2008 ОНЫ СОНГУУЛЬ: ҮНС НУРАМ, ҮХЭЛ НУЛИМС

2009/10/26
Share |
Хүмүүс:
2008 ОНЫ СОНГУУЛЬ: ҮНС НУРАМ, ҮХЭЛ НУЛИМС

Томсгосон тойрог, олон сонголттой 2008 оны УИХ-ын сонгууль холион бантан болох нь эхнээсээ тодорхой байлаа. Нэр дэвшүүлэхээсээ эхлээд хаана, хэнийг унагах, ялуулахаа тохирч эхэлсэн юм. Ихэнх тойрогт ямар дүн гарч, хэдэн мандатаас  хэдийг нь авч, алдахыг судалж таамагласан юм биш. Урьдчилж үгссэн, хуйвалдан тохирчихсон сонгууль болсон. Чингэлтэйд МАХН-аас Д.Очирбатыг гаргах нь дэлхий бөөрөнхий гэдэг шиг тодорхой бол Л.Одончимэдийг унагах нь түүнээс ч мэдээжийн зүйл байсан хэрэг. Баянзүрхэд Т.Ганди, Сонгинохайрханд Ц.Шаравдоржийг улаан шугамнаас урьтаад хасчихсан байсан билээ. Түлш, эрчим хүчний дэд сайд Т.Энхтайваныг дэвшүүлэхийн тулд Д.Загджавын хувь заяаг гаргуунд нь хаячихсан боловч хортой шартай энэ нөхөр бие даана гэж айлгаж, намын гишүүд нь жагсаж байж сонгуульд өрсөлдөхөөр болсон юм.

Архангайд 0:3-аар бут ниргүүлж, Н.Удвал мэтийн “гай”-г зайлуулаад, Завханд 3:0-оор салам цохих тоо, дүн намын даргын өврийн дэвтэрт сонгуулиас өмнө бичээтэй байжээ. Намын удирдлагын түвшинд өөрсдийнхнөө ялагдуулахаар үгсэх, буянаараа болог цаашаа гэж хаях хэмжээнд хүрснээрээ 2008 оны сонгууль ёс суртахууны ялзрал, заваан улстөрийн хуйвалдааны эмгэнэлт жүжиг болж, 7 дугаар сарын 1-ний цуст хэрэг явдлыг араасаа дагуулсан билээ. 

Нэр дэвшигчид намын харъяаллаараа баг болж ажилласан тохиолдол томсгосон 26 тойрогт үндсэндээ гараагүй, амь амиа бодон, хувь хувиараа үгсэн тохирсон сонгууль. Сүхбаатар дүүрэгт АН-аас нэр дэвшигч Лу.Гантөмөр “Ард түмний мөнгийг хэмнэе” гэж маш оновчтой пиар хийж, нэр хүндээ тэлж чадахад МАХН-ынхан биш журмын нөхөр нь гутаах гэж оролдож байв.  Чингэлтэйд нэг нь барилга бариулдаг бизнестэй, нөгөө нь газар олгодог ажилтай АН-ын Г.Баярсайхан, МАХН-ын Д.Очирбат нар нам нийлж, сэм хуйвалдаад хоёулаа УИХ-ын гишүүний үнэмлэх өвөртөлсөн юм.   

Нэг иргэн 2-4 нэр дэвшигчийг сонгох холион бантан саналын хуудсыг тоолох биш нэг бол алгасах, нөгөө бол нэмж унших будлиан хутгасан. Сонголт нэг, тойрог жижиг байхад саналын хуудсыг ялган бухалдахад л хэн ялсан, ялагдсан нь тодорхой болчихдог, тооллого уддаггүй, будлиан маргаан ч арай бага гардаг байсан юм. Авсан саналын хуудсыг ялгаж бухалдахад шөнийн 01 цагийн үеэс хэн ялсан нь урьдчилаад тодорхой болчихдог байсан бол 2008 онд хамгийн хурдан нь бүтэн өдөр болж сунан, Баянгол дүүрэг л гэхэд бүхлээрээ төлөөлөлгүй үлдэж, С.Эрдэнийг орж иртэл хоёр жилийг авч байх жишээтэй. Сурталчилгаа цадигаа алдсан. Эрдэнэтэд Д.Дамба-Очир тааврын нэвтрүүлгээр орой бүр мөнгө өгч, Увсад Чойжилсүрэн нутаг усныхандаа хишиг түгээн оодорч, банктай нь барьцаагүй зээл өгч, биеэ үнэлэгчдийн өргөн бүрэлдэхүүнтэй баг хөдөөг зорьж, “алга дарам газар”-ын амтыг мэдрүүлэн, “атрыг эзэмшиж” байсан гээд бод.

