Эцэг эхчүүдээ хүүхдээ сургууль цэцэрлэгт нь битгий явуулаарай

2009/10/19
Share |
Хүмүүс:
Эцэг эхчүүдээ хүүхдээ сургууль цэцэрлэгт нь битгий явуулаарай

А хүрээний H1N1 вирусын халдвар авсан 14 хүн байгаа тухай ХӨСҮТ-ээс баасан гаригийн орой мэдээлж байсан бол амралтын өдрүүдэд энэ тоо хоёр дахин нэмэгдлээ. Сүх далайтал үхэр амар хэмээн назгайрч, H1N1 вирустэй “зөөлөн менежмент”-ээр тэмцсэний балгаар өвчилсөн хүний тоо хоёрхон өдрийн дотор арифметик прогрессээр өссөн нь энэ юм.

Монгол Улс гахайн ханиадтай 197 дахь орноор данслагдахад баяр хөөр болон угтсан дарга нар “зөөлөн менежмент” хэрэгжүүлж энэ өвчнөөс ангижирна хэмээн амлаж байлаа. Энэ бол өвчлөл дөнгөж эхэлж, таван хүн халдвар авсан нь тодорхой болсон үе. Харин тэр өдрөөс хойш зургаа хоногийн дараа 5, 12, 14, 26 болж нэмэгдсээр хамгийн сүүлд 28 хүн га-хайн томуугийн вирустай болох нь батлагдаад байна.

Дэлхий дахинд цар тахал хэмээн болгоомжилж, богино хугацаанд олон хүнийг хамрах аюултай хэмээн тодорхойлогдоод байгаа гахайн томуу эх оронд нь ирчихээд байхад “Нэг их сүр болгоод хэрэггүй шүү” хэмээн эрүүл бус зөвлөгөө өгч байсан Эрүүл мэндийн сайд та одоо юу бодож байна вэ. Насаараа боловсролын байгууллагад ажиллачихаад нэг л өдөр эрүүл мэн-дийн салбар руу хальтрахдаа замд тааралдсан элдэв үгийн дайралтаас “Эрүүл мэндийн салбарыг эмч хүн удирдах албагүй” хэмээн бултаж чадсан С.Ламбаа сайд “Эрүүл мэндийн сайд нь иргэдийнхээ амь насыг хариуцах албагүй” гэж өчих гээгүй байгаа даа.

АМЬ АМИА БОДООРОЙ

Өвчин гарсан даруйд хөл хорио тогтоож, шуурхай арга хэмжээ авах талаар хэвлэл мэдээллийнхэн, ард иргэд хамгийн түрүүнд сануулж байлаа.

Гэтэл С.Ламбаа сайд телевизэд өгсөн ярицлагадаа  “Хүн амын гуравны нэг хувь нь туссан тохиолдолд хөл хорио тогтоох зөвлөмжийг ДЭМБ-аас өгсөн. Манайх энэ хувьд хүрэх хаа ч байсан юм. Хөл хорио тогтоох нь ямар ч ач холбогдолгүй” хэмээн инээд алдан ярьж иргэдийнхээ 30 хувийг өвчлөхийг хүлээж байгаагаа хүлээн зөвшөөрсөн юм. Ингэхэд С.Ламбаа сайд ламбада бүжиглэж явахдаа инээдэг л юм биз. Өвчин зовлон гарчихаад байхад нүүрэндээ мишээл тодруулаад баярлаад байгааг ард түмэн огт ойлгохгүй байгааг дамжуулчихъя.

Эрүүл мэндийн сайдын яриагаар монголчуудын гуравны нэг нь өвчилсний дараа л хөл хорио тогтоож, дорвитой арга хэмжээ авах юм гэнэ. Жирийн иргэний үгийг тоодоггүй эрх баригчид энэ удаад ч бас үл тоомсорлож хөл хорио тогтоохгүй хэмээн зөрүүдэлж байхад эцэг эхчүүд бид өөрсдийнхөөрөө зүтгэж яагаад болохгүй гэж гэсэн эсэргүү үгийг хэлмээр санагдана.

