Эрчим хүчний газрын дарга Ц.Баярбаатар: "ДЦС-4" ХК-ийн даргын албыг хашсан 16 жилд хувийн сонирхлын үүднээс аливаа асуудалд хандаж явсангүй

2009/11/11
Share |
Хүмүүс:
Эрчим хүчний газрын дарга Ц.Баярбаатар:

-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр тантай болон “ДЦС-4” ХК-тай холбоотой мэдээллүүд цацагдаад байгаа. Хэвлэлээр үнэн гэж бичээд, телевизээр баримт гэж өгүүлээд байгаа эдгээр мэдээлэл нь хэр үнэний ортой зүйл вэ?
-Эхлээд хэвлэлээр, дараа нь 25-р суваг телевизээр миний тухай болон Төрийн өмчийн хороон дарга Сугартай холбоотой элдэв ташаа мэдээлэл цацагдсан. Энэ бүхэнд би маш их харамсаж, эмзэглэж байна. Миний хувьд анх төрийн албан хаагч болсноос хойш одоогийн энэ албан тушаалд томилогдохдоо Монгол Улсын Ерөнхий сайд болон Улсын их хурлын зарим гишүүдийн саналын дагуу зохих шалгуурыг нь давж, үүрэг хариуцлагаа ухамсарласны үндсэн дээр энэ агентлагийн дарга гэсэн албан тушаалыг хүлээн авсан. Үүнээс өмнө “ДЦС-4” ХК-нд 28 жил ажиллахдаа сүүлийн 15-16 жил буюу 1993 оноос эхлэн даргын албыг хашиж байсан юм. Үйлдвэрийн ажил маш хэцүү, ажиллах орчин их эмх замбараагүй байсан тэр үед даргын ажлыг хүлээн авч байлаа.

Бүгд л ардчилал ярьж, зах зээлийн харилцаанд орно хэмээн хөл толгойгоо алдсан тэр үеийг эргэн санахад одоо ч тодхон санагддаг юм. Зарим нэг нь хувийн бизнес хөөж амьдралаа сайжруулна, энэ хар төмрийг сахиж, аваар осолд орж, ирээдүй нь мэдэгдэхгүй энэ орчинд амьдралаа алдан суухгүй гээд ажлаа орхиод гарч байсан үе. Тийм л үед цехийн дарга байсан намайг Түлш эрчим хүчний яамнаас үйлдвэрийн даргаар томилсон учраас тэдний итгэлийг даахыг хичээж ажилласан. Харин энэ жил үйлдвэрийнхээ ажлыг өгөхдөө Ерөнхий сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болон Эрдэс баялаг эрчим хүчний сайд, Төрийн өмчийн хороотой зөвшилцөн станцынхаа гол алба, хэлтэст олон жил ажилласан туршлагатай хүнийг даргаар нь тавьсан. Намайг ажиллаж байхад станцын ерөнхий инженер маань гавьяаныхаа амралтанд гарах болсон учраас түүний орны хүнийг мөн яам, сайд, ТӨХ-той зөвшилцөн техникийн ажилчдын дундаас сонгон томилсон. Үнэндээ энэ сонголт маань манай станцад албан тушаал горилж байсан зарим хүмүүсийн дургүйцлийг хүргэсэн юм байна гэж би ойлгож байгаа. Тиймдээ ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр элдэв асуудал гаргаж, худал мэдээллээр баяжуулан цацаж байна. Хүн өөрийн санаа бодлоо илэрхийлж болох ч хамгийн гол нь үндэслэлтэй, бодитой мэдээллийг ард олонд хүргэх ёстой биз дээ. Аливаа асуудалд нотолгоо, тоо баримт байх ёстой. Тэрнээс  хүмүүсийн дэл сул яриа, хувийн дүгнэлтээр олон нийтэд буруу ойлголт өгөөд байгаа нь надад таагүй санагдаад байгаа юм.

-Тэгэхээр тэрхүү мэдээллүүд оргүй болж таарах нь ээ?
Төрийн өмчит компаниуд жил бүр 2-3 удаагийн шалгалтанд заавал ордог. Төрийн өмчийн хороо, татварын газар, мэргэжлийн хяналтын газар, хөндлөнгийн аудитын  газраас жил болгон шалгаж, санхүү, материал, засвар, хөрөнгө оруулалт гээд бүх үйл ажиллагаанд мониторинг хийдэг. Хэрэв аль нэг шалгалтаар хууль зөрчсөн асуудал илэрвэл тэд ил гаргаж тавина, мөн илэрсэн зөрчлийг бичээд холбогдох газарт нь танилцуулаад явдаг журамтай. Энэ олон жилийн хугацаанд хийсэн хяналт шалгалтууд бидний ажлыг зохих ёсоор үнэлж, хуулийн дагуу ажиллаж байгааг маань нотолж байсан тул бид ч өөрсдийн үйл ажиллагаагаа хуулийн дагуу зөв явж ирсэн гэж дүгнэж байгаа. Сая эрчим хүчний зохицуулах газрын үнэ тарифын газраас станцуудын цахилгаан, дулааны үнийг хэр үндэслэлтэй тогтоож байна вэ гэдгээр аудит хийхдээ материал сэлбэгийн зарцуулалт, үлдэгдэл, бүртгэлийн байдлыг давхар үзсэн юм шиг байгаа юм. Эрчим хүчний салбарын онцлогоос шалтгаалан аливаа нэг аваар ослын үед бэлэн байлгах шаардлагатай аваарын нөөц сэлбэг,мөн солиод тавих материал бэлэн байх шаардлагатай байдаг. Тухайлбал “ДЦС-4” ХК нь хуучин үнэлгээгээр 154,6 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй байсан. Тэрний 4 хувиар бодоход 6 тэрбум төгрөгийн аваарын нөөц зайлшгүй байх ёстой. Түүнээс гадна үйлдвэрийн хэвийн ажиллагааг хангахад шаардлагатай сэлбэг, тос, төрөл бүрийн холхивчууд гэх мэтчилэн гарын доорх наад захын материалууд хэрэгтэй байдаг.

