Гашуун сухайт руу Чиглэсэн гашуун сонирхол түгшүүр төрүүлж байна

2009/11/11
Share |
Хүмүүс:
Гашуун сухайт руу Чиглэсэн гашуун сонирхол түгшүүр төрүүлж байна

Байгалийн өвөрмөц тогтоц, ховордсон ургамал, амьтантай, түүх соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинж, унаган төрхийг нь хадгалахын тулд тухайн газар нутгийг тусгай хамгаалалтад авдаг. Тусгай хамгаалалалттай нутгийн ангилалд багтдаг дархан цаазат газарт хот, суурин байх ёсгүй. Харин манай улсад дархан цаазат газарт оршдог гурван суурин байдаг нь Хөвсгөлийн Ханх, Хатгал, Хэнтий аймгийн Дадал сум. Улсын тусгай хамгаалалттай газарт иргэд газар өмчлөх эрхгүй учраас эдгээр сууринд хүний эрх зөрчигдөж байна гэж үзэх хүн олон. Тиймээс Ханх, Хатгал, Дадал сумын хэсэгхэн газар нутгийг улсын тусгай хамгаалалтаас гаргах асуудлыг УИХ-ын ирэх хаврын чуулганд өргөн барих гэж байна.

Чоно борооноор гэдэг. Өмнөговь аймгаас УИХ-д сонгогдсон Ц.Баярсайхан, Х.Бадамсүрэн нарын гишүүд сэжиг төрүүлэхүйц нэгэн саналыг дээрх асуудалтай хамт оруулахаар төлөвлөж байгаа гэсэн чимээ чих дэлслээ. Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дахь Гашуун сухайтын боомт Говийн бага дархан цаазат газарт, улсын тусгай хамгаалалтын хилээс ойролцоогоор 5-10 км-ын дотор байрладаг. Хил, гаалийн байгууллага тэртэй, тэргүй газрыг өмчлөх эрхгүй учраас тэдний хувьд Хатгал, Ханх, Дадалын иргэд шиг эрх нь зөрчигдөх асуудал байхгүй. Харин ч энэ боомт Тусгай хамгаалалттай газар нутгийнхаа “эрх”-ийг зөрчиж 15 жил оршиж байна.

Хамгаалалтын бүсээс ердөө 5-10-хан км-т байдаг энэ боомтыг анхнаасаа яагаад дархан цаазтай газарт байгуулсан нь сонин. Боомт байрлаж байгаа энэ хэсгийг Улсын тусгай хамгаалалтаас гаргах “мэргэн санаа” Өмнөговь аймгаас сонгогдсон гишүүдэд ямар ашигтай байж болох вэ?

Бидэнд олдсон мэдээллээр энэ хэсгийн газар дор алтны нөөцтэй нь Өмнөговиос сонгогдсон эрхэм гишүүдийг далд сонирхолд хөтөлсөн гэх. Энэ оны есдүгээр сарын байдлаар  Өмнөговь аймагт дархан цаазтай газраас бусад бараг бүх талбайд ашиглалт, хайгуулын лиценз олгож, үлдсэн жаахан талбай нь өргөдөлд даруулжээ.

Зураг дээрээс харахад Говийн бага дархан цаазат газрыг тойроод дүүрэн лицензтэй талбай байна. Ялангуяа Гашуун сухайтын боомт оршдог, тусгай хамгаалалтаас чөлөөлөхөөр төлөвлөж байгаа энэ хэсэг тэр чигээрээ хайгуулын лицензтэй талбайгаар хиллэжээ. Тэгэхээр хэн нэгний эрэл энэ хүрээд зогссон байх нь. Цааш үргэлжлүүлэхийн тулд тухайн газрыг тусгай хамгаалалтаас гаргах шаардлагатай болж таарна. Түүнээс биш, зөвхөн боомтын ажилчдад зориулсан орон сууцны барилга, оршин суугчдын төлөө тусгай хамгаалалтыг үгүй хийнэ гэдэг  хэтэрхий үнэмшилгүй, бас утгагүй сонсогдоно. Улсын төсвөөс боомтын ажилчдын орон сууцны зардалд зориулж 600-700 сая төгрөг зарцуулж байгаа гэсэн. Энэ мөнгө ойрын хугацаанд, ялангуяа УИХ-ын хаврын чуулганаас өмнө Гашуун сухайтын боомтыг суурин болгох хэмжээнд хүрэлцэхгүй нь ойлгомжтой. Суурин биш газрыг тусгай хамгаа-лалтаас гаргах гэж байгаа асуудал  Хатгал, Ханх, Дадалынхаас тэс өөр байна.

