Замын компаниудаас хариуцлага нэхье

2009/10/19
Share |
Хүмүүс:
Замын компаниудаас хариуцлага нэхье

Зам засварын ажил жилийн жилд оройтож, ажил хариуцсан компаниуд тендерийн маргаан, төсөв мөнгөнөөс шалтгаалсан тайлбар хэлээд өнгөрдөг. Сүржин тайлбарын ард улсаас төсөв авчихаад чанаргүй зам тавих, ашиглалтад өгөх хугацааг хэтрүүлдэг, тендер бөөнддөг, тендерээс тендерт “эрвээхэйчилж”, хариуцлагаас бултдаг зарим компани завшиж байна. Төрөөс тэдэнд үүргийг нь сануулж, хариуцлага тооцдог журам алга. Эцэст нь хохирол, бухимдлыг иргэдийн нуруун дээр үүрүүлээд өнгөрдөг жишиг тогтоод удлаа. Энэ жил нийслэлийн зам засварын хэд хэдэн тендерийг нэг компани авсаны учир ашиглалтад оруулах хугацаа хэтэрснээс энд тэндгүй бөглөрөл үүсгэсэн байна. Тухайлбал, Т.Атарбаяр захиралтай “Хотын зам” ХХК 2007 онд БОАЖЯ-наас зарласан Их тэнгэрийн амны Маршалын гүүрний шинээр барих тендерийг авч улсын төсвөөс 3.9 тэрбум төгрөг төсөвлөсний 2.3 тэрбумыг нь авсан ч хугацаанд нь ашиглалтад оруулсангүй. Энэ сарын эхээр ашиглалтад орох ёстой гүүрний ажлын явцтай саяхан Ерөнхий сайд С.Баярын очиж танилцахад ажлаа тайлагнах бус өөдөөс нь мөнгө нэхэн хадуурч байв.

“Хотын зам” ХХК нэг ажлаа дуусгаагүй байж, Иносей эмнэлэгийн урд төв замын дагуу нүхэн гарц барих тендерийг мөн л авчээ. Энэ сарын 10-нд ашиглалтад өгөх байсан нүхэн гарцын ажил зуун задгай, жаран хагархай өнөөдрийг хүрлээ. Мөн Долоон буудлын эцсээс Бэлх хүртэл зам засварын ажлыг “Хотын зам” компани авч, зам хаагаад 16 хонож байгаа ч ажил нь урагшлахгүй, иргэдэд дарамт учруулж байна. Баруун дөрвөн замаас 10 дугаар хороолол хүртэлх 1.6 км урт авто замын өргөтгөлийн ажлын гүйцэтгэгч байгууллагаар мөн л «Хотын зам» ХХК шалгарч, 2009 оны долдугаар сарын 28-нд ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Баянбүрдийн тойргийн замыг засах нэрээр таван өдөр хаасан ч ширхэг чулуу хөдөлгөлгүй байсаар буцаагаад нээсэн. Т.Атарбаяр захирлыг хүлээж авсан ажлаа хагас дутуу хийсэн болоод дараагийн тендерт шалгарахын тулд эр хүний 13 мэх уралдуулж явдаг нэгэн гэх мэдээлэл дуулддаг. Тендерийн хуулиар бол тухайн ажил үйлчилгээний биелэлт 70 хувьтай байгаа тохиолдолд үлдсэн хувийг авах эрхтэй. Гэтэл ажиллах хүч, туршлага, чадвараа үл тооцон энд тэнд тендер бөөндөж, эрсдлээ тооцолгүй хаа сайгүй зам хааж түгжрэл үүсгэн иргэдийг бухимдуулсан “Хотын зам” ХХК ашиглалтад оруулах хугацааг нь хэтрүүлж, урьдчилгаа мөнгийг хэрхэн зарцуулсан тайлангаа тас нуучихаад дахин мөнгө нэхэж байгаа нь энэ. Монгол III сургуулийн өмнөх замын тендерийг дотоодын хэд хэдэн компани хамтран авсан ч ажил урагшилсангүй өнөөг хүрлээ. Замын суурь тавихаар хуулсан ч шинээр эхэлсэнгүй өвлийг угтаж байна.

Өнөөдөр монголд замын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй 256 компани бүртгэгдсэн бол инженер мөн 256 байдаг гэсэн тоо бий. Замын ажил эрхэлдэг эдгээр компаниас 50 орчим нь л тогтмол үйл ажиллагаа явуулдаг бол улсын хэмжээнд 3000 гаруй замчин бий гэсэн судалгааг Монголын авто замчдын холбоо гаргасан байна лээ. Боловсон хүчин дутагдалтай ч улс орны хувьд дэд бүтцийг хөгжүүлэх, хөдөө хотыг боловсон замаар холбох шаардлага тулгамдаж буй. Эрэлт, нийлүүлэл-тийн энэ зөрүүн дээр зам тавих хобби дөрөөлж, “Хавтастай захирал”, “Цүнхтэй компани” тендер залилах болж чанаргүй гүйцэтгэгчид олширчээ. Үнэхээр замаа хөгжүүлье гэсэн хүмүүсээс гадна янз бүрийн хүсэл, сонирхол орж ирдэг нь энэ. Ашигтай гэж орчихоод, зарим нь балчигт унаж сүйд болсон явдал ч бий.

Гэтэл зам ашигтай ажилладаг салбар биш. Инженерийн нарийн байгууламж учраас ажил нь ч хүнд хэмээн мэргэжлийн хүмүүс ярьдаг. Эндээс замын салбар ашигтай бол тэр нь юу байж болох вэ гэх асуулт тавигдаж байна.

Зам барихад төсөвт өртөг гэж бий. Тухайлбал нэг км зам барихын тулд материалын түүвэр гаргаж, нэгж бүрийн үнийг тус тусад тавьж батлуулна. Түүний дараа зай хэмжээг нь гаргадаг. Ойролцоогоор нэг төсөвт өртгийн таван хувь нь цалин байдаг гэсэн баримт байна. Үүнээс доод тал нь таван хувийг нь ашигт тооцлоо гэхэд арваад тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсний 200-гаад сая төгрөг нь ашиг болж таарах нь. Бусад нь үйл ажиллагааны зардалд тооцогдох юм байна. Тэндээс яаж ашиг гаргах вэ гэдэг мөн л анхаарал татсан асуулт. Нэгэнт тоо хэмжээгээр тооцон төсөв, хөрөнгийг нь батласан байхад түүнээс илүү ашиг гаргана гэвэл, ажил дутуу хийгдэж байна гэж ойлгож болох нь. Энэ мэт ашиг харсан чанаргүй гүйцэтгэл, танил талын ханцуйгаар дамжсан тендерийн наймааг цэглэж, “хавтастай захирал”, “цүнхтэй компани”-аас хариуцлага нэхье

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.