Хууль зүйн сайд аа, АРХАНГАЙН ЦАГДАА, прокуроруудын хуйвалдаанд ГЭМГҮЙ ЗАЛУУ золиос болох нь

2009/11/09
Share |
Хүмүүс:
Хууль зүйн сайд аа, АРХАНГАЙН ЦАГДАА, прокуроруудын хуйвалдаанд ГЭМГҮЙ ЗАЛУУ золиос болох нь

ГЭРЧ ХЭРЭГТЭН БОЛЖ, ХЭРЭГТЭН ГЭРЧ БОЛСОН НЬ
Бусдын гарт  амиа алдсан А.Цэрэнгомбын үхлийн шалтгаан  Архангай аймгийн цагдаагийн болон прокуро-рын байгууллагын “шүдний өвчин” болоод удаж байна. Хэрэг 2006 онд болсон ч өдгөөг хүртэл мөрдөн байцаалт үргэлжилсээр байгаа юм. Гол шалтгаан нь  аймгийн цагдаагийн байгууллага талийгаачийг хөнөөсөн эзнийг гэрчлэх нотлох баримтуудыг устган, хавтаст хэргийг шинээр бүрдүүлэн хэрэгтнийг гэрч болгож, харин гэрчийг алуурчин болгон “хувиргах” санаагаа гүйцэлдүүлж байгаагаас үүджээ.

Үүнээс болоод аймгийн цагдаа, прокурорынхон үнэнчээр ажилласан  зарим албан хаагчаа ажлаас нь халж сэлгэн, тэр ч бүү хэл хөдөлмөрийн чадваргүй болтол нь зодож группэд гаргасан тохиолдол байна. Хуулийн байгууллагыхныг хөдөлгөөнд оруулсан гэмт хэргийн талаар цухас дурдъя.

“ЦОГЦСЫГ ГОЛ РУУ ХИЙГЭЭД УРСГАЯ, МАНАЙ ААВ ЛАМ УЧРААС АРГАЛЧИХНА”
2006 оны намрын сүүл сард хар багаас нөхөрлөж  найзалсан  Д.Амгаланбаатар, Б.Отгонбаатар хоёр  айраг ууж халамцсан үедээ нутгийн залуу А.Цэрэнгомботой Мөндөл багийн Цохиот гэдэг газрын ойролцоо тааралджээ. Тэд мориноосоо буун хүний ёсоор ойр зуурыг хөөрөлдөж байтал Д.Амгаланбаатар нь гэнэт “Чи манай малыг хулгайлж ханахгүй байна уу. Үүний чинь төлөө би чамд алганы амт үзүүлж хашраагаад өгье” гэж агсран А.Цэрэнгомбыг дэвслэн, өшиглөж, зодож танхайрчээ. А.Цэрэнгомбо нутаг усандаа “шилийн сайн эр” гэдэг хочтой, урт гартай, болдоггүй нэгэн байжээ. Б.Отгонбаатар зодооныг болиулахыг оролдсон ч тусыг эс олж, аргагүйн эрхэнд найзаа хамгаалахаар хамтран А.Цэрэнгомбыг  хүлж орхижээ. Гэтэл А.Цэрэнгомбын бие муудаж, хэрэг бишдэж эхлэнгүүт залуус түүнийг сумын эмнэлэгт хүргэхээр машин олж ирсэн ч таалал төгссөн байж. Энэ үед Д.Амгаланбаатар хэргээ нуун дарагдуулахын тулд  “Хоёулаа талийгаачийг Тамирын гол руу аваачаад урсгая. Манай аав лам учраас аргалчихна” хэмээн ятгаж байжээ. Гэсэн ч үнэнийг хэлэх ёстойг Б.Отгонбаатар түүнд анхааруулаад  сумын хэсгийн төлөөлөгчид очиж хэлснээр хэрэг илрэв. Аймгаас цагдаа, прокурорын байгууллагын төлөөлөгч ирж хэрэгт мөрдөн байцаалт явуулахад Д.Амгаланбаатар “Талийгаачийг би л хө-нөөсөн байх. Гэхдээ хашраах гэж л гар хүрсэн юм” гэж мэдүүлж байсан гэдэг. Цагдаа нар хэргийн газраас олдсон баримтууд болон Д.Амгаланбаатарын дээлэнд шингэсэн цус талийгаачийнх гэдгийг нь тогтоон түүнийг хорьж саатуулан  хэрэгтнээр татжээ. Харин хамт явсан Б.Отгонбаатарыг гэрчээр байцаав. Хэргийн мөрөөр Хотонт сумын хэсгийн төлөөлөгч, ахлах ахлагч Б.Гантулга, аймгийн  цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, ахлах дэслэгч н.Баярбат, прокурор н.Батмөнх-Очир нар ажиллаж, мөрдөн байцаалт явуулж эхлэв.

