АН-ын Р.Бурмаагийн дүү болж төрсний учир МАХН-аас хөөсүгэй

2009/11/20
Share |
Хүмүүс: Р Бурмаа | 
АН-ын Р.Бурмаагийн дүү болж төрсний учир МАХН-аас хөөсүгэй

МАХН-ын Хяналтын хороо Бага хурлын гишүүнээ төрсөн эгчээс нь болж намаас хөөх тогтоол гаргасан байна. АН-аас Чингэлтэй дүүргийн 24 дүгээр тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшсэн Р.Бурмаагийн дүү болж төрснөөрөө Р.Баяраа буруутаад байгаа юм. Энхрий хайрт намаа эгчээсээ илүүд үзсэнгүй, УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд нь усанд хаясан чулуу мэт алга болсонгүй гэж Бага хурлын төдийгүй намын гишүүнээс нь хөөж, бат илэрхийлэхийг нь хураах 16 тоот тогтоолыг 11 дүгээр сарын 6 буюу Октябрийн хувьсгалын битүүнээр Л.Дондог даргатай хороо гаргажээ. Энэ “Дондог” шийдвэртээ Р.Баяраагийн харъяалагддаг, Дорнод аймгийн нэгэн сумын намын хороонд бат илэрхийлэхийг нь эргүүлж авахыг даалгасан юм байна.

Чингэлтэйн 24 дүгээр тойрогт МАХН-аас нэр дэвшигч ялсан, Р.Баяраагийн хувьд эрхбиш төрсөн эгч нь нэр дэвшин өрсөлдсөн ч гэлээ сонгуулийн кампанит ажилд нь шууд хутгалдан оролцоогүй нөхцөлд энэ шийдвэр ихээхэн утга учир муутай зүйл болжээ. Хэлмэгдлийн сүүдэр нөмөрсөн 20 дугаар зуун биш, ардчилсан, нээлттэй 21 зуунд намын эрх ашгийг ах дүүгээсээ дээгүүрт тавихыг шаардах, эс биелүүлбэл сонгуульт ажлаас нь авч хаях, хөөж туух нь ёс суртахууны хэм хэмжээнээс хальж гарсан хэрэг юм. Хар шар феодалын үр хүүхэд, эсэргүүний ах дүү гэгдэн мянган мянган иргэний хувь заяагаар тоглосон түүх мартагдах нь бүү хэл зүсээ өөрчилсөн хувилбар нь амь бөхтэй оршсоор байгаагийн нэг илрэл нь энэ тогтоол болж байна. Өнгөрсөн зууны жараад оны сэхээтний төөрөгдөл гэгчээр Ц.Лоохууз, Б.Нямбуу нарын гишүүдийнхээ өөрсдийнх нь төдийгүй үр хүүхдийнх нь ажиллах, амьдрах эрхэнд халдаж байсан гунигт түүх мартагдаагүй байгаа билээ. Нутаг заагдсан Ц.Лоохууз туслах малчны цалингаар амьдрах боломжгүй учир гэрийн эд тавилга хийж хүүхэд шуухдынхаа гэдсийг тэжээж байжээ. Ямар нэг өө эрсээр байгаад улсаас валютаар авдаг хадаас, цавуу хэрэглэсэн байна гэж үзэн хийсэн бүтээснийг нь хуу хамж байсан нь онигоо биш үнэн явдал юм.

МАХН-аас нэр дэвшигч Д.Зоригт нөхөн сонгуульд ялсан байхад өрсөлдөгчийнх нь дүүг үзэл бод-лоороо эвлэлдэн нэгдэх улс төрийн эрх чөлөөг нь боомилсон шийдвэр цаг үеэ ч олсонгүй. Бүх шатны сонгуульд нам, нэр дэвшигчийнхээ эсрэг ажилласан, эс үйлдэл хийсэн баримт нотолгоо бишгүй бий, нөхөр нь МАХН-аас, эхнэр нь АН-аас ИТХ-д нэгэн зэрэг сонгогдон ажиллаж байгаа гэх зэрэг бодитой жишээ ч цөөнгүй билээ.         

Р.Баяраа энэ намын гишүүнээр элсээд арав шахам жил болж байгаа, “Улаан сарнай-Хөгжил” хөдөл-гөөнийг үүсгэн байгуулалцан ажилласан, энэ онд л гэхэд МАХН-ын Удирдах зөвлөл түүнийг төрийн одон шагналд тодорхойлж байжээ. Үзэл бодолдоо үнэнч байж, цагийн салхи, намтөрийн механизмын эсрэг сөрөн зогссон яруу найрагч Р.Чойном “Намын үнэн сонин дээр намайг магтаж байна гэж зүүдэллээ” хэмээн бичиж байсан нь биеллээ олж билээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.