Нийслэл ойгоо тэмдэглэж "Нэхмэлийн шар"-ынхан бохиртоо живж байна

2009/10/20
Share |
Хүмүүс:
Нийслэл ойгоо тэмдэглэж

Нийслэл Улаанбаатар хотын 370 жилийн ойн баярыг тэмдэглэхэд ердөө ес хоног үлдлээ. Дарга ангийнхан ялихгүй ажил хийчихээд хэвлэл, мэдээллийн зарим хэрэгслээр бялууртлаа магтуулж нийтлэл, нэвтрүүлгийн цаг зав, зай талбайг барах зуурт мартагдаж, хөгжлөөс хоцрогдсон  Хан-Уул дүүр-гийн зарим орон сууцнуудын бохирын шугам  бөглөрч иргэд өтгөн, шингэн нь асгарсан хүнд нөхцөлд олон хонов. Өнгөрсөн баасан гаригт асуудал дээд цэгтээ хүрч бохир урссан хонгилоор иргэд наагуур, цаагуур оймж өнжсөн.

Орон нутгийн сонгуулиар АН-ынхан Хан-Уул дүүргийг гартаа авснаас хойш хот хэмээх их айл бараг л найман дүүрэгтэй болсон. Эврээ ургахаар эхийгээ мөргөдгийн үлгэрээр хоёр орлогч даргатай болно хэ-мээн томорсон Засаг дарга Ж.Ганхуягийн зөрүүдлэлийг хотын дарга дийлэлгүй зоргоор нь тавьсан. Айлууд нь шатаж орох оронгүй болж байхад солонгосууд дагаад намирч явдаг даргад оршин суугчдын энэ мэт бэрхшээл  асуудал биш.  

Бохиртойгоо холилдон зутруухан аж төрөх айлуудын хаяг “Нэхмэлийн шар”-ынхан.  Хан-Уул дүүргийн “Нэхмэлийн шар”-ын 10 дугаар байрны оршин суугчид үмхий үнэртэй, бохир нь хальж олон хоногийг үджээ. Дүүргийн Засаг даргын Tамгын газрын байрнаас 500 метр хүрэхтэй үгүйтэй зайтай байрны оршин суугчид жилийн жилд ийм байдалтай аж төрж иржээ. Анхаарч байгаа нэг ч дарга алга. Цалин мөнгийг нь авч, халамж үйлчилгээг нь эдэлчихээд ажлаа хийдэггүй олон дарга нарыг цөөлөх цаг болжээ. Хан-Уулынхан Засаг дарга хоёр орлогчтой боллоо гээд овоож оцойтол хийсэн ажил гэж алга.

“Нэхмэлийн шар”ын 10 дугаар байрны 19 тоот айлын оршин суугч М.Буянхишгийнхээр орлоо. Тэрээр, “Үмхийгээ үнэртээд л сууж байна даа. Орцоор орж ирэхээр хамар сэт тавьчих гээд хэцүү шүү дээ. Энэ жил гайгүй л байсан чинь ойрдоо манайхны 00 халиад ус нь татагдахаа больсон. Өмнө нь манай гэрийн бохир хальдаг байсан. Үе үе ийм бэрхшээл тохиолдох юм аа, хүү минь. Орон сууцны контортоо очиж байдлыг зөндөө л хэлдэг шүү дээ. Манай байрны ард баахан хоолны газар байгаа. “Монгол хуушуур” гээд 24 цагийн үйлчилгээтэй цайны газар бий. Бас “Хан-Уул” гээд зоогийн газар бий. Ер нь манай байрны нэгдүгээр давхрыг тэр чигээр нь үйлчилгээний байгууллага болгосон. Олон жил болж байгаа барилгын нэгдүгээр давхрыг өргөтгөн үйлчилгээний байгууллага ажиллуулахаар бохирын шугам нь яаж дийлэх вэ дээ. Ер нь ч олон жил болчихсон юм чинь. Бөглөрөх нь аргагүй шүү дээ. Энэ хоёр хоолны газар трубаны мөнгөө шилжүүлсэн гэж дуулдаж байна лээ. Саяхан слесарууд хэдэн труба авчирч доошоо ороод янзлаад байх шиг байсан. Гэхдээ л одоо ч гэсэн үмхий үнэртээд байгаа ш дээ. Хонх нь байхаар дамар нь таг гэгчээр труба аваад иртэл тог нь байдаггүй гээд л асуудал үүсээд засварын ажил хойшлогдоод байсан, юу болсон юм бол доо. Та нар үүдээр орж ирэхэд аймаар байгааг анзаарсан биз дээ. Шал нь тэр чигээрээ бохирлогдсон байгааг. Хлорамин асгасан болжээ зайлуул. Ийм л нөхцөлд бид аж төрж байна. Энэ мэтээр яриад байвал хэцүүхэн л байна аа. Манайх нялх хүүхдүүдтэй айл. Өвчин гарсан энэ үед ийм бохир байдалтай л сууж таарах уу. Хаалга нээгдээд хүн ороод ирэнгүүт л үмхий үнэр ханхлаад явчих юм” гэж ярьсан.

