Гэр бүлээ хүйс тэмтрүүлсэн иргэн Б.Туул: АЛУУРЧНЫ НУРУУ ТЭНИЙВ

2009/11/06
Share |
Хүмүүс: Цахиа Элбэгдорж | 
Гэр бүлээ хүйс тэмтрүүлсэн иргэн Б.Туул: АЛУУРЧНЫ НУРУУ ТЭНИЙВ

“Авлигачдын нурууг бөхийлгөж, ард түмний нурууг тэнийлгэнэ” гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сонгуулийн үеэр амласан “гоё” үг нэдэр дээрээ 360 хэм эргэснийг  батлах бас нэгэн явдал тохиов. Тэрээр гэр бүлийн дөрвөн хүнийг онц хэрцгийгээр хөнөөсөн алуурчин Г.Алтанцоожид уучлал үзүүлж, үнэнд, бас төрд итгэх талийгаачдын ар гэрийнхний итгэл, сэтгэлээр тогложээ. 70 гарсан өтөл настай аав, ижий болон ах, найман настай дүүгээ зэрлэг алуурчны гарт алдсан хохирогчид өнөөдрийг хүртэл нулимс дүүрэн нүдтэй амьдарч байна. Тэд бүх шатны шүүхээс алуурчинд ногдуулсан цаазаар авах ялд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн хүсэлтээр уучлалт үзүүлж 30 жил хорих ял болгон өөр-чилсөнд гайхах, гомдох зэрэгцэн явна. Гэртээ унтаж байгаад тамлуулж хөнөөгдсөн аав, ээж, ах, дүү дөрвөн хүний амь алуурчны амиас хямдхан болохыг эрхэм Ерөнхийлөгч уг шийдвэрээрээ баталж орхижээ.

Хүний амь үнэгүй, алуурчны амь үнэтэй юм бол  хэн нэгнийг өдөж хоргоолгүй гэртээ зүгээр сууж байсан хүнийг хөнөөсөн алуурчин болгоныг уучилна гэсэн жишиг тогтооё. Бусдын гарт харамсалтай-гаар амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхний нуруу Ерөнхийлөгчийн үзэмжээр бөхийж, алуурчны нуруу тэнийх ёстой гэж үү. Дээрх баримтаас харахад Ерөнхийлөгчийн явуулж буй үйл ажиллагаа, гаргасан шийдвэр бүхэн нь олон нийтэд ил тод байна гэсэн зарчим үгүй болсныг  харж болох байна.

Элэг бүтэн ам бүлээ алдаж, гал голомтоо самруулсан хүүхдүүдийнх нь зовлон дээр зовлон нэмэрлэсэн, алуурчны магнайг тэнийлгэсэн түүний шийдвэр хэзээ, хэрхэн гарсан нь нууц гэнэ. Зүй нь Ерөнхийлөгчийн гаргах шийдвэр бүхэн нь  олон нийтэд нээлттэй, бас ил тод байх учиртай. Улайрсан алуурчныг ямар шалгуураар уучилсан нь тодорхойгүй байна. Хэргийн тухай цухас дурдая.

ХЭРЭГ ЯАЖ ГАРАВ?

Өнгөрсөн оны гуравдугаар сард Баянзүрх дүүргийн XXI хороо, Сэлбийн нэгдүгээр гудамжид гэртээ унтаж байсан дөрвөн иргэнийг санаатайгаар галдан шатаасан хэрэг гарч олныг цочирдуулав. Хэргийг Г.Алтанцоож гэгч үйлдсэн болохыг талийгаачид амьсгал хураахаасаа таван цагийн өмнө буюу эмнэлгийн орон дээр тарчлан зовохдоо хэлсэн гэдэг юм. Г.Алтанцоож нь эхнэр Бумаагаа талийгаач Б.Баянмөнхтэй хардан улмаар түүнийг  хүү Б.Билгүүн, аав Б.Буянжаргал, ээж Ж.Лхамхүү нарын хамт гэртээ унтаж байхад гаднаас нь гал тавьжээ. Ингэхдээ талийгаач Б.Баянмөнхийг гэрийн гаднаас “Чамайг ална. Гараад ир чи” хэмээн хэдэнтээ дуудсанаа чимээгүй болж, гэрийн хаалганы дээд бүрээсэнд гал тавиад зугтсан байна.

Г.АЛТАНЦООЖ ГЭЖ ХЭН БЭ?

Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат, 37 настай, бүрэн дунд боловсролтой, сантехникийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр, хоёр охины хамт амьдардаг нэгэн. Эхнэр Бумаатайгаа таарч тохирохгүйн улмаас албан ёсоор гэрлэлтээ цуцлаагүй ч тэд тусдаа амьдарч байжээ.  Эхнэр нь Б.Баянмөнх гэдэг найз залуутай болсныг мэдсэн тэрээр эхнэртээ “Бид салсан ч гэсэн чиний найз залууг чинь би алах болно” хэмээн заналхийлж эхэлсэн байна. Мөн Б.Баянмөнхийг удаа дараа айлган сүрдүүлж, цөөн бус удаа гар хүрч байжээ. Нэг л өдөр түүний заналхийлэл биелж өнөр өтгөн гэр бүлийг үнс нурамтай хутгасан харамсалтай хэрэг гарсан байна.

