МАХН: Тэмээ алдав, ямаа хожив

2009/10/30
Share |
Хүмүүс:
МАХН: Тэмээ алдав, ямаа хожив

Ардын уран зохиолч Тангадын Галсан “МАХН өөрийнхөө биш өрөөлийн бөхийг засчихсан юм шүү” гэж ёжлон хэлсэн нь 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн цаад мөн чанар, хуйвалдааныг илчилсэн гашуун үнэн юм. Хуйвалдаан даравч дардайж, булавч бултайсныг олон хүн мэднэ. Сэтгэл сэвтүүлж, итгэл гундаасан хуйвалдааны баримт сэлт хангалттай байна. Ерөнхийлөгчийн тамгын газраас эрхэлсэн “Эх орны хишгийг хэрхэн хүртэх вэ?” санал асуулгын хуудсыг 2009 оны тавдугаар 10-нд 700 мянган ширхгийг хэвлүүлжээ. “Эвийн хүч, эх орны хишиг” гол уриагаа дэмжүүлэх, сургалтын төлбөр, эмчилгээний зардал, орон сууцны зээл, бизнесийн эх үүсвэр, бэлэн мөнгөний аль нь дээр болохыг иргэдээр өөрсдөөр нь сонгуулах судалгаа, сурталчилгааны ийм хэлбэр нарийн тооцсон, шалгагдсан арга байсан юм. Засуул нь өөрийнхөө бөхийн эсрэг байхаар ямар ч санал санаачилга мухардана. Асуулгын хуудасны хэвлэгдсэн тоо 700 мянга. Тараагдсан ширхэг нь ердөө гурван мянга, түгээсэн газар нь гурван сумтай Говьсүмбэр. Тоосонд даруулж, давхарлаатай үлдсэн нь 697 мянган ширхэг.

Төрийн тэргүүний халдашгүй бүрэн эрхэнд МАХН-ын хурган сонгуульт дарга халдаж, дур мэдэн зогсоосон нь энэ. Улаанбаатар хотод “Ард түмний Ерөнхийлөгч” сонин, иргэнд хаягласан захидал, “Улаанбаатар таймс”-ын тусгай дугаар, мөрийн хөтөлбөр, “Иргэндээ ээлтэй, эрүүл цэвэр хот” жижиг сэтгүүл хэвлэснээс энэ бүгдийг байтугай, нэгийг нь хүлээж авсан өрх, сонгогч ховор байсан юм. Тавин гурван хүнтэй байгууллагаас Н.Энхбаярын сонгуулийн материалыг гэртээ хүлээж авсан хүн байна уу гэж асуухад яг гурав нь л ганц цаас олж үзсэнээ хүлээх жишээтэй. 

Огт хийт болоогүй, одоо нэр нь ч мартагдчихсан, 300 сая төгрөгийн өртөгтэй Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан дууны клип бий. Т.Ариунаа, Д.Жаргалсайхан, Дашдондог, Б.Амархүү гээд дуучид нь солигдсон, хэмнэл хэлбэр, хэмжээ дамжаа нь өөр өөр олон янз хувилбартай клипэнд сонгууль эхлэхээс дуустал Н.Энхбаярын дүрс ч байдаггүй юм. Эдийн засаг хямралтай, иргэд бор хоногийг өнгөрүүлж байхад илүү дутуу маяг, элдэв дуу хэрэггүй гэсэн ч зөрж байгаад баахан цацсан. Зөвхөн цацалт нь 150 сая төгрөг болсон гэдэг юм. Нэр дэвшигч нь энэ клипэнд ганц секунд дүрсээ оруулчих санаатай гуйгаад дүр нь цухуйгаа ч үгүй л сонгууль дуусч байлаа.

МАХН-ын удирдлага хичээхгүй, хүсэхгүй, мотор нь цохичихсон механизмын араа шүд, эрэг шураг нь олигтой хөдлөөгүй билээ. Сонгуулийн дараа хойш сууж гар хумхисан, цаагуураа нам нийлж, сэм хуйвалдсан, МАХН-ын хариуцлагатай улс төрийн албан тушаалтнуудыг биш ажил ч хийсэн, алдахыг ч алдсан, бас онохыг нь ч оносон цөөн хүнийг зориуд баалж, бодит байдлыг нуусан. Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар Төрийн ордонд болсон семинарт нэр дэвшигчээ уриагүй мөртлөө Н.Энхбаярыг муулж амьдардаг судлаачийг хүртэл залсан байлаа. Телевизийн нэг, хоёр нэвтрүүлгээс цааш мэдээлэлгүй, тэтгэврийн хэдэн өвгөн “Хөгшин чоно ульсан нь” гэдэг шиг л үглэдэг юм. Өрсөлдөөний боломжийг ашигладаг нийгмийн мөн чанарын талаарх ойлголтыг тэд яаж мэдэх билээ. Тархинд нь параграамыг нь суулгаагүй юм хойно.

