Иргэнээ дорд үзэж, цагдаагаа молигоддог шуурхай бүлэг-105

2009/11/04
Share |
Хүмүүс:
Иргэнээ дорд үзэж, цагдаагаа молигоддог шуурхай бүлэг-105

Шуурхай гэдэг нэр нь хэтэрхий “хүндэдсэн” болохыг Шуурхай бүлэг -105-ынхан өнгөрсөн баасан гаригт өөрсдөө батлав. Иргэн хүнийхээ хувиар уншигч танд зөвлөхөд ямар нэг аюул, ослын үед шуурхай бүлгийнхэн өөрт тань тус хүргэнэ гэдэгт 100 хувь итгэх хэрэггүй. Баримт түшиж ганцхан жишээг өгүүлье.

Гахайн ханиад гарсантай холбогдуулан үйлчилгээний газруудыг 21:00 цагаас хойш үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Өнгөрсөн баасан гаригийн оройн 21:00 цаг болоход 10 минут дутуу байсан  ч Сүх-баатарын талбайн зүүн талд байрлах “Тендер” нэртэй жижигхэн кафе дүүрэн үйлчлүүлэгчтэй байв. Үйлчлэгч нар хаах цаг болсныг сануулаад төлбөр, тооцоогоо авч байлаа. Гэтэл гэнэт үйлчлүүлэгч нарын нэг нь хүчтэй ханиалгаж эхлэв. Удалгүй дахин нэг хүн, бас дахиад нэг хүн… Тэнд байсан бүх хүний амьсгал боогдож, нулимс гоожин, хүчтэй ханиаж эхлэхэд юу болоод байгааг ойлгоогүй ч хүмүүс бүгдээрээ гадагш гарахаар хаалга руу гүйж очсон ч тэндээ гацчихав. Кафены эзэн үйлчлүүлэгч нэмж авахгүйн тулд хаалгаа түгжчихжээ. Аз болоход тэр нэг их удалгүй хаалгаа тайлсан. Амьсгал нь боогдож, амь нь тэмцсэн хүмүүс салхинд гарч ирснийхээ дараа л болсон явдлын учрыг олохоор кафены эзнээс “Танай хийн зуухнаас болсон уу?” гэж асуусан ч тэрээр “Манайд ямар ч асуудал байхгүй. Энд орж ирчихээд гарсан хэн нэг нь л хорт хий цацчих шиг боллоо” гэв. Кафены ажил-чид тэр дороо цонхоо онгойлгосон учраас дотор нь хувцас, цүнхээ үлдээсэн зарим нь түүгээр шагайж юм асуух хооронд дахиад л амьсгал боогдож байв.

Хэн, ямар зорилготой ингэв, тэнд цацсан бодис хүнд хор хөнөөлтэй болов уу гэсэн бодол тэнд байсан хүмүүсийг түгшээсэн. Ингээд Шуурхай бүлэг 105 руу утас цохилоо. “Шуурхай бүлэг-105” гэсээр утас авсан эрэгтэйд болсон явдлыг ярьтал утасны дугаар, нэртэй тэмдэглэж авчихаад утсаа салгачихав. Хэсэг хүлээсний дараа дахин залгаж тэднийг ирэх эсэхийг нь лавлахад “Бидэнд хамаатай асуудал биш. Та 310005 руу залгаж хэл хэмээн Нийслэлийн шуурхай албаны утсыг өглөө. Гэсэн ч шуурхай алба бас л “Энэ бидэнд биш, цагдаагийнханд хамаатай” гээд утсаа тасалчих нь тэр. Дахин залгаад “Цагдаа нар энд агаарын шинжилгээ хийх биш, та нар л ирэх ёстой юм биш үү?” гэхэд “Бидэнд агаар шинжилдэг багаж байхгүй. Тэгж яривал наадах чинь 105-ынханд хамаатай” гэж уцаарлангуй хэлээд утсаа тасалчихлаа. Дахиад л 105 руу утасдтал “Бидэнд ч гэсэн агаар шинжилдэг багаж байхгүй. Ерөөсөө наадах чинь мэргэжлийн хяналтынханд хамаатай шүү дээ. Тэд л шинжилгээ хийх ёстой” гэж ам таглалаа. Зөвхөн утсаар ийш, тийш залгаж хэнд хандах ёстойгоо мэдэх гэсээр байтал 30 минут өнгөрлөө. Гадаа хүйтэн байсан учраас тэнд байсан хүмүүсийн олонх нь тарцгаасан юм.

Муугаар бодоход кафены түлхүүр олдохгүй удаж хүмүүс амь эрсэдсэн бол яах вэ, хэн нэгэн хүн ийм байдалд хордчихоод 30 минут тусламж эрж ийш тийш утасдана гээд бод доо. Хамгийн чухал нь энэ тохиолдолд иргэд хэнд хандах вэ? Энэ бүхэнд хариулт олно гэж найдсандаа бид 21:00 цаг аль хэдийнэ өнгөрсөн хойно Нийслэлийн онцгой байдлын газартай нэг дор байрладаг Шуурхай бүлэг-105-ыг зорилоо. Дуудлага хүлээн авч байсан гурван ажилтан түрүүнд утсаар өгч байсан хариултдаа бат зогссоор байв. “Бидэнд хамаагүй. Мэргэжлийн хяналтынхан, цагдаа нарт хамаатай. Одоо эндээс явцгаа” гээд халгаасангүй. Энэ үеэр цагдаагийнхан бидэн рүү ярьж, “Дуудлага өгсөн газарт ирлээ” гэсэн учраас тэдэнтэй уулзахаар өнөөх кафе руу очлоо. Кафены ажилчид аль хэдийнэ хаалга, үүдээ түгжээд явцгаачихсан байв. Харин хоёр цагдаа /Нийслэлийн хөдөлөөнт эргүүлийн цагдаа, дэд ахлагч Б.Түвшинтөгс, Бэлэн байдлын офицер Ө.Балжинням/ ирсэн байлаа.