Д.АМГАЛАНБААТАРЫГ ӨМНӨ НЬ БЯЦХАН ХӨВГҮҮНИЙ ҮХЭЛД БУРУУТГАЖ  БАЙВ
Түүний аав нутаг усандаа юм үзэж хардгаараа алдартай М.Доржцэвээн гэдэг ламтан байдаг аж. Д.Амгаланбаатар энэ хэрэгт холбогдохоос өмнө гурван ч гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байжээ. Тухайлбал, 2003 онд болсон “Хархорин”-ы наадамд Д.Амгаланбаатар морио сойж уралдуулаад, шагналт байранд орсноо тэмдэглэхээр морь унаач хүүхдээ шөнийн цагаар архинд явуулсан байна. Гэтэл архинд явах замдаа бяцхан хүү Хархорин усны сувагт живж амиа алджээ. Аймгийн цагдаагийн байгууллага түүнийг хүүгийн үхэлд холбогдуулан шалгаж байснаа хэрэгсэхгүй болгов. Учир нь “Хүү тоглож бай-гаад живж амиа алдсан” гэсэн дүгнэлт гарчээ. Хэн ч бодоход бяцхан хүү үүр шөнөөр тоглоод гүйж явах нь юу л бол. Мөн лам эцэгт нь шавиар орсон н.Чамба гэдэг хүүг зодож танхайрсан, мотоциклиор хамт явж байсан найзынхаа үхэлд холбог-дон шалгагдаж байсан ч тэдгээр хэргийг хэрэгсэхгүй болгож байсан аж. Нутгийн иргэдийн ярьж буйгаар Д.Амгалан-баатарын аав ламтан М.Доржцэвээн нь 1981 оны үед хулгайн хэргээр “аавын хаалга” татаж, гурван жилийн хорих ял эдэлж байжээ. Харин гэрчээр дуудагдан байцаагдаж байсан Б.Отгонбаатар нь эхээс наймуулаа, айлын отгон хүү. Энэ хугацаанд хэрэгт холбогдон шалгагдсан удаагүй. Сумынхаа дунд сургуульд гуравдугаар анги хүртэл суралцаад сургууль завсардсан нэгэн. Сумын заан цолтой, үндэсний бөхөөр хичээллэдэг байна.

