Хадгаламж+Монгол шуудан+Зоос=Оросууд

2009/11/16
Share |
Хүмүүс:
Хадгаламж+Монгол шуудан+Зоос=Оросууд

"Хадгаламж", "Зоос" банкнаас өчигдөр 12 цагт хэвлэлийн бага хурал зарлан хэвлэлийнхнийг цуглуулсан юм. Тэднийг нэгдэх үйл явцынхаа талаар мэдээлэл хийх юм байх гэтэл цөөн хэдэн үг хэлсэн болоод ямар ч мэдээлэл өгөх боломжгүй хэмээн ам таглан зугтаах нь холгүй гарч явцгаав. Тэдний юу хэлснийг үг үсэг орхилгүй хүргэе. "Зоос" банкны олон нийттэй харилцах хэлтсийн асуудал эрхэлсэн захирал Ш.Алтанцэцэг "Сонин хэвлэлээр ташаа мэдээлэл гараад байгаа учраас үнэн зөв мэдээлэл өгөхөөр энэ хурлыг зохион байгуулж байна. "Зоос" банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Манай банк бол нээлттэй хувьцаат компани. Улирал бүр санхүүгийн тайлангаа хуулийн дагуу тайлагнах үүрэггэй. Өнөөдрийн байдлаар харилцагчдын төлбөрийг саадгүй гүйцэт гэж байгаа. Нийт харилцагч, хадгаламж эзэмшигч нартаа хэлэхэд яаран сандран харилцах, хадгаламжаа татаж хүүгийнхээ орлогыг алдах шаардлагагүй.

Мөн Монголбанкнаас "Зоос" банканд Бүрэн эрхт төлөөлөгч томилоогүй. Арваннэгдүгээр сарын 5-нд "Хадгаламж банкны Төлөөлөн удирдах зөвлөлөөс "Зоос" банкны төлөөлөн удирдах зөвлөлд нэгдэх саналаа илэрхийлсэн. Энэ саналыг судлах шатандаа явж байна' гэв. Түүнийг ийнхүү хэлсний дараа "Хадгаламж" банкны ТУЗ-ийн гишүүн Л.Бадамцэцэг "Хадгаламж болон Монгол шуудан банк шийдвэрээ гаргаад нэгдэх үйл ажиллагаа явагдаж байгаа. Энэхүү нэгдэлд "Зоос" банк оролцох сонирхлоо илэрхийлсэн. Тиймээс ажлын хэсэг энэ банкнаас ирүүлсэн саналыг судалж үзье гээд нууц хадгалах гэрээ байгуулан ажиллаж байна. Удахгүй эцсийн шийдвэр гарна. Тэр үед нь та бүхэнд мэдээлнэ. "Монгол шуудан", “Хадгаламж” банк нэгдсэнээр хүчирхэг болж, Монголын банк санхүүгийн системд үйлчлэх үйлчилгээгээ илүү хүчтэй, өргөн далайцтай явуулах болно. Энэ нэгдэлд "Зоос" банк орсноор илүү эерэг л үр нөлөө авчирна. Ямар нэгэн буруу, зөрүү зүйл гарахгүй. Бид "Зоос" банкнаас ирүүлсэн саналыг дэмжиж байгаа гэдгээ албан ёсоор хэлье. Өнөөдрийн хэвлэлийн бага хурал дээр нэг ч асуулт асуух хэрэггүй бид хариулахгүй" гэсэн юм.
 

