амфитомР¸Ð½Ñ‰Ð¸ÐºÐ¸ Спайс сколько Ð´ÐµÑ€Ð¶Ð¸Ñ‚ÑÑ  в крови болит голова после гашиша Купить бошки в СертолоР²Ð¾ Platinum spice гашиш выходит из крови Купить закладкР¸ кокаин в ПриморсРºÐ¾-ахтарÑ
IP:141.101.132.228  2018-03-29 19:53:06
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.