БОЛОВСРОЛ, СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Ё.ОТГОНБАЯР: Теле хичээлийг үзэж амжаагүй бол DVD-гээр авч болно

2009/11/11
Share |
Хүмүүс:
БОЛОВСРОЛ, СОЁЛ ШИНЖЛЭХ  УХААНЫ САЙД Ё.ОТГОНБАЯР: Теле хичээлийг үзэж амжаагүй бол DVD-гээр авч болно

Гэртээ суугаад телевиз харангаа хичээллэх нь сурагчдад таалагдаж байна. Энэ долоо хоногоос эхэлсэн теле хичээл үр дүнтэй байгааг багш нар ярьж байна. Хичээл эхэлсэн эхний 10 минутын хугацаанд 6000 хүүхэд онлайнаар багш нартай холбогдсон учраас тэд ийм дүгнэлтийг өгч буй юм. БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр онлайнаар сурагчдад зөвлөгөө өгч байгаа багш нарын ажилтай өчигдөр танилцлаа. Энэ үеэр түүнтэй ярилцав. 

-Монголд анх удаа телевизээр хичээл зааж байна. Теле хичээл зааж байгаа багш нартай уулзахад анхаарч өөрчилмөөр санал юу хэлж байх юм?
-Улс орон даяар 535 мянган хүүхэд ЕБС-д сурч байгаа. Харин теле хичээлийг 100 гаруй багш зааж байна. Хичээл эхэлсэн 10 минутын дотор 6000 гаруй хүүхэд хандсан гэж багш нар хэллээ. Тэгэхээр бүх хүүхэд энэ хэдэн багш нарт хандвал ачаалал хүндрэх магадлалтай. Тийм учраас эцэг эхчүүд анги даасан багш нартай нь холбогдож, даалгаврыг нь тодруулах, хичээлтэй холбоотой нэмэлт зөвлөгөөг заавал онлайнаар биш хүүхдийнхээ ангийн багш, хичээл заадаг багш нартай холбогдож тодруулж болно.  Хүүхдүүд амарсан ч багш нар ажиллаж байгаа учраас энэ бүрэн боломжтой. Сургуулийн удирдлагуудад ч энэ талаар үүрэг өгсөн.

Боловсролын салбарын түүхэнд анх удаа теле хичээл зааж байгаа. Тийм болохоор  мэдэхгүй чадахгүй зүйл их байгааг үгүйсгэхгүй. Багш нар маань тулгамдуу байна. Гэхдээ энэ бүхнийг цааш-даа засаж залруулах юм. Эцэг эхчүүдийн зүгээс ч янз бүрийн шүүмжлэл, санал байвал бидэнд хандаарай.

-Хүүхдүүдийн хичээлийг тасалдуулахгүй, шинэ ажил хийгээд явж байгаа нь сайшаалтай ч нөгөө талаар хүүхдүүд дасаагүй, цаг бага гэх мэт асуудал гарч байна. Эцэг эхчүүдээс хи-чээлийг DVD болгон гаргах санал ч тавьж эхэлсэн. Тийм боломж бий юу…?
-Ийм санал маш их ирж байгаа. Гэхдээ DVD-г авах хүсэлтэй хүүхэд ч байна, авахгүй нь ч бий. Тийм учраас сургуулиуд теле хичээлийг DVD-гээр авах хүсэлтэй байгаа хүүхдүүдийнхээ тоог гаргаж Нийслэлийн боловсролын газарт юм уу, яаманд хандаж болно. Бид хүсэлт гаргасан сургуулиудад яаралтай өгөх боломжтой. Гэхдээ нэг дутагдал ажиглагдсан нь янз бүрийн шалтгаанаар хичээлээ үзэж чадсангүй гэж олон хүн хандаж байна. Эцэг эхчүүдэд уриалахад нэг өдрийн хичээл цөөн цагаар гарч байгаа учраас тухайн цагаас нь хүүхдүүдээ хоцроохгүй байхыг анхаарах хэрэгтэй.

