Банкны томуу-2

2009/11/18
Share |
Хүмүүс:
Банкны томуу-2

Эзэн нь юмаа мэдэг
Монголд банкууд хоорондоо нэгдэж байгаа нь сүр дуулиан боллоо энэ тэр гэж бичээд хэрэггүй мэт санагдана. Зүгээр л оросууд Монгол дахь өөрсдийнхөө өмчийг нэгтгэж байна гэж ойлгох хэрэгтэй. “Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашиж” байна шүү дээ. Одоо Монголын арилжааны банкууд нэг байтугай нэлээн хэдээрээ нэгдэх гэж байгаа. Үүний учрыг тайлбарлъя. Европийн Сэргээн босголт хөгжлийн банкнаас 100 сая еврогийн зээлийг С.Баярын Засгийн газар баталгаа гарган авчээ.

Тэр мөнгөнөөс “Зоос” банк 30 сая, “Шунхлай” 30 сая, “Макс импекс” групп 30 сая евро тус тус авсан хэмээн эх сурвалж өгүүлж байна. Экс Ерөнхий сайд өнгөрсөн жил “Макс ” Д.Ганбаатарын хурдан морины уяан дээр очиж морь унах үедээ булгиулж гэмтэж байсныг санаж байна уу. Зээлийн баталгааг гаргуулах лоббиг хийхээр Д.Ганбаатар түүнийг урьсан байж болох цаг хугацаа таарч байгаа юм. Мөнгө хувааж авсан компаниудаас одоо анхаарлын төвд ороод байгаа нь Зоос банк.

Энэ банк анх байгуулагдахдаа Монголын ой модыг гадагш нь экспортлосон мөнгөн дээр боссон түүхтэй. Хуучин нийгмийн үед Ой модны газрын дэд дарга байсан Н.Батбаяр гэгч хүн “Зоос”-ыг байгуулж байсан. Түүний “Зоос бор” хэмээх соёолон энэ жилийн улсын наадамд түрүүлснээр нь хүмүүс сайн мэднэ. Одоо энэ банк 52 тэрбумын чанаргүй зээлтэй тул дампуурахаас өөр ямар ч аргагүй болсон.

Харин хуулийн дагуу дампуурлыг нь зарлахгүйгээр “Жаст Ойл” авч байгаа нь л анхаарал татаад байгаа хэрэг шүү дээ. “Жаст Ойл”-д УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хувь эзэмшдэг гэдгийг улстөрчид андахгүй биз. Тэрбээр “Газар холдинг”-ийн захирал байх үеэсээ л С.Баярыг дэмждэг байсан намын дарга болох явцад нь санхүүгийн болоод бодлогын дэмжлэг үзүүлдэг байлаа. За энэ ч яахав. Нэгэнт дампуурсан “Зоос”-ыг оросуудын хөрөнгөөр туйлж буй Ш.Батхүү авах л юм биз. Харин “Худалдаа хөгжлийн банк”, “Капитрон”, Улаанбаатар банкууд хэрхэн үнэхээр нэгдэж таарна.

Гэхдээ хүмүүс гайхаж байгаа. “Худалдаа хөгжлийн банк” “Женко” Х.Баттулгынх. “Капитрон” Ж.Оюунгэрэлийнх. Улаанбаатар банк хотынх. Тэгэхээр эд яаж нэгдэх юм бол гэсэн асуулт зүй ёсоор бий болно. Тэгвэл Ж.Оюунгэрэл НИК-ийг авахдаа” Женко” Х.Баттулгаас мөнгө зээлжээ. Тэр өрөндөө “Капитрон” банкаа түүнд өгсөн юм байна. “Жеральд металз лугано” Худалдаа хөгжлийн банкыг манай улсаас анх 12 сая доллараар аваад Х.Баттулгад эргүүлээд 70 сая ам.доллараар зарсан түүхтэй. Ингээд хоёр банк түүний мэдэлд очлоо.

