Томуугийн вакциныг 55 ам.доллараар хийлгэнэ гэв үү

2009/10/29
Share |
Хүмүүс:
Томуугийн вакциныг 55 ам.доллараар хийлгэнэ гэв үү

Томуугийн A хүрээний Н1N1 вирусээр өвчилсөн хүмүүсийн тоо 473-т хүрч, зургаан хүний биеийн байдал хүндэвтэр байгаа гэнэ.

Мөн хөдөө орон нутгийн есөн аймагт халдвар гарсан нь лабораторийн оношоор батлагдаад байгаа юм. Дээрх халдварт бага насны хүүхдүүд болон суурь өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүд өртөж амь насаа алдаж байгаа нь ДЭМБ-аас явуулсан судалгаагаар нотлогдсон байна.

"Дайны хажуугаар дажин" гэж...
Үүгээр түүгээр өвчин эмгэг далимдуулж ашиг хонжоо хайгчид олны дургүйцлыг хүргэж байгааг энд дурдахгүй өнгөрч болохгүй санагдана. "Дайны хажуугаар дажин" гэдгийн үлгэрээр бас л дахиад сэтгэл гонсойлгосон муу мэдээ чих дэлсээд авав. Халдварт өвчин гарснаар далим хийж эмийн сангууд эм тарианы үнээ хоёр дахин нэмээд авсан.

Хэдийгээр энэ нь зах зээлийн хуулиар зохицуулагдаж байгаа ч ядарсан нэгэнд нэрмээс болж байгаа нь нууц биш юм. Хомхой зандаа хөтлөгдсөн эмийн "панзчид" тийм байдаг юм байж.

Бусдын зовлонгоор мөнгөжнө ч гэж юу байхав. Гэтэл бас тэдэнтэй адил төстэй шуналын эзэд нэмэгдсээр байгаа гэнэ. Тухайлбал томуугийн вирусын эсрэг урьдчилан сэргийлэх тарилга худалдана хэмээн иргэдийг мэхэлж эхэлсэн тухай мэдээлэл толгой өвтгөөд авлаа. Бид энэ мэдээллийн дагуу 99008792 гэсэн дугаар уруу утасдаж лавлахад, холбогдсон 30 гаруй насны эмэгтэй " Хэдэн ширхэг байсан, дуусчихсан" гэсэн хариултыг өглөө. Миний нүд бүлтийж, чих дэлдийж орхив. Нөгөө арван нэгдүгээр сарын есөнд орж ирэх урьдчилан сэргийлэх тарилга чинь яахаараа өдийд ороод ирчихсэн зарагдаж байдаг билээ. Нэг бүрийн үнэ 55 ам.доллар шүү, толгойд нэг л бууж өгсөнгүй. Энэ мэдээллийн хажуугаар олны дунд Эрүүл  мэндийн  яаманд 4500 ширхэг урьдчилан сэргийлэх тарилга орж ирсэн гэсэн чимээ сонсогдсон. Энэ ер нь юу болоод явчихав. Нөгөө яамны хэдэн түшмэлүүд чинь хэдэн ширхэг тарилгаа "дамлаад" эхэлсэн юм биш байгаа гэсэн хар төрж албаны хүнийг зорилоо. Ингээд ХӨСҮТ-ийн захирал Нямхүүтэй уулзаж урьдчилан сэргийлэх тарилгын талаар албан ёсны мэдээллийг авсан юм.



-Томуугийн А хүрээний H1N1 вирусын эсрэг урьдчилан сэргийлэх тарилга Эрүүл мэндийн яаманд ирсэн үү?
-Эрүүл мэндийн яаманд энэхүү халдвараас урьдчилан сэргийлэх тарилга ирсэн гэсэн ташаа мэдээлэл олон нийтийн дунд байна. Мэргэжлийн хүний хувьд хариуцлагатайгаар мэдэгдье. Томуугийн А хүрээний H1N1 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх тарилга одоогоор орж ирээгүй.

-Олон нийтийн дунд томуугийн вирусны тарилга орж ирээд зарагдаж байна гэсэн мэдээлэл байна. Энэ ямар учиртай юм бэ. Манай сониноос дээрх мэдээллийн  дагуу 990087.. дугаар уруу утасдаж асуусан. Гэтэл дээрх дугаарын эзэн Эрүүл Мэндийн яамнаас хэдэн ширхэг илүү үлдсэнийг худалдсан гэсэн хариултыг өглөө л дөө?
-Энэ ямар учиртайг мэдэхгүй байна. Би анх удаа энэ мэдээллийг сонслоо. Халдварт өвчин гарсныг далимдуулан ашиг орлого олох гэсэн хүмүүс цөөнгүй байгаа байх. Тиймээс иргэд сэрэмжлэх хэрэгтэй гэж хэлмээр байна. Хэрэв үнэхээр ийм тарилга зарж байгаа асуудал байвал шалгаж, эзэн холбогдогчийг нь тогтоох нь зөв. Би дээр хэлсэн Эрүүл мэндийн яаманд өнөөдрийн байдлаар томуугийн A хүрээний Н1N1 вирусын урьдчилан сэргийлэх тарилга орж ирээгүй. Тиймээс олон нийт зальт этгээдүүдийн мэхэнд автахаас сэргийлэх хэрэгтэй.

-Халдвар тархахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ямар ажлуудыг шинээр хийж эхлээд байна вэ. Халдвар газар авлаа шүү дээ. Урьдчилан сэргийлэх тарилга орж ирэх болоогүй байдаг...?

-Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д үзлэг хийж буй эмч нарын тоог нэмсэн байгаа. Долоон эмч нэмэгдсэн. Хүч нэмж, нэмэлт зохицуулалт хийж байна. Мөн утсаар зөвлөгөө өгөх төвийг байгуулсан байгаа. Иргэд 451166, 451798, 454921 гэсэн дугаар руу залгаж холбогдох боломжтой. Эрүүл мэндийн сайдын тушаалаар зөвлөх багууд томилогдсон. Дээрх багуудад манай улсын эрүүл мэндийн чиглэлийн бүхий л эрдэмтэд ажиллаж байна. Би энд дахин хэлмээр байна. Олон нийт халдварт өртөхгүйн тулд эрүүл мэндийн байгууллагаас гаргаж байгаа зөвлөмжүүдийг ягштал биелүүлэх хэрэгтэй байна. Өнөөдөр энэ өвчин зөвхөн эрүүл мэндийн байгууллагын ажил биш боллоо. Тиймээс хүн бүр эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй байна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд буруу ташаа мэдээлэл цацаж, тооны хойноос хэт хөөцөлдмөөргүй байна. Үнэн зөв мэдээллийг хүргэх, олон нийт сайн унтаж амрах, хоол нойроо зохицуулах, дархлаагаа сайжруулах, амин дэмтэй хоол хүнс хэрэглэх, нүүр тулсан хурал зөвлөгөөнөөс татгалзах гэсэн зөвлөгөөг хүргэмээр байна.

-Хүний А хүрээний H1N1 вирусын халдвараар нас барсан хүний шинжилгээний хариу зөрүүтэй гарсан гэсэн мэдээллийг ОБЕГ-аас өгсөн, энэ талаар мэргэжлийн хүний хувьд тайлбар өгөөч?
-Халдвар авсан хүний лабораторийн онош зөрүүтэй гарсан гэсэн мэдээлэл ташаа юм. Ийм зүйл гараагүй гэдгийг хариуцлагатай хэлж байна. ОБЕГ-аас буруу мэдээлэл өгсөн байна гэж хэлмээр байна. Энэ мэдээллийн дагуу тайлбар хийхэд Сүхбаатар дүүрэгт ханиадны халдвараар нас барсан хүний шинжилгээний хариуг дүүргээс нь асууж, үнэхээр дээрх өвчнөөр амь насаа алджээ гэдгийг баталгаажуулсан байгаа. Түүнээс биш тухайн дүүргээс "Энэ өвчтөний байдал хүнд байна лабораторийн шинжилгээ яаралтай хийж өгөөч" гэсэн хүсэлтийг тавиагүй. Дээрх нас барсан хүний шинжилгээ манай ХӨСҮТ-ийн харуулдан тандалтын судалгааны үед дөрөв дахь өдөр бүр авдаг хүмүүсийн шинжилгээний дунд ирсэн байсан. Өвчтөнийг нас барсных нь дараа шинжилгээний хариу эерэг гарсан. Өөрөөр хэлбэл тухайн өвчтөний шинжилгээнд ямар нэгэн зөрүү гараагүй. Бид энэ өвчний тархалтыг тогтоох тал дээр чадлынхаа хэрээр зүтгэж байна. Энэ халдвар маань агаар дуслын замаар халдварладаг учраас халдвар маш эрчтэй тархаж байна. Тархалтыг зогсоох боломж бий.

-Энэхүү халдварт өвчинтэй  тэмцэхэд мэргэжлийн байгууллагад компаниуд дэмжлэг үзүүлж байна гэсэн мэдээлэл байна. Энэ талаар тодруулбал?
-Тийм, энэ өвчинтэй тэмцэхэд хамт олон, албан байгууллага, хувийн хэвшлийн компаниуд тус дэм болж эхэлсэн нь сайшаалтай юм. Тухайлбал "Магнай трейд" ХХК нь дөрвөн сая, "MTS " ХХК нь эмнэлэгт эмчлүүлж байгаа томуугийн халдвартай өвчтөнүүдэд сүү өгсөн байгаа.

Халдварын эсрэг хамтдаа

Өвчин тархаж эхэлсэн цагаас нэг хэсэгтээ л бид "Миний зөв чиний буруу" хэмээн хэвлэлээр хэрэлдсэн. Гэсэн хэдий ч энэ өвчин агаар дуслын замаар халдвар нь тархдаг учраас ямар ч өршөөлгүйгээр хэд хэдэн хүний амийг авч, хэдэн зуун хүнийг өвчлүүлээд авлаа. Одоо бид хэн нэгнийг буруутгахаасаа илүүтэй "Би халдварт өртөхгүй байх боломж бий шүү" гэдэг дээр бат зогсох хэрэгтэй болж. Энэ нь ч нэг их хожимдоогүй хэрэг . Бид үр хүүхэд гэр бүлээрээ, цаашлаад хамт олноороо энэ өвчинтэй тэмцье. Одоо нөгөө л хуучирсан сэтгэхүйгээр, бусдад буруугаа тохчих гээд, ХӨСҮТ өвчин өгөх гээд байгаа юм шиг бухимдаж, бусдаас буруу хайдаг зангаа орхиё. Нэгэн анагаах ухааны эрдэмтэн саяхан өгсөн яриандаа" Энэ өвчинд өртөхгүй байх боломж зөвхөн таны гарт л байна" хэмээсэн. Тийм дээ, хүн хүний өмнөөс өвдөггүй гэдэг. "Монголчууд эвтэй байхдаа хүчтэй" гэсэн сайхан үг бий шүү дээ. Бид энэхүү дэлхий нийтийг цочроосон халдварт өвчинтэй чадлаараа тэмцээд үзье. Хүн бүр хариуцлагатай байя гэдгийг уриалмаар байна.

Өнөөдрийн монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.