-Багш нараас зөвлөгөө авах хүүхдүүдийн тоо олон байгаа. Цаашид бүр ч өснө. Тэгэхээр ачааллыг нь нэмэгдүүлэхгүй байх талаар ямар нэг арга хэмжээ авч байгаа юу?
-Үндсэндээ Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль дээр  хоёр давхарт хоёр танхимыг багш нарт зориулан зассан. Өнөөдрийн байдлаар хоёрдугаар танхим ажиллаж байгаа. Хандалтын тоо ихсэх, ачаалал нэмэгдэх, эсвэл цахилгаан, интернэт тасрах гээд зайлшгүй тохиолдолд яаралтай арга хэмжээ авах зорилгоор нөөцийн танхимыг ч байгуулсан. 

-Та сая цахилгаан тасрах эрсдлийг тооцсон гэлээ. Гэтэл УБЦТ Сүлжээ компанийн засва-рын ажлаас болоод зарим газрын айлууд цахилгаангүй, хүүхдүүд теле хичээлээ тасалж бай-на. Теле хичээлийн хугацаанд засварын ажлаа хойшлуулах талаар албан ёсоор хүсэлт тавьсан уу?
-Нийслэлийн хэмжээнд зуслангийн бүсийн айлууд хязгаарлалт хийгдсэн. Хүйтэрч байгаа учраас зуслангийн орчимд харьцангуй цөөн хүүхэд байгаа гэж үзэж байгаа. Харин цахилгааны хязгаар-лалттай аймгуудад хүүхдүүдэд  хичээл үзүүлэх ажлыг зохион байгуулалттай, нэгдсэн журмаар хийж байна.

-Манай улс анх удаа теле хичээлийг явуулж байна. Энэ ажлын үр дүнг хэрхэн дүгнэж байна вэ. Цаашид теле хичээлийг үргэлжлүүлэх боломжтой юу?
-Томуугийн тархалт буураад сургуулиуд хичээллэж эхэлсэн ч теле хичээлийг үргэлжлүүлнэ гэж бодож байгаа. Ер нь телевизээр хичээл заах нь олон давуу талтай. Нэгдүгээрт, хүүхдүүд хоцорсон хичээлээ нөхөхөд харьцангуй богино цаг зарцуулна. Хоёрдугаарт, улс орон даяар багш нарын заах аргын нэгдсэн стандарт бий болно. Өнөөдөр Улаанбаатар хотын Нэгдүгээр сургуулийн багшийг Завхан аймгийн Түдэвтэй сумын багш үзээд тэр багш ингэж заадаг юм байна гэж мэдэж авах, бие биенээсээ суралцах, туршлага хуримтлуулах боломж бүрдэж байгаа юм.  Нөгөө талаар хүүхдүүд телевизээр зааж байгаа багшийг өөрийнхөө багштай харьцуулаад эхлэхээр багш нь өөртөө тавих шаардлагаа өндөрсгөнө.

Ингэхээр багш нарын чанарт ч ахиц гарна гэж үзэж байгаа. Энэ мэтээр давуу тал олон. Гэхдээ хамгийн гол нь хөрөнгө мөнгөний бололцоо хомс байна. Одоогоор өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотойгоор телевизүүд үнэ төлбөргүй нэвтрүүлж байгаа ч байнга, тогтмол явуулах болвол зайлшгүй хөрөнгө мөнгө хэрэгтэй. Одоогоор гаргаж байгаа бүх зардлууд зөвхөн өвчтэй хүмүүсийн эм тариа, эмчилгээнд л зориулагдаж байгаа. Гэхдээ их мөнгө зарцуулах нь гээд орхиж болохгүй. Цаашдаа заавал хийх ёстой ажлуудын нэг. 

-Дунд сургуулийн хичээлийг хааснаар гахайн томуугийн халдвар авсан хүүхдүүдийн тоо эрс цөөрсөн гэсэн судалгааны дүн гарсан байна. Энэ талаар  танилцуулахгүй юу?
-Манай яамнаас цэцэрлэг, ЕБС, их дээд сургуулиудын суралцагчдын дунд гахайн томуугийн халдварын өсөлтийн талаар судалгаа хийсэн юм. Судалгаанаас харахад, дунд сургуулийн хичээлийг хааснаас хойшхи сурагчдын өвчлөл харьцангуй багасч, тогтворжсон байна лээ. Энэ бол тодорхой үр дүн.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.