H1N1 вирустай хүний тоо нэмэгдэж, 97 дугаар сургуулийг хаалаа

2009/10/15
Share |
Хүмүүс:
H1N1 вирустай хүний тоо нэмэгдэж, 97 дугаар сургуулийг хаалаа

Дэлхий нийтийг цочроосон Томуугийн А хүрээний Н1N1 вирус илэрсэн 197 дахь орон Монгол болсныг ДЭМБ-аас зарлалаа. Өчигдөр орой авсан шуурхай мэдээллээр манай улсад таван хүн гахайн ханиадаар өвчлөөд байна. 97 дугаар сургуулийн 7а ангийн сурагч Б-с өчигдөр гахайн томуугийн вирус илэрсэн тул тус сургуулийн үйл ажиллагааг долоо хоногийн хугацаатай хаах шийдвэрийг БСШУЯ-наас гаргажээ. Өмнө нь энэ ангийн сурагч С вирустэй болох нь тогтоогдож, тэрээр ХӨСҮТ-д эмчлүүлж байжээ. Анхны тохиолдол илэрснээс хойш 17 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний тав нь халдвартай болох нь тогтоогдоод байна. БЗД-ийн 97 дугаар сургуулийн 7а ангийн сурагч 12 настай  С, Чингэлтэй дүүргийн тавдугаар сургуулийн хажууд байрладаг “Авьяас” сургуулийн 11а  ангийн сурагч 15 настай хүү Б, Өмнөговь аймгийн “Таван толгой” компанийн  жолооч 39 настай М, БЗД-ийн дөрөвдүгээр хорооны 65 дугаар байрны оршин суугч  12 настай Б, (97 дугаар сургуулийн сурагч С-ийн ангийн сурагч) БЗД-ийн дөрөвдүгээр хорооны 200 дугаар байрны орцны жижүүрийн хүү 19 настай Б нар халдвар авчээ.

ЭМЯ-НЫ ГАЗРЫН ДАРГА Ж.ЭНХБАТ: Вакцин, амны хаалт хамгаалах хэрэгсэл биш

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ж.Энхбаттай ярилцлаа.

-Халдвар авсан хүмүүсийн биеийн байдал ямар байна?
-Анх ирэхдээ зовиуртай байсан. Халуурсан, таталт өгсөн байдалтай. Одоо эмчилгээ хийгдээд бие нь сайжирсан. Хоёр дахь хоногоосоо халуун нь буусан. Эмчилгээ үр дүнгээ өгч байгаа, цаашид ийм үр дүнтэй байвал хөнгөн хүмүүсийг эмнэлгээс гаргана.

-Вакцин хэзээ ирэх вэ. Ямар хэмжээний вакцин захиалсан бэ?
-ДЭМБ-аас мэдээлж байгаагаар 2-7 хоногийн дотор вакцин ирнэ. Юуны өмнө манайх хүн амынхаа таван хувийг вакцинаар хангах санал тавьсан. Цаашид 30 орчим хувийг вакцинжуулахаар төлөвлөж байна. 

Вакцин бол найдвартай хамгаалах хэрэгсэл биш. Хамгийн гол нь хувийн ариун цэврийг сайтар сахихаас гадна аль болох тэжээллэг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Хүмүүсийн олонх нь амны хаалт зүүсэн байна. Амны хаалтыг зайлшгүй тохиолдолд, өвчтэй хүнийг асарч байгаа эсвэл өвчтэй хүнтэй ойр байгаа хүмүүс л зүүх нь зүйтэй. Энгийн үед амны хаалтыг удаан хугацаанд зүүснээр харин ч вирус бөөгнөрч, халдвар тараах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Вирус хүний гар дээр таван минут амьдрах чадвартай байдаг бол даавуун дээр 12 цагаас дээш хугацаагаар тогтдог.

“Монголд Н1N1 вирус илэрсэн нь баярламаар хэрэг”

ЭМЯ-ны газрын дарга Ш.Энхбат, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Р.Вивита нар манай улсад гахайн ханиадын вирусын тохиолдол илэрсэн нь баярламаар хэрэг хэмээн онцлов. Хэдэн сарын турш дэлхийг түгшээсэн энэ өвчин яагаад Монголд илрэхгүй байна, Монголын тандалт судалгааны баг муу ажиллаж байна уу гэсэн асуултыг байнга ДЭМБ-аас тавьж байсан тухай нууцыг өчигдөр задлав. “Өвчнөөс ангид байсан Монголд томуугийн H1N1 вирус илэрсэн нь танай тандалтын баг сайн ажилласныг батлалаа” хэмээн ДЭМБ-ын суурин төлөөлөгч Р.Вивита мэдэгдэв

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.