М.Ичинноров : Хэрвээ би нэр дэвшсэн бол ялагч нь байх байлаа

2009/10/15
Share |
Хүмүүс: М Ичинноров | 
М.Ичинноров : Хэрвээ би нэр дэвшсэн бол ялагч нь байх байлаа

Нөхөн сонгуульд бие даан нэр дэвших гээд Чингэлтэй дүүргийн тойргийн хорооноос нэрээ хасуулсан хүний эрхийн хуульч М.Ичинноров энэ сонгуулийн “чимэг”  нь байлаа. Учир нь жинхэнэ нэр дэвшигчдээс ч илүү дуулиан дагуулсан энэ бүсгүйг  Ардчилсан нам болон МАХН дундаа хийн хавсайдаж орхив. Ингээд түүнтэй уулзаж ярилцсанаа толилуулж байна.

-Та бие даан нэр дэвшихийг хүссэн боловч  тойргийн хороо таны нэрийг хасчихлаа. СЕХ-нд давж заалдаад ч бүтсэнгүй.  Юуны учир  та энэ сонгуульд нэр дэвших эрхгүй хоцров  оо?
-Би  хэдийгээр  бие даан нэр дэвших эрхээ хасуулсан ч гэлээ  хэрвээ  нэр дэвшсэн бол гарцаагүй ялах байжээ гэж бодож байна. Учир нь намайг нэр дэвших вий гэхээс Ардчилсан нам, энэ намаас нэр дэвшигч Р.Бурмаа их айлаа шүү дээ. Тэгэхээр би үнэхээр хүчтэй нэр дэвшигч юм байна гэдгийг энэ сонгууль харууллаа. Албан ёсоор нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж сурталчилгаагаа хуулийн дагуу хийгээгүй ч би яг л нэр дэвшсэн юм шиг байж чадлаа. Өөрөөр хэлбэл, нийгмийн анхаарлын төвд орж, хэвлэл мэдээллийн дуулиан болсон. Улстөрч хүний хувьд энэ бол сайн тал бөгөөд надад нэмэх оноо авчирч байна. Тэгэхээр эндээс хоёр дүгнэлт хийлээ.  Нэгдүгээрт, Ардчилсан нам намайг  нэр дэвшүүлэхээс хасуулах гэж хүч тавьж ажилласан. Хоёрдугаарт, Үндсэн хуульд заасан сонгогдох эрх маань хуулийг тайлбарласан журам гээчээр зөрчлөө.  Манай улс бол хуулиасаа дээгүүр журамтай улс гэдэг нь дахин батлагдлаа.   Мөн манай улсын Сонгуулийн тухай хууль ардчилсан сонголтыг хамгаалах биш харин хүний сонгох сонгогдох эрхийг хязгаарласан хууль болсон нь миний жишээн дээр  нотлогдлоо. Би ийм л хоёр дүгнэлттэй үлдэж байна.

-Ардчилсан намынхан таныг  өөрсдөөсөө санал хуваах нь гэж дургүйцсэн.  Үнэхээр та нэр дэвшсэн бол яах аргагүй Р.Бурмаагийн саналыг хуваах байсан. Гэтэл нөгөө талд МАХН-ын нэр дэвшигч Д.Зоригт ч гэсэн таниас цэрвэж байгаа нь ажиглагдсан. Тэр  таны адил залуухан, бас  ОХУ болон АНУ-д боловсрол эзэмшсэн  гэх зэрэг адил төсөөтэй талууд байсан л даа...
-Тиймээ, би зөвшөөрч байна. Би Бурмаагийн саналыг хуваах байсан. Энэ бол үнэн. Гэхдээ би Бурмаа эгчийг хүндэтгэж явдаг шүү дээ. Тэр хүн нийгмийн сайн сайхны төлөө тэмцэж явсан сайхан дурсамжтай. Би ч мөн адил нийгмийн төлөө зөндөө л юм хийсэн. Тэгэхээр бид бие биедээ хүндэтгэлтэй хандаж болох байсан. Гэтэл  миний хүндэтгэж явдаг Р.Бурмаа маань намайг нэр дэвших сургаар шууд л тойргийн хорооноос нэрийг минь хасуулж , намайг дэмжиж үзэл бодлоо тайван замаар илэрхийлсэн оюутнуудыг баривчлуулж,  хэвлэл мэдээллийнхэнд  дарамт үзүүлж эхэлсэн онцгүй санагдсан. Энэ сонгуулийн хамгийн утгагүй үйлдэл энэ л байсан байх. 

