Голландад хүүгээ алуулсан ээж Ц.Намжилмаа: ХҮҮ МИНЬ 37 НАС ХҮРСЭН ӨДРӨӨ АЛУУРЧНЫ ГАРТ АМИА АЛДСАН

2009/11/12
Share |
Хүмүүс:
Голландад хүүгээ алуулсан ээж Ц.Намжилмаа: ХҮҮ МИНЬ 37 НАС ХҮРСЭН ӨДРӨӨ АЛУУРЧНЫ ГАРТ АМИА АЛДСАН

Талийгаачийн ээж иргэнээ үл тоомсорлодог Монголын төрд гомдолтой байнa. Голланд улсын Амстердам хотноо хараар ажилладаг монголчууд нэгнээ онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг өнгөрсөн 2007 онд гарчээ. Монголын иргэн Ш.Гэрэлт-Одыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгтнийг Голландын цагдаа нар хоёр сар гаруйн хугацаанд эрэн сурвалжилсны эцэст нутаг нэгт “хутга” хочит З.Энхбаяр үйлдсэн болохыг тогтоож, Польшийн хил дээр саатуулжээ. Тэрээр хохирогчийг “Машин үнэгүй засч өгсөнгүй” гэсэн шалтгаар 21 удаа хутгалж, онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн байв. Гэтэл Голландын дээд шүүх бусдыг онц хэрцгийгээр хөнөөсөн  З.Энхбаярт 10 жилийн хорих ял ногдуулж, хохирогчийн ар гэрийнхнийг доголон нулимстай нь хатааж байна. Түүнд ногдуулсан ялын хэмжээ нь манай улсын хуулиар бол хулгай хийсэн хэрэгтэнд ногдуулсан ялтай тэнцэх ажээ. Ингээд талийгаачийн ээж Ц.Намжилмаа гуайтай ярилцлаа. Тэрээр хүүгээ дурсах бүртээ уйлж, сэтгэлийн их зовлон эдэлж буй нь илт байлаа.

-Гадаадад буй монголчуудаа дарамтлан “хоолоо олж иддэг” З.Энхбаярын гарт хүү тань онц хэрцгийгээр хөнөөгдсөн харамсалтай хэрэг гарчээ. Хэргийн тухай яриач?
-Хүү маань Голландад ажил хийж, цалингаа хуримтлуулаад байртай болно гээд явсан болохоос биш ээждээ цогцсоо явуулна гээгүй.  2007 оны тавдугаар сарын 29-нд миний хүү Голланд руу ажил хийхээр явсан юм. Явахынхаа өглөө эрт босчихоод санаа алдаад л, ээжийнхээ хийж өгсөн хоол, цайг ч идэж уухгүй эргэлдээд л байсан юм. Гэтэл очоод хагас жил ч болоогүй алуурчин З.Энхбаярын гарт онц хэрц-гийгээр тамлагдан амиа алдлаа. Хэргийн тухай сайн мэдэхгүй л дээ. Хүүгээ алагдсаны дараа би Монголын цагдаагийн байгууллагад хандаж хэргийг өөртөө шилжүүлж, шийдвэрлэхийг хүсэхэд “Голланд улсдаа шийдвэрлэнэ. Санаа зоволтгүй, бүх зүйл хуулийн дагуу явагдана” гэсэн ч хэрэг дээрээ тэгсэнгүй. Алуурчин миний хүүг 21 удаа хутгалж тамласан байтал Голландын шүүх түүнд 12 жилийн хорих ял ногдууллаа. Гэхдээ бүр давж заалдах шатны шүүх хурлаар 10 жил болгож бууруулсан байна. Ийм байж болохгүй. Иргэнийхээ төлөө санаа тавьж, өмгөөлж, хамгаалах ёстой Монголын төр хаана байна вэ. Хэргийн тухай мэдэх юм бараг алга. Аргагүй шүү дээ. Гадаад хэргийн яам болон цагдаагийн байгууллага надад “Мэдэхгүй” гээд  юу ч хэлэхгүй юм.  Би хүний амнаас дам, дамаа хүүгээ яаж алагдсан тухай сонссон. Гэтэл энэ бүхэнд би ганцаараа биш төр иргэнээ төлөөлж хамт явах ёстой шүү дээ.