Мөн бүх засварын ажлууд хийгдэж дуусан өвлийн ачаалал авах үед засварын ажлын актанд зарцуулсан материалыг тусгаж, данснаасаа хасалт хийдэг. Засварын ажил бүрэн дуусаагүй учраас акт бичигдээгүй, данснаас хасалт хийгээгүй боловч яригдаад байгаа 7 тэрбум төгрөгнөөс 1.5 тэрбум төгрөгийн материал засварт зарцуулагдсан байх жишээтэй. Түүнийг хасвал “ДЦС-4” ХК нь 4 тэрбум төгрөгийн материалын үлдэгдэлтэй байгаа юм. Тэр дотор мазут, тос болон үнэтэй материал гэх мэтчилэн 1540 нэр төрлийн сэлбэгийн үнийн дүн байгаа. Үүнийг буруу ойлгон тэр их хэмжээний хэрэггүй материал станцын хөрөнгөөр авч цуглуулсан гэж ярьж бичээд байгаа нь дулааны цахилгаан станцын онцлог байдлыг мэддэггүй хүмүүсийн өнгөц, хуумгай дүгнэлт гэхээс өөр юу хэлэх билээ.

-Энэ асуудалд зөвхөн таны нэр холбогдоод зогсохгүй, төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжийн нэр хүнд, түүнчлэн тодорхой албан тушаалтнуудын нэр ч мөн дурдагдаж байгаа?
-Тийм ээ. Зүгээр ажлаа хийгээд явж байгаа станцын хамт олны маань ч нэр гарч байна. Тэрхүү мэдээлэлд “ДЦС-4” ХК банкнаас зээл авч хувийн компаниудад мөнгө өгчээ гэж бичсэн байгаа юм. Зуны улиралд цахилгаан системийн ачаалал багасдаг тул борлуулалт, орлого төвлөрүүлэлт багасдаг учраас нүүрсний уурхайнуудаа хэвийн ажиллуулахын тулд орлогод төвлөрч буй бүх мөнгөө тийшээ өгдөг. Орлого багасч, орж ирсэн цөөхөн хэд нь уурхайнууд руу явахаар ажилчдынхаа цалинг ч тавьж чадахгүйд хүрэх тохиодол гардаг. Гэтэл зуны улиралд багтаан төлөвлөсөн засвар үйлчилгээгээ хийж, өвлийн бэлтгэл хангах ажлыг гүйцэтгэх ёстой байдаг. Энэ засварыг хийхийн тулд сэлбэг материал авах, тендер зарлаад хуулийн дагуу нийлүүлэгч, гүйцэтгэгч компаниудад урьдчилгаа мөнгө өгөх, материал сэлбэг бүрэн нийлүүлэгдсний дараа үлдэгдэл мөнгөө өгөх ёстой болдог. Хэрэв мөнгөө төлөхгүй бол материал сэлбэггүйн улмаас засвараа хийж чадахгүйд хүрнэ. Улмаар материал авах компаниудад мөнгийг нь өгөхгүй бол алданги тооцогдохоос гадна шүүхэд шилжинэ.

Энэ аргагүй байдлаас шалтгаалан  банкнаас богино хугацаат зээл авч, материалаа аван засвараа хийгээд, намар үйлдвэрлэл нэмэгдэн, орлого өсөхөөр зээлээ эргэн төлж үйл ажиллагаагаа хэвийн явуулдаг. Өөр нэг асуудал бол “ДЦС-4” ХК шаардлагагүй байхад хүчин чадлаа 20 МВТ-аар нэмэгдүүлэх нэрээр улсаас их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн гэж бичсэн байсан л даа.Аливаа байгууллагын үндсэн зорилт бол ашиг орлогоо нэмэгдүүлэх, өөрийн үйл ажиллагааг цаашид өргөтгөж явуулах бол зах зээлийн хууль. “ДЦС-4” ХК-ийн хувьд өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээтэй уялдуулж зохих тооцоо судалгааг үндэслэн өөрийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа өөрсдийн хөрөнгөөр 20 МВт-аар нэмэгдүүлсэн. ЗХУ-д үйлдвэрлэгдсэн 80 МВт-ын турбиныг 100 МВт үйлдвэрлэх боломжтой болгон өөрчлөн зассан нь “ДЦС-4” ХК-ийн инженер техникийн ажилчдын болон Монголын сэхээтэн инженерүүдийн оюуны чадавхи яах аргагүй юм.

Үндэслэл нь нэгдүгээрт нэгэнт хөрөнгө зараад, нүүрс шатаагаад боловсруулчихсан уурыг аль болох үр өгөөжтэй ашиглах, өөрөөр хэлбэл бүрэн ажил хийлгээд гаргах, хоёрдугаарт 1987 онд оруулж ирсэн 20 гаруй жил ажилласан турбогенератор нь хуучралтаас шалтгаалан суурилагдсан 80 МВт-ын хүчин чадлаа бүрэн гаргаж чадахгүй 60-70 МВт үйлдвэрлэж байгаа, турбины ваккумын хэмжээ буурсан, нам даралтын турбины роторын гол нь 2-3 гулзайсан зэргээс засах, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлага гарч ирсэн юм.Түүнчлэн дулаан, цахилгааны хослон үйлдвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлвэл станцын  эдийн засгийн үр ашиг сайжирна. Өөрөөр хэлбэл 1 тонн уураар хийх ажлын хэмжээг 20 МВт-аар нэмэгдүүлж тэр хэмжээгээр ашгаа нэмэгдүүлэх боломжтой болж байна. Уг нь энэ бол бүтээмж дээшлүүлсэн бүхэл бүтэн ажил. Манай инженерүүд өмнө нь гаргаж байсан зардлаар илүү ихийг үйлдвэрлэх боломжтой юм байна гэдгийг өөрсдөө тооцоолон гаргаж ирсэн.

Турбиныг өөрчлөх энэ ажлыг бид өөрсдөө хийж чадах юм байна гэсэн энэ санаачлагыг техникийн зөвлөлийн болон хамт олны хурлаар хэлэлцсэн. Эндээс гарсан  шийдвэрийг удирдлагын зөвлөлийн хурлаар зөвшилцөөд үр дүнтэй, компанийн эрх ашигт нийцсэн, хүчин чадлыг нэмэгдүүлсэн, эдийн засгийн хувьд ч ашигтай гэж үзсэн байгаа. Тийм ч учраас компанийн өөрийн засвар, техник зохион байгуулалтын хөрөнгөнд багтаан энэ ажлыг хийж хэрэгжүүлсэн. Турбины роторыг БНХАУ-ын Харбин хотын роторын үйлдвэрт өөрчлүүлж, нэмэлт тоног төхөөрөмжийг авч хийсэн ажил юм.  Инженер техникийн ажилчдынхаа бүтээлийг үнэлэх хэрэгтэй. Монголчууд бид алийн болгон хүний юмыг дуурайгаад, бэлэн юмыг ашиглаад явах ёстой юм.