-Та гайхсан уу?
-Гайхалгүй яахав.  Хэвлэлийнхэн “Бурмаагийн зүгээс дургүйцээд байна. Мэдээг нь битгий гарга гэсэн. Уучлаарай, Нора”гэж байсан л даа. Уг нь Бурмаа МАХН-тай үзэл бодлоо уралдуулж тэдний нэр дэвшигчийг ялах ёстой  биз дээ. Гэтэл намайг чадах гээд мэрийгээд байхаар нь үнэхээр эвгүй байсан шүү. Уг нь би Ардчилсан нам болон МАХН-аас нэр дэвшиж байгаа хүмүүсийг хараад  шударга,  боловсон өрсөлдөөн болох нь гэж бодож байлаа. Тэгээд  л ийм сайхан хүмүүстэй өрсөлдье, тэд хэзээ ч луйвар хийхгүй гэж бодсон юм. Гэтэл миний хамгийн их итгэж явсан Ардчилсан намаас ийм бохир алхам хийсэн нь хачирхалтай санагдаж байгаа.  Харин МАХН-аас нэр дэвшигч Д.Зоригтын хувьд тэр хүн бас л надаас цэрвэж байгаа нь ажиглагдаж байлаа. Боловсролын хувьд бид ойролцоо ч Д.Зоригтын боловсролын чансаа маш өндөр. Тэр үнэхээрийн орчин үеийн барууны маш өндөр боловсролтой залуу юм билээ.  Гэхдээ нийгэмд би Д.Зоригтоос илүү танигдсан байлаа. Энэ утгаараа түүнээс маш их дайралт ирэх болов уу гэж бодож байсан ч тэгээгүй. Мэдээж тэр хүн намайг битгий нэр дэвшээсэй л гэж бодож байсан байлгүй.

-Эмэгтэй нэр дэвшигчид  маань  бие биедээ  дургүй гэдэг нь энэ сонгуулиар бүр тодорхой харагдлаа, тийм үү?
-Тиймээ, хүүхнүүд маань угаасаа л бие биенээ дэмждэггүй шүү дээ. Би өөрийгөө энэ зовлонг хангалттай амссан хүний нэг гэж боддог. Эмэгтэйчүүд маань эмэгтэйчүүдээ дэмжихгүй болохоор төр засагт эмэгтэйчүүдийн төлөөлөл цөөхөн байгаа юм шүү дээ. Уг нь бие биеээ дэмжиж гар гараасаа хөтлөлцөн нэг дуу хоолойтой байж чадвал бид их юмыг өөрчлөж чадах байсан. Би хэдэн жилийн өмнө яг ингэж боддог тэрийгээ үйл хэрэг болгохыг зорьдог байлаа. Гэтэл энэ бол романтик мөрөөдөл минь байжээ. Улстөрд хүйсийн ялгаа гэж байдаггүй юм байна. Эмэгтэй хүнийхээ эсрэг эмэгтэй хүн ажиллана уу гэхээс эрэгтэй хүн ажилладаггүй  юм байна. Үүнийг энэ сонгууль надад илүүтэйгээр ойлгуулж өглөө.  

-Та түүнд гомдож байна уу?
-Улстөрч хүнд гомдох эрх байдаг гэж үү. Эрсдэл даах чадвартай байж л улстөрд орж, үзэл бодолдоо тууштай зогсч чадна шүү дээ. Тийм болохоор гомдож, тунидаг эмэгтэйлэг зангаа аль хэдийнэ гээсэн дээ.

-Гэхдээ таныг хэн  эмэгтэйлэг биш гэж хэлэх юм бэ?
-Гаднаасаа харахад турьхан бүсгүй мэт харагдавч би их эршүүд хүн шүү. Манай найзууд мэднэ дээ.  

-Хичнээн боловсролтой, өндөр мэдлэгтэй байлаа гээд аль нэг намын нөмөр нөөлөгт л багтахгүй бол нийгэмд ганцаарддаг гэдгийг сая  танд тохиолдсон явдал харуулах шиг боллоо. Та надтай санал нийлэх үү?
-Үнэхээр тийм  байна. Нам түшсэн нь хожиж байна. Гэхдээ шударга үйл хэргийн төлөө тэмцэхэд нам хамаагүй байх ёстой биш үү.  Өдгөө хоёр том нам нийлж хамтарсан засгийн газар байгуулчихаад ажиллаж байгаа. Парламентад сөрөг хүчин алга. Сөрөг хүчингүй парламент хяналтгүй гэсэн үг. Үүнд иргэний зүгээс тавих хяналт, бодит дуу хоолой үгүйлэгдэж байгаа юм. Би тэр орон зайг л нөхье гэж бодсон. Гэтэл ийм юм болчихлоо.

