Хэн нь хамгийн олон начин төрүүлсэн бэ?

2009/11/17
Share |
Хүмүүс:
Хэн нь хамгийн олон начин төрүүлсэн бэ?
Хан гарьд харцага шонхорын дэвэлттэй, хүчит сайхан эрс нь зодгондоо чангарсан Монгол наадмын торгон ногоон дэвжээнээ хүч чадал, уран мэхээрээ гайхуулан үзэгч түмнээ цэнгүүлсэн харишгүй хүчит баяр наадмын манлай “Дархан аварга” манай улсад ардын хувьсгалаас хойш 7 төрөн гарсан байдаг билээ. Тухайлбал Булган аймгийн Хангал сумын харъяат 1939, 1941, 1945 – 1946, 1952 – 1954 онуудад Ардын төрийнхөө их баяр наадамд түрүүлсэн дархан аварга Бадамдоригийн Түвдэндорж, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харъяат 1947, 1948 онуудад түрүүлсэн дархан аварга Шаравын Батсуурь, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харъяат 1956 – 1961 онуудад завсаргүй 6 түрүүлсэн дархан аварга Дарийн Дамдин, Төв аймгийн Эрдэнэсант сумын харъяат 1963, 1965 – 1967, 1974 онуудад түрүүлсэн Жигжидийн Мөнхбат, Увс аймгийн Хаяргас сумын харъяат Ардын төрийн их баяр наадамд 10 түрүүлсэн баяр наадмын манлай харьшгүй хүчит дархан аварга Хорлоогийн Баянмөнх, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харъяат 1978, 1980, 1983 – 1984 онуудад түрүүлсэн олноо хар аварга хэмээн нэршисэн дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат Төрийнхөө их баяр наадамд 11 удаа түрүүлж дээд амжилт тогтоосон босоо аварга Монгол Улсын хөдөлмөрийн баатар (1998), спортын гавьяас мастер (1989), самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга (1985, 1986, 1989), сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга (1993), Даяар дуурсагдах далай даян дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ нар билээ.

Эдгээр 7 дархан аваргаас хэн нь хамгийн олон начин төрүүлсэн бэ?

Жич: Энэхүү мэдээг Монголын бөх сонирхогч ард түмэндээ сонирхуулах үүднээс нийтэлсэн бөгөөд бөхчүүдийн хойч үеэ хэрхэн бэлдэж, нутаг усныхаа залуу бөхчүүдийг хэрхэн дэмжиж цолонд хүргэдэг байсан бодит жишээг харуулсан болно

Дархан аварга Бадамдоригийн Түвдэндорж: 1960 – 1965, 1969, 1972 онуудад тус тус 4 давсан байна. Ингэхдээ 1960 онд Завхан амйгийн Их-Уул сумын харъяат МУ-ын начин Цэвээн-Ойдовийн  Гомбийг залуу бөх байхад нь тавын даваанд унж начин болгосон ба Госбо начин түүнээс хойш зодоглоогүй байна. 1961 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын харъяат МУ-ын начин Чулууны Баасанхүүг залуу бөх байхад нь тавын даваанд өвдөг шороодон начин болгосон ба Баасанхүү начин хойтон жил нь Булган аймгийн Сайхан сумын харъяат МУ-ын арслан С.Цэрэнгээр 5 давж начнаа баталсан билээ. 1962 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат МУ-ын начин Санжжавийн Сугарт өвдөг шороодон начин болгож улмаар Сугар начин түүнээс хойш хараахан начин цолоо баталж чадаагүй байна. 1964 онд Завхан аймгийн Их-Уул сумын харъяат МУ-ын начин Сэнгэдовдонгийн Лхагвад өвдөг шороодон начин болгожээ. Лхагва начин цол авсанаасаа хойш 4 удаа 4 давж нэг удаа 5 даван начин цолоо баталжээ. 1965 онд Төв аймгийн Лүн сумын харъяат МУ-ын харцага Данзандаржаагийн Сэрээтэрийг начин болгож Сэрээтэр начин тэр жилээ Архангай аймгийн Өлзийт сумын харъяат МУ-ын арслан Чойжилсүрэнгээр 6 даван, 7-ийн даваанд дархан аварга Д.Дамдинд өвдөг шорооджээ. Ийнхүү 1965 онд 6 давсан Сэрээтэрд сүүлд Харцага цолыг нөхөн олгосон байна. Сэрээтэр харцага цол аваад зогссонггүй хойтон жил нь мөн 6 давж өсөх ирээдүйтэй шилдэг начин болохоо харуулсан ба 3 удаа 5 давж цолоо баталж байжээ. 1969 онд Булган аймгийн Дашинчилэн сумын харъат МУ-ын начин Дамдингийн Галдандагвад өвдөг шороодон начин болгосон байна. Галдан дагва начин түүнээс хойш 1972, 1976 онуудад тус тус 5 даван начин цолоо баталж байсан байна. 1972 онд Увс аймгийн Тэс сумын харъяат МУ-ын начин Дамирангийн Баатаржавд унаж начин болгожээ. Баатаржав начин цол хүртсэнээсээ хойш хараахан начин цолоо баталж чадаагүй юм байна. Ийнхүү МУ-ын дархан аварга Б.Түвдэндорж барилдах хугацаандаа 7 начин төрүүлсэн байна 
 
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.