-Хүчин чадлаа 20МВт-аар нэмэгдүүлэхгүйгээр турбануудыг аваад засварын ажлаа хийсэн бол энэ ажилд зарцуулсан 11 тэрбум төгрөгөөс бага хөрөнгө гарах байсан уу?
-Үгүй, турбины гурван жил тутамд хийдэг ээлжит их засварын ажилд бид ойролцоогоор 4-5 орчим тэрбум төгрөг зарцуулдаг. Энэ ажлыг бид төлөвлөгдсөн засварын хөрөнгөнөөс хэтрүүлэхгүйн тулд 1 турбиндаа урьдчилсан үзлэг хийж их засварын оронд урсгал засвар хийгээд, хөрөнгө оруулалтаар цахилгааны хэмжүүр автоматикийн тоног төхөөрөмж, түлшний тоног төхөөрөмж шинээр авах, солих ажлыг өөрчилж 3 тэрбум төгрөг хэмнэж, турбины засварын 5 тэрбум, нийт 8 тэрбум төгрөгийг гаргаж, 60 хоногийн дотор хийсэн.

-Хэвлэлд бол өөрөөр бичигдсэн байгаа  шүү дээ, 11 тэрбум төгрөгийг зөвхөн турбин сольж, хүчин чадал нэмэгдүүлэхэд зарцуулсан гэж. Энэ ажлыг хийхийн тулд тухайн үйлдвэрлэгч компанид урьдчилан мэдэгдэх ёстой гэх мэтчилэн?
-ДЦС-3, ДЦС-4 ХК-уудад зуухны шинэчлэл хийх, Дархан ДЦС-ын уурын зуухны шаталтын технологийг өөрчлөхөд үйлдвэрлэгчээс зөвшөөрөл авах асуудал огт яригдаагүй. Хэрэв өөрчлөлт шинэчлэл бүрт үйлдвэрлэгчээс зөвшөөрөл авах ёстой гэж буй бол дээр дурдсан бүх шинэчлэлүүдэд зөвшөөрөл авах ёстой л байхгүй юу. Компани өөрийн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, өөрийн хөрөнгөөр турбинаа өөрчлөн засварлах нь бидний дотоод асуудал тул үйлдвэрлэгчээс зөвшөөрөл аваад байх шаардлагагүй. Бараг 20 жил ажилласан, үйлдвэрлэлээс хасагдахад хүрсэн турбиныг өөрчлөх зөвшөөрлийг ОХУ-аас авна гэвэл оросууд зөвшөөрөл өгөх үү. Хуучин ЗХУ байх үед авсан турбины талаар хувьд шилжчихсэн компаниас өөрчлөлтийн зөвшөөрөл авна гэвэл оросууд авч хэлэлцэх ч үгүй. Уг турбины хүчин чадлыг оросууд тооцоолоод 80 МВт гээд үйлдвэрлэчихсэн. Монгол инженерүүд олон улсын технологийг судлан хүчин чадлаа нэмэглүүлэх боломжийг олж хараад БНХАУ-д турбины ротороо өөрчлүүлсэн ийм л ажил.

-Танай хийсэн өөрчлөлтийн үр дүн гарч байна уу? Одоо өөрчилсөн турбины тусламжтайгаар генератор чинь 100 МВт үйлдвэрлэж чадаж байгаа юу?
-Эрчим хүчний системийн үйл ажиллагаа бол маш онцлогтой, хэрэглээ үйлдвэрлэлтэй хослож явагддаг. Үйлдвэрлэсэн эрчим хүчийг нөөцлөнө гэсэн асуудал байхгүй. Гэнэт ачаалал буурна, эсвэл гэнэт 10-20 МВт-ын ачаалал шаардлагатай болно. Энэ тохиолдолд 10-20 МВт-ын ачаалал авахуулахын тулд 100 эсвэл 80 МВт-ын машиныг явуулах болдог. 10 МВт-ын төлөө 80 МВт-ын машин явуулна гэдэг бол маш хүнд горим шүү дээ. Бидний хийсэн техникийн шинэчлэлийн ачаар гэнэт нэмэгдэх ачаалалын төлөө өөр машиныг явуулж горим хүндрүүлэхгүйгээр ажиллаж байсан машинаараа хаах боломжтой болж байгаа юм. Тооцооноос харахад 5-р машины хүчин чадлыг 20 МВт-аар нэмэгдүүлснээс хойш 3325 удаа буюу нийт 2395 МВт ачаалал авсан байгаагаас харахад түүний ач холбогдол тодорхой харагдаж байна. Горим тохируулах энэ үүргээс гадна 80 МВт-ын машины үйлдвэрлэл 100МВт болж нэмэгдснээр түлшний зардал буурч станцад орж ирэх ашиг дээшлээд л явчихаж байгаа юм. Нөгөө талаар цаашид өсөн нэмэгдэх цахилгаан эрчим хүчний хэрэглээнд урьдчилаад бэлтгэлээ хангачихаж байгаа хэрэг л дээ. Хөндлөнгийн хүний нүдээр харахад ашиггүй зүйлд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн юм шиг харагдаж болох ч эрчим хүчний салбарынхны хэнээс нь ч асуусан хамгийн зөв зүйтэй хөрөнгө оруулалтын ажил болсон гэж дуу нэг хэлнэ.

Шинээр 20 МВт-ын станц барихад дэлхийн жишгээр тооцоод төгрөгт шилжүүлэн үзэхэд 35-40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байдаг. Гэтэл бид 20 МВт-ын шинэ эх үүсвэр бий болгох ажлыг үндсэн тоноглолынхоо их засварын ажилтай хамтатган 8 тэрбум төгрөгөөр гүйцэтгэсэн байна.  Ашиглалтын зардлыг тооцон үзвэл шинээр барьсан 20 МВт-ын станцын 35-40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт дээр тэнд ажиллах хүмүүсийн цалин хөлс гээд их олон зардал нэмэгдэнэ. Станцын хувьд хүчин чадал, гарах өгөөж нэмэгдсэн ч ашиглалтын зардал огт нэмэгдэхгүй Харин ч гэнэтийн ачааллын, өөрчлөлтийн үед үүсдэг зардлууд бүгд хэмнэгдэж байгаа энэ ажил хэнийг хохироогоод, улсыг ямар хохиролд оруулчихаад хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдахад хүргээд байгааг ойлгохгүй байна. Тооцоо судалгаа нь гарчихсан энэ ажлыг 2007 оны зун хийгээд 2007-2008 оны өвөл ажиллаад, 2008 он гэхэд өртгөө бүрэн нөхчихөөд, одоо үр өгөөжөө өгөөд явж байна.