Яагаад МАХН-ын дарга, түүнийг хүрээлэгчид Н.Энхбаярыг биш Ц.Элбэгдоржийн дээлийн захыг мушгих болсон бэ? Юуны өмнө долдугаар сарын 1-ний хэрэг явдал. Цагдаа иргэдийг буудсан бол хариуцлагыг нь хүлээнэ гэсэн хоосон ам. Хариуцлагыг нь хүлээгээрэй гэж тэр үеийн АН-ын дарга Ц.Элбэгдорж, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Дорлигжав нар тулгасан юм. Ард түмэн рүүгээ буу шагайсан, алуурчин төр гэж өнөөдрийн Ерөнхийлөгч, Тамгын газрын даргатайгаа хамт засгийн эрх баригч намыг буруутгаж байсан нь баримт. Эцсийн эцэст 2008 оны сонгуулиар тулам булаалдсан МАХН, АН-ын дарга нар хоёулаа буруугүй байх боломжгүй. Дор хаяж нэг нь буруутай, эс бол хоёулаа хариуцлага хүлээх учиртай. Эндээс л хуйвалдаан эхэлсэн. С.Баяр, Ц.Элбэгдорж хоёр 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хөзөрдөх хүн олдохгүй болохоор нь хоорондоо покердоогүй байж таарна. Өнгөрөгч зуны долдугаар сард С.Баяр Их тэнгэрт хэвлэлийнхэнтэй уулзахдаа “Ц.Элбэгдорж бид хоёр Үндсэн хуулийг өөрчилж, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болгох талаар тохиролцсон. Харин сонгуулиас хойш Ц.Элбэгдорж ярьсан тохирсноосоо буцаад байна. Албан тушаал нь өөрчлөгдөхөөр эргэж буцаад байх нь зохимжгүй шүү дээ” гэж ярьсан билээ. Үндсэн хуулийг өөрчилж, Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болчихъё гэдэг саналыг МАХН, АН-ын дарга нар хөтлөлцөж орж ирээд, өмнөхөн нь өөр хүнд тавьж байсан юм. Яаж ч бодсон 39 гишүүн чуулганд суувал ирц бүрддэг, тэдний олонхи буюу ердөө 20 кнопоор төрийн тэргүүн хэмээх тоглоомон хүн томилдог болж, 2,7 сая ард түмнээс илүү шударгаар сонгоно гэж найдах боломжгүй учраас хүлээж аваагүй юм байна лээ. 

Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн сонгуульд засч дэмнэх иймэрхүү том шалтгаан байжээ. Хүлээнэ гэж амласан болохоос үүрээгүй хариуцлага олон байна. Төрийн буу түмэн олноо онилсон бол хариуцлага хүлээнэ гэсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан бол нэр дэвшигч, намын удирдлага тэнцүү хариуцлага хүлээнэ гэсэн. Нэр дэвшигч нь сонгуулийн дүнгээр хүлээдгээ хүлээчихсэн. Нам нь гэхээр мэдээж гэмгүй жирийн гишүүд нь биш, дарга удирдлага нь хүлээж таарах ч өдий хүртэл Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хэлэлцээгүй явж байна.  

Хаврын Ерөнхийлөгчийн сонгуульд сул зогсолт хийн, төрийн тэргүүний суудал бэлэглэсэн МАХН хариуд нь Чингэлтэй дүүргийн 24 дүгээр тойргийн мандатыг АН-ын элэг бүсийг тайлуулж байгаад авлаа. Хүсвэл намынхаа жирийн гишүүдийн талынх нь ч дэмжлэгийг аваагүй, хоёр хувийн гарааны рейтингтэй Д.Зоригтыг тулган хүлээл-гэж, тулам тулмаар нь мөнгө тарааж байгаад УИХ-ын нэг тойрогт ялчихдаг юм байна. З.Алтай гишүүний жолоо-чийг ээжтэй нь санал хураах байр өөд зөөж, хорь хорин мянгаар авлигадаж, нийтдээ 40 мянган сонгогчид 800 саяыг тарааж байгаад парламентын суудлыг худалдаад авч болдог.  Хамтарсан Засгийн газарт өгсөн онц дүн болж, Чингэлтэйд Д.Зоригт яллаа гэж худлаа долигоносон мэдээ зөндөө ч үнэмшилгүй. Нам нийлж, сэм хуйвалдсан, архи, айраг, адууны мах, нүүрс, бэлэн мөнгө нийлсэн сонгуулийн хуйцаа тараасан наадам биш найр. Сонгууль биш сонгуулийн эхлэл нь ч, төгсгөл нь ч биш, үргэлжлэл нь.

Хүсвэл хуйвалдаж, хуйцаа идваа гэдэг МАХН хүсэхгүй бол хэвтэж өгөөд л төрийн тэргүүний суудлыг бэлэглэж орхидог. Гэхдээ дүн нуруугаараа бол ашиггүй наймаа. “7 дугаар сарын 1”-нээр хачирлаж байгаад УИХ-д олонхи болсон Засгийн газар нь дундаа, Ерөнхийлөгч нь АН-ынх. Жигнээд үзвэл АН засгийн эрхийг барьж байна. УИХ дахь хүчний харьцаанд зарчмын өөрчлөлт авчрахгүй, сайдад гишүүний үүрэг давхар тохохын төлөө их хүч зарцуулсан нь Оюутолгойн гэрээг гардсан нөхөрт хуягласан хантааз өмсгөхтэй холбоотой болохоос төрийн эрхийг барих өргөн агуулгаараа бол МАХН ялагдаж байгаа юм. 2012 онд байдал бүр өөр болно. Нийгмийн ардчиллын аян” гэх мэт хоосон онигооны улс төр МАХН-ыг аврахгүй нь мэдээж

Д.Болдхуяг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.