ЗӨРҮҮТЭЙ МЭДЭГДЭЛ
Арваннэгдүгээр сарын 11-ний өдөр буюу уржигдар Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд Монголбанкны удирдлага мэдээлэл хийхдээ сэтгүүлчдийг танхимаас гаргаж танилцуулгаа хаалттай хийсэн юм. Энэ үеэр "Зоос" банкны байдал хүндэрч байгаа талаар Монголбанкны танилцуулгыг сонсч цаашид авах арга хэмжээний талаар ярилцсан аж. Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржид "Ерөнхий үзүүлэлтүүд нь суларч байгаа, санхүүгийн чадвар муутай банкны талаар ямар арга хэмжээ авах нь Монголбанкны бүрэн эрхийн асуудал" гэсэн чиглэл өгсөн гэсэн. Ийнхүү хууль тогтоогчдоос чиг авсан төв банкны удирдлага нийлэх хүсэлтээ илэрхийлсэн банкуудыг нэгдэхэд татгалзахгүй гэсэн хариу өгсөн бололтой. Тиймээс дээрх банкууд нэгдэж байгаа гэсэн мэдэгдлийг тэр өдөртөө л хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж эхэлсэн юм. "Хадгаламж" банк, "Жаст групп"-ээс Монголбанканд "Зоос" банкийг нэгтгэн харилцагч, хадгаламж эзэмшигчдэд чирэгдэлгүй, улсад хохиролгүйгээр шийдэх хүсэлтийг долоо хоногийн өмнө хүргүүлсэн байжээ. Харин өдөр тутмын хэвлэлд "Хадгаламж", "Зоос" банкны Төлөөлөн удирдах зөвлөлүүд шийдвэрээ гаргаад нэгдэх үйл явцыг эхлүүлснээ өөрсдөө зарласан. Гэтэл хэвлэлийн хурал зохион байгуулагчид нэгдэх саналыг судалж байгаа, удахгүй эцсийн шийдвэрээ гаргана хэмээн зөрүүтэй мэдэгдэл хийж байлаа. Энэ учрыг нь лавлахад одоогоор мэдээлэл өгөхгүй гэхээс өөр тайлбар хийхгүй байв.
 

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЗОРИГТ "МОНГОЛ ШУУДАН" БАНКАА 14 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДЖЭЭ
“Хадгаламж” банк "Монгол шуудан"-тай нэгдэж байгаа гэдгээ албан ёсоор зарлаад багагүй хугацаа өнгөрч байна. "Монгол шуудан" банк 1993 онд байгуулагдсан ч хөдөө орон нутагт хамгийн олон салбартай хоёр банкны нэг болж чадсан аж. Тодруулж хэлбэл, нийтдээ 281 салбартай, 1400 гаруй ажилчидтай. Гэвч барьцаа хөрөнгийг л хараад эргэн төлөгдөх нөхцөлийг нь сайтар тооцоололгүй их хэмжээний зээл өгч тэр нь хугацаандаа эргэн төлөгдөхгүй, чанаргүй зээл болж хувиран санхүүгийн хүндрэлд орсон гэнэ. Сүүлийн жил гаруйхны хугацаанд үйл ажиллагаа нь доголджээ. Мөн "Номаранг"-ийн хэрэгт хүртэл холбогдож, 30 сая ам.долларын аккредитивийн хэрэгт орооцолдоод байсан ч "Монгол шуудан" банк Солонгосын "Daewoo" компанитай ямар ч холбоогүй гэдэг нь тогтоогдсон аж. Үүнийг нь Дээд шүүхийн ерөнхий шүүгч есдүгээр сарын 23-нд баталгаажуулсан юм билээ. "Монгол шуудан" банкны хувь нийлүүлэгчид санхүүгийн хүндрэлтэй байдалд оронгуутаа амиа аврахын тулд банкны нийт хувьцааныхаа ихэнхийг "Хадгаламж" банканд зарсан аж. "Монгол шуудан" банкны хувь нийлүүлэгч Т.Гэрэлтуяа, Д.Оюунжаргал, Ж.Мөнхтөр болон УИХ-ын гишүүн Д.Зоригт, түүний эхнэр Д.Оюунсүрэн нар банкны нийт хувьцааны 97.54 хувийг 14 тэрбум 345 сая 650 мянган төгрөгөөр "Хадгаламж" банканд худалджээ.
 

"Нэгж хувьцааг 2383 төгрөгөөр худалдан авах саналыг хүлээн авч байгаа бол аравдугаар сарын 8-ны өдрийн дотор "Монгол шуудан" банкны ТУЗ-д доорхи материалыг бүрдүүлээд ирүүлнэ үү" хэмээн саналаа нөгөө талд хүргүүлсэн бичиг нь олдсон юм. Тэгэхээр "Хадгаламж" банк худалдаад авчихсан гэснээс нэгдэж байгаа гэвэл хадгаламж эзэмшигч, харилцагч нь сандрахгүй байх гэж үзсэн бололтой юм.
 

