Хүмүүс: Алтантүрүү | |
Г.Алтантүрүү айлд хонохоо больсноос хойш ард түмний дуртай “Танай хонъё” нэвтрүүлэг нэг л тоосонд дарагдан, бүдгэрэх болсон. Мэдлэг гэхээсээ илүүтэйгээр мэдрэмжтэй хэмээн үнэлэгддэг залуу сэтгүүлчийн ярилцлагын темпийг үгүйлэн хэсэгтээ л санааширч суусан үзэгчид тэгсгээд дурсах нь цөөрсөн билээ. Харин мартагдаж эхлээд байсан Г.Алтантүрүү саяхнаас сүртэй шторкоор PR хийж “Ноён солиот”-ын эрэлд гарснаа үзэгчиддээ дуулгаад авав. Анхны нэвтрүүлгийн зочин сонирхолтой хүн байсандаа ч тэр үү, ард түмэн Г.Алтантүрүүгээ санасандаа ч юм уу ямартай ч шимтэн сууж үзээгүй хүн цөөхөн. Нийгмийн болж бүтэхгүй байгаа, бузар булхайг илчилж, жинхэнэ үнэн мөн чанарыг эрэлхийлэхээр шийдсэн Алтантүрүү “Донж”-ын Төгөлдөртэй найзлах болсон гэсэндээ бас ч гэж стиль имиждээ анхааран, царай орсон харагдана билээ. Залуу хүн гэхэд цаанаа л нэг буурь суурьтай, хүн бүрт хүлээн зөвшөөрөгдсөн тэрээр хэрэгтэй үед хэрэгтэй үгийг хэлж чаддаг тун ч мэдрэмжтэй нэгэн. Тиймдээ ч мань хүн нэвтрүүлгийнхээ тухай “Бусдын болоод ирээдүйн сайн сайхныг хулгайлагч сайн нэртэй, сайхан түүхтэй хумсаа нуусан муурнуудыг бид бишгүй л сонсдог. Тэгвэл одоо бидний мэдэхгүй, бидний мэдэж ойлгох ёстой үнэний тухай, бид нэр хоч өгч өөрсдөөсөө тусгаарладаг тэр хүмүүс нийгэмтэй хэрхэн зохицон амьдарч байгаа тухай сонсох цаг болсон.” хэмээн ярьсан билээ. Сэтгүүлч залуу “Танайд хонъё”-оос муу нэвтрүүлэг хийх эрх надад байхгүй гэж хэлсэн удаатай. Тийм ч учираас нийгмийн нууцлагдмал ертөнцөд хөл тавьсан Г.Алтантүрүүгээс ард түмэн ихийг хүлээж буй биз ээ