-Бас нэг зүйлийг тодруулъя. Урьдчилгаа мөнгө өгсөн гээд байгаа хувийн компаниудын нэрийг дурдаад, тэд тэдэн сая төгрөг гээд биччихсэн байсан. Тэр нийтлэлийг уншиж буй хүмүүс эдгээр компаниудтай Баярбаатар гэдэг хүн хувийн харьцаатай юм байна гэж ойлгогдохоор байгаа. Энэ тохиолдолд тендер хэрхэн явагддаг вэ, компаниудыг хэрхэн шалгаруулдаг вэ гэдэг талаар тодорхой ойлголт өгөхгүй юу?
-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай тендерийн хуулийн дагуу төрийн өмчит хувьцаат компаниуд тендер зарлан ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ёстой. Төсөвт өртгийн хэмжээнээс хамааруулан 5 сая төгрөг хүртэлх бараа худалдан авах тохиолдолд тендер зарлахгүйгээр шууд гэрээ байгуулан авдаг. Тухайн ажил үйлчилгээг гүйцэтгэх чадвартай цөөн тооны гүйцэтгэгч байгаа, өөр бусад компаниуд хийж чадахгүй тохиолдолд бид хуулийн дагуу тэдгээр компаниудын дунд харьцуулалтын аргын тендерийг зохион байгуулдаг. Жишээ нь БНХАУ-ын Харбины тэр компани л ганцхан турбины роторын өөрчлөлтийг хийдэг ноу-хау-тай. Өөр ямар ч компани хийж чадахгүй.

Энэ тохиолдолд бид шууд тэр компанитай хуулийн дагуу гэрээ байгуулахаас өөр аргагүй. Манай станцын тоног төхөөрөмжийн хүчин чадал онцлогоос шалтгаалан засвар үйлчилгээг гүйцэтгэх чадвартай, тусгай зөвшөөрөлтэй цөөн тооны компаниуд байдаг. Тэдгээр компаниуд л манай тоноглолын засварын ажлын тендерт оролцдог. Намайг даргын ажлыг хүлээн авч байхад ДЦС-4 ХК 1850 гаруй ажиллагсадтай байсан. Яам, удирдах газрын шийдвэрийн дагуу станцын тодорхой мэргэшсэн ажилчдыг 1993 онд цахилгааны, дулааны, турбины тоноглолын засварын компаниуд болгон биеийг нь даалган гаргаад цаана нь 1400 хүнтэй үлдсэн. Тусдаа гаргасан 450 хүнээ ажлаар хангахгүй байж чадахгүй. Тэд тендерт ордог, заримдаа тендерт ялж гэрээ байгуулан ажилладаг, эсвэл тендерт өөр компаниуд ч шалгардаг. 

Тендерийн гол шалгуур бол тухайн ажлыг гүйцэтгэх чадвартай, эрх бүхий компанийг шалгаруулах явдал байдаг юм. ДЦС-3 ХК гэхэд  дунд даралтын тоноглолын засварыг гүйцэтгэх чадвартай хэдхэн л компани байдаг. Салбарын болон станцын тоноглолын онцлог, гүйцэтгэгчийн мэргэшил ур чадвараас шалтгаалан станцын засварын ажлыг цөөн тооны компани ээлжлэн гүйцэтгэж байгааг даргын сонирхол гэж хэлсэн байсан.

-ДЦС-4 ХК-ны яг өнөөдрийн байдал ямар байгаа вэ? Жаахан харьцуулалт хийхэд 1993 онд таныг даргын ажил авахад ямар байсан, өнгөрсөн жил ажлаа хүлээлгэн өгөхөд ямар өнгө төрхтэй үлдсэн бэ?
-Энэ бол 1993. Ардчилал эхлээд удаагүй байсан энэ үеийн амьдралыг хүмүүс сайн мэднэ дээ. Улаанбаатар хотод Засгийн газрын ордон, эмнэлэг, телевиз, холбооны болон боловсролын салбаруудыг л цахилгаанаар хязгаарлахгүй. Бусад нь хязгаарлалттайгаар цахилгаан болон дулааны эрчим хүчээр хангагддаг байсан. Өвлийн улиралд гэртээ бараг л эсгий гуталтай өвөлждөг байлаа. Дээр нь ардчиллын нэрээр анархизм болчихсон, хэн дуртай нь юу дуртайгаа хэлдэг, хийдэг. Тиймдээ жаахан шаардлага тавьбал чи захиргаадлаа гээд гэдийгээд хэвтчихнэ. Архидалт газар авсан, эмх замбараагүй, үйлдвэр дотроо таг харанхуй, үнс, тоос, устай холилдсон, аваар, саатал, үйлдвэрлэлийн осол, тэсрэлт дэлбэрэлт их гардаг. 3 зуух, 2 турбогенератор чүүтэй айтай явдаг байсан.

Тэр үед би 38 настай, түлш дамжуулах цехийн даргаас станцын даргаар томилогдож байлаа. Би сахилга дэг журмыг хэвшүүлэх, архидан согтуурахыг таслан зогсоох, засварын ажлын чанарыг сайжруулах, гэмтлийг устгаж сурах, гэмтэлтэйгээ зууралдан урагш өөр ажил төлөвлөн хийж чаддаггүй байдлаас гаръя, нөөц тоноглолтой болъё гэж хичээн ажилласан. Ажилчдын гуанзны хоол муу, тогооч ажилчдын дунд хэрүүл тасардаггүй байдлыг халж ажилчдынхаа нийгмийн асуудалд ч мөн анхаарлаа хандуулж ирсэн. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил маань ямар ахиц авчирсныг манай захын хүнээс асуухад л хэлэх байх. Станцын бүх тоноглол хэвийн ажиллахын зэрэгцээ суурилагдсан хүчин чадлаа 20 МВт-аар нэмэгдүүлсэн, одоо дахин 20 МВт-аар нэмэгдүүлэх гэж байна.