-Талийгаач Голландад ямар ажил эрхэлдэг байсан юм бэ. Алуурчныг таньдаг байсан  юм уу?
-Очоод удаагүй болохоор тогтсон ажил хийгээгүй байсан. Надтай утсаар ярихдаа нэг монгол хүний жолоочоор ажиллаж байна гэсэн. Гэхдээ алуурчин, Баярааг таньдаггүй байсан юм. Хүү маань багаас үерхэж нөхөрлөсөн Д.Зинаадугар болон түүний хоёр дүүтэй Бельгид хамт амьдардаг байсан юм билээ. Гэтэл хэрэг гарсан орой хүү маань хоолоо хийж байтал Зинаа нэг залуу дагуулж ирснээ “Чи энэ хүний машиныг засч өг” гэсэн юм билээ. Тэр нь алуурчин Баяраа байсан. Машиныг нь засч өгөхөөр гэрийнх нь гадаа очоод байтал алуурчин Баяраа хүүтэй минь хамт очсон залуусыг гэр рүүгээ харь гээд Зинаагийн дүү, миний хүү хоёр үлдсэн. Хүү маань машиныг засч дуусчихаад хөлсөө нэхэхэд нь өрөөндөө оруулж байгаад 21 удаа хутгалж амийг нь бүрэлгэсэн дээ, тэр алуурчин. Тэр миний хүүгийн амийг хөнөөхийн оронд мөнгийг чинь өгөхгүй гээд хэлчихгүй яав даа. Тэр үед Зинаагийн дүү хамт байсан ч ямар ч тусламж үзүүлээгүй юм гэнэ лээ. Ингэж бодохоор Зинаад гомдоод байдаг юм. Би Зинааг хүүгийн маань сайн найз гээд багаас нь хооллож, хувцаслаж тэжээж ирсэн.  Гэтэл тэр хүн миний хүүг алуурчны гарт өгчихөөд явчихсан байна. Голландын цагдаа нар энэ хэргийг хам хэргээр анх шалгаж байсан ч шүүх хурлаар Зинаа болон түүний дүү нарыг сул тавиад явуулчихсан. Ганцхан алуурчин  Баяраад 10 жилийн ял ногдуулсанд нь би маш их гомдолтой байгаа. Магадгүй тус улсын шүүх хохирогчийн тал ирээгүй гээд хүний амийг онц хэрцгийгээр хохироосон гэдэг Эрүүгийн хуулийн зүйлчлэлээр биш танхай эсвэл аргагүй хамгаалалт хийсэн гээд ялласан байж ч болох юм. Хүний амьд явах эрхийг дээдэлдэг орон байтлаа миний хүүгийн амийг яагаад ингэж үл тоосныг нь ойлгохгүй байна.

-Та энэ тухайгаа холбогдох газрынханд мэдэгдэв үү?
-Гадаад хэргийн сайд, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид иргэнийхээ төлөө явахыг хүссэн өргөдөл, гомдол энэ наснаасаа ч олныг өглөө. Тоосонгүй ээ. Тэдэнд энэ сонин биш бололтой. Голландын хууль ийм сул гэдэгт би итгэхгүй байна. Бид хүүгийнхээ амийг алуурчны амиар солино. 

-Хүү чинь хамгийн сүүлд хэзээ таньтай холбоо барьсан бэ?
-Нас барахаасаа хоёр цагийн өмнө ярьсан.”Ээж ээ, би хурдны зам дээр машин бариад явж байна. Тань руу орой ярья. Төрсөн өдрийн мэнд хүргэсэнд баярлалаа. Тандаа хайртай шүү” гээд утсаа тасалсан. Тэр өдөр миний хүүгийн төрсөн өдөр байсан юм.  Орой нь хүүгээ  ярихыг хүлээгээд л байлаа. Байдаггүй. Гэтэл хоёр хоногийн дараа “Хүү чинь бусдад алагдлаа” гэсэн цахилгаан хүлээж авсан юм. Энэ бүхнийг эргэн санахаар дотор бачуураад байх юм/уйлав/. Би алган дээрээ охин, хүү хоёртой.  Гэтэл хүүгээ алдчихлаа.

-Хүү чинь монголд байхдаа ямар ажил эрхэлдэг байсан юм бэ?
-”Билгүүн” авто сургуульд багшаар ажилладаг байсан. Миний хүү дугуйн спортын мастер цолтой, та-мирчин хүн. Яг үнэнийг хэлэхэд Монголын дугуйн спортын тамирчид дотроос хамгийн шилдэг нь байсан юм шүү. 18 настайгаасаа энэ спортоор хичээллэж ирсэн.