ХУВЬ НИЙЛҮҮЛЭЭД ХООСОН ХОЦОРЧЭЭ
“Хадгаламж”, “Зоос” банкнаас өчигдөр Хэвлэлийн хүрээлэнд товчхон мэдээлэл хийх үеэр Ч.Балжинням гэдэг хүн "Монгол шуудан" банкны хувь нийлүүлэгчдийн талаар таагүй мэдээлэл дуулгасан юм. Тэрбээр "Монгол шуудан" банкийг анх 60 хүн хөрөнгөө нийлүүлэн 69 сая төгрөгөөр байгуулж байсан юм. Тухайн үед энэ банк Монголын цахилгаан холбоо компанийн хоёр өрөө байранд анх байрлан үйл ажиллагаагаа эхэлж байлаа. Гэтэл өнөөдөр 300-гаад салбартай, 39 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй болсон. Би л гэхэд анх 150 мянган төгрөг нийлүүлж гэрчилгээ авч байлаа. Гэтэл энэ олон жилийн хугацаанд миний хөрөнгө өсөөгүй. 1990-ээд оны эхээр 150 мянган төгрөг бага мөнгө биш, хоёр өрөө байр худалдан авч хүрэлцэхээр байсан. Мөнгөө өсгөнө, банкны хувь нийлүүлэгч болж байна гээд энэ хөрөнгөө нийлүүлсэн юм. Гэтэл өнөөдөр хувьцааны ихэнхийг эзэмшиж байсан УИХ-ын гишүүн Д.Зоригт, түүний эхнэр Д.Оюунсүрэн, дүү Д.Оюунжаргал тэргүүтэй таван хүн анх 50-аад сая төгрөгийн хөрөнгө оруулаад 14 тэрбум төгрөгийн ашиг хүртэж байна. Гэтэл бидэнд ямар ч ногдол ашиг өгөхгүй байгаа нь шударга биш явдал. Тэр хүмүүсийн хөрөнгө үржээд биднийх өсдөггүй, жорлонгийн "Монгол шуудан" банкны хувь нийлүүлэгч Ч.Балжинням
 

суултуурт ч хүрэхгүй мөнгө өгч доромжилж болохгүй биз дээ. Надаас гадна арав гаруй хүн байгаа. Биднийг шүүхээс тус банкны хувь нийлүүлэгч гэдгийг баталчихаад байхад шийдвэрийг нь биелүүлэхгүй байна" гэж байлаа. "Монгол шуудан" банкийг анх байгуулахад хувь нийлүүлсэн хүмүүс УИХ-ын гишүүн Д.Зоригттой уулзах гэхээр хүлээж авдаггүй юм байх. "Хадгаламж" банк том хувь нийлүүлэгчдээс хувьцааны 97.5 хувийг худалдаж авчихаад үлдсэн 2.4 хувийн хувьцаа эзэмшигчдийн нэг ширхэг хувьцааг 2383 төгрөгөөр авах санал тавьсан гэнэ.
 

"ХАДГАЛАМЖ" БАНКНЫ ЦААД ЭЗЭД НЬ ОРОСУУД БОЛОЛТОЙ
Монголын үндэсний арилжааны банкууд хямралын үед сөхөрч худалдахаас өөр аргагүй байдалд орж байгаа бололтой. "Монгол шуудан" банк ийнхүү "Хадгаламж" банкны мэдэлд шилжээд удаагүй байтал "Зоос" түүний араас замнах нь. Монголд хувьцаа гарган арилжсан хоёрхон банкны нэг нь "Зоос" юм. Тус банкны захирал "Монгол газар" компанид лицензийг нь барьцаалан 60 тэрбум төгрөг нь зээл олгосноос болоод байдал хүндэрчээ. Зээлдэгч нь зээлээ төлж чадахгүйгээс болсон уу эсвэл санаатайгаар луу унжсан уу ямартай ч эргэн төлөхгүй байгаа гэнэ. Монголын үндэсний банкуудыг нэгтгээд байгаа "Хадгаламж" банкны цаад эзэн хэн бэ гэсэн асуудал анхаарал татаж байна.
 

