"БИРЮСА"-ГИЙН АЖИЛТНУУД ҮЙЛЧЛҮҮЛЭГЧЭЭ ДАРАМТАЛЖЭЭ

2009/11/18
Share |
Хүмүүс:

ОХУ-аас гэр ахуйн  цахилгаан бараа оруулж ирдэг “Бирюса” төв үйлчлүүлэгчдээ  хохироож, бухимдуулах боллоо. Цахилгаан бараа худалдаж авахад  тус төвийн худалдагч нар  залгуурт залгаж үзээд  л  гэрэл нь асч байвал ажиллаж байна гээд өгчихдөг юм байна.  Саяхан  тус төвийн нэгэн үйлчлүүлэгч  ийм байдлаар “Мечта” плитка  аваад харьжээ.   Түүнд гурван сарын хугацаатай баталгаат засварын хуудас өгчээ.  Плитканы нэг талын ширэм  нь сайн халахгүй байсан тул үйлчлүүлэгч  хоёр хоногийн дараа  “Бирюса” төвд ханджээ.

Худалдагч засварчин дуудаж шалгуулахын оронд  “Зүгээр гэдгийг нь би хараад мэдэж байна. Манай засварчин ч утсаар ингэж хэлсэн. Тиймээс аваад харихаас өөр замгүй” гэсэн байна. Харахад бүрэн бүтэн ч хэвийн ажиллахгүй байгааг хэрэглээд үзчихсэн хүний хувьд үйлчлүүлэгч  цөөнгүй удаа тайлбарласан ч худалдагч нар ойлгохыг хүссэнгүй. Уг нь баталгаат засварын хугацаанд ямарваа эвдрэл гэмтлийг “Бирюса” төв бүрэн хариуцах учиртай. Харамсалтай нь тэд энэ талаар сонсохыг ч хүссэнгүй.

Удирдлагынх нь утсыг асуухад өөрийгөө захирал хэмээн танилцуулсан эмэгтэй   үйлчлүүлэгчийг  “Харваас мөнгөгүй гуйлгачин, эрүүл бус, мангар, тэнэг. Хаана ч очиж гомдол мэдүүлсэн юу ч хожихгүй. Хөлөө хүрэх газар яв” хэмээн  хэл амаар доромжилж, дарамталжээ. Ийнхүү үйлчлүүлэгч эвдрэлтэй барааг солиулах байтугай засуулж ч чадсангүй. 68 мянган төгрөгөө ч буцааж авах нь  бүү хэл эрүүл бус, мөнгөгүй ядуу гэж доромжлуулаад буцжээ.

“Бирюса”-гийн ажилтнууд цахилгаан барааг шалгаж үзэлгүй хоорондоо утсаар яриад л гэмтэлгүй гэсэн онош тогтоодог,  тэр бүү хэл үйлчлүүлэгчдээ  гаднаас нь хараад эрүүл бус, мөнгө төгрөггүй ядуу учраас гомдол саналыг нь хүлээж авах газар олдохгүй гэж дүгнэдэг юм байна.

Үйлчлүүлэгчиддээ гурван сарын хугацаатай баталгаат засварын хуудас өгдөг ч  тэр нь хоёр хоноод очиход хүчингүй,   гомдол санал хэлэхэд нь ажилтнаасаа эхлээд захирал  нь хүртэл  хэл амаар доромжилж  дарамталдаг аж. Тиймээс  хэрэглэгч хаан гэдгийг мартан өөрсдийгөө өргөмжилсөн  ийм бай-гууллагаар үйлчлүүлэх хэрэг байна уу гэсэн асуулт тавигдаж байна. Хэрэглэгчээ хаанд өргөмжлөх биш, боолын боол, босгоны шорооноос дорд үздэг, ялгаварлан гадуурхдаг, хэл амаар доромжилдог ийм л үйлчилгээ “Бирюса”-д байна.

Хэрэглэгчдийн дунд гэр ахуйн цахилгаан бараа, тэр тусмаа хоёр ширэмтэй  плитка худалдан авахад ёс юм шиг нэгийг нь сольчихсон байдаг. Салгаж авсан ширмийг  өндөр үнээр худалддаг гэсэн  яриа гардаг. “Бирюса” төвийн худалдагч нарын ааш авир, тус төвөөс өөр ОХУ-аас гэр ахуйн цахилгаан бараа оруулж ирдэг компани байхгүй тул үйлчлүүлэгчээ дарамтлан эвдрэлтэй бараагаа хүчээр тулгах гэсэн байдал ч ийм хардлага төрүүлж байгаа юм. Туг дарцагны бизнес эрхлэн үндсэн үүргээ мартчихсан яваа “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг”  энэ асуудалд анхаарах цаг  болсныг энэ явдал сануулж байна

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.