Гэхдээ “Худалдаа хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ “Энэ банкны эзэн нь Эрдэнэбилэг гэж хүн бий” гэж ярьсан байдаг. Тэгвэл тэр Эрдэнэбилэг нь бас Улаанбаатар банкны 80 гаруй хувийг эзэмшдэг бол яахав. Анх “Улаанбаатар банк”-ыг байгуулахдаа нийслэлийн 100 хувийн хөрөнгө оруулалттай байсан бол одоо дөнгөж 16 хувь нь нийслэлийн өмч. Бусад нь өөр хүмүүсийн мэдэлд бий.

Ингээд бодохоор “Худалдаа хөгжлийн банк”, “Капитрон”, “Улаанбаатар хотын банк”-ууд цөм Х.Баттулга сайдын мэдэлд очсон гэдэг нь үнэний ортой байх нь. Гэхдээ сайд үүнийг ганцаараа эзэмшинэ гэж юу байхав. Ард нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байгаа гэлцэж байна. Тэгэхээр “Жаст ойл”-ын Ш.Батхүү ба С.Баяр гэдэг нэгдлийн дэргэд Х.Баттулга ба Ц.Элбэгдорж гэсэн нэгдэл аль хэдийнэ үүсчээ. Тэд одоо өмчөө өөр хооронд нь нэгтгэх үйл явц эрчээ авч байна гэсэн үг. Харин үүнд оросууд ямар холбоотой болохыг дараа өгүүлэх учраас Монголбанкны экс ерөнхийлөгч А.Батсүх хэрхэн огцорсон талаар дурдъя.

Монголбанкны экс ерөнхийлөгч огцорсны шалтгаан
Монголбанкны экс ерөнхийлөгч А.Батсүх шахаанд орсоны улмаас одоогоос яг нэг жилийн өмнө он дамжсан дуулиан дагуулан өөрөө огцрох өргөдлөө өгч байлаа. Тэрбээр “Монголбанкны бие даасан хараат бус байдлыг хангах үүднээс би өөрийнхөө хүсэлтээр огцорч байна. Би Монголбанкыг УИХ, Засгийн газрын дэмжлэгтэй үлдээхийн тулд ийм сонголт хийлээ ” гэж мэдэгдсэн юм. Үгэн дотор үг гэдэг энэ.

Тухайн үед А.Батсүхийг огцрохгүй л бол Засгийн газарУИХ дэмжлэг үзүүлэхээс татгалзаж улмаар Монголын арилжааны банкууд толгой дараалан дампуурч мэдэх байлаа. Учир нь Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр “Худалдаа хөгжлийн банк”-ыг “Женко” Х.Баттулгад алдчихснаа гэнэт сониноос уншиж мэдсэн юм.

Тэгээд өөрийн мэдлийн банкыг хадгалж хамгаалж байх үүрэг хүлээсэн О.Чулуунбаттай хатуухан тооцоо хийхээр шулуудсан байв. Итгэл алдсан О.Чулуунбатад УМБГ-т эрүүгийн хэрэг үүсгэн, гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын Ерөнхий прокурор УИХ-ын даргад тавихаар зэхэж байсан үе. Түүнийг яллаж шоронд суулгахын тулд хангалттай нотлох баримт хэрэгтэй. Харин тэр нь А.Батсүхэд байлаа. Тухайлбал, “Гандирс” хотхон байгуулах гэрээг Монголбанкны нэрийн өмнөөс хууль бусаар хийж баталгаа гаргаж өгсөн хүн нь О.Чулуунбат байлаа.

Тэр гэрээний эрсдлийг бууруулахын тулд Ази, Европ, АНУ-аас хуулийн товчоо хөлсөлж ихээхэн хэмжээний мөнгийг Монголбанкнаас гаргасан байв. Энэ мэт хэд хэдэн ноцтой гэрээнүүдийг А.Батсүх Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа илрүүлж гартаа оруулж авсан гэдэг. Ерөнхийлөгч тэдгээр баримтуудыг цагдаагийн байгууллагад өгч шалгуул хэмээн А.Батсүхийг дарамталж эхлэв.