Аав, ээж, ах, дүүгээ балмад этгээдийн гарт алдсан Б.Туултай уулзаж ярилцлаа.

-Гэр бүлийнхнийг тань галдан шатаасан аймшигт хэрэг гарсанд харамсч байна. Хэргийг үйлдсэн алуурчинд ногдуулсан цаазын ялыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрчилсөн гэх юм?
-Аав, ээж, ах, дүүг минь онц хэрцгийгээр хөнөөсөн алуурчны амь тэднийхээс үнэтэй болсон гэдгийг бид ойлголоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж алуурчин Г.Алтанцоожийн цаазаар явах ялыг 30 жил хорих болгон өөрчилсөнд үнэхээр гомдолтой байна...

-Та тухайн үеийн бодит байдлыг товчхон ярьж өгөөч?
-Гуравдугаар сарын 9-нд нэг ахын маань төрсөн өдөр болсон юм. Бид эхээс есүүлээ. Тэгээд уламжлал ёсоор гэр бүлээрээ цуглаж, ахдаа баяр хүргэчихээд орой 21.00 цагийн үед харьцгаасан. Гэтэл шөнө 03.00 цагийн үед манай дүү утасдаад “Аавын гэр шатчихлаа.Хурдан ир” гэсэн. Очиход нүд хальтирмаар дүр зураг харагдаж байсан. Би анх гэр л шатсан байх. Тэд маань амьд гэдэгт итгэсэн байлаа. Гэсэн ч хэрэг дээрээ үгүй. Ээж, дүү /талийгаач ахынх нь хүү/ хоёр маань шатаад биенээс утаа гарч, хэрзийж харласан яс л үлдсэн байсан/уйлав/. Харин аав, ах хоёр гэрийн хойно амьтай голтой утаа манаруулан хэвтэж байсан юм. Тэр айшигтай дүр зураг бидний сэтгэл зүрхнээс хэзээ ч гарахгүй. Хэргийн газар дээр Онцгой байдлын аврагчид л ирсэн байв. Гэхдээ тэд гэр шатаад дууссан хойно ирсэн юм билээ. Эмнэлэгт дуудлага өгсөн боловч ирэхгүй байхаар нь аав, ахыгаа аваад Түлэнхийн төвд очсон. Ээж, дүү хоёроо хаяад шүү дээ/уйлав/. Тэд маань амьтай голтой эмнэлгийн орон дээр тарчлан зовж байгаад удалгүй өнгөрсөн. Тухайн үедээ талийгаач ах маань хэн энэ хэргийг үйлдсэн бэ гэдгийг хэлсэн. Тэрээр амьсгал хураахаас өмнөх мэдүүлэгтээ “Бумаа гэж эмэгтэйтэй 2007 оны дөрөвдүгээр сард танилцаад үерхдэг болсон. Тэр үед Бумаа нөхрөөсөө салаад тусдаа амьдардаг байсан.  Гэтэл түүний нөхөр Г.Алтанцоож “Бумаа та хоёрын амьдралыг там болгоно” гэж байнга сүрдүүлдэг байсан. Хэргийн орой тэр манай гэрийн гадаа эргэлдээд “Баянмөнх өө, чи гараад ир. Би чамайг ална” гэж орилсон. Удалгүй дуугүй болчихоор нь явчихаж дээ гэж бодоод зурагт үзэж байгаад хамгийн сүүлд унтсан. Гэтэл гал гарч би хүүгээ тэврээд хаалга руу тэмүүлсэн” гэсэн байдаг. Ах маань алуурчныг нотлох энэ үгээ амь  тэмцэн байж хэлсэн юм шүү. Энэ мэдүүлгийн дагуу алуурчныг гэртээ байхад нь цагдаа нар баривчилсан.

-Бумаа гэх эмэгтэйтэй талийгаач хамтран амьдардаг байсан юм уу?
-Нөхрөөсөө салчихсан гэхээр нь ах маань итгэсэндээ найзалж нөхөрлөдөг байсан. Гэхдээ хамтран амьдрагчид байгаагүй. Үнэн хэрэг дээрээ тэр эмэгтэйгээс болж бүх юм үүдсэн шүү дээ. Гэр бүлийг минь орвонгоор нь эргүүлсэн тэр эмэгтэйд үнэхээр их гомдож байна. Аав, ээж, ах, дүүгээ алдчихаар хүн болгонд л гомдоод байх юм/уйлав/. Ах маань эхнэртэй байсан юм шүү. Эхнэр нь 2003 онд Швейцарьт ажиллахаар явсан юм. Ажил явдлын үеэр ирсэн.