ЛАМТНЫ ЯВДАЛ
Ламтан М.Доржцэвээн Д.Амгаланбаатарыг хэргээс мултлах олон арга сэдсэний нэг нь хүүгийнхээ талийгаачийг зодож танхайрч байх үедээ өмссөн, цусанд будагдсан  дээл, өмдийг нь солиулж амжжээ. Энэ бүхнийг гэрчлэх олон хүн байдаг ч мөрдөн байцаагч нар үл тоосон байна. Түүний дараагийн алхам бол хэргийг анхнаас нь мөрдөн байцаасан ахлах дэслэгч н.Баярбатыг сольж өгөхийг удирдлагуудаас нь шаардан улмаар өөрийн талд үйлчлэх мөрдөн байцаагчаар  ахмад Я.Ганбатыг, прокуророор н.Батмөнх-Очирыг томилуулж чадсан байна. Ингэхдээ тэдэнд тус бүр 10 хүртэлх сая төгрөг өгч, авлигадсан тухай нутгийн иргэд ярих юм билээ. Прокурор н.Батмөнх-Очир нь уг авлигын мөнгөөрөө “Элентра” маркийн машин худалдан авч, хашаа байшингаа шинэчлэн амьдралаа дээшлүүлсэн тухай нутгийн иргэд ярьж байв. Ламтнаас авлига авсан үеэс эхлэн тэд анхны мөрдөн байцаалтын зарим нотлох баримтыг устгаж, Д.Амгаланбаатарт холбогдох хэргийг хэ-рэгсэхгүй болгож, харин гэрчээр дуудагдаж байсан Б.Отгонбаатарыг хорьж саатуулан, бүх хэргийг түүнд тохож эхэлжээ. Энэ маягаар мөрдөн байцаалт явуулж, прокурор нь хэргийг хянаж үзээд шүүхэд шилжүүлэхэд шүүгч нар нь “Хэрэгт холбогдогчид хоёулаа талийгаачийн үхэлд буруутай. Тэдний хэн нэгэн нь илүү оролцсон гэж үзэхгүй байна. Д.Амгаланбаатарыг дахин байцаах ёстой” хэмээн гурван ч удаа  хэргийг нь  буцаагаад байгаа аж. Мөрдөн байцаалт дахин үргэлжилдэг ч хэргийн бүрдүүлэлт  бахь байдгаараа шүүхэд гурван удаа ирээд байгаа нь энэ аж. Энэ хэрэг дээр гурван мөр-дөн байцаагч, хоёр прокурор ажиллаад ээлж дараалан солигдсон гэдэг. Ингэхдээ өөр аймагт шилжих эсвэл сум руу хэсгийн төлөөлөгчөөр томилогдож албан тушаал буурсан байна. Тухайлбал, хэргийн газар дээр анх ажилласан сумын хэсгийн төлөөлөгч ахлах ахлагч Б.Гантулгыг “Хэргийн талаар хамаагүй зүйл ярилаа” хэмээн хэргийн мөрдөн байцаагч, ахмад Я.Ганбат зодож, улмаар хөдөлмөрийн чадваргүй болгож, группэд оруулжээ. Нэгнээ хөдөлмөрийн чадваргүй болтол нь зодсон цагдаагийн хэргийг өнөөдөр прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгаж байна.

ГУРВАН ЖИЛ СУНЖИРСАН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ЭНЭ БААСАН ГАРИГТ БОЛНО
Уг хэргийн мөрдөн байцаагчаар өнөөдөр Н.Тэрбиш, аймгийн прокурорын байгууллагын орлогч прокурор н.Амга-ланбаатар нар хамгийн сүүлд томилогдон ажиллаж байгаа аж. Шүүх хурал энэ баасан гаригт болох юм. Алуурчин гэрч болж, гэрч алуурчин болж хувирсанд талийгаачийн болон  Б.Отгонбаатарын ар гэрийнхэн эсэргүүцэж, өргөдөл, гомдлоо холбогдох байгууллагад хэд хэдэн удаа өгсөн ч үл тоомсорлож өдийг хүрчээ. Б.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн 91.2-т заа-сан үндэслэлээр буюу онц хэрцгий, шунахайн сэдэлтээр бусдын амь насыг хөнөөсөн хэргээр шалган байцаажээ. Энэ нь цаазаар авах эсвэл 25 жил хүртэлх хорих ялаар шийтгэдэг юм байна. Хүүгээ хэргээс мултлахаар улайран зүтгэж, түүний оронд гэмгүй нэгнийг алуурчин болгож буй лам М.Доржцэвээн  ийнхүү хуулийн байгууллагад нөлөөлж, тэднийг авлигадан өөрийн гар хөл болгож ашиглаж байгаад нутгийн иргэд дургүйцэж байна

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.