-Та хангалттай тэмцсэн. Гэвч үнэхээр хүчирхсэнгүй юу?
-Манай сонгуулийн хууль иргэний төлөөлөл болон бие даан нэр дэвшигчдэд халтай хууль л даа. Харин намуудын эрх ашигт тустай сайн хууль. Тийм болоод л бие даан нэр дэвшигчид дандаа ад үзэгддэг юм шүү дээ. Гэхдээ энэ удаа намайг үнэхээр онцгойлон авч үзсэн гэдгийг хэн хүнгүй л хүлээн зөвшөөрч байгаа. Саналыг нь  хуваах нь  гэж үзээд намайг хасуулахаар хичээсэн нь тодорхой.

-Та аль нэг намын саналыг хуваахгүй байх үүрэг даалгавар аваагүй биз дээ?
-Би чинь эрх чөлөөтэй иргэн хүн. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх ёстой. Гэтэл аль нэг намын эрх ашгийг хөндөх нь гээд намайг  нэр дэвшүүлэхээс татгалазж байгаа нь инээдтэй  байгаа биз дээ. Түрүүхэн тантай уулзахаар явж байхад минь нэг эмээ тааралдлаа. Тэгээд “Охин минь, чи тэгээд нэр дэвших эрхгүй болчихов уу даа” гэхээр нь “Тиймээ, эмээ. Би нэр дэвшиж чадсангүй” гэтэл “Эмээ нь хүний эрхийг хамгаалдаг хүнд саналаа өгье гэж бодож байсан юм. Дараагийн сонгууль хүртэл амьд байж байвал эмээ нь охиндоо саналаа өгнөө ” гэж байна. Би тэр эмээг ямар их өрөвдсөн гэж санана. Бас өнгөрсөн 2008 оны УИХ-ын сонгуулиар Дарханд нэр дэвшээд саналаа луйвардуулахдаа сонгогчдоо бас өрөвдсөн.  Эмээ өвөө нар яахаа ч мэдэхгүй цуглачихаад “Бид хүний эрхийн хуульчийг сонгосон шүү дээ. Яагаад ийм болчихов оо” гэлцэж байсан.

-Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дараа харин би таныг улстөрөөс халширсан болов уу гэж бодож байсан. Намын дарга нар чинь шоронд орж, тэгээд дараа нь Ардчилсан намд элсэж нэлээд юм болсон доо...
-Халширах биш харин ч илүү хатуужсан юм. Нэгэн цагийн журмын нөхөд маань шоронд орж, бас дараа нь намаа хаяад Ардчилсан намд элсэхэд нь  “Тэгвэл аль ч намыг даган дуурайдаггүй жинэхэн иргэний дуу хоолой байхын тулд би үлдэнэ”  гэж дотроо тангарагласан юм. Бас ард түмний саналыг луйварддаг ийм гаж тогтолцоог заавал үгүй хийхийн төлөө би эцсээ хүртэл тэмцэнэ гэж бодсон. Тийм болохоор өнгөрсөн УИХ-ын сонгуулийн ялагдал маань ирээдүйн  ялалтын эхлэл байсан. Энэ удаагийнх ч мөн адил намайг хурцалж хэн гэдгийг маань нийгэмд таниулж өглөө. 

-Та ер нь “Надад ухрах зам байхгүй” гэж  хэлэх гээд байна уу даа?
-Та яг зөв ойлгож. Надад ухрах, айх, халширах гэсэн ойлголт байхгүй. Яагаад гэвэл миний зөв, надтай адилхан үзэл бодолтой хүмүүс  олон байгаа учраас би өөртөө итгэлтэй байна. Би ганцаараа биш ээ. Эрхээ эдлэхийг хүсч байгаа хүн бүхэн надтай  хамт гэсэн үг.  Тиймээс цаг хугаа өнгөрөх тусам би улам л олуулаа болж байгаа.   Би харин нэг нууц хэлэх үү...

-Тэг л дээ ?
-Ичиноровт дургүй хүн байдаггүй юм шүү дээ. Учир нь тэр хүний эрхийн хуульч байхгүй юу.
-Баярлалаа, танд амжилт хүсье

Л.Мөнхбаясгалан

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.