540 МВт-ын суурилагдсан станцыг 580 МВт чадалтай болгон ашиглаж, станцаас шалтгаалсан хязгаарлалт гэж байхгүй болж, одоо бол хэрэглээгээ нэмээд өгөөч бид хангая гээд л сууж байна. Өнөөдөр ДЦС-4 ХК Монголын эрчим хүчний салбарын нүүр царай болон яваа гэж би боддог. Ийм станцын үйл ажиллагааг харлуулан элдэв муугаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах, хамт олны бүтээлийг булшлан муучлах ямар ч шаардлага байхгүй л дээ. Үнэхээр албан тушаал сонирхоод байгаа юм бол ирээд ав гэж хэлмээр байна. Би 16 жил үйлдвэрийн даргын албыг хашихдаа 10 сайд, 9 засгийн нүүр үзсэн. Би Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн хүн. Надад танил тал, ар өврийн хаалга гэж байхгүй. Би аль нэг намын гишүүн ч биш. Урдах ажлаа хийгээд л явж байгаа жирийн нэгэн.

-Таныг бас охиндоо төрсөн өдрийн бэлэг гээд ресторан бэлэглэсэн гэж байсан. Станцад ажиллаж байсан хүн тэр хэмжээний хөрөнгө мөнгө цуглуулах боломжтой юу?
-ДЦС-4 ХК-ийн даргын албан тушаалыг хашсан 16 жилийн хугацаанд ямар нэгэн хувийн сонирхлын үүднээс аливаа асуудалд хандаж явсангүй. Ямар нэг ашиг сонирхлын зөрчилгүй ажилласан учраас өдий зэрэгтэй яваа гэж өөрийгөө боддог. Хэрэв ямар нэг асуудал байсан бол хувийн сонирхлоо хөөгөөд явах, эсвэл аль нэг шалгалтанд өртөж фактлаад шийтгэлээ эдлээд, халагдах байсан биз дээ. Станцын байдал хүнд байхад авдаг хэд маань цөөхөн тэгсэн атлаа гэртээ харихаасаа харихгүй нь их байлаа. Тэр үед би мөр зэрэгцэн яваа хамт олондоо бидний гаргасан хөлсний хэрээр сайхан цаг ирнэ. Хүн хамгийн их ажиллаж байгаа үедээ их мөнгө авах ёстой ч өнөөгийн байдал боломжгүй байнаа. Та нарын ажилласны хэрээр бүтээмж гарч цаашид ажил багасч, цалинг нэмэгдэх болно гэж хэлдэг байсан. Үнэхээр ч миний хэлсэн ёсоор болсон.

Би станцын даргаар ажилласан сүүлийн 4-5 жилд сард дундажаар 1,3 сая төгрөгийн үндсэн цалинтай, шагнал урамшуулал, нэмэгдлээ тооцвол 1,8-1,9 сая төгрөгийн цалин авдаг байсан. Мөн Төрийн өмчийн хорооноос надтай байгуулсан гэрээгээр төлөвлөгөөт зорилтондоо хүрсэн, эдийн засгийн хэмнэлт гаргасан, зардал хэмнэсэн, үр ашигтай ажилласан бол үр ашгийн 10% хүртэл урамшуулалыг авна. Энэ дагуу би ажлаа дүгнүүлж 3, 10, 20 хүртэл сая төгрөгийн шагнал авч байсан удаатай. Би 2 хүүхэдтэй. Тэд маань нэг нь эмч, нөгөөх нь багш мэргэжилтэй. Авч байгаа цалин маань миний амьдралд хангалттай хүрэлцдэг. Яахав ажил хэргийн хувьд Япончуудтай хамтран ажиллаж байсан болохоор охиндоо Япон ресторан бэлэглэсэн гэж хардсан юм байлгүй. Би хэзээ ч ажил хэргийн холбогдолтой хүмүүсээсээ бэлэг авч, бас  үр хүүхэддээ үнэтэй бэлэг өгч байгаагүй. Нууц юм гэж хэзээ ч байдаггүй биз дээ. Нэг хоёр алхаад л баригдана шүү дээ. Хүнийг дайрч болно гэхдээ үндэслэлгүйгээр гэр бүлийг маань эвгүй байдалд оруулан гүжирдэж болохгүй л дээ.

-Гэхдээ л та хүүхдүүдээ хадамд гарах, сургууль төгсөх гээд тэмдэглэлт өдрүүдээр бэлэг өгдөг биз дээ.
-Мэдээж өгөлгүй яахав. Гадаад дотоод яваад ирэхдээ гутал, хувцас, цүнх сав авчирч өгч л  байсан. Гэхдээ 200-300 мянган төгрөгөөс хэтэрсэн үнэтэй бэлэг байгаагүй ээ. Надад бусдын яриад байгаа шиг хувийн аж ахуйн нэгж ч байхгүй. Төрийн албан хаагчдын_хөрөнгө орлогын мэдүүлэгт миний өмч хөрөнгө, олсон орлого, зарлага, унаа тэрэг бүх юм бичигдсэн байгаа. Зуслангийн нэг байр байна. Би чинь Монгол улсын иргэн хүн учраас газар өмчлөх эрхтэй биз дээ. Станцын ажиллах орчин хүнд, байнгын дуу чимээтэй, утаа тоостой. Ийм нөхцөлд олон жилээр ажиллана гэдэг үнэхээр амаргүй. Өнөөдөр би зүрхний өвчтэй, тархины мэдрэлийн судас нарийссан, хотын агаарт аахилаад унтаж чаддаггүй нэгэн болсон. Тийм болохоор 2002 онд Хэнтий аймгаас дүнзэн байшин 2 сая төгрөгөөр аваад Бор нуурын тэнд түрээсийг нь төлөөд газар авч байшингаа бариулсан маань үнэн. Эндэхийн газар үнэхээр сайхан болохоор найз нөхдөө уруу татаад одоо манай найз нарын найман өрх байдаг юм. Таньдаг найз нөхөд болохоор хамжиж туслаад дотроо зам тавиад, нэг нэг модон байшин бариад авчихсан. Гэтэл үүнийг маань хувийн эдлэнтэй болгоод биччихсэн байна лээ.