“Энд зодоон болсон гэсэн. та нар дуудлага өгсөн юм уу” гэсээр биднийг тослоо. Мэдээж, тэнд болсон явдал цагдаа нарт хамаагүй учраас өөрсдөө очихоос залхуурахдаа тэд цагдаад молиго үмхүүлчихэж. Өнөө хоёр цагдаа ч “Хорт хий цацсан бол онцгойгийнхон ирэх ёстой шүү дээ” гэчихээд яваад өгөв.

Дээр өгүүлсэн явдал үнэхээр онцгой байдлынханд хамаагүй юү гэдэгт хариулт авахын тулд бид Шуурхай бүлэг -105-ын тасгийн дарга, дээд дэслэгч Ч.Ганбатыг эрэл, сурал болсны эцэст “олж” уулзлаа.

-”Тендер” кафед ямар нэг хортой зүйл цацагдсан ч чухам юу байсан бэ гэдгийг тогтоож чадалгүй өнгөрчихлөө. Иргэд энэ тохиолдолд яг хэнд хандах ёстой юм бэ?
-Бид очих ёстой.

-Та нар бидний дуудлагыг авсан юм уу?
-Авсан.

-Тэгээд яагаад очоогүй юм бэ. Тэнд олон хүн байсан шүү дээ. Хүн хордчихсон бол яах байсан бэ?
-Энэ тохиолдолд бидэнд тухайн кафены эзэн хандах ёстой. “Энд ирээд бодисыг шинжлээд өгөөч. Энд ийм, ийм зүйл боллоо” гээд. Тэд хандаагүй. Ямар нэг ноцтой зүйл гараагүй учраас тэд бидэнд хандаагүй байх. Хоёрдугаарт, тэнд хүн хордчихоод хоёр, гурваараа ухаан алдчихаагүй шүү дээ. Тэгсэн бол бид очих ёстой л доо.  

-Тэгвэл та нарыг хүн хордсоны дараа л очих юм байна гэж ойлгож болох уу?
-Тэгж мушгиж болохгүй. Тэгээд ч манайд ийм зүйлийг шинжлэх багаж байхгүй. Зүгээр л хорт хий, утаанаас хамгаалах багтай. Мэргэжлийн хяналтынханд л тоног төхөөрөмж нь бий.

-Та түрүүнд хэллээ. Үйлчилгээ явуулж байсан газрын ажилтан бидэнд хандсан бол очино гэж. Тэгэхээр иргэд танайд хандаад нэмэргүй нь ээ?
-Иргэд болсон үйл явдлыг маш товч, тодорхой хэлэх ёстой.

-Бид тодорхой хэлсэн шүү дээ. Бүр гурван удаа. Тэгээд утасны дугаараа нэртэйгээ тэмдэглүүлсэн?
-Иргэд бидэн рүү худал дуудлага өгөх нь олон байдаг. Кафены ажилтан бидэнд хандаагүй учраас…

-Тэд орлогоо бодоод та нарт хандаагүй байх магадлал өндөр шүү дээ?
-…

-Та нар иргэндээ хууртахаас айдаг юм байж. Тэгсэн хэрнээ яагаад цагдаагаа хуурч “Тэнд зодоон болж байна” гэж худал хэлж явуулж байгаа юм бэ?
-…

Санамсаргүйгээр хийсэн сурвалжлага энэ хүрээд дууссан юм. Шуурхай бүлэг-105-ынхны энэ байдлаас олон дүгнэлт хийж болно. Нэг бол мэргэжлийн хяналтынхныг шөнийн цагаар ажиллуулдаг болох, үгүй бол тэдний багажийг онцгойгийнхонд өгөх хэрэгтэй бололтой. Тэгэхгүй бол мэргэжлийн хяналтынхан шөнийн цагаар тоног төхөөрөмжөө чирээд гарч ирнэ гэж байхгүй. Бас танд иймэрхүү зүйл тохиолдвол 105 руу утасдаж цаг алдаж байхаар шууд л цагдаа руу утасдаад “Энд зодоон болоод” гээд хэлчихсэн нь илүү найдвартай байж мэднэ. Эсвэл өөрийгөө аль нэг байгууллагын ажилтан, эсвэл дарга нь байна гэж хэлээрэй. Иргэний хувиар хэзээ ч хандаж болохгүй. Яагаад гэвэл тэд танд итгэхгүй.  Шуурхай бүлгийнхний бидэнд ахин дахин хэлж байсан нэг зүйл нь “Бидэнд албан ёсоор хандах ёстой” гэсэн үг байсан юм. Гурван удаа утасдаж, эцэст нь биеэрээ очиж мэдэгдэхийг албан ёсныход тооцохгүй байгаа тэдний хувьд энэ үг ямар утга агуулж байгааг мэдэхгүй юм. Тэдэнд хандсан хүн үүнийх нь учрыг олж дуустал тэнд цацсан хорт хий “Намайг шинжлээрэй” гээд “хүлээж” байх нь юу л бол. Хэн нэгэн эрхээ хамгаалж чадалгүй хохирч үлдэх бололтой.

Б.Номин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.