Гэвч О.Чулуунбат тийм ч хялбархан ялагдах хүн биш байлаа. Тэр намын даргатайгаа нэг “хөнжилд орж” амжсан тул хангалттай хамгаалалттай байв. Бас Н.Энхбаяртай тангараг тасарсан Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Чулуунбатыг хамгаалах талд зогсож байлаа. Ингээд хоорондоо сөргөлдөж эхэлсэн хүчтэй хоёр талын дунд нь хавчуулагдсан А.Батсүхийг одоо уншигч та ойлгож байгаа биз ээ. Нэг бол Ерөнхийлөгчийн үгэнд орж О.Чулуунбатыг барын аманд шидэж өгөх эс бол Ерөнхий сайдаас ивээл хүсэх хоёрын нэгийг сонгох хэрэгтэй болов.

Гэхдээ сонголт хийхийн тулд сайн бодох ёстой байлаа. Арилжааны 17 банкнаас активийнхаа хувьд эхний дөрөвт жагсдаг, системийнхээ ач холбогдлын хувьд нөлөөтэй байсан “Анод “ банкыг түлхэж унагаана гэдэг бусад банкуудаа хөлдөө чирэх аюултай байв. Үүнээс татгалзаад О.Чулуунбатыг золигт гаргавал Монголын банк санхүү системээрээ нуран унаж мэдэхээр байсан юм. Гэвч мань хүнд гуравдахь сонголт гэж байхгүй. Ингээд “Анод”-д БЭТ буюу Бүрэн эрхт төлөөлөгч тавьж өгөөд нүглээ үүрэн сайн дураараа огцорч тоглоомноос гарлаа.

Үүний ачаар О.Чулуунбат шоронгоос мултарч банкууд хэзээ ч нисч мэдэх ангалын ирмэг дээр 2009 оныг угтаж авлаа. Гэхдээ энэ хэвээрээ удаан явбал бусад банкууд дампуурч мэдэх учраас Засгийн газрын хувь заяа ч дээсэн дөрөөн дээр ирлээ. Харин “Анод”-ыг Монголбанк дампууруулахаас өмнө “Голомт” овоо хараанд орж ирсэн юм шүү. Энэ нь “Голомт”-ын хувьд аз уу, эз үү гэдгийг дараа хөндөх учраас энэ удаа түр орхилоо.

Л.Пүрэвдоржийн романтик мөрөөдөл төгсөв
Өмнөх парламент буюу 2004-2008 оны УИХ-д “Элсний 13” үүсч М.Энхболдыг огцруулснаар тэд хуйвалдааны түүхэнд үлдэх “гавъяа” байгуулсан юм даг. Тэдний нэг, Ховдын Хөшөөтийн уурхайг хятадуудад зарсан гэж сэрдэгддэг Л.Пүрэвдоржийг эрхийнхээ дагуу УИХ-ын дарга Д.Дэмбэрэл санал болгож билээ. Яг үнэндээ Д.Дэмбэрэл өөрөө мэдээд шийдчихээгүй л дээ. Эхэндээ ч Л.Пүрэвдорж үнэхээр л Монголбанкыг өөд нь татаад 34 хувьтай байсан инфляцыг нуга дараад үзүүлээд өгье гэсэн романтик мөрөөдөлтэй орж ирсэн нь харагдаж л байсан юм. Гэвч түүний толгойгоор биш МАХН-ын толгойгоор ажлыг нь удирддаг болохыг мөдхөн ойлгосон байх.

Одоо бүр ч их ойлгож байгаа. Хэн нэгэн том албан тушаалтны урьдаас бэлтгэсэн удирдамжинд итгэчихсэндээ тэр ам алдчихав. Гэхдээ бүр сэтгүүлчдэд шүү. “Худалдаа хөгжлийн банк” “Улаанбаатар банк”-тай нэгдэх гэж байгаа гээд тууж орхилоо. Мэдээж тэр үүнийг санаанаасаа зохиогүй. Удирдамжинд л тэгж байсанд итгээд бараг маргааш нь нэгдэх байх гэж ойлгосных. Гэтэл хоорондоо ам тохироо хийчихсэн байсан нөхдүүд жаахан үл ойлголцооноос болоод асуудал түр хугацаагаар хойшилжээ. Үүнийг Л.Пүрэвдорж мэдсэнгүй....

Үргэлжлэл бий ... 

Л.Мөнхбаясгалан

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.