Хуйвалдаан будлиан, луйвар булхайн сонгуулийн өр төлөөсөнд 7 дугаар сарын 1 боллоо. С.Баяр өрөвдүүлэх, Ц.Элбэгдорж өмөөрүүлэх гэсээр байгаад хэрэг явдлыг хяналтаасаа алдсан. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Дорлигжав ҮАБЗ-ийн өргөтгөсөн хурал дээр “Цагдаа ард түмнийг буудсан бол чи яах вэ?” хэмээн МАХН-ын даргаас асууж, цаадах нь “Тийм бол би хариуцлага хүлээнэ” гэж хариулж байв. Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба хэргийг шалгаж, эргүүл хамгаалалтын 0801 дүгээр ангийн цагдаа нарын хэрэглэсэн сумаар буудаж, хүний амь нас хохироосныг тогтоочихлоо. Буудуулсан 17 настай хоёр хүү зэрэг амьд хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, хавтаст хэрэгтэй танилцсан, талийгаачдын арын гэрийнхэн “Цагдаа буудсан нь тогтоогдсон” гэж баталсаар байгаа юм. Цагдаа иргэдээ буудсаныг youtube-д тавигдсан видео бичлэг, 1 дүгээр эмнэлгийн хажуугийн ХХБ-ны салбарын ажилтнуудын нүдээр харснаа хэлдэг гэрчлэл нотолно. 

Үймээн оргилдоо хүрч байсан 22 цагийн орчимд ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Амарболд  мянга гаруй хүнтэй хүчээ гэнэт эргүүлэн татаж, ердөө дал орчим цагдаа МАХН-ын байрны орчимд үлдсэн, одоо болтол шатсан машинуудын эзэд олдохгүй байгаа нь анхаарал татсан баримтууд юм. Талийгаач Э.Доржсүрэнгийн аав Ц.Энхбаяр “Энэ үймээнийг хэсэг бүлэг хүмүүс эртнээс үгсэн тохирч, зохион байгуулсан. Цагдаагийнхан хүчээ эргүүлэн татсаны дараа Уран зургийн галерей шатсан. Үүнийг хэсэг хүмүүс зохион байгуулсан. СТӨ-ний 1 дүгээр давхарт гал гараагүй байхад 10 дугаар давхар яагаад шатдаг юм бэ. Сонгуулиас хоёр өдрийн өмнө төрийн ордны арын хэсгийг төмрөөр хааж эхэлсэн. Энэ бүхнээс үзэхэд МАХН санал луйвардсанаа нуун дарахын тулд ийм зүйл хийсэн” гэж ярьж байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 7 дугаар сарын 3-нд хуралдаж, ажлын хэсэг байгуулан үнэлэлт дүгнэлт өгөхийг УИХ-д зөвлөмж болгосон. Бүтэн жилийн дараа, ердөө саяхан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдлаа. Бүдгэрэн баларч, удаж төдсөний дараа ажлын хэсэг байгуулсан нь 7 дугаар сарын 1-нд хамгийн гол буруутай хоёр нам энэ бүхнийг үнэлэн дүгнэх боломжгүйг л харуулж байгаа хэрэг. Хумс дүүртэл нүдээ ухуулсан жирийн цагдаа, хөөрч самуурсан залуусыг биш жинхэнэ цаад эзэд, өдөөн турхирагчдыг нь олж гэсгээхийг олон нийт хүсч байгаа. Хоёр зуу гаруй залуу ялт хэрэг үйлдсэн гэж шийтгэгдсэн. Албан тушаалын төлөө ард түмнээ хуваан талцуулсан хоёр намын удирдлага харин буруутах нь битгий хэл шагнуулсан. Таван алтан сандлаар сольж, хамтарсан Засгийн газар байгуулах л байсан юм бол таван алтан амь үрэгдтэл талцуулан турхирах ямар хэрэг байсан юм бэ? Үнс нурам, үхэл нулимс дагуулсан 2008 оны сонгуульд хоёр намын дарга, өнөөдрийн Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёулаа огт буруугүй юм бол 2,7 сая иргэн гэмтэй юу? 2008 оны сонгууль биш сонгуульд үргэлжлэл бий. 2009 оны хаврын Ерөнхийлөгчийн, намрын УИХ-ын нөхөн сонгууль хүсэхгүй бол ялагдаж, хүсвэл ялж болдог, төрийн тэргүүний суудлыг пар-ламент дахь хүчний харьцаанд ямар ч зарчмын ач холбогдогүй мандатаар сольсон МАХН-ын ашиг муутай улс төр, арилжаа наймаагаар үргэлжилж байна.        

Үргэлжлэл бий /Д.Болдхуяг/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.