-Тэгвэл яагаад асуудлыг нэг талаас нь харсан, туйлширсан мэдээллүүд  цацагдаад байгаа юм бол? Нэг талаас харахад зохион байгуулалттай ч юм шиг санагдаж байна. Ийм байдал хаанаас үүдэлтэй байж болох вэ?
-Би хүн бүхэнд таалагдах албагүй. Мэдээж надад атаархдаг эсвэл миний хийсэн зүйл таалагддаггүй хүмүүс байж болох юм. Хөдөлмөрөөрөө амжилтанд хүрч байгаа хүнийг аахар шаахар зүйлээр оролдож байгаад албан тушаалд хүрэх гэсэн хүмүүсийн үйлдэл гэж ойлгож байна. Үйлдвэрийн даргаас агентлагийн дарга болохоор шалгуурт оролцож байхад л эхэлсэн.

-Таныг Эрчим хүчний газрын даргаар томилох асуудлыг хаанаас тавьсан бэ?
-Би Монголын волейболын холбооны тэргүүлэгч гишүүн. Манай ДЦС-4 ХК-ийн “Эрчим баг” бол нилээн сайн баг гэдгийг та бүхэн мэдэх байхаа. Манай волейболын холбоонд Монросцветмет нэгдлийн захирал байсан УИХ-ын гишүүн Бадамсүрэн хамт ажилладаг. Даланзадгадын дулааны цахилгаан станцын хэвийн үйл ажиллагаа байнга доголддог байсан. Тэрийг нь ярихаар олон газрын янз бүрийн тоноглол суурилуулсан, засч чаддаггүй, сэлбэг хэрэгсэл нь олддоггүй гээд л говийн бүс нутгийн цахилгаан хангамжтай холбогдсон Сангийн яам, Түлш эрчим хүчний яам түүнчлэн Засгийн газрыг зовоосон асуудал үүсдэг байсан учраас нөхдүүд надад хандаж ДЦС-д олон жил ажилласан хүн байна, энэ станц цаашид хэвийн ажиллаж болох уу дүгнэлт гаргаж өгөөч гэж хүссэн. Би ДЦС-4 ХК-ийнхаа инженерүүдийг дагуулан очиж үзээд хэвийн ажиллагааг хангах арга хэмжээг тодорхойлон, цаашид ажиллах боломжтой гэсэн дүгнэлтийг гаргаж өгсөн. Энэ дүгнэлтийг Бадамсүрэн маань Баяр сайдад илтгэснээр 

Төрийн өмчийн хороонд үүрэг өгөөд Даланзадгадын ДЦС руу Баярбаатараар ахлуулсан менежментийн баг явуулж, станцын үйл ажиллагааг сэргээ гэсэн үүрэг өгсөн. Би төрийн өмчийн хороотой гэрээ байгуулаад ДЦС-4 ХК-ийнхаа хүмүүсийг уриалан хөдөө орон нутагт очиж ажлыг нь сайжруулана гэж санал хураан өөрсдийнх нь хүсэлтээр 7 инженер 20 гаруй ажилчидтай баг бүрдүүлж 2007 оны хавар яваад зассан өнөөдөр станц хэвийн ажиллаж байна. Асуудал юунд байсан бэ гэхээр мэргэжлийн чадвартай  боловсон хүчин байхгүй учраас тоноглолоо зөв ашиглаж, ажиллуулж чадахгүй, гэмтэл гарахад зөв засч чадахгүй байсан. Хөрөнгө нэхээд суудаг байсан бол одоо өөрийн хөрөнгөөр засвар үйлчилгээгээ хийгээд хэвийн ажиллуулж байна. Нөгөө нэг асуудал ажлын сахилга хариуцлагын асуудлыг дээшлүүлсэн явдал юм. Энэ үед Баяр сайд энэ Баярбаатар гэдэг хүн бол амласнаа хийж чаддагүй үйлдвэрлэгч хүн байна гэж ойлгоод, эрчим хүчний сайд Зоригт мэрэгжлийн хүн биш тул мэргэжлийн хүн хамтран ажиллавал салбарын үйл ажиллагаанд хэрэгтэй юм байна гээд агентлаг байгуулах, агентлагийн даргаар Баярбаатарыг тавих санал гаргасан гэж би ойлгосон. Баяр сайд надад агентлагийн даргын шалгуурыг хангаад хүрээд ир гэсэн төрийн албан хаагчийн шалгалтыг өгөөд тэнцсэн ингээд л энэ албан тушаалд томилогдсон. Миний явсан зам л энэ, би үнэндээ танил тал гэж яваагүй, миний хийсэн ажлыг үнэлж намайг энэ ажилд томилсон.

-ДЦС-4 ХК-ийн дарга болон ерөнхий инженерийн томилгоонд та өөрийн саналаа оролцуулсан гэсэн. Энэ нь хууль эрх зүйн үүднээс хэр боломжтой вэ?
-Боломжтой л доо. Би ажлаа өгч буй хүн. Нөгөө талаас тухайн үйлдвэрт бараг 30 шахам жил ажилласны 16-д нь энэ үйлдвэрийг удирдсан. Хэн юу хийдэг, хэр чадвартай хүн бэ гэдгийг сайн мэднэ. Тиймээс станцыг удирдах хүнийг станц дотроосоо томилох нь зөв. Учир нь станцын газар доогуурх инженерийн шугам сүлжээ, өндөр даралтын шугам хоолойнууд хэзээ хаанаа цоорсон, хэдэн хувийн элэгдэлтэй байна гэдгийг дарга, ерөнхий инженер мэддэг. Үүнийхээ дагуу хийх ажлаа төлөвлөн хэрэгжүүлдэг, болзошгүй аваараас урьдчилан сэргийлж, хэвийн үйл ажиллагааг нь ханган ажилладаг байх ёстой. Удирдлагад энэ асуудлыг мэддэггүй гадны хүн томилогдсон тохиолдолд бусдын амаар ажлаа явуулах, зарим хүндрэлтэй асуудлыг орхигдуулбал аваар гарах, эрчим хүчний тогтворжилт алдагдах гээд гарч болох хүндрэлүүдийг дурдаж болох юм. Явуулын хүн бол явуулын л хүн байна шүү дээ. ДЦС-4 ХК бол маш чухал объект. Энэ станцын хэвийн ажиллагаа алдагдвал Монгол орон цахилгаангүй болно, хот хөлдөхөд хүрнэ.  ОХУ-ын Москва хотод нэг станц нь дэлбэрээд хөлдөхөд хүрсэн шүү дээ. Асуудал юунд байсан гэхээр мэргэжлийн бус бизнесмэнүүдийг эрчим хүчний үйлдвэрлэл, станцад оруулсан. Эд нар нь борлуулалт худалдааны асуудлаа хөөж, үйлдвэрийн найдвартай тогтвортой ажиллагааг орхигдуулсанаас ийм байдалд хүрсэн гэсэн дүгнэлт гарч байсан. Манайд л гэхэд Даланзадгадын станцыг хар л даа. Нарийн мэргэжсэн, туршлагатай хүмүүс л энэ хүнд салбарыг авч явдаг юм. Тэрнээс хэн дуртай нь станцын ажиллагаагаар бизнес хийж болохгүй гэдгийг харуулсан шүү дээ. 2007 оноос баригдсан эрчим хүчний шугам дэд станцуудын барилга угсралтын ажлыг мэргэжлийн ур чадваргүй хүмүүс хийсэн нь одоо биднийг зовоож байна.

