"Монголросцветмет"-ийнхэн "даварч" байна

2009/10/23
Share |
Хүмүүс:

Сүүлийн үед хэвлэл мэдээллээр шуугих болсон Түйн голтой холбоотой мэдээллийг та бүхэнд хүргэе. Баянхонгор аймгийн зүүн талаар Түйн гол урсдаг. Хангайн нуруунаас эх авч 234 километр урсаж Орог нуурт хүрэхдээ Эрдэнэцогт, Өлзийт, Богд, Жинст сумдын нутгаар урсаж, хүн малыг ундаалдаг.

Харамсалтай нь “Монголросцветмент” компанийн ашиг хонжоо хайн улайрагчдын балгаар өдгөө Түйн гол хуурай сайр болоод байгааг та бүхэн зургаас харж болно.

Дан ганц “Монголросцветмент” компанийнхныг энд буруутгах нь өрөөсгөл. Учир нь тэднийг голын эхэнд хайгуул хийж өрөмдлөг явуулах зөвшөөрлийг Эрдэнэцогт сумын засаг дарга И.Төмөрбаатар, иргэдийн хурлын тэргүүлэгчдийн дарга Д.Цэвэгдорж хоёр өгчээ. “Манай сумыг хөгжүүлэх санд 50 сая төгрөг өгөхөөр болсон юм. Тэгээд ч тэд нарын ажил юу юугүй дуусах гэж байгаа” хэмээн мунхаглаж суугаа энэ хоёр хүний шийдвэрийг нутгийн олон эсэргүүцэж жагсаал цуглаан хүртэл хийжээ. Тэгээд 50 сая төгрөгөөрөө нутаг орноо хөгжүүлсэн үү гэвэл бас үгүй ээ. Хэдэн хүнийг гадаадад амрааж 17 сая төгрөгийг нь “үрсэн” юм байх. Харин үлдсэн мөнгө нь яасан юм бүү мэд.

 

"Монголросцветмет" 2001 онд хайгуул хийх зөвшөөрлийн лицензийг авчээ. Жил бүр лицензийн төлбөрөө төлдөг гээд тэдний үйл ажиллагаанд өөлөх зүйл бага. Харин энэ зун гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль гарсан. Энэ хууль хоёрхон сарын дараанаас хэрэгжиж эхлэх юм. Тиймээс хууль хэрэгжиж эхлэхээс өмнө "Монголросцветмет"-ийнхэн хайгуулын ажлаа эрчимжүүлж, өрөмдлөг хийж эхэлжээ. Бүр яг голын сайран дээр шүү. Энэ байдалд дургүйцсэн нутгийн иргэд эсэргүүцэн тэмцэж, олон ч удаа шаардлага тавьжээ. Мэдээж нутгийн иргэдийг “нохой хуцаж” байна чинээ тоосонгүй.

Улмаар аймгийн мэргэжлийн хяналтынхан байдалтай танилцсан байна. Ингээд шалгалтын дүн гарч байгаль хамгаалах байгууллагаас зөвшөөрөл аваагүй, орон нутгийн байгууллага, иргэдийн нийтийн хуралд тусгагдаагүй, Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчаас өгсөн үүргийг биелүүлээгүй ээрэг ноцтой зөрчлүүд илэрч Баянхонгор дахь улсын байцаагч Б.Түмэнчимэгийн актаар долдугаар сарын 28-наас эхлэн үйл ажиллагааг нь зогсоожээ. Гэтэл ердөө маргааш нь Б.Түмэнчимэгийн актыг хүчингүйд тооцож, "Монголросцветмет"-ийн үйл ажиллагааг хэвийн явуулахыг шаардсан албан бичгийг МХЕГ-ын Байгаль орчин, Геологи, Уул уурхай, Цацрагийн хяналтын улсын албаны дарга хатагтай Б.Саран явуулжээ.

Ингээд "Монголросцветмет"-ийнхэн дахин өрөмдлөгөө эхлүүлсэн байна.

Нутгийн олон ундны усгүй болох дээрээ тулсан тул тэмцсээр л байжээ. Тэдний тэмцлийн дүнд МХЕГ-ын дарга Ц.Шийрэвдамба энэ сарын долоонд Баянхонгорын мэргэжлийн хяналтын байцаагчийн гаргасан дүгнэлтийг хүчингүй болгосон Б.Саран авхайн шийдвэрийг хүчингүйд тооцох тухай албан бичгийг явуулсан байна. Ингээд тэдний үйл ажиллагаа түр хугацаанд боловч завсарлажээ. Өдгөө Түйн гол нэг иймэрхүү байдалтай урсаж байна. Даанч халагламаар харагдаж байгаа биз.

Бид “Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөн” эвслийн Батболдтой утсаар холбогдож, хамгийн сүүлийн үеийн байдлыг асууж лавласан юм. Гэтэл дахиад л муу мэдээ сонсох нь тэр ээ. Өнөө "Монголросцветмет"-хэн чинь Түйн голын хажуу талын салаа руу цутгадаг Өвөржаргалантын гол дээр өрөмдлөг хийгээд эхэлчихжээ. Аймгийн мэргэжлийн хяналтынхнаар удирдуулсан ажлын хэсэг байдал дээр нь очиж танилцан, үйл ажиллагаагаа зогсоохыг шаардахад тэд “хэрүүл” хийгээд суугаад байгаа гэнэ. "Монголросцветмет"-хэнд хууль дүрэм үйлчилдэггүй юмаа гэхэд хойч үе, байгаль дэлхийгээ хайрлах өчүүхэн ч сэтгэл байхгүй ажээ.

Ердөө өчигдөр УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Д.Энхбат нарын байгуулсан “Ногоон бүлэг” –ийнхэн хуралдаж, дэлхийн цаг агаарын өөрчлөлт, түүний үр уршгийн талаар сүртэй мэдээлэл өгнө билээ. Та бүхэнд хандаж хэлэхэд дэлхий сүйрэлд орохоос өмнө Монгол эх орны маань байгаль дэлхий энэ мэт ашиг хонжоо хайн улайрагчдаас болоод сүйрээд байна шүү.

news.gogo.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.