"ТӨРИЙН ДАЙСАН" Д.БАТТУЛГАД ХЭН ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ?

2009/11/11
Share |
Хүмүүс:

Олон хоног хичээл номоосоо хөндийрсөн Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд зориулж телевизээр хичээл зааж эхэллээ. Дизель ажиллуулж цахилгаан гаргадаг Завхан аймгийн Засаг дарга ч өдрийн цагаар гэрэл асааж хүүхдүүдэд хичээлийг нь үзүүлж байна. Гэтэл нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16, 17, 18 дугаар хорооны нутаг Бэлх, Дамбадаржаагийн хүүхдүүд хичээлээ “таслав”. Байсхийгээд л цахилгаан хязгаарлаж, тасхийгээд л тогийг нь салгачихдаг цахилгаан түгээгчдийн балгаар хүүхдүүд хохирч байгаа нь энэ.

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн захирал Д.Баттулга гэж засгийн бодлогыг эсэргүүцэж байдаг хүн байх юм. Хүссэн цагтаа л цахилгаан таслах, товчлуур дарах эрхтэй. Тэр мундаг даргын үгнээс гажих зүрх зориг, эрх мэдэл цахилгаан түгээгчдэд байтугай яамны сайдад ч байхгүй. ЭБЭХ-ний сайд Д.Зоригтод гэр хорооллын хүүхдүүд телевизийн хичээлээ үзэхгүй байх, айлуудын хоол түүхийрэх зэрэг гэрэл цахилгаантай холбоотой асуудал хамаагүй юм уу. Эсвэл Д.Баттулгаас айгаад үг хэлж чадахгүй байна уу гэдгийг ойлгоход бэрх. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Д.Зоригт Улаанбаатарыг цахилгаанаар хангах үүргээ биелүүлэхгүй, бас гахайн ханиаднаас болоод Засгийн газраас онцгой нөхцөл байдал зарласан үед гэр хорооллын хэрэглэгчдийн цахилгааныг дуртай цагтаа тасалдаг Д.Баттулга захиралтай тулж ажиллавал сайнсан. Мэдээж, “Унасан бөхөд шалтаг мундахгүй” гэдэг болохоор Д.Баттулга захирал “Дамбадаржаад барьж байгаа 35 киловольтын дэд станцыг ашиглалтад өгөх гэж байгаа учир цахилгаан хязгаарлаж байна. Энэ станцыг айлуудад холбочихвол гэр хороолол байтугай Улаанбаатар даяараа гэрэл цахилгаантай холбоотой зовлонгоос үүрд ангижирна” гэх мэтчилэнгийн тайлбар хөврүүлэх байх.

Үнэндээ бол Бэлх, Дамбадаржаа байтугай хотын төвд ч байнга гэрэл салгаж байдаг шүү дээ. Сургуулийн хүүх-дүүдэд телевизээр хичээл заах ажлыг зохион байгуулах гэж Монгол Улсын төр, засгаас ямар их хүч хөрөнгө гаргаж байгаа билээ. Сайн санаат хүмүүс үнэн сэтгэлээсээ теле хичээлийг дэмжиж буй. Гэтэл Д.Баттулга захирал л эсэргүүцээд байх юм.  Хамтарсан засаг гэдэг хамаг булхай, луйвраа хамт нууж, хариуцлагаас мултрахын нэр биш. МАХН-ын сайд Д.Зоригт, АН-ын гишүүн Д.Баттулга нартай тэгэхээр хэн хариуцлага тооцох вэ? Улсын онцгой комиссыг ахалж байгаа Шадар сайд М.Энхболд, түүнийг үе үе дуудан уулзаж ханиадны лавлагаа авдаг, тэрийгээ телевиз бүхнээр харуулдаг улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр яагаад Д.Зоригт, Д.Баттулга нартай хариуцлага ярихгүй банйа вэ? Онцгой үед улсаас өчнөөн хөрөнгө мөнгө, боловсон хүчин, цаг зав гарган теле хичээл зааж эхэлсэн. Нэг ажлыг нөгөө албан тушаалтан ийнхүү үр дүнгүй болгох байсан юм бол өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж сүржигнэхийн хэрэг байна уу.
Бэлхийн хүүхдүүд өчигдөр үдээс хойш теле хичээлээ үзэж чадлаа, өглөөгүүр гэрэл бас л тасарсан гэж ярьж байв. Зарим нь үзээд, зарим нь үзэхгүй юм бол телевизээр хичээл заах гэж өчнөөн хүч, цаг зарсан нь хайран. Ер нь цахилгаан түгээгчид Бэлх, Дамбадаржаа, Дарь-Эх, Долоон буудал чиглэлд гэрэл тасалдаг ужиг хуучтай. Өнгөрсөн жилийн турш цахилгаантай холбоотой гомдол үргэлжилсэн. Үүнийг Д.Баттулга захирал мэдээгүй гэж үү. Шинэ станц барих, шугам татах ажлаа хавар, зун хийчихэж болох байсан биш үү. Улс даяар ханиад томуу дэгдэж, засаг төрөөс онцгой байдал зарлаж эхлэхтэй зэрэгцэж, тэртэй тэргүй ядарч байгаа гэр хорооллын оршин суугчдыг тохуурхах хэрэг байна уу.

Манай сонин өмнө нь гэр хорооллын айлууд гэрэл цахилгаангүй зутарч байгааг нэг бус удаа сурвалжилж, холбогдох байгууллагын дарга нарын чихэнд хонх уясан. Гэвч тэд дүлий мэт байна. Ц.Элбэгдорж ард түмэнтэйгээ амь нэг байх болно гэж сонгуулийн сурталчилгааны үеэрээ баярын нулимс мэлмэртэл амласан. Тэр амлалтаа санаач хэмээн Бэлх, Дамбадаржаагийн гэр хороололд телевизийн хичээлээ үзэх эрхгүй байгаа хүүхдүүдийн эцэг эх, багш нар сануулж байна. Ард түмний ерөнхийлөгч л юм бол ард түмнийхээ зовлонг нимгэлээч. Гэр хорооллын харанхуй айлд ард түмэнтэй хамт өнжиж хонооч гэж байгаа биш дээ, ард түмэн хохирч байна, нурууг минь тэнийлгэнэ гэснээ мартав уу гэлцэж байна. Ард түмнийхээ нурууг тэнийлгэнэ, шударга бус явдалтай тэмцэнэ гээд байсан Ерөнхийлөгчид Бэлх, Дамбадаржаа, Долоон буудал, Салхит, Шадивланд амьдарч байгаагийнхаа төлөө зовлон, бэрхшээлтэй нүүр тулж яваа хүмүүсийн амьдрал хамаатай л байж таарна

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.