“Би ээжтэйгээ хамт өтөлнө, гадагшаа явахгүй” гэдэг байсан тэр маань нэг л өдөр “ Ээж ээ, Зинаа на-майг Голландад ирж ажиллаач гэнэ ээ. Би явлаа”  гэсэн. Хүн л болсон хойно очоод боломжийн ажил төрөл хийж, амьдралаа дээшлүүлэх нь зөв гэж бодож байлаа. Гэтэл юун байр, хүүгээ бусдын гарт алдчихлаа шүү дээ /уйлав/. Монголчууд гадаад явах гэхэд “Виз бүтэхгүй байна” гээд л байдаг юм билээ. Миний хүүгийнх ч гэсэн  бүтэхгүй байхгүй яав даа гэж л эцэст нь бодож сууна. Эхнэртэйгээ байнга утсаар ярьдаг байсан. Тэгэхдээ “Шинэ жил боллоо. Би охиндоо цагаан даашинз авч явуулна. Гэхдээ хөгшин нь энд баймааргүй байна. Нутагтаа л очих юмсан” гэж ярьсан гэнэ лээ.

-Голландад талийгаачтай өстэй нэгэн байсан юм биш биз?
-Үгүй ээ. Бусдад муу зүйл хийж, төвөг учруулах хүүхэд биш. Хүний  эвийг олоод явна уу гэхээс өөдөөс нь үг сөрдөггүй нэгэн. Эцэг нь ч гэсэн хүнтэй эвтэй байхыг бага балчирт нь их сайн сургасан.  Миний хүү чинь зургаан настай байхдаа тоглож байгаад  таван давхараас уначихсан юм. Тэгэхэд толгой нь хөдөлж, зөвхөн бариулаад өнгөрч байлаа. Дараа нь 17 настай байхдаа чиргүүлтэй тракторт дайруулж байсан. Бас л нэг их гэмтэлгүй өнгөрч, хүмүүсийг гайхашруулдаг байсан юм. Одоо бодох нь ээ, хүү минь бусдын гарт тамлагдсанаас бага байхдаа таалал төгссөн бол өөрт нь зовлонгүй байх байсан байх даа. Аргаа барсан хүний бодол байх/уйлав/. Хүүгийн маань чандарласан цогцсыг онгоцоор авчирч өгсөн. Уг нь боломжтой байсан бол бидний хэн нэг нь Голландад очиж хэрэгтэй танилцаж, цогцсыг задлан шинжилгээнд хам-руулсан эсэхийг шалгах хэрэгтэй байж дээ. Голландын хуулийн байгууллагад найдсан нь алдаа болж. Энэ бүхний төлөө явах Монголын төр ч гэж алга. Миний бодоход хэрэгт хамгийн их буруутай хүн нь хүүгийн маань найз гэгдэх Зинаа. Тэр хүн яагаад хүүг маань алуурчинд аваачиж өгөв, яагаад орхиод явсан бэ, яагаад “хутга” Баяраатай хам хэрэгтнээр байцаагдаж байснаа хэрэгсэхгүй болов гээд утга нь олдохгүй зүйл их байна. Зинаа хүүгийн маань цогцсыг чандарлуулж монгол руу явуулсан болохоор өөрийн үйлд-лээ нуух бүрэн бололцоотой байсан биз. Тэр хүн одоо дүү нартайгаа юу ч болоогүй юм шиг Монголд ирчихсэн явж байна.

-Таньтай уулзсан уу?
-Дуучин С.Жавхлангийн тоглолт үзэх гээд ач охинтойгоо сууж байтал “Өстэй хүн өлийн даваан дээр” гэгчээр миний хажууд Зинаа эхнэртэйгээ ирээд суусан. Тэгснээ намайг харчихаад өөр суудал руу шилж-чихсэн. Тэр даруйдаа би тоглолтоо бараг үзэлгүй Бөхийн өргөөний гаднах хаалга манаж түүнийг тосоод хүүгийнхээ тухай асуухад “Бүх зүйл хуулийн номоор явагдсан. Би таньд утсаар бүгдийг хэлсэн шүү дээ” гэсэн. Хажуугаас эхнэр нь “Нөхөр маань танай хүүгийн үхэлд ямар ч буруугүй” гэж хашгичаад зугтаачихсан. Тэр хүн буруугүй байсан юм бол надтай нүүр тулж болсон бүх явдлыг ярих хэрэгтэй. Гэтэл харахаараа л зугтаагаад байх юм. Би түүний бараг ээж шүү дээ. Нас биед хүртэл нь өсгөсөн хүн. Сураг сонсох нь ээ, Унгар явах гээд хөөцөлдөөд байгаа юм гэнэ лээ. Магадгүй, Голландаас оргоод ирсэн байж мэдэх юм. Энэ талаар УМБГ-т мэдэгдсэн ч тоогоогүй ээ. Хууль гэж байдаг бол энэ нь надад л үйлчлээсэй гэж хүсэх юм. Талийгаачийн эхнэр, манай бэр эхлээд хөөцөлдөж байснаа гэнэт 49 хоног болоогүй байхад Солонгос руу явчихсан. Таван настай ачийг минь өөрийнхөө ээж дээрээ үлдээсэн. Тэр хүнийг бас надтай холбоо бариасай гэж бодох юм. Солонгос яваад таг чиг.  Өөрийнхөө ээжтэй интернэтээр холбоо барьдаг гэхийг сонсоод гэртээ хүртэл интернэт гээчийг нь тавиулсан. Гэсэн ч холбоо барихгүй л байна.