-Эрчим хүчний салбарыг удирдаж буй хүнтэй уулзаад зөвхөн нэг асуудлыг тойрсон, өмнө хэвлэл мэдээллээр цацагдсан асуудлуудад хариулт авбал чамлалтай байна байх. Тиймээс эрчим хүчний салбарын ахмад туршлагатай удирдах ажилчтны хувьд энэ салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар ярилцъя гэвэл та татгалзахгүй биз дээ.
-Монгол Улсын эрчим хүчний салбар өнөөдөр ОХУ-аас хараат байдалтай байна. Тодруулбал Монголын эрчим хүчний систем 220 кВ-ын хоёр хэлхээт шугамаар ОХУ-ын эрчим хүчний системтэй холбогдсон. Их ачааллын 120-130 МВт үед ачаалал авч ажиллаж байна. Манай дулааны цахилгаан станцуудын хамгийн бага өртгөөр эрчим хүч үйлдвэрлэж буй станц бол ДЦС-4 бөгөөд бусад өндөр өртөгтэй станцуудынхаа хөрөнгийн дутагдлыг хааж, зохицуулан ажиллаж байгаа. Монгол орны хувьд цахилгаан эрчим хүчний хэрэглээ их өсч байна, бараг суурилагдсан хүчин чадалдаа тулаад байгаа. 2009 онд эдийн засгийн хямралтай холбогдон хэрэглээний өсөлт саарсан ч 2008 он хүртэл хурдацтайгаар нэмэгдсээр ирсэн.

Үүнээс шалтгаалан эх үүсвэрийн дутагдалд орж эхлэж буй учир, Улаанбаатар хотод 5 дахь цахилгаан станц, хөдөө орон нутагт усан цахилгаан станц болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг барьж байгуулах ажил өрнөж байна. 21-р зуунд бүх сум сууринг цахилгаан эрчим хүчтэй болгоно гэсэн бодлогын үндсэн дээр баахан цахилгаан дамжуулах шугам барьчихсан. Гэтэл эх үүсвэргүй болохоор шугам барьсан ч харанхуй сууж байгаа сумд өнөөдөр олон байна. Тэгвэл энэ эх үүсвэрийн асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлага бидний өмнө тулгараад байгаа билээ. Ялангуяа Говь-Алтай, Завхан аймгуудын хувьд аймгийн төв, улсаас олон сая төгрөгийн татаас авч дизель станцаар хязгаарлалттай цахилгаанаар хангагддаг. Харин сумдууд нь харанхуй. Энэ асуудлыг шийдвэрлэх асуудал бол манай Эрчим хүчний газрын нэг том зорилт юм. Хоёрт төвлөрсөн төсвөөс оруулж байгаа хөрөнгө, түүнчлэн гадны байгууллагуудын тусламж зээлээр хэрэгжүүлсэн хөрөнгийг бид зөв ашиглах ёстой. Тиймээс эрчим хүчний салбарын технологи ажиллагаатай уялдсан хариуцлага, сахилгыг дээшлүүлэх, өмч хөрөнгийг хамгаалах хэрэгтэй байна. УИХ-ын гишүүн асан Баабар нийтлэлч ДЦС-4 ХК 800 сая долларын хөрөнгө оруулалт хийгдсэн ч үхдэг ч үгүй, сэхдэг ч үгүй гэж бичсэн байсан.

Би бодохдоо нөхөр нийтлэлч тэнд орон алдсан байна гэж үзсэн. 1993 оноос хойш ДЦС-4 ХК дангаараа бус Монгол улсын эрчим хүчний салбарын хэмжээгээр 480 сая долларын гадаадын зээл авсан байна. Эндээс ДЦС-4 ХК 145 сая долларын зээлийг зуухны шинэчлэлт хийх, турбины удирдлагын блок шинэчлэх, дулааны шугамын үр ашгийн төсөл зэргийг хэрэгжүүлснийхээ өгөөжөөр үхэхгүй сэхэж, Монгол орныг авч явлаа шүү дээ. Улсаас энэ салбарт хийсэн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг ард түмэнд хүргэх нь бидний эрхэм зорилго, тийм ч учраас гэрэлгүй байгаа 2 аймгийн 50 орчим сумдыг цахилгаантай болгох зорилготой ажиллаж байна. Мөн түүнчлэн хэн дуртай нь станц, шугам барьдаг эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, дэг журамд оруулах, говийн бүсийн цахилгаан хангамжийн асуудлыг шийдвэрлэх, ашигт малтмалын ордуудын хэрэглээг хангаж, борлуулалтаа нэмэгдүүлэх, үнээ нэмж ард иргэдийн нуруун дээр ачаалал нэмэх биш борлуулалтаа нэмэгдүүлж хөрөнгийн дутагдлаа нөхөх зорилго тавьж байна.

