Тэнэж төөрсөн зорчигчдод автобусны зогсоол хайрла

2009/11/02
Share |
Хүмүүс:
Тэнэж төөрсөн зорчигчдод автобусны зогсоол хайрла

Олон арван тендер, шалгаруулалт явсны эцэст сая л нэг Улаанбаатар дөмөгхөн авто замтай болж, ард иргэдийг баярлуулж байх шиг. Гэхдээ зөвхөн хөл дүүжлэх унаатай хүмүүсийг. Харин явган, нүцгэн иргэдэд хамгийн таагүй сарууд болж өнгөрлөө гэхэд болно.

Дэлгэр зуны гурван сарын туршид ямар ч хэл чимээгүй байсан зам засварын ажил есдүгээр сарын нэгэнтэй зэрэгцээд эхэлсэн. Энэ үеэр юу болдгийг бид хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. Ажил сургууль эхэлж, амьдрал ид буцалдаг үе. Гэхдээ энд зам засварын ажлыг оройтуулсан, үүнд хэн буруутай зэргийг дурьдаж хариуцлага энээ тэрээ бичих гэсэнгүй. Зүгээр л тагларч бөглөрсөн замаас унаа олж суух гэсэн иргэдийн бухимдлыг дамжуулах гэсэн юм.

Эхлээд төв зам засварт ороход нийтийн тээврийг хаагуур ямар замаар явах талаар бодолцсон болохоос биш зорчигчийг яах вэ гэдгийг хэн ч тоож авч хэлэлцээгүй. Гэтэл дээрх газруудаар явах, тэнд албан ажил нь байдаг иргэд их зовсон доо. Нийтийн тээвэрт суугаад хаа байсан 2-3 км замыг явган туулж ажилдаа хүрэх болсон. Энэ ч яахав. Ганц бие хүн өөрийгөө аваад явчихна гэж бодъё. Гэтэл хичээл сургууль эд эхэлсэн үеэр Зуун айлаас Баянбүрд хүртлэх зам, түүнээс цаад замуудыг хаасан нь ёстой л эргээд соц нийгмийн үе рүү орчихсон мэт санагдав. Санагдсан ч юу байхав тийм л байлаа.

Уншигч та ажигласан бол гэрээсээ гарсан хүмүүс буудал хайж хэдэн км зам туулаад арай ядан унаа олж суудаг. Гэтэл өдөрт л янз бүр болоод байсан замыг нийтийн тээврийнхэн ч мэдэхээ байж харсан, үзсэн онгорхой болгоноороо зам гарган явсаар арай ядан нэг газарт хүрдэг. Гэтэл сандарч тэвдсэн зорчигч нь дахиад хаагуур ч тэнэх юм билээ гэж айсандаа зогссон газарт буугаад үлдчихдэг. Ингээд зорьсон газартаа бус замын голд хаачихаа мэдэхгүй хаягдан үлдэж байгаа юм даа. Ажил, сургуульдаа хоцрохгүйн тулд замын унаанд гар өргөнө. Харамсалтай нь хүн бүр л ийм зовлонтой байгаа учраас ихэнх хувийн тэргэнүүд хөлслөгчтэй явж таардаг. Такси олдохгүй, нийтийн тээвэр нь хаана зогсож байгаа нь мэдэгдэхгүй ийм л хэдэн сарыг нийслэлчүүд маань үдэж, сая нэг жигдрэх янзтай болж байна.

Энэ бол зөвхөн зам засварын үеэр болсон явдлууд байлаа. Гэтэл сүүлийн үед Нийтийн тээврийнхэн хийх ажилгүй болсон юм шиг. Олон жил болоод л байсан автобусны зогсоолуудыг өөрчилж зорчигчдын хэв маягийг алдуулаад л. Ямар олиг байв гэж дээ. Өглөө нь ажилдаа ирэхдээ буусан буудал нь орой гэхэд алга болчихоор. "Тэдний дотор тэр буудал тэнд тэгж өөрчлөгдөнө" гэж зарладаггүй холбогдох байгууллагын буруугаас болж зорчигчид хохирдог. Харин манайхны дунд энэ нь нэг их сүртэй асуудал биш мэтээр ойлгогдон зорчигчдыг хохирооно. Манайхан ч "Ийм л байх ёстой" мэтээр дуугүй явж, буудал хайсаар насыг барах янзтай.

Тиймээс "Хэрэглэгч хаан" гээд уриа гаргаснаас хойш үйлчлүүлэгчдээ хүндэлж, зорчигчдынхоо тав тухыг бодоод буудал хайн тэнэж төөрсөн тэдэнд автобусны зогсоол хайрлаач

Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.