Хүмүүс: Ц Нямдорж | |
76 мангуу, ямаанд хайртай ухнууд гээд л ард түмэн парламентын гишүүддээ нэр хоч өгөх дуртай. Үнэндээ Д.Дэмбэрэл даргын анги “өнгөт инээд” мэтийн муухан хошин шогийн хамтлагаас хавьгүй дээр “алиалагчидтайг” манайхан юу эс андахав. Хэл амны хөгжил, хөдөлгөөн шалмаг шаргал ордны эрхмүүд хуралдаж эхлээд хэлэлцэнэ, хэлэлцээд барахгүй бол хэрэлдэнэ, хэрэлдээд гомдолтой бол хошуугаа унжуулан гарч гүйдэг зуршилтай. Авъяаслаг 76 дотор бүүр нэг дотортой тоглолттой хэдэн нөхдүүд байдагийн нэг нь экс ангийн дарга Ц.Нямдорж. Хүн “хийж” бусдыгаа уурлуулж,биднийгээ хөгжөөдөг Нямка даргад ард түмэн талтай байдагийн нэг шалтгаан бол яах аргагүй энэ. Ямар сайндаа л Байнгын хорооны хурал дээр төрийн албаны тухай хууль ярьж байхад сонгууль ярьж “цавчсан” Д.Энхбатыг “ногоон ч гэнэ үү, хар ч гэнэ үү намын, хар царайтай, Соросын сангаар амьдардаг нөхөр болиоч ээ” гэсэн нь олон хүний инээд, эгдүүцлийг төрүүлээд авсан билээ. Хөөрхий минь АН-ын нөмөр нөөлөгт орсон эмзэг бүлгийн гишүүн ч гэлээ царайгаараа ядаж л Ц.Нямдоржоос цагаан байх шүү гэж сонгогчид нь өмөөрч байгаа дуулдсан.