Энд байр хөлсөлдөг залуу Т ярихдаа, “Манайх энд байр хөлслөөд удаагүй байгаа. Их л хэцүүхэн юм билээ. Байсхийгээд л асуудал, бөглөрөл, үмхий самхай үнэр. Орж гарахад ч төвөгтэй юм байна. Бид ямар гэр хороололд амьдарч байгаа юм уу. Та хоёр одоо энэ аймаар үнэрийг мэдэрч байгаа биз дээ. Орцны хаалгаар оронгуут л үмхий бохирын үнэр ханхалж салахаа больсон. Арга ядаад өвөл болж байгаа ч гэсэн орцны хаалгануудаа дэлгэсэн байгаа биз дээ. Эндээс удахгүй нүүдэг ч юм бил үү. Мөнгө төлөөд орон сууцанд амьдрах гэсэн биш харин ч эсрэгээрээ үмхий бохир хонгилоор гарч, орох боллоо. Сэжиг хүрээд хэцүү л байна. Бид бохирын усаа татахаас өөр юу хийж чадах билээ. Халдварт өвчин тусах энүүхэнд байна. Нийслэлд аюултай өвчин гараад бүх хүн амны хаалт зүүж өөрсдийгөө хамгаалаад байхад манай байрныхан бохиртойгоо холилдон сууж таарах уу. Хотын том том дарга нар энд ирж үзээсэй” гэлээ. 10 дугаар байрны өмнө талд Цагаан хоолны газар, “Монгол хуушуур” зэрэг үйлчилгээний гурван газар нэгдү-гээр давхрын барилгыг өргөтгөн ажиллуулж байна. Хүйтэн устай байранд хоолны газрууд ажиллаж болох уу. Ядаж л аяга, тавагаа угаахаасаа эхлээд шаардлага хангахгүй баймаар юм. Өдөр, шөнөгүй ажилладаг “Монгол хуушуур” цайны газар бие засах газар  засвартай гэж хэлээд үйлчлүүлэгчддээ буцааж байв. 10 дугаар байрны шугам хоолойн засвар дуусаагүй, эсвэл айлуудын хэлдгээр ус нь татагдахаа байсан бололтой.

Мөн PC тоглоомын газар ч энд бий. 10 дугаар байрны хоёдугаар орцны үүдэнд бөглөрсөн бохирын шугам хоолойг ил задгай хаяжээ. Энэ бол халдвар тараах хамгийн наад захын жишээ. Арав алхав уу, үгүй юу задгай хог ухах тэнүүлчин, ноход гээд гэр хорооллын хогийн цэгээс дутахааргүй нөхцөлд “Нэхмэлийн шар”-ынхан амьдарсаар. Энэ хэсэг газарт нийслэлийн 370 жилийн ойн арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажил үйлчлэлгүй хоцорлоо. Нийслэлийн удирдлагууд ойн баяр хэмээн хөл хөөрцөг болж байхад “Нэх-мэлийн шар”-ынхан олон хоногоор бохиртоо живж байна

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.