-Хэргийг монголын цагдаагийн байгууллагад шилжүүлээгүйн шалтгаан нь юу юм бол?
-Асуухад хэрэг болсон газарт л асуудлыг шийднэ гэсэн. Тэгэхээр нь бас үнэн зөв шийдэх байх гэдэгт итгэсэн.

-Хүүгийн тань амийг бүрэлгэж байхад алуурчинтай хамт байсан залуусыг байцаасан юм болов уу?
-Мэдэхгүй ээ. Хэргийн талаар үнэхээр мэдэхгүй байна. Тийм болохоор л Монголын төрийг миний хүүгийн төлөө санаа тавиасай гэж хүссэн юм шүү дээ. Хүүгээ анх Голланд руу явахуулахад яагаад ч юм сэтгэл тогтож өгөхгүй, яг л дайнд явуулж байгаа юм шиг хүнд санагдаж байсан.

-Та бүхэн Голландын Эрүүгийн хуулийг судалж үзсэн үү. Хүний амийг онц хэрцгийгээр хөнөөсөн хүнд тийм бага ял ногдуулдаг хэрэг үү?
-Энэ талаарх ойлголт их бүрхэг байна. Яагаад бага ял ногдуулсныг мэдэхгүй юм. Биднийг мэдэхгүй болохоор алуурчин хүний амь хөнөөсөн биш өөр зүйлчлэлээр ял ногдуулсан юм болов уу гэж эцэст нь таамаглах юм. Энэ бүхний минь өмнөөс хуулийн байгууллагын дарга нарт хэлэхээр “Энэ хэргийг дахин шалгуулахад их мөнгө шаардлагатай” гэсэн хариуг өгч байна. Иргэнээ бусдын гарт зүй бусаар алдчихаад ингэж болох уу. Хэргийг задалж, Монголын цагдаагийн байгууллагад шилжүүлмээр байна. Монголын хууль бол Голландын хуультай харьцуулахад хууль шиг хууль юм байна. Эрх биш онц хэрцгийгээр хүний амь хохироосон алуурчинд 10 жилийн ял ногдуулж түүнийг баярлуулахгүй байлгүй дээ. Гадаадад ажил хийдэг нутаг нэгтнүүдээ дээрэлхэж “мөнгө тоншиж”, өгөхгүй нэгэнд нь хутга тулгаж айлгадаг байсан гэнэ лээ. Бас нэрээ байнга сольж нутаг сэлгэж амьдардаг байсан нь сонин байна. Алуурчны гэрийнхэн биднээс нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Сураг сонсоход их л баян цатгалан хүмүүс байдаг юм гэсэн. Гэсэн ч  ямар ч хохирол барагдуулсангүй.  Тэр хүүхэд чинь амьдралаа сайхан болгох гэж гадаад явсан юм шүү дээ. Хөгшин надад хэн ч туслахгүй,  газар хатуу, тэнгэр хол болчихоод байна.

Цөхрөнгөө барсан ээж нулимс дүүрэн нүдээ үрчгэр гараараа арчихдаа иргэнээ  үл тоомсорлодог Монголын төрд гомдолтой байгаагаа амны уншлага мэт ахин дахин давтаж байлаа. Хөлөө хүрэх бүхий л газраар хөөцөлдсөн энэ ээж хүүгээ хэзээ, яаж, яг хэний гарт   амиа алдсан тухай ямар ч мэдээлэлгүй явна. Холбогдох байгууллагынхан нь битүү утгатай цаас өгөхөөс өөр хийсэн зүйлгүй. Энэ нь ердөө “Танд өмгөөлөгч авах мөнгө байхгүй бол хэргийг дахин задлах боломжгүй” гэсэн тайлбар төдий зүйл.  Гадаадад байгаа иргэнийх нь эрх зөрчигдлөө, хэрэгт холбогдлоо, ядарлаа, зүдэрлээ гэсэн мэдээлэл бүрт “Харин тийм гэнэ. Бид хэвлэлээс л мэдлээ. Энэ талаар албан ёсны мэдээлэл бидэнд байхгүй” гэсэн хариултыг ёс юм шиг өгдөг ГХЯ-ны Консулын хэлтсийнхэнд ер нь мэддэг зүйл байдаг юм уу?

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.