Монгол хүн эрүүл аюулгүй орчинд амьд явах эрхтэй. Иргэнээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах ёстойгоо мартсан төрд найдалгүй хаалганы бариул, шат, хана, гудамж хонгил, автобусны зогсоол  зэрэг хаана ч отож байж мэдэх аюулт өвчний вирусээс үр хүүхдээ хамгаалцгаая. Үүргээ умартсан төрийг хүлээх биш үр хүүхдийнхээ төлөө ганц ч гэсэн удаа тэрслээд үзье. Нийтээр, албан ёсоор хөл хорихыг хүлээлгүй  сайн дураар хөл хорио тогтооё.

ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛСЭН ЭЛДЭВ БАРИМТУУД…

Зөөлөн менежмент гэдэг нь ард иргэдийг тайван байлгах, бодит байдлыг ард түмэнд зөөлрүүлж мэдээлэх зорилготой нь шуудхан ойлгогдож байна. Тиймээс мэдээлж байгаа нь л 28 болохоос хэчнээнийг нь нуун дарагдуулж, хэдэн хүнийг өвчлөөгүй хэмээн зарлаж байгаа бол гэх хардлага шуудхан төрнө. Ингэж хардах үндэслэл ч хангалттай бий.
Монголд гахайн томуу гарсан мэдээлэл тархсан даруйд Онцгой комисс хуралдсан ч энэ хуралдаан хаалттай болж байлаа.

Мөн С.Ламбаа сайд “За нэг их сүр болгоод хэрэггүй шүү” хэмээн айлдсан бөгөөд сэтгүүлчид өвчний явцын талаар ХӨСҮТ-ийн аль нэг эмчээс яриа авах боломжгүй бөгөөд зөвхөн сургалт, хэвлэл мэдээллийн албаар дамжин мэдээлэл авч байгаа юм. Өөрөөр хэлбэл, аль болох зөөлөн аргаар үзэх ёстой үүрэг авсан ХӨСҮТ-ийнхэн бодитой мэдээлэл өгч байгаа гэдэгт эргэлзэхээс ч аргагүй юм.

Хэвлэлийнхэнд ойлгомжгүй, хардлага төрүүлэх бас нэг зангилаа байгаа нь мэдээллийн шуурхай бус байдал. ХӨСҮТ-ийн сургалт, хэвлэл мэдээллийн албаныхан өдөрт ганцхан удаа буюу өглөө 08 цагт л мэдээгээ өгч байгаа бөгөөд оройн 20 цагт ч өнөөх л мэдээгээ улиглаж хэлэх нь гайхмаар. Зөвхөн өчигдөр л гэхэд ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээлэл сурталчилгааны албаныхан “16.00 цагт мэдээлэл өгнө гэсэн боловч “Дарга нар ирсэн” гэсэн шалтгаанаар удаа дараа хойшлуулсаар 18 цагт дахин холбогдоход “Одоо шинэ мэдээ өгөх боломжгүй. Энд тэндээс янз бүрийн тоо асуугаад хольж хутгаад байна. Маргааш өглөө нэг мөсөн 08 цагт мэдээлэл аваарай” хэмээх хариулт өглөө.

ЗурагтаарУИХ-ын нөхөн сонгуулийн ганцхан тойргийн мэдээллийг цаг алдалгүй мэдээлж байгаа хэрнээ аюулт өвчний талаарх мэдээллийг өдрийн турш давтаж гаргахаас хэтэрсэнгүй. Ганцхан тойрогт болж байгаа нөхөн сонгуулийн мэдээг цаг тутамд өгч болж байхад Монгол Улс даяар заналхийлсэн өвчний талаарх бодитой мэдээллийг 24 цаг хүлээлгэдэг нь ямар шалтгаантай вэ.

Таамаг, хардлага үүгээр дуусахгүй. Баасан гаригт хуралдсан Хэнтий аймгийн онцгой комиссынхон хаалттай хуралдаж, хуралдааны талаар нэг ч үг “а” гэхгүй байхыг ороцогчдод үүрэгдсэн гэж байгаа. Энэ талаар “Би мэдээлэл өгөөгүй шүү” хэмээн тэндээс манай сонин руу утсаар мэдээлэл өгсөн юм. Нууц биш мэдээллийг нууцалж өгсөн иргэн чухам юунаас айж бэргээд байна аа...?

Гахайн томууг тойрсон эргэлзээ энэ мэтээр ар араасаа хөвөрнө. Ард түмний үнэнийг мэдэх эрхийг хязгаарласан оньсогын хариу хэзээ тайлагдах нь таамаг хэвээр үлдлээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.