-Энэ салбарт алдагдал үүсгэж буй гол асуудал нь төрөөс уурхайнуудын нүүрсний үнэ, цахилгаан станцуудын эрчим хүчний үнэд хязгаар тавьж барьж байдагтай холбоотой юу?
-Нэг талаас би ч бас хэрэглэгч. Хэрэв цахилгааны үнэ нэмэгдвэл манай гэрийн зардал өсөөд л явчихна. Нэг жилд станц 4 үндсэн, 8 туслах, нийт 12 тоноглолд дунд засвар хийх ёстой бол хөрөнгө нь байхгүй болохоор 4 биш 2 үндсэн тоноглолд засвар хийж 2-ыг нь орхиод, туслах тоноглолынхоо мөн хагасд нь хийхэд хүрдэг. Энэ хэмжээгээр найдвартай ажиллагааг алдагдуулж байгаа юм. Үнэ тариф тогтоож өгөхдөө ч элэгдлийн зардлыг тооцох ёстой._Жишээ нь намайг ажиллаж байхад ДЦС-4 ХК-д их засварт 16 тэрбум төгрөгийн зардал гардаг байсан. Тэгтэл 16 биш 9 тэрбум төгрөг төлөвлөөд өгчихдөг. Тэрэнд нь тааруулж засвараа хийдэг, тэр хэмжээгээр найдвартай ажиллагаа алдагддаг. Засварын материал сэлбэгийг гаднаас авна. Бас зах зээлээ дагаад түлш шатахуун, материал сэлбэгийн үнэ өсчихөөр баталж өгсөн зардал, хөрөнгийн үнэ хоёрын зөрүүгээр хөрөнгийн дутагдалд ордог. Тиймээс хэрэглэгчдийг аятай тухтай байлгахын тулд станц түрүүлж хөгжих ёстой юм.

-Энэ нарийн мэргэжлийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийнхээ ажлыг төр засгаас хэр үнэлж урамшуулж чаддаг вэ? Эрчим хүчний салбараас төрсөн гавьяатууд хэр олон байдаг вэ?
-Эрчим хүчний салбарт аж үйлдвэрийн гавьяат ажилчин хэд хэдэн хүмүүс бий. Ихэнх нь шугам сүлжээнд ажиллаж байсан хүмүүс. Ж.Шагдарсүрэн, Намхай, Нанжаа гуай гээд л. Харин станцаас гэвэл би 2007 онд аж үйлдвэрийн гавьяат болсон. 

-Бусад орны туршлагаас харахад эрчим хүчний хөгжлийн бодлогоо яаж тодорхойлж байх юм. Монгол орны хувьд эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд төрөөс баримталж буй бодлого гадаад улс орныхтой харьцуулахад ямар түвшинд байдаг вэ?
-Гадны орнуудад эрчим хүчний салбараа хөгжлийн тэргүүнд нь тавьдаг. Улс орны хөгжлийн суурь нь эрчим хүчний салбар тул энэ салбарын хөгжил түрүүлж явах ёстой гэж үзээд төрөөс дэмжиж үнийг чөлөөлж өгдөг. Гадаадын зарим компаниуд манай салбарт хөрөнгө оруулалт хийх санал тавьдаг ч эрчим хүчний үнээ барьчихсан учраас ямар ч өгөөж алга гээд буцдаг. Үнээ барьчихсан энэ байдал энэ салбарт гадны хөрөнгө оруулалт орж ирэх нөхцөл боломжийг хаагаад байна. Хөнгөлөлттэй зээлийн хувьд ч ялгаагүй.

-Эрчим хүчний салбарт ажиллагсадын ахуй амьдрал ямархуу байна вэ? Цалингийн түвшин дэд бүтцийн бусад салбарынхантай харьцуулахад хэдий орчим байдаг вэ?
-Эрчим хүчний салбарын ажилчид бид баялагийг бүтээж байгаа улс. Энэ салбарын үйлдвэрүүдийн ажил маш хүнд. Цахилгаан эрчим хүч гэдэг бол өнгөгүй, үнэргүй, нүдэнд харагдахгүй учраас маш аюултай, бас их хариуцлагатай, осол аваартай мөч тутам тулгарч байдаг, мэргэжил мэргэшил их шаардсан ажил л даа. Тиймээс мэргэшсэн чадварлаг боловсон хүчинг байнга шаардаж байдаг. Тиймдээ ч нэгэнт бэлтгэсэн туршлагатай боловсон хүчнээ тогтвор суурьшилтай ажиллуулах, ажлын байранд тогтоох хэрэгтэй л дээ. Гэвч сүүлийн үед эрчим хүчний барилга угсралтын чиглэлийн болон уул уурхайн компаниуд олноор байгуулагдаж мэргэшсэн хүмүүст маань өндөр цалин амлаад урвуулах болсон. Үнэхээр бэлтгэсэн, чадвартай боловсон хүчнээ алдах нь нэг хөдөлгүүр шатахаас илүү хохирол болж байгаа юм. Намайг анх ажилд орж байхад залуучуудын төлөвшилтийг сайжруулахын тулд дотоодын сургалтанд хамруулан, орон байраар нь хангадаг байлаа. Мэдээж ар талдаа санаа зовох зүйлгүй учраас ажлаа тайван хийдэг, ажлын бүтээмж ч өндөр байсан. Би одоогийн залуусыг хараад өрөвддөг. Гэртээ аав ээж, ах дүү гээд л 7,8-уулаа амьдарна. Ажлаа тараад гэртээ харихаасаа урьтаад баар ресторанаар хэсч цаг нөгцөөн хоногтоо л гэртээ орох юм. За үүнээс цааш нь ярих юм бол гэр бүлтэй болдог. Хаана амьдрах уу. Ийм нөхцөлд хүн тогтвортой ажиллаж бүтээмж гаргаж чадах уу. Залуус дан цалингаараа орон байртай болж чадах уу? Чадахгүй. Тэгвэл бид нийгмийн баялагийг бүтээж, нийгмээ түвшин байлгахын тулд ажил хийж буй хүмүүсийнхээ тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Үүнийг ажиллуулж буй үйлдвэр компани л шийдвэрлэнэ. Өнөөдөр хүнээ ад үзээд, орон тоогоо цөөлсэн бодлогод би үнэхээр дургүй.

-Одоо та төрийн жинхэнэ албан хаагч болсон. Эрчим хүчний салбарт ажиллаж буй төрийн албан хаагчдынхаа байр орон сууцны асуудлыг шийдэх талаар ямар бодлого баримталж байна? Таны бодлогыг төр засгийн зүгээс хэр дэмжиж байгаа вэ?
-Манай Зоригт сайд залуу хүн гэхэд энэ асуудыг нилээн мэдэрч, дэмжиж ажилладаг. 2009 онд санхүүгийн хямрал таараад энэ асуудлыг хойш тавьчихсан. Харин 2010 онд нийгэм эдийн засгийн байдал тогтворжихоор зохих хэмжээгээр шийдвэрлэх төлөвлөгөөгөө гаргачихсан байгаа.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
aderosrtin Москва Донской купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ: меф-мефе
IP:185.223.165.122  2018-10-08 00:29:38
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.