Төрөөс 1996 онд "Хадгаламж" банкийг байгуулсан юм. Тэгээд 2006 онд хувьчлахад "Чингэс хаан" банк, ОХУ-ын "Братский народный" банк, "МО секьюритс" гээд гурван газрын хамтарсан консорциум тендерт ялж худалдаж авсан. "Чингэс хаан" банк нь монголд бүртгэлтэй оросын баян С.Громовын банк. "Братский народный" мөн л ОХУ-ын банк юм билээ. Харин "МО секьюритс" нь Монголын компаниудын нэгдэл гэдэг ч эргэлзээтэй. Харин "Хадгаламж" банкийг худалдаж авсан С.Громов 2008 оны арванхоёрдугаар сард консорциумд нэгдсэн "МО секьюритс" хэмээх компанид "Хадгаламж" банкийг бүрэн шилжүүлжээ. Тэгэхээр өөрийн хувь эзэмшлийг нутаг нэгт тэрбумтан О.Дерипаскод худалдсан гэж Оросын хэвлэлээр мэдээлж байлаа. Тэгэхээр "МО секьюритс"-ын цаана Оросын тэрбумтан байгаа гэдэг нь тодорхой байна. Одоо "МО секьюритс" компани нь "Хадгаламж" банкны 100 хувийн өмчлөгч аж. Харин "МО секьюритс" компани нь "Жаст" групптэй менежментийн гэрээ байгуулан ажиллаж байгаа юм байна. Энэ банкийг гурван жилийн хугацаанд тодорхой болзолтойгоор үйл ажиллагааг нь явуулж, үр ашгийг дээшлүүлэх, яваандаа өмчлөлийг шилжүүлэх гэрээтэй юм байх. Энэ байдлаас харахад "Жаст" группын босс Ш.Батхүү хотойхооргүй их баян учраас Монголынхоо хүндрэлд ороод байгаа банкуудыг хөрөнгө хаян худалдаж аваад байгаа биш бололтой. Олон нийтэд монгол хүн энэ банкуудыг нэгтгэж хүчирхэг банк байгуулж байгаа гэсэн ойлголтыг төрүүлж өнгөлөн далдлалт хийж байгаа бололтой. Угтаа оросууд л Монголын банкуудыг атгандаа оруулж, банк санхүүгийн салбарт ноёрхлоо тогтоохыг эрмэлзэж байгаа нь ажиглагдаж байна. "МО секьюритс" компани "Хадгаламж" банкны дүрмийн санг 15 сая ам.доллараар нэмэгдүүлжээ. Тэгэхээр энэ хөрөнгийг Оросын тэрбумтан нийлүүлсэн байх магадлалтай бөгөөд банк санхүүгийн салбарт онцгой анхаарал тавьж байгаагийн илрэл юм. Оросууд ард нь байгаа гэсэн мэдээллийг "Жаст групп"-ынхан ч , "Хадгаламж" банкны гүйцэтгэх захирал О.Хүрэлбаатар үгүйсгэдэг ч байдал өөр байна.
 

"ЖАСТ" ГРУППЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ, "ХАДГАЛАМЖ" БАНКНЫ ТУЗ-ИЙН ДАРГА Ш.БАТХҮҮ ГЭЖ ХЭН БЭ

Энэ залуу хэвлэлийнхнээс их дөлдөг хүн. Манай сэтгүүлч түүнтэй, уулзахаар очиход завгүй гэсээр бултсан юм. Анх 300 мянган ам.долларын зээл авч бизнесээ эхэлж байсан гэдэг. Энэ групп олон салбартай атлаа төв байр нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа нь анхаарал татаж байлаа. Ш.Батхүү 1999 онд компаниа байгуулж гадаад, дотоод худалдааны чиглэлээр бизнесийнхээ гарааг эхэлжээ. Одоо түүний байгуулсан компани групп болтлоо өргөжиж газрын тосны бүтээгдэхүүний импорт, уул уурхай, хөдөө аж ахуй, барилга, худалдаа үйлчилгээний салбарт хүчээ сорьж байгаа аж. "Алтжин" компанийн ШТС-уудыг худалдан авсан. Улаанбаатар төмөр зам хамтарсан нийгэмлэгийн шатахууны хэрэгцээний 60 хувийг хангах эрхийг төвөггүйхэн гартаа оруулсан сүйхээтэй нэгэн аж. Түүнийг нөлөө бүхий улстөрчидтэй дотно нөхөрлөдөг, оросуудтай их ойр түншилдэг гэдэг юм билээ. Ардаа түлхэх хүчтэй болохоороо л нэг хэсэг "Эрдэнэт" үйлдвэрийн даргаар томилогдох тухай яриа гарч байсан байх. Монголчуудын малыг Улаан-Үд рүү экспортлуулаад мөнгийг нь өгөлгүй хэл эм таталж байсан ОХУ-ын компани “Бурятмясопром”-той хамтран ажилладаг ажээ

TB9 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.