НУТАГТАА ЭЭЛГҮЙ ГИШҮҮД

УИХ-д хоёр дахиа сонгогдож байгаа Ц.Баярсайхан гишүүн нутагтаа ээлтэй нэгэн биш гэдгийг Өмнөговийн талыг талхилж дуусч байгаа нүүрсний замууд гэрчилдэг. Өмнийн говиор өдөр, шөнөгүй хүнд даацын машинтай нүүрс зөөдөг хятадуудын энд тэндгүй “зурсан” шороон зам Говийн бага дархан цаазат газрын хөрсийг хайр найргүй эвдсээр олон оныг үдлээ. Тусгай хамгаалалттай газар нутгаар ердөө 14 км явж өнгөрдөг энэ зам яагаад анхнаасаа хамгаалалтын бүсийн гадуур өнгөрч болоогүй юм бол? Говийн хөрс эмзэг, тургимтгай. Ядаж л энэ хэсэгхэн газарт засмал зам бариулах асуудлыг гишүүд одоо болтол хөөцөлдөхгүй  байгаа нь сонин. Цөлжилтөд “ташуур” өгч байгаа эдгээр зам цаашид ч нэмэгдэх хандлагатай байгааг Хятадын талаас нүүрс олборлолтоо одоогийнхоос хэд дахин нэмэг-дүүлэхээр тавьсан хүсэлтүүд гэрчилж байна.

Ерөнхий сайд асан С.Баяр өнгөрсөн хавар ашигт малтмалын нөөц бүхий зарим газар нутгийг Улсын тусгай хамгаалалтаас гаргах талаар дуугараад өнгөрсөн. Байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын зүгээс эсэргүүцэл илэрхийлсэн учраас тэгсгээд чимээгүй болсон юм. Муу нэр нь Ерөнхий сайдад байсан боловч түүнд шахалт үзүүлж байсан жинхэнэ эзэд нь Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд гэдэг юм билээ. Тэд говийн их дархан цаазат газрын яг гол хэсэгт байрладаг, зөвхөн Монголд л байдаг мазаалай, хавтгай хоёрын нутагладаг газрын алтыг ухахын тулд Ерөнхий сайдаа шахаанд оруулж байсан нь энэ юм. Нутгаа төлөөлж УИХ-д заларсан гишүүд ийнхүү ичгүүр, сонжуургүйгээр дархан цаазат газар руугаа шүлэнгэтэх боллоо.

Монгол Улс Биологийн төрөл зүйлийн олон улсын конвенцид нэгдэж, 2015 он гэхэд газар нутгийнхаа 30 хувийг улсын тусгай хамгаалалтад авна гэсэн “том” амлалт өгсөн. Одоогийн байдлаар манай улсад энэ тоо 14 хувь байгаа. Энэ байдлаар дураар авирлаж, хэн хүссэн нь тусгай хамгаалалт руу дайраад байвал амлалтдаа хүрч чадахгүй үлдэх боллоо. Хэрэв бид амласандаа хүрдэггүй гэдгээ олон улсын өмнө баталж орхивол цаашид Монголыг чиглэсэн төсөл, хөтөлбөр, санхүүжилт нүүрээ буруулах болно.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.