-Аав, ээжийнхээ тухай яриач. Тэд төрийн байгууллагад насаараа ажиллаж гавьяаныхаа амралтад гарсан хүмүүс байсан гэсэн?
-Аав Увс аймгийн Давст сумын “Алдар” нэгдлийн даргаас эхлүүлээд сумын захиргаанд насаараа удирдах ажил хийсэн. Ээж маань ч адил. Тэд маань 1998 онд тэтгэвэртээ гарч, хот руу нүүж ирсэн юм. Ийм юм болно чинээ мэдсэн бол аймагтаа л байлгах байж дээ. Ахын маань хүү Билгүүнээ биднийг очиход “Аниа, агаа би тийм тэмцээнд орж түрүүлсэн, ийм шагнал авлаа” гээд л биднийгээ баярлуулдаг байлаа. Хүн хөнөөсөн байтугай хулгай хийсэн хүн гэмээ мэдэж гэлбэлздэг байтал алуурчин анхан шатны шүүх хуралд исгэрчихсэн орж ирсэн. Үнэхээр аймшигтай. Тэр бүхэл бүтэн гэр бүлийг хоморголон хөнөөчихөөд яаж чадаж байна аа. Шүүх хурлын үеэр ах маань нэг үг хэлсэн юм. “Алуурчин миний гэр бүлийг хөнөөчихөөд худал яриад зогсож байгаа чинь хүний ёсонд нийцэхгүй байна. Үнэхээр чи тэр эхнэртээ хайртай байсан юм бол манай дүүтэй уулзаж ярихгүй яагаад ижий, аав, дүү нарыг минь хөнөөсөн юм бэ. Тэд бол бидний бурхан байсан юм шүү. Гэхдээ би чамд нулимсаа үзүүлэхгүй” гээд дээшээ хараад нулимсаа нүдэндээ тогтоож байсан нь үнэхээр хэцүү байсан. Бид гэр бүлийнхээ дөрвийн дөрвөн хүнийг алдсан шүү дээ /уйлав/. Гэтэл ийм хүн дүртэй араатанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлалт үзүүлсэнд гомдож байна. Тэр хүний дотор хүнийг хайрлах нинжин сэтгэл гэж байдаг юм болов уу. Ерөнхийлөгч цаазлуулахгүйн тулд амь гуйх алуурчнаас илүүтэй улаан галд амь тэмцэн тарчилсан миний гэр бүлийг эхлээд  бодсонгүй юу. Тэр хүн шүүх хурлын үеэр “Би гэрт гал тавичихаад ойролцоох дов дээр очоод шатаж уу, үгүй юу гэдгийг хүртэл харсан” гэж хэлж байсан. Ийм хүний доторгүй амьтанг уучилчихлаа.

-Энэ талаар та бүхэн Ерөнхийлөгчид хандсан уу?
-Ерөнхийлөгчийн Тамгын газарт хандаж “Уучилсан явдалд гомдолтой” гэдгээ захидлаар илгээсэн боловч ямар ч хариу алга. Миний сонссоноор алуурчныг өнгөрсөн долдугаар сард уучилсан юм гэнэ лээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос бид  “Та ямар шалгуураар алуурчныг уучилсан юм бэ” гэдэгт албан ёсны тайлбар авмаар байна. Бид амийг амиар солимоор байна. Г.Алтанцоож миний гэр бүлийг тамлан зовоосон шүү дээ. Тэдний маань улаан галд амь тэмцэн байсан нь одоо ч нүдэнд минь үзэгдэж байна. Хөөрхий дөө миний муу аав, ээж, ах дүү минь. Тэдний минь амь ямар ч үнэгүй гэдгийг одоо л мэдэрч байна. Гэхдээ бид энэ шударга бус байдлын эсрэг тэмцэх болно гэдгээ хэлье.

-Алуурчны ар гэрийнхэн та бүхнээс уучлалт гуйсан уу?
-Үгүй ээ. Тэд бидэн дээр ирж уучлалт гуйх завгүй, зөвхөн алуурчин хүүгийнхээ  амийг өршөөхийг л холбогдох хүмүүсээс гуйж явсан гэнэ лээ. Хохирлын хэмжээ 29 сая болсон ч барагдуулаагүй өдийг хүрч байна. Түүнийг 30 жилээр хорих шийдвэр гарсан ч 15 жилийн дараа гэхэд гараад ирнэ шүү дээ. Ийм байж болох уу?

Энэ байдлаараа Ерөнхийлөгч онц хэрцгийгээр хүний амь хөнөөсөн этгээдийг цаазлах ялаас мулталж болдог юм байна гэсэн буруу ойлголт нийгэмд төрүүлж байна. Тэр хүн бидний сэтгэлийн зовлонг бага ч болов ойлгохгүй яав даа гэж гомдож байна

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.